Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 07 210/МА2024/01204

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01314 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Ө К

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: А

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 4,025,366,250 төгрөг төгрөгийг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алданги 2,683,343,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э ХХК нь Ө К-тай 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу Э ХХК нь Д аймгийн төв Ч-Хөөт, С аймгийн төв Б, Д аймгийн М, Б аймгийн Ф-П сум хүртэлх чиглэлд нийт 1,165 км баригдах шинэ төмөр замын нарийвчилсан чиглэлийн дагуу гүүрэн байгууламж, трасс, ус өнгөрүүлэх байгууламжийн ажлын зургийн шатны ТЭЗҮ төсөл боловсруулахад зориулсан инженер-геологи, геотехникийн судалгааг ажлын техникийн даалгаврыг үндэслэн 4 үе шаттайгаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн.

1.2 Гэрээний дагуу Э ХХК нь туслан гүйцэтгэгч 10 компанийн хамтаар 1 дүгээр үе шатны 1,165 км төмөр замын далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлыг 2011 онд хийж гүйцэтгэсэн. Судалгааны 16 багц 150 дэвтэр тайланг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ө К-д хүлээлгэн өгсөн. Уг 16 багц тайланд гэрээний дагуу Барилгын Хөгжлийн төвийн улсын 5 экспертүүд магадлал хийж, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд тусгагдсан шаардлагын дагуу 150 дэвтэр тайланг 30 дэвтэр тайлан болгон нэгтгэж, Барилгын хөгжлийн төвийн экспертизээр баталгаажуулан Ө К-д хүлээлгэн өгсөн. Захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Н ХХК-аас ирүүлсэн техникийн даалгаврын дагуу нэмэлт судалгааны ажлуудыг Э ХХК нь өөрийн хөрөнгөөр 2013-2014 оны өвөл, хавар хийж судалгааны материалуудыг хүлээлгэн өгсөн. Ө К нь 1 дүгээр үе шатны ажлын санхүүжилтийн урьдчилгаа 1,073,430,994 төгрөгийг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, дундын санхүүжилт 1,610,146,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, нийт 2,683,576,994 төгрөгийг Э ХХК-д төлсөн.

1.3 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4 дүгээр үе шатны судалгааны ажлуудыг хасч, ажлын хэмжээг зөвхөн 1,165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил хийж гүйцэтгэнэ гэж өөрчилсөн. Мөн гэрээний 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ажлын хөлсний хэмжээ нийт 14,176,398,000 төгрөг гэж заасныг 5,378,686,000 төгрөг гэж өөрчилсөн. Мөн гэрээний 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг ажлын хөлсний үлдэх 50 хувийг эрх бүхий байгууллага болон захиалагчийн техникийн зөвлөхийн зохих хяналтыг тавьж, ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож баталгаажуулснаар Х ХХК-ийн санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаан төлнө гэж өөрчилсөн.

1.4 Э ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу захиалагчийн техникийн зөвлөх Япон улсын Н ХХК-аар ажлын тайланг хянуулж, ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ө К-д хүлээлгэн өгч, талууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар Э ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн ба Ө К нь Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын дагуу ажлын хөлсний үлдэгдэл 2,683,577,500 төгрөгийг Э ХХК-д төлөхөөр болсон.

1.5 Ө К-аас гэрээний үлдэгдэл санхүүжилтийг 2015, 2016 онуудад удаа дараа нэхэмжилж албан бичиг явуулсан боловч одоо болтол төлөөгүй. 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээний 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар 1,341,366,250 төгрөгийн алданги тооцно.

Иймд үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөг, алданги 1,341,366,250 төгрөг, нийт 4,025,366,250 төгрөгийг гаргуулна. Үүнээс 1,341,366,250 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангиас татгалзаж байх тул хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг Ө К-д олгохдоо тухайн ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн гаргах асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Х ХХК-ийн санхүүжилттэй уялдуулж харилцан тохиролцсоноор талуудын хооронд 1/002 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан.

