Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01191

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ын хариуцагч Н- ХК, Ш- ХХК-д тус тус холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Ш- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-, түүний өмгөөлөгч С.Я, хариуцагч Н- ХК-ийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Ш- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М.Б- миний бие 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Н- ХК-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок байрны - тоот хаягт байршилтай 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 20 тоот хаягт байх 76.94 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, С блок байрны - тоот хаягт байршилтай, 47,95 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 35 тоот хаягт байршилтай, 47,95 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, нийтдээ 4 ширхэг орон сууцыг захиалсан.

Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,250 ам доллар байхаар харилцан тохиролцож, Б блок байрны - тоот байранд 83,825 ам доллар, 20 тоот байранд 96,175 ам доллар, С блок байрны - тоот байранд 59,937 ам доллар, 35 тоот байранд 59,937 ам доллар төлөхөөр болж, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 орон сууцны захиалгын төлбөрт нийт -0,000 ам.долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Би Б блок байрны -, 20 тоотын асуудлыг өмнө нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн ба уг маргаанд -0,000 ам долларын баримтыг эх хувиар нь өгсөн ба тухайн хэргийн материалд эх хувиараа хадгалагдаж байгаа учир энэхүү нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй болсон.

Н- ХК нь 2012 оноос хойш миний захиалсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Оршин суугчдын байгуулсан Т- СӨХ-ноос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрээгүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд би тухайн орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй.

Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ы С блок байрны - тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ы С блок байрны 35 тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч Н- ХК, Ш- ХХК-иудад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай Ш- ХХК нь нэхэмжлэгч М.Болтой ямар нэг гэрээний харилцаа үүсгээгүй. Тийм учраас Н- ХК, М.Б- нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг Ш- ХХК хариуцахгүй. Учир нь хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Н- ХК нь М.Б-той байгуулсан гэрээний дагуу нийт 4 байрны төлбөр болох -0,000 ам.доллар авсан бөгөөд уг төлбөр Ш- ХК-д орж ирээгүй, төлөгдөөгүй болно.

2008 онд захиалгын гэрээ хийгдэн барилгын ажил тодорхой хэмжээнд явагдаж байх үед Н- ХК-иас Б- ХХК-д барилгын суурийг газрын хамт шилжүүлсэн байдаг. Б- ХХК-иас Б.Б-ад итгэмжлэл олгосноор 2015 оны 03 дугаар сард Б.Б-ын нэр дээр 652,47м.кв талбай бүхий -%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан. Б.Б- нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ш- ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан.

2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ш- ХХК-иас Б.Б-ын данс руу 5 тэрбум төгрөг шилжүүлж -%-ийн гүйцэтгэлтэй барилгын суурийг газрын хамт өмчлөн авсан. Ш- ХХК зөвхөн суурийн гүйцэтгэлийг газрын хамт шилжүүлэн авсан болохоос захиалагч М.Б-той, эсхүл өөр гуравдагч этгээдүүдтэй хийсэн орон сууц захиалгын гэрээг хүлээж аваагүй. Н- ХК-ийн захирлаас Б.Б-ад гэрээнүүдийг шилжүүлсэн гэсэн тайлбар өгсөн ч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй. Түүнчлэн нэхэмжлэгч М.Б- бодит байдал дээр -0,000 ам.доллар төлсөн эсэх нь мөн гэрээгээ 2008 онд эсхүл 2012 онд байгуулсан эсэх нь эргэлзээтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай шаардлага нь манай компанид огт холбогдолгүй, үндэслэлгүй шаардлага байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н- ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: М.Б- 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагатай нийт 4 байр худалдан авахаар гэрээ байгуулж, -0,000 ам.доллар төлсөн. Уг мөнгийг барилгын төслийн ажилд зарцуулаад дуусгасан. М.Б- нь 58 дугаар байраас 2 байр, 59 дүгээр байраас 2 байр буюу нийт 4 байр захиалсан. Уг барилга нь 58, 59, 60 гэх 3 блоктой буюу манайх А, Б, С блок гэж нэрлэдэг. 60 дугаар байр нь А блок бөгөөд А блокийг барьж Улсын комисст хүлээлгэж өгсөн. 59 дүгээр байр нь Б блок бөгөөд дотоод засал, сан техникээс бусад ажлыг хийсэн. 58 дугаар байр баригдаж дуусаагүй байсан.

