Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 15

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

  Прокурор Ц.Ариунжаргал

  Шүүгдэгч Д.М

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

  Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл

  Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Д.М д холбогдох 1828002060174 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д.М гийн давж заалдах гомдлоор 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 21 настай, яс үндэс-халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ямаат овгийн Д.М  /регистрийн дугаар ...................../

Шүүгдэгч Д.Д.М  нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханд өөрийн хашаандаа Э.Б  руу чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн шидэж зүүн нүдийг нь гэмтээж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь  Д.Д.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Д.М г чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Д.М г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Д.М гөөс 2.350.900 төгрөгийн  гаргуулан Өмнөговь аймгийн ......................... багт оршин суух, хохирогч иргэний нэхэмжлэгч Э.Б  /регистрийн дугаар ................../-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 11.100  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Д.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Д.М  давж заалдах гомдолдоо: “Миний хувьд анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг прокурор буруу зүйлчилж ирүүлснийг  шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг хэвээр зүйлчилж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Миний ойлгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэсэн зүйл анги ба тухайн үед газраас тааралдсан чулууг авч шидсэн нь үнэн. Гэхдээ би уг чулууг урьдаас төлөвлөж, зэхэж байгаад засаж янзлан хохирогч руу шидэх зорилго байгаагүй юм. Тэгэхээр тааралдсан чулууг авч шидсэнийг энэ хуулийн энэ зүйл ангиар ял шийтгэл оногдуулах ёсгүй юм байна гэж ойлгосон. Иймд миний эрх зүйн байдлыг хүндрүүлэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Гэмт хэрэг хийсэн хүн ял шийтгэл эдлэх ёстойг би ухаарч байна. Гэхдээ шүүгч та бүхэн миний үйлдсэн гэмт хэргийн зүйл ангийг зөвөөр тодорхойлон дүгнэлт хийн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өөрчилж өгнө үү.

Би өөрт холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их харамсан гэмшиж байгаа ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулна.

Өндөр настай ээжтэйгээ амьдардаг, ээж маань одоо эмнэлэгт харвалт өгсөн өвчтэй хэвтэж байгаа. Би цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй явж чадах ухамсартай, өөрийгөө төлөвшүүлээд хамт олны дунд нийгэмшээд явж чадах тул дээрх нөхцөл байдлыг анхааран үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:          “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. Э.Б ыг чулуугаар цохиж биед нь хүнд гэмтэл учруулсан. Чулуу хүний биеийг гэмтээнэ. Э.Б ын нүдний харах чадвар энэ гэмтлийн улмаас буурсан. Хэргийн талаар гэрчүүд үнэн зөв мэдүүлдэг” гэв.

Шүүгдэгч Д.Д.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би чулууг зориуд Э.Б ыг цохиж зодохоор бэлдээгүй. Шууд газраас аваад шидсэн. Ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: “Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл муутай гарсан. Чулууг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл аль нь болохыг заагаагүй.

Чулуугаар цохисон гэдэгтэй маргаагүй. Энэ чулуугаа зориуд засаж янзалж хэрэглээгүй байгаа тул хэргийн зүйлчлэлийн талаар бичсэн шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байгаа. Харин Э.Б ын нүүр хавдсан. Энэ хавдрын улмаас нүдний хараа муудсаны, эсхүл урьд гэмтэлтэй байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Хэргийн бодит байдлыг шүүхээс тогтоож чадаагүйг давж заалдах шатны шүүх анхаарна уу” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхийн шийтгэл тогтоол үндэслэлтэй гарсан тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээх саналтай” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Д.М  “чулууг тусгайлан бэлтгэж зэвсгийн чанартай хэрэглээгүй тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдсонгүй.

Д.М  нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы гудамжинд өөрийн найз Э.Б тай маргалдан түүн рүү чулуу шидэж биед нь тархины доргилт, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины язарсан шарх, ухархайн дотор болон доод ханын хугарал, торлогийн доргилт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, энэ гэмтлийн улмаас хохирогч Э.Б ын зүүн нүдний харах чадвар 0,02 болж буурсан хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 564 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. Энэ үйл баримтыг нотолсон хэрэгт авагдсан нотлох баримтууд  нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжижсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэжээ. УИХ нь 2015 онд шинэчлэн найруулан баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн тайлбар хэсэгт “Зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.4-т заасан гэмт хэргийн шинжийг тодруулан тайлбарласан байна.  

