Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Э.Гантулга,

Гэрч Б. Д.Б, Б.Х, Б.Э,  

Иргэний нэхэмжлэгч Ц.С,

Шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Гад холбогдох 163/2021/0108/Э индекстэй, 2115000000052 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, ээж дүүгийн хамт, .....оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... овогтой М Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 4-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Оын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гын өгсөн: Б.Этай 2020 оны 8 дугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд уулзсан. С гэх хүнийг танихгүй. Яагаад намайг ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Б.Э хохирогч Б.Оын адууг хардаг байсан. Б.Оын малыг би 1 сарын хугацаанд харсан. Би улаан өнгийн мотоцикль унаж байгаагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Эгийн өгсөн: М.Гыг 2018 оноос, харин Ц.Сыг хүүхэд байхаасаа буюу 2000 оноос хойш танина. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр М.Г надруу скайтелын дугаараас залгаад Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас хуц, ухна авах ажлаар яваад буцаж байна уулзах уу гээд Тосонцэнгэл сумын Самбартай хөтөл дээр уулзсан. Би 2 шил архи, 1 ундаатай очсон. Г нь жижиг цагаан тэрэгтэй гурвуулаа явж байсан. Тухайн үед Ц.С адуунд явж байгаад бид нар дээр ирсэн. Ирээд архи уугаагүй, М.Гтай танилцаад хэсэг байж байгаад явсан. Тэр үед онц юм яриагүй. Энэ гэмт хэргийн талаар 2021 оны 1 дүгээр сард л мэдсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Сын /иргэний нэхэмжлэгч/ өгсөн: Би М.Гыг танина. 2020 оны 8 дугаар сарын сүүлээр би Б.Э руу яриад хаана байгааг асуухад Самбартай хөтөл дээр хүнтэй уулзаж байна гэхээр нь би очсон. Намайг очиход М.Г жижиг цагаан машинтай ирсэн байсан. Би тухайн өдөр Эгаас адуугаа асуух гэж очоод М.Гтай танилцсан. Дараа нь 10 дугаар сарын эхээр миний утас руу Г жи мобайлын билүү скайтелын нэг дугаараас залгаад найдвартай удамтай сарваа байна. Мөнгөний хэрэг гараад байна та сонирхохгүй биз гэж ярьсан. Тэгээд Хонгорын бригадад байна та хүрч ирээд авчих гэхээр нь би Хонгорын бригадын урд талын аманд очиж М.Гтай наймаа хийж 2 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд унагыг авч явсан. Тухайн үед М.Г улаан мотоциклтой, куртиктэй байсан. Ингээд 3-4 хоногийн дараа М.Г яриад ахаа наад унага чинь буруу гарынх шүү та өөрөө учраа олоорой. Та бид хоёр бие биенээ танихгүй шүү гэж хэлсэн. Би энэ талаар аавдаа хэлсэн. Гэтэл аав маань үсийг нь будсан байсан. Би буруу гарынх гэдгийг М.Гыг утсаар ярихад нь мэдсэн ч өөрөө мөнгөө өгөөд авсан болохоор буцаад буух эзэнтэй гэж бодоод Цагдаагийн газарт хэлээгүй. Би М.Гаас унагыг 2 000 000 төгрөгөөр худалдаж авсан тиймээс энэ мөнгөө нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Аийн өгсөн: М.Г бол миний ахын хамаатны хүүхэд байгаа юм. Тухайн өдөр М.Г, миний 4 настай охин А.Алтанцэцэг, дүү Батсүх бид 4 явсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Самбартай хөтөл дээр Б.Э М.Гтай уулзахаар ирсэн. Ц.С гэдэг хүн ирээгүй. Б.Э 2 шил архи, 1 ундаатай ирсэн. Тэгээд бид нар 1 шил архийг нь хувааж уусан. Би архинаас 3, 4 удаа л татсан. Бид нар өмнө нь архи уугаагүй байсан. “Аванте Х” маркийн цагаан өнгийн жижиг машиныг миний дүү Батсүх барьж явсан. Тухайн үед ямар ч адууны тухай яриа гараагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Хгийн өгсөн: М.Г бол манай нөхрийн ахын хүүхэд байгаа юм. Хутаг-Өндөр сумын Хантай багт манайд амьдардаг. 2020 оны 8 дугаар сарын сүүл 9 сарын эхээр манайх хадландаа гараад 10 дугаар сарын 15-ны үеээр буусан. Манай нөхрийн мотоцикль улаан өнгөтэй муу мотоцикль байдаг байсан. М.Г манай нөхрийн мотоциклийг унадаггүй байсан. Гэхдээ хадлан дуусаад манай нөхрийн мотоцикль эвдэрсэн. Одоо болтол засаагүй л байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Болор-Эрдэнийн өгсөн: М.Г бол миний төрсөн хүү байгаа юм. 2020 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгорын бригадаас Хантай багт малтайгаа нөхрийн дүүгийнд шилжиж ирсэн. Учир нь М.Гын эхнэр нь хотод байдаг болохоор залуу улсуудыг хамт байлгах зорилгоор, малыг нь ахынд нь тогтоогоод Улаанбаатар хот руу эхнэр рүү нь явуулах санаатай байсан юм. Би Орхон аймагт амьдардаг. Гэхдээ 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл М.Гтай хамт хөдөө малаа маллаад байсан. Манайх бог, бод нийлсэн 150 гаруй малтай үүнээс 20 гаруй нь адуу. Манай адуу дүүгийн адуутай нийлж байдаг. Г адуундаа явдаг ч хоногоор явж байсан удаа байхгүй. Адуу бэлчээрээр байдаг учир ийш, тийшээ хайж хоногоор явах шаардлага гардаггүй. Хэд хоноод татаж гаргаж ирээд бүртгээд буцаагаад тавьдаг гэв.