Манай Н- ХК нь Капитал банк ХХК-д өртэй байсан бөгөөд Өргөө хотхон-ны 58, 59 дүгээр байрыг Б.Б-ад 2,000,000,000 төгрөгийн үнийн дүнтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Байрыг Б.Б-ад өгөхдөө 58, 59 дүгээр байранд захиалга өгч мөнгө тушаасан захиалагч нарын гэрээнүүдийг өгсөн.

Б.Б- нь М.Б-ыг 59 дүгээр байрны 2 байранд оруулсан. Харин 58 дугаар байрны асуудлын хувьд тус байрыг цааш Ш- ХХК-д 5,000,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд шилжүүлэхдээ захиалга өгсөн хүмүүсийн гэрээг мөн адил өгсөн гэдэг.

Иймд М.Б-ын нэхэмжлээд байгаа 58 дугаар байрны 2 орон сууцыг Ш- ХХК хариуцна. Тухайн орон сууцын барилгыг гүйцээж барина гэж Ш- ХХК нь Капитал банк ХХК-иас 10,000,000,000 төгрөг авсан, уг нь байрыг 5,000,000,000 төгрөгийн зардлаар барьж дуусах боломжтой байсан.

М.Б- 4 байрны төлбөрийг бүрэн төлсөн, М.Б-од байрны гэрчилгээг өгөх ёстой. Н- ХК нь М.Б-од байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ны С блок байрны - тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ны С блок байрны 35 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч Ш- ХХК-д даалгаж, хариуцагч Н- ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш- ХХК-иас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б-од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч Ш- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Хууль зүйн үндэслэл, нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч М.Б- хариуцагч "Н- ХХК-нарын хооронд 2008 гэсэн огноотой Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна. М.Б- нь хариуцагч Н- ХХК-д -0,000 ам доллар буюу 4 орон сууцны захиалгын гэрээний дагуу төлбөрийг 4 жилийн дараа буюу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн гэж харагдаж байна.

Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол /13373 / Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай 652.76 м.кв талбайтай - хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрх анх 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Н- ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 20- оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6/10464 дугаарын албан бичгээр тогтоогддог.

Хариуцагч Н- ХХК-ийн бусдаас авсан зээлийн төлбөрийг Капитал банк өөртөө шилжүүлэн авсан гэх үндэслэлээр тус банкны санаачлагаар Баянзүрх дүүргийн 6 хороо, 13 дугаар хороолол /13373 /, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоотод байрлах 000384012 тоот гэрчилгээтэй, Ү--04024184 тоот улсын бүртгэлийн дугаартай, 652.76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, - хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Б-ын өмчлөлд бүртгэгдсэн. Улмаар 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Б-аас Ш- ХХК-ийн өмчлөлд тус тус шилжсэн.

Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шийдвэрийнхээ үндэс болгосон.Тодруулбал: 20- оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаар магадлалыг шууд хуулбарлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь уг хэрэг нэхэмжлэгч М.Б- нь өөр орон сууцны / Б блок / өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий маргаан атал уг хэргийг шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг анхан шатны шүүх нь иш үндэс болгон өнөөдрийн бидний маргаж буй хэрэгт шийдвэрээ гаргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуүлийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэсэн боловч мэтгэлцэх эрх нь нотлох баримтад тулгуурладаг, зохигчид шүүхэд хуульд заасан журмын дагуу нотлох баримт гаргаж, түүндээ үндэслэн тайлбар гаргах ёстой, шүүх ч нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ёстой атал өөр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэс болгож хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаас үзвэл Н- ХК-нь иргэн М.Б-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг Б.Б-ад шилжүүлсэн үеээс тухайн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч Н- ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

Учир нь нэхэмжлэгч М.Б- Ш- ХХК-ийн хооронд ямар нэгэн Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаагүй, ямар нэг эрх зүйн харилцаа, гэрээний үүрэг хүлээгээгүй байх атал орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Б-ын өмчлөлд шилжүүлэхийг Ш- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Тодруулбал: Ш- ХХК-нь иргэн Б.Б-аас Баянзүрх дүүрэг 6 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоотод байрлах 652.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, - хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг шилжүүлэн авсанаас биш тухайн барилгатай холбоотой Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г шилжүүлэн аваагүй, уг гэрээний эрхийг Ш- ХХК-д мөн шилжүүлэн өгөх үйлдэл хийгдээгүй, гэрч Б.Б-ын мэдүүлэг нь хоёрдмол утгатай, хэлсэн ярьсан зүйлээ үгүйсгэсэн агуулгатай мэдүүлсэн зэрэг, хавтаст хэрэгт Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ гэх ямар ч гэрээ байхгүй, энэ тухай нотлох баримт огт авагдаагүй болно.

