Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 304

 

 

М.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,                    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн       2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, М.Г-ад холбогдох 2115000000052 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-аас 2.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.С-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Булган аймгийн прокурорын газраас М.Г-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2115000000052 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Г-ыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд прокурор Э.Гантулга бичсэн эсэргүүцэлдээ                      “ ... Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №29 дугаартай магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчин шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг цагаатгахдаа гагцхүү яллагдагчийн өгсөн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч М.Г-ын ээж болон эгч, ах нарын гэрчээр өгсөн зөрүүтэй мэдүүлэг буюу цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдэд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Үүнд гэрч Б.А-, Б.Х-, Д.Б- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед анх гэрчээр өгсөн мэдүүлэг нь цаг хугацаа болон М.Г-ын унаж байсан гэх улаан өнгийн мотоциклын талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй. Гэрч Б.Х-, Д.Б- нар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Баадай буюу М.Г- нь байнга цуг байсан, гэрээсээ хол ямар нэгэн газар руу яваагүй талаар мэдүүлдэг боловч гэрч Б.А-, Б.Энх-Амгалан, Ц.С- нарын мэдүүлгээр 2020 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгаас хуц, ухна авахаар явсан болох нь тогтоогддог. Мөн 2020 оны 10 дугаар сарын 15-ны орчим хадлангаас буусан гэж мэдүүлдэг ба гэмт хэрэг 2020 оны 10 дугаар сарын сүүлээр буюу 27, 28-ны орчим үйлдэгдсэн болох нь хохирогч Б.Одбаяр, гэрч Ц.С- нарын мэдүүлэг болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогддог. Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “... Би тэр талаар мэдэхгүй. Би энэ үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-15 тоотод хүү болон нөхөр н.Нямдаваа нарын хамт байсан ...” гэж мэдүүлдэг /хх-ийн 38-р ху/, Б.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “... М.Г- улаан өнгийн хятад мотоциклтой байж байгаад       2020 оны 07 дугаар сард эвдэрсэн янзалж унаагүй. Манай нөхөр н.Отгонсүрэнгийн улаан өнгийн мотоциклыг унаж байсан ...” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... манай нөхөр улаан өнгийн мотоциклтой гэхдээ тэрийг М.Г- унадаггүй ...” гэж эрс зөрүүтэй мэдүүлдэг буюу дээрх шүүгдэгчийн эгч болон ээж нарын эрс зөрүүтэй мэдүүлэгт огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг цагаатгасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлсэн М.Г- нь Ц.С-ыг танина, 2020 оны 08 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Самбартай хөтөл гэх газарт уулзсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаж тайлбарлаагүй нь ойлгомжгүй байна. Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн                      №29 дугаартай магадлалыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “М.Г-ын үйлдэл тогтоогдоогүй асуудал анхан шатны шүүхийн шатанд нилээд яригдсан. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

 

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Булган аймгийн прокурорын газраас хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх М.Г-ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сар хорих ял оногдуулсан бөгөөд өмгөөлөгчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй. Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч М.Г-ын талаар өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд эрс зөрүүтэй талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй учир давж магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй. Мөн М.Г-ын холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хамаарч буй учир шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын  гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг билээ.

 

Шүүгдэгч М.Г-ад холбогдох хэрэг нь “... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...” гэх үндэслэлд хамаарч байна. Учир нь анхан шатны шүүхээс М.Г-ыг гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцож шийтгэсэн бол давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг; эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томъёог өөр өөрөөр тайлбарласан; эсвэл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгоно.

 

2. Шүүгдэгч М.Г-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн                           40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дараахь үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Прокурор хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүх хэргийг цагаатгахдаа гагцхүү яллагдагчийн өгсөн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч М.Г-ын ээж болон эгч, ах нарын гэрчээр өгсөн зөрүүтэй мэдүүлэг буюу цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдэд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэж цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... мөн гэрч Б.Энх-Амгалангийн мэдүүлсэн М.Г- нь Ц.С-ыг танина,               2020 оны 08 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Самбартай хөтөл гэх газарт уулзсан гэх үйл баримтыг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаж тайлбарлаагүй нь ойлгомжгүй байна” гэжээ.

 

4. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгахдаа хэргийн талаар тогтоосон байдал, цагаатгах үндэслэл, эдгээрийг нотлох баримтын агуулга, яллах нотлох баримтуудыг хэрхэн няцаасан талаар хууль зүйн оновчтой, зөв дүгнэлт хийгээгүй байна.