2115000000052 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

   1. Хохирогч Б.Оын өгсөн: “... Би 2020 оны 10 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан нуур”-ийн урдаас адуун дотроосоо сартай хүрэн хамар цагаан, ланзан тамгатай хүрэн зүсмийн эрлийз унага алдсан. Тэгээд алдсанаасаа хойш нөгөө унаганы талаар сураг тавиад гаргаж чадаагүй... Тэгсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд байна гэсэн сураг гарсан. Тэгээд сумын цагдаатай хамт Тосонцэнгэл сумруу явж очиход миний нөгөө алдсан унага мөн байсан ба нөгөө унаганы духан дээрх жижиг цагаан үсэн сарыг нь улаан хүрэн өнгийн зүйлээр будаж өөрчилсөн байсан. Зөв талын гуян дээр ланзан тамгатай байсныг нь мөн өөрчилсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,

2. Гэрч Ц.Цын өгсөн: “... Би хөдөө мал дээр байж байгаад 2020 оны 11 дүгээр сарын эхээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байшиндаа орох гээд очиход манай хүү С гэрийнхээ гадна хүрэн зээрд зүсмийн сартай унага тэжээж байсан. Тэжээж байсан унага нь тамгагүй тамганых нь оронд шархтай унага байсан. Надад хэлэхдээ Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас хүнээс худалдаж авсан гэж хэлж байсан... Манай хүү 2020 оны 11 дүгээр сарын 17, 18-ны үед миний худалдаж авсан унага хулгайд алдагдсан унага юм шиг байна гэж хэлэхэд нь би буруу гарын унага авчихсан юм байна гэж ойлгосон. Би хүүгээ хулгайн адуу авчихсан юм шиг байна гэж хэлэхээр нь сандрахдаа тэжээж байсан унаганых нь сарыг хүрэн өнгийн үсний будгаар будсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

3. Гэрч Ц.Сын өгсөн: “... 2020 оны 10 дугар сарын 27, 28-ны үед байх Хутаг- Өндөр сумын Хонгор багийн иргэн Баадай гэдэг залуугаас “Хамар цагаан сартай хүрэн” унагыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед тэр унага нь бүдэгхэн тамгатай байсан. Тэгээд нөгөө унагаа аваад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу буцсан. Тухайн үед би 45-64 ХӨҮ гэсэн цэнхэр өнгийн портер маркын машинтай явсан... Эхлээд Баадай надад хэлэхдээ ах наадах чинь миний өөрийн гайгүй найдвартай унага шүү гэж хэлж байсан. Харин 3 хоногийн дараа нь надтай утсаар яриад ах наад унага чинь буруу гарын унага шүү одоо та өөрөө зохицуулаарай гэхээр нь би за ойлголоо гэж хэлсэн. Тэгсэн нөгөө Баадай гэдэг залуу надад бас үүнээс хойш та бид хоёр бие биенээ танихгүй шүү гэж хэлсэн. Би тухайн үед аавд хэлэхдээ аав би буруу гарын юм авчихжээ гэж хэлсэн. Тэгсэн чинь аав нөгөө унаганы магнай дээрх жижиг цагаан үсэн сар хэлбэртэй тэмдгийг нь улаан хүрэн өнгийн зүйлээр дээрээс нь дарж будсан байсан. Харин тамга гэх бүдэгхэн зүйлийг нь адуунд байхдаа хазуулсан юм байлгүй шарх болсон байсан... Баадай гэдэг залуу эхлээд ярихдаа 98-тай дугаараас залгаж ярьсан. Одоо би дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгсэн нөгөө Баадай гэх залуу 2-3 хоногийн дараа 96-тай скайтелын дугаараас залгасан... Би ерөөсөө 2 удаа уулзсан. Анх суманд Энх- Амгалантай архи ууж байх үед нь үүний дараа Г нь намайг эрлийз гүүний унага авах уу гээд тэр унагыг авах үед бас нэг таарсан. Өөр урд өмнө таарч байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