Хэрэгт Н- ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын тэмдэглэл, уг хуралдаанаас гарсан шийдвэр буюу тогтоол авагдсан бөгөөд уг тэмдэглэлд,

..,С.Т- Ер нь энэ хөрөнгүүдийг зээлийн оронд Б-д шилжүүлэн өгөх асуудлыг дэмжиж байна гээд

...Хуралд оролцсон бүх гишүүд: Б- ХХК-д эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөл, эзэмшил шилжүүлэхийг үл хөдлөх эд хөрөнгүүдийг, газар эзэмших эрхийн хамт шилжүүлэхийг дэмжсэн тул батлахаар шийдвэрлэв гэжээ.

Тэгвэл 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Н- ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар хэдэн иргэнтэй Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байдаг. Хичнээн иргэний Орон сууц захиалгын хөрөнгө оруулалтын гэрээ-г хамтад нь шилжүүлэх үү үгүй юу гэдэг асуудал огт хэлэлцэгдээгүй, энэ талаар огт дурьдаагүй, яригдаагүй болох нь хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүх нь хариуцагч Н- ХХК-ийн төлөөлөгч Б.Г-ийн тайлбар, гэрч Б.Б-ын мэдүүлэг, бэлэглэлийн дээрх гэрээнүүдтэй харьцуулан судлахад Ш- ХХК-нь Н- ХХК-ийн М.Б-ын өмнө хүлээсэн гэрээний үүргийг шилжүүлэн авсан байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 40 дүгээр зуйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчиж шийдвэрлэсэн ба гэрч Б.Б-ын мэдүүлэг нь хоёрдмол утгатай, өөрийн хэлж ярьсанаа үгүйсгэсэн, асуусан асуултанд 2 өөр агуулгаар хариулт өгч, мэдүүлсэн атал шүүх хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч талд өгсөн хариултыг голлох нотолгоо болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон.Тухайлбал, гэрч Б.Б-ын мэдүүлгээс үзвэл С блокийг шилжүүлэхдээ ямар бичиг баримтын хүрээнд шилжүүлсэн бэ? гэхэд гэрч Буянбат: Би оролцож хийгээгүй манай хадам аав хамт байж хийсэн гэдэг, би хуулийн үг хэллэгийг сайн ойлгохгүй байна, нарийн зуйлсийг санахгүй байна гэх зэргээр өмнө нь хэлсэн ярьсанаа үгүйсгэсэн хариултыг өгсөн нь хэрэгт авагдсан байдаг.

 

5.б. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл нь хуульд заасан хугацаанд бичигдээгүй, шүүхийн шийдвэр ёсчлогдон гарсан тухайд:

