Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0508

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0508

Улаанбаатар хот

 

 

 

                                             А.Э-ын нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч А.Эрдэнэцогт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэртэй, А.Э-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга, тус газрын удирдлагын хэлтсийн дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 23 дугаар зүйлийн 23.3.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3-д заасныг тус тус баримтлан А.Э-ын “Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/70 дугаар мэдэгдлийг, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзаж байгаа эс үйлдэхүйг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай албан бичгээр газрын суурь үнэ болох 166.574.400 төгрөг төлөхийг шаардсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2/70 дугаартай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан мэтээр дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн л хамааралгүй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэж 1/82 тоот албан бичгээр газрын суурь үнийг төлснөөр гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг үндэслэн мэдэгдсэн байх тул эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүйгээс гадна энэ нь мөн хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, тэмдэглэлээс болон 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А.Э-с өгсөн зэргээр нотлогдоно” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзаж буй үйлдэлд хамааруулан гаргасан атал шүүх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэж 1/82 дугаар албан бичгээр газрын суурь үнийг төлснөөр гэрээ байгуулж гэрчилгээ олгоно гэж хариу өгсөн нь эс үйлдэхүй үйлдээгүй гэж учир битүүлэг дүгнэлт хийсэн.

Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар А.Э-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2 дахь заалтаар газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг аймгийн Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газар /Э.Чагнаадорж/-д үүрэг болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаартай захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар /Э.Ч/-д үүрэг болгосон. Захиргааны актаар эрх бүхий этгээдэд үүрэг болгож шийдвэрлэсэн атал холбогдох албан тушаалтан биелүүлэхгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн хариу тайлбарт Сайнцагаан сумын 1 дүгээр бүсэд худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар эзэмших газрын 1 м.кв талбайн үнэ 4800 төгрөг болсон гэж дурджээ.

Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атал хариуцагч байгууллагаас өөр зориулалтаар эзэмшүүлэх газрын төлбөрийг төлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан.

Иймд үндэслэлгүй дүгнэлт өгсөн Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Э нь давж заалдах гомдолдоо шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу ойлгож, нэхэмжлэлд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн гэжээ.

Нэхэмжлэгч нь аймгийн ГХБХБ-ын газрын удирдлагын хэлтсийн даргын 2019 оны 2/70, газрын даргын 2019 оны 1/82 тоотоор шаардаж буй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын А/75 дугаар захирамжийн дагуу гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргажээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар аймгийн газрын алба газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор заасан, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас адил утга бүхий дээрх албан бичгүүдээр нэхэмжлэгчид газрын суурь үнийг төлсний дараа гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой талаар хариу өгсөнтэй холбоотой нэхэмжлэгч тус захиргааны байгууллагад холбогдуулан “үндэслэлгүй газрын үнэ шаардаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, даалгах” нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх албан бичиг тус бүрт гарын үсэг зурсан албан тушаалтан тус бүрийг хариуцагч гэж үзэж, хариуцагчаар сольсон, мөн нэхэмжлэлийн шаардлагыг “...  2/70 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох ...” гэж буруу тодорхойлон тусад нь нэхэмжлэлийн шаардлага мэтээр дүгнэлт хийж, улмаар “... албан бичгээр мэдэгдсэн байх тул эс үйлдэхүй үйлдээгүй ...” гэх мэтээр дүгнэсэн нь  нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийг зөв тодорхойлоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болжээ. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохооргүй байна.

Мөн давж заалдах гомдолд Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/75 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар А.Э-д 34703 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр, 2 дахь заалтаар газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг аймгийн Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байхад биелүүлэхгүй, газрын суурь үнэ төлөхийг шаардсан нь хууль бус  гэжээ.

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамж гарсны дараа газрын суурь үнэ буюу дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг нэхэмжлэгч А.Э-с шаардсан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэгчид газар эзэмших эрх Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны А/75 дугаар захирамжаар олгохдоо ямар үндэслэлээр олгосонтой холбоотой баримтыг цуглуулж, газар эзэмших эрх олгосон нөхцөл байдлыг дүгнэх зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь “би 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрийн зүүн урд хэсэгт байрлах “Д б” ХХК-ийн эзэмшил болох 34727 м.кв талбай бүхий объектыг газрын хамт бүхэлд нь авсан, холбогдох бичиг баримтаа ололгүй уг газрыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй явсаар 2017 онд бичиг баримтыг олж, 2018 оны 07 дугаар сард хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын 2019 оны А/75 дугаар захирамж гарсан байхад уг захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргахгүй байгаа эс үйлдэхүй, мөн 2019 оны 2/70 дугаар мэдэгдлээр үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгаа үйлдэл хуульд нийцээгүй, худалдаж авсан үл хөдлөх дээрээ дахин газрын үнэ төлөхгүй” гэжээ.

 

Дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгч А.Э-д маргаж буй газар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг “Д б” ХХК-иас худалдан авсан гэж газар эзэмших хүсэлт гаргасны дагуу Газрын тухай хуульд заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр аймгийн Засаг дарга 3,4 га газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн дээрх А75 дугаар захирамж гарчээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.Эрдэнэцогт нь уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг нотолсон баримтгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Дээд буян” компани нь хязгаарлагдмал хариуцлагатай /хаалттай/ биш Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 393 хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компани /нээлттэй/ байсан[1] бөгөөд 51 хувийн хувьцаа эзэмшигч Б.Б нь нэхэмжлэгч А.Э-той хувьцаа шилжүүлэх гэрээ хийсэн гэж гэрчээр мэдүүлсэн, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх баримт ирүүлсэн боловч эдгээр баримтаар хувьцаат компанийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр нэхэмжлэгчид хууль ёсоор шилжсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д б” ХК-тай холбоотой баримтуудыг цуглуулсны дотор тус компани 393 гишүүнтэй нээлттэй компани байсан, 2013 онд татан буугдсантай холбоотой, мөн тухайн компанийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримтууд авагджээ.

Үүнтэй холбоотой аймгийн Засаг дарга нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа энэ талаар мэдсэн эсэх, тус нээлттэй компани татан буугдаж, хөрөнгө нь хэрхэн шийдвэрлэгдсэн, тус компани газар эзэмших эрхтэй байсан эсэх /татварын албанаас газрын төлбөр нэхэмжилж байсан/, компаний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэхэмжлэгчид хууль ёсоор үүссэнтэй холбоотой ямар баримтыг үндэслэж, үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн талаар лавлагаа, холбогдох баримтуудыг цуглуулж дуудлага худалдаа явуулаагүй атлаа газрын суурь үнэ төлөхийг шаардсан хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх  баримтуудыг бүрэн цуглуулж, маргааныг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 


[1] Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 5/1328 дугаар албан бичиг хэргийн 130-р хуудас