Дээрх нөхцөл байдлаас уг ажлыг Х ХХК-ийн зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэх болон үүнээс хамаарч болох эрсдэлийг талууд гэрээ байгуулах үеэс мэдэж байсан. Түүнчлэн 1/002 дугаартай гэрээний нөхцөл ёсоор, захиалагч ажлын хөлсний үлдэх 50 хувийг төлөх үүргээ гүйцэтгэх хугацаа нь Х ХХК санхүүжилтийн эрх олгогдсоноос хойш ажлын 10 хоногт багтаах юм.

2.2 Төрийн бодлогын хүрээнд төмөр замын төсөлд шаардлагатай санхүүжилтийн асуудлаар Улсын Их Хурлын 2011 оны 15, 2012 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28, 82 дугаар тогтоолууд тус тус гарч, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мөн 1/002 дугаартай гэрээг байгуулахдаа Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их хурлын 2011 оны 15 дугаар тогтоолын 1.2, Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолыг талууд харгалзан үзсэн болохыг тус гэрээний 1.2-т дурдсан байдаг. Хны тухай хуулийн 4.1, 8.1, Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 (2), Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8 дахь хэсэгт зааснаар хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд манай компанийн зүгээс санхүүжилт олгох хүсэлтийг Зам, тээврийн яам болон Х ХХК-д удаа дараа гаргасан боловч Х ХХК нь Засгийн газрын 2011 оны 266, 2013 оны 28 ба 82 дугаар тогтоолд заасан төмөр замын төслийн санхүүжилтийг одоог хүртэл бүрэн олгоогүй байна.

Ийнхүү УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй Х ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас уг хэргийн нэхэмжлэгчийн төдийгүй хариуцагчаар татагдсан манай компанийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлд дурдсан Ө К-иас төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.3 Э ХХК нь уг ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр, 100 хувь төрийн өөрийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй Х ХХК-аар дамжуулан Монгол Улсын төр санхүүжүүлнэ гэдгийг анхнаасаа мэдэж байсан, тийм ч учраас гүйцэтгэгч төрд бүрэн итгэл үзүүлж санхүүжилт шийдэгдтэл өөрийн санхүүжилтээр ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлж 1/002 дугаартай гэрээ байгуулагдсан. Гүйцэтгэгч нь удаашралтай байгаа үлдэгдэл төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Зам, тээврийн яам (одоогийн А)-нд олон удаа хүсэлт хүргүүлсэн. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар санхүүжилтийн асуудал Анаас цааш А яаманд хүргэгдсэн, А яам 2018 оны төсвийн төсөлд тусгахаар зарчмын тохиролцоонд хүрсэн байдалтай байна. Иймд үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн хэмээн их хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Талуудын хооронд байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаартай гэрээ ёсоор гүйцэтгэгч Э ХХК нь П Ф-М-Баруун Урт Хөөт-Ч чиглэлд шинээр барих төмөр замын трассын дагуух инженер геологийн судалгааны ажлыг 14,176,398,000 төгрөгөөр 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх байсан. Гэрээний 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу Э ХХК нь ажлын гүйцэтгэлийн тайланг хянан баталгаажуулсан, мэргэжлийн экспертийн дүгнэлтийг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 47/2013 тоот албан бичгээр захиалагчид ирүүлсэн. Гэвч энэхүү гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих нийт ажлын зөвхөн нэг хэсэг нь бөгөөд гүүрэн байгууламж, өртөө зөрлөгүүд, хяналтын системийн байгууламж төхөөрөмжлөх судалгааны ажлууд хийгдээгүй байсан. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан талууд гэрээнд заасан нийт ажлын хэмжээг гүйцэтгэгчийн дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр багасгаж, багасгасан ажилд тохирох дүнгээр гэрээний үнийг бууруулахаар харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1/002 дугаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан.

3.2 Гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шинэ төмөр зам төслийн техникийн зөвлөх Н ХХК гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулсныг үндэслэн талууд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлын бичиг баримтыг хүлээлцэж Ажлын бичиг баримт хүлээлцэх акт, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт-ыг тус тус үйлдэж баталгаажуулсан.