4. Гэрч Д.Жы өгсөн: “... Тэр алга болсон гэх эрлийз гүүний цоров цагаан хүрэн халзан зүсмийн унага нь 2020 оны 10 дугаар сарын сүүлчээр алга болсон байсан. Тэгсэн чинь манай адууны эзэн О саяхан оны дараа нөгөө алга болсон эрлийз гүүний унаганы сураг гарсан гэж хэлсэн. Хаана гэж асуусан чинь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд гэсэн. Тэгээд Хутаг-Өндөрөөс цагдаа аваад нөгөө алдсан гэх унагаа мөн эсэхийг шалгаж үзэхээр явцгаасан. Тэгээд мөн байна гээд нөгөө унагаа авсан байсан. Одоо тэр унага Хутаг-Өндөр сумын төвд Оын хашаанд байгаа. Харин сүүлд сонсоход Баадай гэх залуу хулгай хийсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

5. Гэрч Б.Эгийн өгсөн: “... Би сүүлд 2020 оны 8 дугаар сарын сүүлчээр Хөвсгөл аймаг Тосонцэнгэл суманд байхад надруу утсаар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би тэр үед яваад очсон. Тэгсэн чинь Баадай /Г/ ах нь гэсэн үү найз нь гэсэн үү 2 залуутай байсан. Тэгээд тэндээ нэг шил архи уусан. Тэр архийг би очихдоо аваад очсон. Бас нэг шил архи авсан байснаа тэд нарт өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,

6. Тольдох Оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2021 оны 2 дугаар сарын 14ий өдрийн 2100060 дугаартай: “...Эрлийз цусны цоров цагаан хүрэн халзан зүсмийн унага 4 400 000 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-ийн 62-67 тал/,

   7. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Гын өгсөн: “... Би Б.О ахын адуунаас алдагдсан гэх унагыг хулгайлаагүй учир энэ хэргийн талаар мэдэхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 125-128-р тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68-70-р тал /, гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 54-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72-р тал/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73-р тал/, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 5-р багийн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-р тал /, М.Гын 5284218621 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 110-111-р тал/, Ц.Сын 5901174988 дугаартай Хаан банкны дансны хуулга /хх-ийн 112-116-р тал/, Ц.Цд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 119-120-р тал/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 4/04 дугаартай тогтоол /хх-ийн 148-149-р тал/ зэрэг талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Г нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 4-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Оын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 4 400 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Г нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 4-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Оын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч Ц.С, Б.Э, Д.Ж, Б.Мөнх-Од, Р.Д нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.А, Б.Х, Д.Бнарын мэдүүлгүүд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй тухайлбал гэрч Д.Бнь мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчийн танай хүү Баагий буюу М.Г 2020 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Тариалан суманд хүнд эрлийз гүүний унага зарсан гэх талаар мэдэж байсан уу гэсэн асуултад “Би тэр талаар мэдэхгүй. Би энэ үед Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-15 тоотод хүү болон нөхөр Нямдаваа нарын хамт байсан” гэж мэдүүлсэн /хх-ийн 38-р хуудас/ бол шүүхийн хэлэлцүүлэгт 11 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хөдөө мал дээрээ байсан гэж, гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд “... М.Г улаан өнгийн хятад мотоциклтой байж байгаад 2020 оны 7 дугаар сард эвдэрсэн янзалж унаагүй, манай нөхөр Отгонсүрэнгийн улаан өнгийн Хайрхан билүү нэрийг нь сайн мэдэхгүй мотоциклийг унаж байсан” гэж мэдүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт манай нөхөр улаан өнгийн мотоциклтой гэхдээ тэрийг М.Г унадаггүй”, шүүгдэгч М.Гын улсын яллагчийн асуусан асуултад “би улаан өнгийн мотоцикль унаж байгаагүй” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийхэд М.Г нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэрч нарт Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тогтворгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс нь зөрүүтэй, хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул шүүх үнэн зөв гэж үнэлээгүй болно.

Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Прокуророос шүүгдэгч М.Гыг 2020 оны 10 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 4-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас 2020 оны 10 дугаар сард иргэн Б.Оын сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар М.Гын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.Гын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

 “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Г нь уг эрлийз унагыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж эзэнгүй айлын малын хашаанд хашиж байгаад иргэн Ц.Ст 2 000 0000 төгрөгөөр зарж борлуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдлоо. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Гыг 2020 оны 10 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор 4-р багийн нутаг “Айрхан нуур” гэх газраас иргэн Б.Оын бэлчээрт байсан сартай хүрэн хамар цагаан ланзан тамгатай эрлийз 1 тооны унагыг хулгайлж хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.От 4 400 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирлыг биет байдлаар буюу унагыг худалдаж авсан гэх иргэн Ц.Саас хураан авч, хохирогч Б.От хүлээлгэн өгсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Харин унагыг М.Гаас худалдаж авсан гэрч Ц.Сыг шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тул Ц.Ст унага худалдаж авсан 2 000 000 төгрөгийг шүүгдэгч М.Гаас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч М.Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5., 6.6  дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч М.Гын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир гэм буруугийн талаар маргаж, түүний гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгах талаас хэргийн онолоо дэвшүүлж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол биет байдлаар төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч М.Гаас 2 000 000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Ст олгож, хохирогч Б.От төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт М-н Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Гад оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрад цагдан хорьсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гаас 2 000 000 /хоёр сая/ төгрөг, гаргуулан иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум 5-р баг Аргалантын 1-3 тоотод оршин суух Я овогт Цын Ст олгосугай.

6. Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