 

Тодруулбал, гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэгт “...2020 оны 10 дугаар сарын 27, 28-ны үед байх Хутаг-Өндөр сумын Хонгор багийн иргэн Баадай гэдэг залуугаас “Хамар цагаан сартай хүрэн” унагыг 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан ... Харин                             3 хоногийн дараа нь надтай утсаар яриад ах наад унага чинь буруу гарын унага шүү одоо та өөрөө зохицуулаарай гэхээр нь би за ойлголоо гэж хэлсэн ...”                              (1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал), мөн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “2020 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 29-ний үед ... Баадай гэдэг залуугаас хамар цагаан сартай хүрэн сарвай авсан ... тэгээд би тухайн үед авчирсан бэлэн мөнгө болох 2.000.000 сая төгрөгөө өгсөн ... Тэгээд нөгөө унагыг нь ачаад аваад явсан ... 2-3 хоногийн дараа ... нөгөө залуу ах над унага чинь буруу гарын юм шүү уг нь удам нь мундаг юм шүү та өөрөө учраа олоорой гэж хэлсэн ...” (1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт гэрч  Ц.С-ын (иргэний нэхэмжлэгч) өгсөн “... Би Г-ыг танина ... Би тухайн өдөр Энх-Амгалангаас адуугаа асуух гэж очоод М.Г-тай танилцсан ... Намайг Тосонцэнгэлд байхад Г- жи мобайлын билүү скайтелын нэг дугаараас залгаад найдвартай удамтай сарваа байна ... М.Г-тай наймаа хийж 2.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд унагыг авч явсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дахь тал), гэрч Б.Энх-Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “... Тухайн үед Ц.С- адуунд явж байгаад бид нар дээр ирсэн. Ирээд архи уугаагүй. М.Г-тай танилцаад хэсэг байж байгаад явсан ...” (1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал) гэсэн мэдүүлгүүд, мөн нотлох баримтын бусад эх сурвалжийг нэг бүрчлэн няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй атлаа зөвхөн гэрч Б.Х-, Д.Б- нарын зөрүүтэй мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн М.Г-ыг хохирогч Б.Одбаярын 1 тооны унагыг хулгайлсан нь тогтоогдоогүй гэж дүгнэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч М.Г-ыг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон бөгөөд анхан шатны шүүхээр тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг шийдвэрийнхээ үндэслэл болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг зөрчжээ.

 

Хэргийн оролцогч нарын мэдүүлэг өөр хоорондоо харилцан зөрүүтэй байвал шүүх шийдвэрийнхээ үндэслэл болсон мэдүүлгийг үнэлэхдээ зөрүүтэй мэдүүлэг болох нотлох баримтыг хэрхэн, яагаад үнэлээгүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг зайлшгүй хийх ёстой.

 

Гэтэл харилцан зөрүүтэй хоёр мэдүүлгийг үнэлэхдээ бусдыг нь хэрхэн үнэлсэн, няцаасан талаар дүгнээгүй, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах эсхүл цагаатгах үндэслэл болохгүй ба бусад баримтаар давхар нотлогдож байж түүнийг шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиртай.

 

Нөгөөтэйгүүр яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй, өөрөөр хэлбэл яллагдагч, шүүгдэгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй болохыг анхаарах нь зүйтэй юм. 

 

5. Шүүгдэгч М.Г-ыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор                         4 дүгээр багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Одбаярын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6. Шүүх нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, эргэлзээгүй байдлаар тогтоох ёстой бөгөөд үүний дагуу анхан шатны шүүх шүүгдэгч М.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Одбаяр, гэрч Б.Энх-Амгалан, Ц.С- болон бусад гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч М.Г-ыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

9. Шүүхээс М.Г-ад оногдуулсан 6 сарын хорих ял нь гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байх ба үүнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

11. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан зарим гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж хэрэглэх хууль зүйн боломж бий болсон бөгөөд шүүгдэгч М.Г-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарагдаж байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

12. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцэл, хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн       2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараа

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан                     6 сарын хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай”,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г- нь дүйцүүлсэн сольсон тус зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны                             1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй”, 

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч М.Г-ын цагдан хоригдсон 75 (далан тав) хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, дүйцүүлэн сольсон 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хэмжээг 3 (гурав) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар тогтоосугай” гэсэн заалтууд нэмж, тус заалтуудыг 4., 5., 6. гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.     

 

3. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хасаж, 5 гэснийг 7, 6 гэснийг 8, 7 гэснийг 9 гэж өөрчилж дугаарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

 

      С.БАТДЭЛГЭР

 

      Ч.ХОСБАЯР

 

      Б.ЦОГТ