Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 174

 

О.Мөнхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ш.Хосбаяр,

Ялтан О.Мөнхбаярын өмгөөлөгч Л.Жавзмаа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Н.Баярмаа, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлоор О.Мөнхбаярт холбогдох 201625031765 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ононгийн Мөнхбаяр, 1971 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 798 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 322 дугаар захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 5 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ХБ71071399/.

О.Мөнхбаяр нь урьд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 32 дугаар гудамжны 648 тоот буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч Ц.Туяатай хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэгт нь гараараа нэг удаа цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Мөнхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Мөнхбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар О.Мөнхбаярт 7 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Мөнхбаярт оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, О.Мөнхбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Жавзмаа гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дээрх судалсан баримтуудаас гэрч Ц.Ургамалсүрэн, Б.Батгэрэл, Б.Батболд, Б.Болор-Эрдэнэ нар нь "хохирогч Ц.Туяа гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, тухайн үед биеийн байдал ямар байсан, хэн юу гэж ярьж байсан зэрэг асуудлын талаар өөрсдийн сонсож мэдсэн зүйлээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед гэмтэл учирсан асуудлын талаар өгсөн мэдүүлэг байдаг. Харин дээрх гэрчүүд О.Мөнхбаяр нь хохирогч Ц.Туяагийн биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн талаар, хэн, хэрхэн яаж, хэдийд үйлдсэнийг хараагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу хэргийн талаарх нөхцөл байдлыг шууд гэрчилж нотолсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. О.Мөнхбаяр нь хохирогч Ц.Туяагийн биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн шууд санаа зорилготой байсан эсэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, хүнд хор уршиг учруулахаар чиглэсэн эсэх, хор уршгийг хүсэж үйлдсэн эсэх зэрэг субъектив талын санаа, зорилгыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасны дагуу нотолж тогтоогоогүй, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нарийвчлан судалж дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь түүнд холбогдох хэргийн зүйлчлэл, ял хариуцлага, ял эдлэх дэглэм зэрэгт нөлөөлж, улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан "... хууль ёсны ба үндэслэлтэй байх" хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлт нь "...зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үүсээгүй, хэдийд үүссэнийг нарийн тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-р ... амь насанд аюултай хүнд гэмтэл" гэжээ. Шинжээч эмч мэдүүлэгтээ "... 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ..." гэж дээр гаргасан дүгнэлтээ үгүйсгэж, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү шинжээч эмчийн гаргасан дүгнэлтээр биш эмчийн өгсөн мэдүүлэгт тулгуурлан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр "... Ц.Туяаг хардалтын улмаас маргалдан, улмаар эрүүний зүүн хэсэг газарт нь гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрийг давтан үйлдсэн" гэж, гэмт хэрэг гарсан хугацааг мөрдөн байцаалтын шатанд тогтоохгүйгээр шинжээч эмчийн “5-7 хоногийн өмнө авсан байх боломжтой” гэх мэдүүлэгт тааруулан гэмт хэрэг гарсан хугацааг шууд таамаглалд үндэслэн тогтоосон байдаг. Гэтэл шүүгдэгч, хохирогч нар аль аль нь "... 8 дугаар сарын 16-ны өдөр архи уугаагүй, харин 8 дугаар сарын 19-ний өдөр 1 шил архи хувааж уусан" талаараа мэдүүлсэн байхад шүүх яллах дүгнэлтэд бичигдсэн "...8 дугаар сарын 16-ны өдөр 1 шил архи хувааж уугаад ..." гэж мөн л нотлогдож, тогтоогдоогүй хугацаа зааж ял оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед "...зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо" гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл энэхүү хохирогчийн биед үүссэн архаг цусан хураа гэмтэл" нь дүгнэлтээр 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр үүсээгүй, шинжээч эмчийн мэдүүлгээр "5-7 хоногийн өмнө авсан байх боломжтой" гэх зөрүүтэй байдал үүссэн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед үүссэн "архаг цусан хураа гэмтэл" нь 5-7 хоногийн өмнө үүссэн хүнд гэмтэл гэж нотолж тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй. Өөрөөр хэлбэл, шүүх О.Мөнхбаярт 8 дугаар сарын 16-ны өдрийн нотлогдож тогтоогдоогүй үйлдэлд ял хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй байна.

Хохирогч Ц.Туяа нь шүүгдэгч О.Мөнхбаяртай 5 жил хамт амьдарсан, амьдрах хугацаандаа хамтдаа архи ууж, маргалдах асуудал байсан талаар мэдүүлдэг ба 8 дугаар сарын 21-ний өдөр ямар ч архи дарсны асуудал байгаагүй, тухайн өдөр бие нь муудахад О.Мөнхбаяр түргэн дуудаж, эмнэлэгт хэвтүүлэн сахиж хоносон байдаг. Хохирогч Ц.Туяагийн биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан уу гэдэг гэм буруугийн субъектив талын шинжийг мөрдөн байцаалтын шатанд тогтоох ажиллагаа хийгдээгүй. О.Мөнхбаяр нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэртээ хохирогчтой хамт архи ууж байгаад босохдоо гуйвж хойшоо савж унахад түлхэгдэж орны толгой мөргөсөн гэх үйлдэл нь санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн ба цаг хугацааны хувьд шинжээчийн 5-7 хоногийн өмнө авсан хүнд гэмтэл гэх мэдүүлэг, яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан 8 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнийг үгүйсгэж байна.