Хариуцагч Ш- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан. Улмаар шүүхийн шийдвэрийг гардан авах үед 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн уг шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэл гараагүй, бичигдээгүй, албажаагүй байна гэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна гэж заасан хуулийн шаардлагыг анхан шатны шүүх нь биелүүлээгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тьухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: М.Б- нь Н- ХХК-иас 4 өрөө орон сууц захиалсан. 59 дүгээр байрны 2 орон сууц нь өөр байр учраас өмнө нь шүүхээр шийдвэрлүүлээд шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийг ямар учраас дахин үнэлэх болсон бэ гэвэл 4 орон сууцны гэрээ байгуулж, мөнгийг бөөнд нь төлсөн. Бэлэн мөнгөний баримт нь нэг эх хувь баримт байдаг. Өмнө нь шийдсэн хэрэгт эх хувь баримтыг нотлох баримтаар өгсөн. Энэ нэхэмжлэлийг гаргах үед тухайн баримт байх шаадлагатай, шүүх бүрдүүлбэр шалгах учраас шүүх үүнтэй холбогдуулан тус нотлох баримттай холбогдуулан шүүхийн шийдвэрийг үнэлсэн. Гэрчийн мэдүүлэг хоёрмдол агуулгатай гэж байна. Гэрч 2014 оны үйл баримтын талаар 2024 онд мэдүүлэг өгсөн. Зарим зүйлээ санана. Санаж буй хэмжээнд нь шүүх үнэлнэ. Гэрч 2014 онд Н- ХК-иас үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж аваад 3-4 сарын дараа Шинэ өргөө ХХК-д шилжүүлсэн. Н- ХК-иас шилжин ирсэн 8 иргэний захиалгын гэрээний эрх үүргийг өөртөө үлдээхгүй. Хэрэв тухайн 8 иргэний захиалгын гэрээний эрх үүргийг өөртөө үлдээсэн байсан бол гэрч үүнийг санана. Ямар бичиг баримт үйлдсэн эсэхээ сайн санахгүй байна гэж мэдүүлснээс биш би иргэний эрх, үүргийг авч үлдсэн, би шилжүүлж өгөөгүй гэж хэлээгүй. Шүүх санаж буй зүйлд нь үнэлэлт өгсөн. Гэрчийн мэдүүлэг хоёдмол агуулгатай биш. 10 жилийн өмнө болсон үйл явдлын зарим зүйлийг санахгүй байна гэдэг. Н- ХК-ийн хурлын протокол, тогтоолд Б- ХХК-д өртэй байсан. Өрөндөө тухайн хөрөнгийг шилжүүлж өгсөн. Б- ХХК-ийн төлөөлөгч гэх Б.Б- шинжээчийн дүгнэлт гаргуулъя гэсэн боловч захиалагч нарын нэр байгаагүй гэдэг. Тухайн үед өр төлбөртэй цуг шилжүүлэх эсэх асуудлыг ярьсан. Ямар айл байсан эсэх асуудлын хувьд М.Б- гэж хүн байсан уу гэхэд Н- ХХК-иас төлбөрөө 100 хувь төлсөн гэдэг. Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн дагуу бичигдээгүй гэж байна. Нэг шүүгчид 200--0 хэрэг байдаг. Шүүхийн ачааллаас хамаарч байгаа учраас тэмдэглэл хугацаандаа гарах боломжгүй. Шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймээс шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Н- ХК, Ш- ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч М.Б- нь 2008 онд Н- ХК-тай Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ны С блокийн 47,95 м.кв талбайтай, 35 тоот орон сууц, 47,95 м.кв талбайтай, - тоот орон сууцыг тус тус 59,937 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцжээ. Үүнээс гадна тус орон сууцны хотхоны Б блокийн 20, - тоот орон сууцнуудыг мөн захиалан бариулахаар гэрээ байгуулсан гэх бөгөөд дээрх гэрээнүүдийн төлбөрт нийт -0,000 ам.долларыг Н- ХК-д төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогджээ. /1хх-ийн 8-10, 16-р тал/

 

4.а.Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 58 хаягт байрлах 652,76 м.кв талбай бүхий - хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр Н- ХК нь 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэн. Уг үл хөдлөх хөрөнгийг Н- ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай тогтоолоор Б- ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-гээр Б.Б-ын өмчлөлд шилжүүлсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Улмаар Б.Б- нь уг барилгыг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 654 дугаартай Бэлэглэлийн гэрээ-гээр Ш- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /2хх-20,25,28-31, 73,78,79 /

 

4.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

 

5.а.Хавтаст хэрэгт М.Б-ын нэхэмжлэлтэй Н- ХК, Б.Б- нарт холбогдох Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хороо, Өргаа хотхоны Б блок 20 болон 26 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/03503 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 20- оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 485 дугаар магадлал тус тус нотлох баримтаар авагджээ.

Дээрх шийдвэр, магадлалд М.Б- нь Н- ХК-д нийт -0,000 ам.долларыг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрны төлбөрт гэсэн утгаар бичсэн бэлэн мөнгөний орлогын баримт хэргийн 9 дүгээр талд авагдсан талаар дүгнэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Иймээс нэхэмжлэгч М.Б- нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг төлсөн гэж үзэхээр байна. /1хх-12-14,15-17/

 

5.б.Хариуцагч Ш- ХХК нь нэхэмжлэгч М.Б-той гэрээ байгуулаагүй тул үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр маргасан боловч хариуцагч Н- ХК-ийн төлөөлөгчийн тайлбар, Б.Б-аас авсан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, Ш- ХХК нь Н- ХК-ийн М.Б-ын өмнө хүлээсэн гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

5.в. Маргаан бүхий -, 35 тоот орон сууцнуудыг агуулж буй барилга бүхэлдээ Ш- ХХК-ийн өмчлөлд шилжсэн байх тул Ш- ХХК нь дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг М.Б-од шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэрийг орхигдуулсныг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн залруулав.

 

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ны С блок байрны - тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон-ны С блок байрны 35 тоот хаягт байршилтай, 47.95 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч Ш- ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасан бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохтой хамааралтай заалт биш юм. Түүнчлэн гомдолдоо анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй гэх боловч уг тэмдэглэл алдаатай бичигдсэн байдал тогтоогдоогүй, энэ агуулгаар гомдол гаргаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/01346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... өмчлөх эрхийг гэсний дараа нэхэмжлэгч М.Б-од гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш- ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