3.3 Талуудын хооронд байгуулсан 1/002 дугаартай гэрээний 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагчид төлөх юм. Иймд хугацаа хэтрүүлсэн гэрээний үүргийн алданги 2,683,343,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна.

3.4 Ө К болон Э ХХК-ийн хооронд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4.1.1, 3 дугаар зүйлийн 3.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, 53 дугаар зүйлийн 53 1, 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Гэтэл захиалагч нь 2011 онд инженер-геологи, техникийн ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо тендер шалгаруулалтын журмыг баримталсан Тендерийн бичиг баримт болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байна.

3.5 Талууд 1/002 дугаартай Инженер-Геологи, геотехникийн ажлын гэрээ-г 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүгнэж үйлдсэн акт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар мөн адил хүчин төгөлдөр бус юм.

Иймд талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Ө К болон Э ХХК-ийн хооронд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгаж, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн акт-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Япон улсын Н ХХК захиалагчаас 2, 3-р үе шатны ажлуудыг авч 2014 онд хийж дуусгасан, 4-р үе шатны ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй болсон тул хоёр тал 2011 дүгээр сарын 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 тоот Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ-д 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, ажлын техникийн даалгавраас 2, 3, 4-р үе шатны ажлуудыг хассан, нэгэнт гэрээнд өөрчлөлт оруулж, манай компаниар хийлгэхгүй гэж хассан ажлыг гүйцэтгэсэнгүй гэж одоо алданги нэхэмжилж байгаа үндэслэлгүй.

4.2 Э ХХК захиалагчийн хүсэлтээр техникийн зөвлөх Н ХХК-аар ажлын тайланг хянуулах хугацаанд алданги тооцохоор талууд тохиролцоогүй. Э ХХК нь уг гэрээний нэмэлт, өөрчлөлтийн дагуу Н ХХК-аар ажлын тайланг хянуулж ажлын шатны зураг төсөл зохиоход шаардлага хангасан гэдгийг баталгаажуулан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ө К-д хүлээлгэн өгч, талууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актаар Э ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн.

4.3 Захиалагч буюу Ө К нь гэрээг боловсруулж гаргаж танилцуулсан ба бид гэрээний нөхцөл болзол, хийгдэх ажлыг үзэж танилцан гэрээг байгуулсан. Захиалагч буюу Ө К -тай 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн №1/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан хийгдэх ажлыг бид бүрэн гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгсөн.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч Э ХХК болон Ө К-тай Инженер-геологи геотехникийн ажлын гэрээ-г 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан. Анаас Х ХХК-д шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг 2014 онд 1/48 тоот, 2015 оны 03/290, 03/384 тоот албан бичгээр, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/690 тоот албан бичгээр тус тус хүргүүлсэн.

5.2 Мөн Анаас шинэ төмөр зам төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/733 тоот албан бичиг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/3569 тоот албан бичгээр А яаманд тус тус хүргүүлсэн гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

6.1 Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө К-иас нийт 2,683,577,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгон, үлдсэн алдангид 461,575,300 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн алдангид 2,683,343,000 төгрөгийг гаргуулах тухай, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах тухай, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Ө К-иас нийт 4,486,941,550 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 1,341,366,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 23,485,836 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө К-иас улсын тэмдэгтийн хураамжид 13,575,838 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгон, нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 419,662 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан, хариуцагч Ө К-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 40,696,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 27,051,380 төгрөгийг гаргуулан хариуцагч Ө К-д олгож шийдвэрлэсэн.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1 Шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/Ш32022/12302 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Монголын барилгын инженер-геологчдын холбоо ТББ-ыг томилсны дагуу шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Ө К нь дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Монголын барилгын инженер-геологчдын холбоо ТББ-ыг шинжээчээр томилсон ба 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шинжээчдээс гаргасан дүгнэлтийн хоёр дугаар бүлгийн 5-т Энэхүү үнийг 2011 оны ханшинд шилжүүлэхдээ Барилгын Инженер-Геологийн ажлын жишиг үнэ БД 81-17-01 норм дүрмийн 12-р зүйлийн мөрдөж Монгол Улсын статистикийн газраас гаргасан 2001-2010 оны хоорондоо жил бүрийн үнийн өсөлтийн дундаж үзүүлэлтийг 9,4 хувь гэж тооцоонд авлаа. гэж, 5-т Ажилчдын томилолтын 6 хүн, 26 бригад 30 хоног замд 4 хоног. Экспертүүдийн Хяналтын баг 6 хүн 15 хоног замд 2 хоног. Ажилласан ажилчдын хоол хүнс өдрөөр гаргав. Бүгд 162 ажилтан 30 хоног ажилласан. Энэ хүмүүс бүгд эхнээс нь дуустал ажилласан гэж дүгнэлтээр баталж байна.

