Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01197

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ш.Б, Н.Б  нарт холбогдох,

Зээлийн төлбөрт 91.669.480 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-амгалан, Х.Батдэлгэр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Б, Н.Б  нар нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 90.000.000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн тогтмол хүүтэйгээр, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хтай зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн тогтмол хүүтэйгээр тус тус авсан.

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн мөн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ тус тус байгуулсан.

Зээлдэгч Ш.Б, Н.Б  нар нь зээлийн гэрээний 5.1-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж, зээлдэгч нарын зээлийн үлдэгдэл 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 66.122.449.01 төгрөг, хүү 3.909.505.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.104.29 төгрөг нийт 70.071.058,47 төгрөг, мөн зээлийн 1070023010 дугаар гэрээний үндсэн төлбөр 20.000.000 төгрөг хүү 1.511.715,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86.706,84 төгрөг нийт 21.598.421,91 төгрөг нийт 91.669.480,38 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б, Н.Б  нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Х болон Ш.Б, Н.Б  нарын хооронд зээлийн гэрээ хийгдсэн бөгөөд уг зээлийн гэрээ нь бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн тогтмол хүүтэйгээр хангасан. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дахин гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. Х нь гэрээнд заасан хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гарган гэрээний заалт зөрчсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ш.Б, Н.Б  нараас 91.669.480.38 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаат ипотекийн 1070019669-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003010015 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11б байрны 21 тоотын 29 мкв талбайтай орон сууц, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны 1070023010-01 дугаар гэрээнүүдээр ГД-000451974 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1106 мкв талбайтай газар эзэмших эрх, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Барьцааны 1070019669-02 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны 1070023010-01 дугаар гэрээнүүдээр 16-81 ДАХ улсын дугаар, ГД00628737 гэрчилгээний дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 11 дүгээр байрны 21 тоот хаягт Тоёото Такома автомашин, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003014495 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 24 мкв талбайтай байшин, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2003011093 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 60 мкв талбайтай байшин, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Баталгаат ипотекийн 1070015355-01 дугаар гэрээгээр улсын бүртгэлийн Г-2003000469 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр баг, Чулуут 3 дугаар гудамжны 50 тоот 1262 мкв талбайтай газар зэргийг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616.897 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б, Н.Б  нараас улсын тэмдэгтийн хураамж 616.897 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хинд олгож  шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр магадлалаар: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.128 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч Ш.Б, Н.Б  нар нь Хтай 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 90.000.000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 48 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн тогтмол хүүтэйгээр, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг зээлийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн тогтмол хүүтэй тус тус авсан. Зээлдэгч нар зээлийн хүүг цаг хугацаанд төлж байсан нь үнэн. Тус зээлийг ногоо тарих зориулалтаар авсан бөгөөд ногоо хураах, зарах эрсдэл үүссэн учраас зээл төлөх боломжгүй болсон. Иймд хүү 3.909.505.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39.104.29 төгрөг нийт 3.949.609,46 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Хас” банк нь хариуцагч Ш.Б, Н.Б  нарт холбогдуулан 91.669.480 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэжээ.

Зээлдэгч нар нь нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Хны Дархан салбараас 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 90.000.000 төгрөгийг 48 сарын хугацаагаар жилийн 27.6 хувийн хүүтэйгээр, 2016 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр 20.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар жилийн 25.2 хувийн хүүтэй тус тус зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч гэрээ байгуулсан ба зээлийг хүлээн авчээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан банкнаас олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, зээлийн төлбөр гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй учир нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т заасан шаардлагад нийцжээ.

Иргэний хэрэг 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зээлийн үүргийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжгүй гэж шүүх  бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 399 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндуламын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ш.Б хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 78.128 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