Энэ тайлбарыг 2015 онд батлагдаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д нэр томьёо нь олон утгатай бол, 30.4.2-т нэр томьёо нь өргөн утгатай бөгөөд түүнийг нарийвчлан тодорхойлох шаардлагатай бол, мөн хуулийн 30.7 дахь хэсэгт нэр томьёо нь тодорхой утга агуулгаар зөвхөн нэг бүлэг, зүйл, хэсэг, заалтын хүрээнд хэрэглэгдэх бол түүний тодорхойлолт, тайлбарыг холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтын дотор байрлуулж болно гэж хуулийн төслийн нэр томьёоны тайлбарын талаар заасныг үндэслэн хууль тогтоогчийн буюу аутентик тайлбар гэж хуулийн адил нэг мөр ойлгож, хэрэглэнэ. Тайлбараас хүний биед гэмтэл учруулах зорилгоор эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг тусгайлан бэлтгэсэн буюу засаж тохируулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хэргийг хүндрүүлэх нөхцөл болж байна.

Д.Д.М гийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ газраас авч шидсэн чулууг дээрх тайлбараар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж, хуулийг хэрэглэснээс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзнэ. Иймээс шүүгдэгч Д.Д.М гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн тогтоол нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Д.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, харин ял эдлэх дэглэмийг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Шүүгдэгч Д.М гийн үйлдсэн гэмт хэргээс хохирогч Э.Б т учирсан хохирол, хор уршиг арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байгааг харгалзан хохирогчийн иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдах нь зүйтэй.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нотолбол гэмт хэрэг хаана гарсныг нотолж чадаагүй, шийтгэх тогтоолоо хуульд заасан шаардлагын дагуу үйлдээгүй байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, уг нөхцөл байдлын талаар маргаагүй тул алдааг магадлалд зааж өгөх нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр Д.Д.М нь Өмнөговь аймаг, Даланзадгад сум 8-р багийн Хойморь 15-47 тоот хаягт оршин суух бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Гэтэл мөрдөгчийн санал, хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн ажиллагааны тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан газрыг Д.Д.М г Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4-р баг, Дундсайханд өөрийн хашаандаа гэж бичжээ.

Гэмт хэрэг гарсан газрыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шалгавал яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд ам бүл 2, ээжийн хамт амьдардаг гэсэн боловч ээж Б.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Өмнөговь аймаг, Даланзадгад сум 8-р баг, Хонгор овоо хаяггүй, шинэ буусан газарт оршин суух” /хэргийн 20 дугаар хуудас/ гэж,

гэрч Б.Ө ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “манай хашааны гадаа ...Д.М  Э.Б ын нүдийг чулуугаар цохичихлоо гээд гэрт дагуулаад орж ирсэн..., Д.М  нь манай хашаанд манай гэрийн зүүн талын гэрт ээжтэйгээ, эхнэртэйгээ хамт амьдардаг” гэж, биеийн байцаалтандаа өөрийгөө  “Өмнөговь аймаг, Даланзадгад сум 8-р баг, Хонгор овоо хаяггүй, шинэ буусан газарт оршин суух” гэж /хэргийн 20, 100-101 дүгээр хуудас/ гэж,

Б.Ө ийн эхнэр Д.М ийн гэрчээр өгсөн мэдүүлэгт “Өмнөговь аймаг Даланзадгад сум 5-р багт хаяггүй, шинэ буусан газарт оршин суух” /хэргийн 22 дугаар хуудас/ гэж тэмдэглэгдсэнээс гадна гэрч нарын мэдүүлгээр хашааны гадна буюу гудамжинд хэрэг гарсан тухай мэдүүлсэн байх тул хэрэг гарсан газрыг зөв тогтоогоогүй гэж үзнэ. 

Мөн анхан шатны шүүх чулууг зэвсгийн чанартай эд зүйл гэж үзсэн гэж боловч тусгайлан бэлтгэсэн, мөн засаж тохируулсан байх шинжид дүгнэлт өгөөгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилгын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д.М гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Ямаат овогт Д.М г чулууг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ямаат овогт Д.М г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.М г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.М г 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

 8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М гийн давж заалдах гомдлыг хүлээн авсанг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д.М гийн 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулсан тооцсугай.

 4.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                   

                       

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                               ШҮҮГЧИД                                    Х.ГЭРЭЛМАА

                                                                                     Т.БЯМБАЖАВ