Томилолтын зардал нэмэгдэж байсан нөхцөлийг харгалзан хоногийн 30,000 төгрөгөөр тооцвол ажилтнуудын нэмэгдэл зардал 447,643 төгрөг болно гэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь мэргэжлийн үүднээс үндэслэлгүй дүгнэлт гаргаж байгаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд Ө" К-иас хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн тус дүгнэлтийг шүүх үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

7.2 Монгол Улсын Их хурлын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Шинэ төмөр зам төслийн санхүүжилтийн тухай 82 дугаар тогтоол, 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоол, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоол, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын 156 дугаар тогтоолын дагуу И-З чиглэлийн төмөр замын төслийг санхүүжүүлэх үүргийг Х ХХК хүлээсэн. Мөн Монгол Улсын Их хурлын 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлах тухай 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Х ХХК хүлээсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1 Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэрээний үндэслэл бүхий заалтуудыг тусгаж, гэрээний үнийн дүнг тооцсон. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Ө К-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 2,683,577,500 төгрөг, алданги 1,341,366,250 төгрөг, нийт 4,025,366,250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 1,341,366,250 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан. /6хх 177/

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/002 дугаар Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгах, 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн актыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алданги 2,683,343,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Анаас Х ХХК-д шинэ төмөр зам төслийн үлдэгдэл санхүүжилтийг олгохыг хүссэн хүсэлтийг албан бичгээр тус тус хүргүүлсэн. Мөн Анаас шинэ төмөр зам төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрийг 2017 оны төсвийн тодотголын хуулийн төсөлд тусгах хүсэлтийг албан бичгээр А яаманд тус тус хүргүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э ХХК хариуцагч Ө К-иас нийт 4,486,941,550 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс алданги 1,341,366,250 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч үнийн дүнг алдаатай бичсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зөвтгөн өөрчлөлт оруулна.

3.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Х ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүгчийн захирамжаар баталж шийдвэрлэснийг буруутгахгүй. /3хх 45, 64-65, 4хх 135-136/

4. Ө К болон Э ХХК-ийн хооронд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1/002 дугаартай Инженер-геологи, геотехникийн ажлын гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Э ХХК нь Д аймгийн төв Ч, Хөөт, С аймгийн төв Б, Д аймгийн М, З, Б аймгийн Ф, П сум хүртэлх чиглэлд нийт 1,165 километр баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу инженер-геологи, геотехникийн хээрийн болон лабораторийн судалгааны ажлыг хавсралт 1 болох Төмөр замын трассын дагуу ажлын зураг боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны ажлын техникийн даалгаврын дагуу гүйцэтгэх, Ө К нь холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын хөлс 14,176,398,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 8-19/