Энэхүү 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн үйлдэл нь шинжээч эмчийн 5-7 хоногийн өмнө авсан байх боломжтой гэсэн мэдүүлгийг үгүйсгэдэг. Гэтэл шүүх хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгснийхөө дараа өөрийн бичиж өгч байсан олон удаагийн О.Мөнхбаярын цохилтоос өөрт нь хүнд гэмтэл учраагүй болохыг бичгээр мэдүүлсэн байдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн "...зүүн чамархайн хатуу хальсан доор архаг цусан хураа гэмтэл нь анх үүсэхдээ шууд архаг байдлаар үүссэн эсэх, аль эсвэл тодорхой цаг хугацааны дараа архагшиж, улмаар хүнд гэмтэл үүссэн эсэхийг нарийн ялгаж зааглан тогтоогоогүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед өмнө нь ямар өвчин эмгэг үүссэн нь тодорхойгүй, тогтоогдоогүй харин шинжээч эмчийн мэдүүлгээс үзэхэд 5-7 хоногийн өмнө шууд "архаг цусан хураа" гэмтэл үүссэн мэт боловч бодит байдалд цусан хураа нь тодорхой хугацаа өнгөрснөөр архагшиж "архаг цусан хураа" болж, улмаар хүнд гэмтэл үүссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр үндэслэлүүдийг хянан үзэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201625031765 дугаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч Л.Жавзмаа давж заалдах гомдолдоо "хэрэг 8 дугаар сарын 16-ны өдөр биш 8 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн" гэж байна. Хохирогч “8 дугаар сарын 16-ны өдөр архи ууж эрүүн тус газарт цохисон” гэж мэдүүлсэн. Гэрч Батгэрэл, Батболд болон хохирогчийн мэдүүлэг зэрэг нь шинжээчийн дүгнэлтийг давхар нотолдог. Шинжээчийн дүгнэлтэд “5-7 хоногийн өмнө гэмтэл үүссэн байх боломжтой” гэсэн байдаг. Хохирогч 8 дугаар сарын 21-ний өдөр эмнэлгийн тусламж авсан болохоос тухайн өдөр ямар нэг үйл явдал болоогүй. О.Мөнхбаяр нь 8 дугаар сарын 16-ны өдөр 1 шил архи ууж, хохирогчтой хардалтын улмаас маргалдаж, улмаар цохиж гэмтээсэн байдаг. О.Мөнхбаяр урьд бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар өршөөгдсөн боловч ялтай байдал нь өршөөгдөөгүй учир давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх О.Мөнхбаярт оногдуулж болох хамгийн хөнгөн ял буюу 7 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлтэд “8 дугаар сарын 21-ний өдөр үүсээгүй, хуучин гэмтэл” гэж бичигдсэн талаар өмгөөлөгч ярьж байна.  Дүгнэлт гаргасан шинжээч эмч мэдүүлхдээ “хуучин буюу 3-7 хоногийн өмнө үүссэн гэмтэл” гэсэн. Тэрнээс биш өмгөөлөгчийн ярьж байгаа шиг урт хугацааны өмнө үүссэн гэмтэл гэдэг утгаар нь хэлээгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч Ц.Туяагийн “... 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу он солигдох гэж байхад О.Мөнхбаяр өөрийнхөө ахын гэрт орно гэж хэлэхэд нь би “он гаргасны дараа оръё” гэж хэлэхэд галын шилээвэр төмрөөр намайг зодож, миний зүүн талын бүдүүн гуяны чөмөг яс хугарч байсан. …” /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Ялтан О.Мөнхбаярын сэжигтнээр өгсөн “...2008 оны 12 дугаар сард, шинэ жилийн орчим өөрийн эхнэртэй маргалдаж, галын шилээвэр төмрөөр зүүн гуя руу нь цохиж, улмаар хагалгаа хийлгэж, гуянд нь төмөр хийлгэж байсан” /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр О.Мөнхбаяр нь Ц.Туяагийн гуя руу нь цохиж, бие махбодид нь гэмтэл учруулсан байдал байна.

Иймд, дээрх нөхцөл байдлыг шалгаж, О.Мөнхбаярын үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар мөрдөн байцаагч нь гэмт хэргийн шинж тэмдгийг өөрөө илэрүүлсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах үндэслэл болохыг заасан бөгөөд дээрх нөхцөл байдал нь үүнд хамаарч байна.  

О.Мөнхбаярыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2.4 дэх хэсэгт заасан ялыг сонсгосон байх бөгөөд үүний дараа О.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгох тогтоолыг прокурор үйлдсэн байх боловч уг тогтоол нь хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй” гэж заажээ.

Сонсгосон ялыг өөрчлөх үндэслэл гарвал яллагдагчид сонсгосон ялын агуулгыг танилцуулж, хэзээ ял сонсгосныг уг тогтоолд тэмдэглэж, гарын үсэг зуруулж, нэн даруй байцаахаар хуульчилсан байхад О.Мөнхбаярт сонсгосон ялыг өөрчлөхдөө яллагдагчийн нэрийг Д.Батбаатар гэж буруу бичиж, О.Мөнхбаярт танилцуулж гарын үсэг зуруулаагүй, О.Мөнхбаяраас байцаалт аваагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, О.Мөнхбаярын хэрэгт хуульд заасны дагуу байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар эцэслэн дүгнэлт хийгээгүй тул ялтны өмгөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.