4.1 Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Гэрээний нэмэлт өөрчлөлт-өөр гэрээний хавсралт 1-ийн 6 дугаар хэсэгт заасан ажлын техникийн даалгавраас гүүрэн байгууламжийн судалгаа, өртөө зөрлөгүүдийн судалгаа, хяналтын системийн байгууламж, төхөөрөмжлөх судалгааны ажлууд гэсэн заалтуудыг хасаж, зөвхөн 1,165 км далан, ус өнгөрүүлэх хоолойн инженер геологи, геотехник, гидрологийн судалгааны ажил гүйцэтгэнэ гэж, гэрээний 16 дугаар зүйлийн 16.1-д Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 14,176,398,000 төгрөг байна гэж заасныг Энэхүү гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,378,686,000 төгрөг байна гэж тус тус өөрчилсөн. /1хх 27/

5. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.4 дэх заалтад заасныг зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж анхан шатны шүүх дүгнэж талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлтэй. Талууд энэ талаар гомдол гаргаагүй.

6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй. Иймд гэрээ хүчин төгөлдөр бус байх тул талууд өгсөн, авснаа буцаан шаардах эрхтэй.

7. Ө К болон Э ХХК-ууд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт үйлдсэн, уг актад ...МТЗ К нь 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ЭГГ ХХК-д урьдчилгаа 20 хувийн төлбөр болох 1,073,430,994 төгрөгийг мөн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 30 хувь болох 1,610,146,000 төгрөгийг тус тус төлж, нийт ажлын хөлсний 50 хувийг барагдуулсан бөгөөд талуудын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн МТЗ К болон ЭГГ ХХК-ийн хамтарсан хурлын тэмдэглэл, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар нэмэлт өөрчлөлтийн дагуу үлдэгдэл төлбөрийн 50 хувийг барагдуулахаар тохиролцов. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажил хүлээлцэх хурлаар гэрээний нийт ажлын хөлс /1-р үе шат/-ийг ЗГ-ын 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт заасны дагуу 5,367,155,000 төгрөг байхаар, ажлын үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2,683,577,500 төгрөг байхаар тус тус эцэслэн тохиролцов гэжээ. /1хх 46-48/

7.1 Мөн 09-14/2016 дугаар Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар Ө К нь 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Э ХХК-д 2,683,577,500 төгрөгийн өртэй гарсныг харилцан тохиролцсон байна. /1хх 104/

7.2 Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 2,683,577,500 төгрөгийн ажлыг хариуцагч Ө К хүлээн авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2,683,577,500 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх талуудын актаар тохиролцсон 2,683,577,500 төгрөгийг Ө К-иас гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлсийг шаардах эрхийн үндэслэл болгож шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь учир дутагдалтай болсон байх тул залруулсан өөрчлөлт оруулна.

8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2,683,577,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, харин алданги гаргуулах хэсгээс бүхэлд нь татгалзсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 461,575,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд шийдвэрт дээрх 461,575,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хасаж өөрчлөлт оруулна.

9. Монголын барилгын инженер-геологичдын холбооны 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А-07 дугаар шинжээчийн дүгнэлтээр П-Ф--З-М-Баруун Урт-Хөөт-Ч чиглэлийн 1165 км төмөр замын трассын зурвас талбай, ус өнгөрүүлэх хоолойн байгууламжуудын геологи, геотехникийн судалгааны 2011 онд хийсэн ажлын гүйцэтгэлийн төсвийг 5,875,420,000 төгрөгөөр үнэлсэн. /4хх 1-31/ Улмаар мөн холбооны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шинжээчийн дүгнэлтээр П-Ф--З-М-Баруун Урт-Хөөт-Ч чиглэлийн 1165 км төмөр замын трассын зурвас талбай, ус өнгөрүүлэх хоолойн байгууламжуудын инженер, геологи, геотехник, гидрологийн ус зүйн тооцооны судалгааны 2011 онд хийсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 5,887,934,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. /5хх 206-240/ Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаар хүсэлт гаргаагүй. Иймд шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээ дүгнэсэн акт-аар хүлээн авсан байх тул хариуцагчийн Монгол Улсын Их хурал, Засгийн газрын тогтоолуудын дагуу санхүүжүүлэх үүргийг Х ХХК хүлээсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01314 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө К-иас 2,683,577,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө К-д холбогдох, алданги 1,341,366,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Э ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,575,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН