Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00122

 

 

                                                  Т.Заяагийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 603 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Заяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Төмөрхуягт холбогдох

1.770.100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Т.Заяа

Хариуцагч Э.Төмөрхуяг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа

            Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Заяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Э.Төмөрхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 04-67 ОРО улсын дугаартай Зопа1а-6 маркийн машинаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан охин Б.Удвалыг/З.Сүндари/ минь мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болно. Төмөрхуягийн энэ үйлдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 110 дугаартай магадлалаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Э.Төмөрхуяг нь ял шийтгэл авалгүй үлдэж, учирсан хохирлыг барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэн авах эрхтэй гэсэн шийдвэр гарсан.

Охины минь бие өнөөдрийг хүртэл бүрэн эдгэж илааршаагүй давтан оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж оайгаа тул энэхүү ослоос үүдэлтэй эмчилгээтэй холбоотой шүүхийн тогтоол гарснаас хойшхи гарсан зардал болох 1 569 700 төгрөгийн хохирлыг барагдуулахаар Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Э.Төмөрхуяг нь тухайн хаяг дээрээ байхгүй, гадаад руу гарсан гэсэн хуурамч тодорхойлолт өгсөн тул хохирогч би дахин хүсэлт гаргаж Тахарын албаар эрэн сурвалжлуулж тухайн хаяг буюу Булаг баг 1-34 тоотод амьдарч байгаа нь тогтоогдсон болно.

Төмөрхуяг нь элдэв арга заль хэрэглэн ослын хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байсан бөгөөд одоо ч хэргээс бултан зайлж эхээрээ худал мэдүүлэг өгч, Булаг багийн засаг даргаар хуурамч тодорхойлолт гаргуулан хууль бус үйлдэл буюу залилан хийж хохирогч бидэнд удаа дараа эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг байнга үзүүлж байгаад асар их гомдолтой байна.

Хохирогч би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү хэргээр Эрдэнэт Дархан хооронд олон удаа явах, ажлаас чөлөө авах зэргээр байнга хохирч байна.

Иймд хууль Э.Төмөрхуягт тохирох шийтгэлийг өгч охины минь эмчилгээтэй холбоотой зардал 1.770.100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Нотлох баримтаар 1.784.100 болсон хэдий ч өөрийн хайхрамжгүй алдааны улмаас 1.770.100 төгрөг нэхэмжилсэн хохиролын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Төмөрхуяг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Э.Төмөрхуяг миний бие иргэн Т.Заяагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Иргэн Т.Заяа нь надаас 1 770 100 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжилсэн бөгөөд миний бие Э.Төмөрхуяг нь энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болно.

Учир нь Сум дундын 14-р шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар Шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 8 251 897 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу миний бие нь уг нөхөн төлбөрийг өөрийн эзэмшилд байсан машинаа зарж байж бүрэн барагдуулсан байгаа. Дээрхи 8 251 897 төгрөгний хохирол нь бүрэн гүйцэд батлагдаж нотлогдоогүй бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлж эмчилгээний зардалыг өсгөн мэдүүлж авсан болно.

Жишээ нь: Хужирт рашаан сувилалд хохирогчын ээж Т.Заяа нь өөрийн охины хамт явж сувилуулсан хэмээн надаас 2 340 500 төгрөг нэхэмжилсэн байсныг шалгаж үзэхэд зөвхөн охин З.Удвалдаа 360 600 төгрөг тушааж явсан байсан. Мөн хичээлийн хоцрогдолд 690 000 төгрөг төлсөн гэх баримтын дагуу шалгахад 240 000 төгрөгөөр компьютерийн хичээлд суусан баримт гарч ирсэн бөгөөд өөр ямар нэг мөнгө төлөөгүй суралцаа ч үгүй байсан.

Надад хамааралгүй зардал болох Дарханаас Эрдэнэт рүү нүүсэн зардал 173 000 төгрөг нь эрүүгийн хэргийн шууд хохиролд хамааралгүй байсан. Хохирогчын ээж Т.Заяа нь Улаанбаатар хотын “Ачтан” эмнэлэгт ажилладаг байсан ба уг эмнэлэгт хүүхдээ үзүүлсэн гэж эмчилгээ сувилгааны зардлуудыг тодорхойлуулсан бас Солонгос руу эмчилгээнд явна хэмээн бүх зардал мөнгө, эм тариа, эмчилгээ сувилгааны мөнгийг өөрийн танил тал гадны нөлөөтөйгөөр хуурамч баримт нотолгоо цуглуулсан байсныг шүүх ханган шийдвэрлэсэн Батлагдаж нотлогдоогүй баримт мөн үнэн бодит зардлыг хэт их өсгөж хохирогчын ээж Т.Заяа нь өөрийн танил тал, ажил үүргээ ашигласан байсан.

Гэвч миний бие Э.Төмөрхуяг нь дээрхи тогтоолын дагуу хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж бүх нэхэмжлэлийг төлж барагдуулсан байгаа. Хохирогч охины бие шүүх эмнэлэгийн дүгнэлтээр баруун шилбэний -ахилзуур ясны үзүүр хэсэг нь сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Энэхүү гэмтэл нь одоо 2 жилийн хугацаанд бүрэн эдгэрсэн бөгөөд З.Удвал нь одоо эрүүл саруул эрүүл мэндийн хувьд надаас шалтгаалах ослын ямар нэг гэмтэлгүй явж байгаа болно. Гэтэл ээж нь аль болох надаас мөнгө авах гэж улаан цайм охиноороо бизнес хийж байгаад гомдолтой байна. Одоо надаас нэхэмжилж байгаа 1 770 100 төгрөгийг миний бие Э.Төмөрхуяг нь барагдуулах чадваргүй болно. Учир нь дээрхи нөхөн төлөлтөөс үүдсэн хүнээс зээлж авсан хүүтэй мөнгөний төлөлт дуусаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэг төлөлт хийх үнэхээрийн боломжгүй байгаа тул дээрхи бүс асуудлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э.Төмөрхуягаас гэм хор учруулсаны хохирол төлбөрт нийт 1 084 350 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Т.Заяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 685 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Заяа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Төмөрхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 30 575 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Заяа давж заалдсан гомдолдоо: Миний бие Төмөр-Очир овогтой Заяа нь хохирогч З.Сүндарийн төрсөн ээж бөгөөд хууль ёсны төлөөлөгч болно. Би хоёр хүүхэд тэтгэврийн насны ээжтэйгээ хамт амьдардаг. Өрх толгойлсон эх юм. 2013 оны 12-р дарын 31-ний өдрийн 12 цаг 30 минутын орчим охин З.Сүндари минь хичээлээ тараад харьж явах замдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа Э.Төмөрхуягийн машинд дайрагдан толгой зүүн хөлөндөө гэмтэл авч , баруун талын шалгайн үеэр машинд дайрагдсанаас тахилзуур яс нь шагайн үен дээрээ хугарч улмаар мэдрэлийн эмч гэмтэлийн эмч , шүүхийн шинжээч эмч нарын үзлэг дүгнэлтээр хүндэвтэр зэрэг гэж тогтоогдон эрүүгийн хэрэг үүсгэгдэн цагдаа, порокурор, шүүхийн байгууллагаар шалгагдан Э.Төмөрхуягийн 100 хувийн буруутай үйлдэл гэж тогтоогдсон боловч Э.Төмөрхуяг нь танил тал элдэв арга заль хэрэглэж (өмгөөлөгч аваагүй, прокурорын яллах дүгнэлтийг өгсөн байхад, аваагүй мэдээгүй гэх мэт, батлан даалтаар гадуур байх үедээ шүүх хурал болохоос 10-аад хоногийн өмнө оргон зайлах гэх мэт) хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж ямарч ял шийтгэлгүй үлдэж чадсан бөгөөд хохирогч бидэнд осол аваарьтай холбоотой гарсан зардлыг төлүүлэх, цаашид нотлох баримтыг бүрдүүлж эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг эдгэж илаарших хүртлээ нэхэмжлэх эрх нээлттэй үлдсэн юм.

Охин маань өнөөдрийг хүртэл бүрэн эдгэж илааршаагүй шинжилгээ, эмийн болон эмийн бус сэргээн засах эмчилгээ зэргийг хийлгэж байгаа бөгөөд энэхүү зардалтай холбоотой баримтыг үндэслэн 2015 оны 12 сарын 21-нд иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 1 770 100 нэхэмжилсэн боловч Л.Ариунцэцэг шүүгч Э.Төмөрхуягийн ээжийнх нь (Төмөрхуяг Эрдэнэт байхгүй гадаадад амьдарч байгаа) гэсэн худал мэдүүлэг, Булаг багийн засаг даргын тухайн хаяган дээр бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн үгсэн хуйвалдсан хуурамч тодорхойлолтыг нягтлан шалгаагүйгээр үл барам хохирогч, нэхэмжлэгч надтай нэгч удаа холбоо барилгүй, дуудаж уулзаагүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан.

Шүүхээс ямарч хариу ирсэнгүй нэг сар өнгөрсөний хойно хохирогч би өөрийн биеэр шүүх дээр ирж лавлатал миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байсныг мэдэж гарга, тахарын албанд хүсэлт гаргаж эрэн сурвалжлуулж (Э.Төмөрхуяг нь 2015 оны 12 сарын эхээр Баян худалдааны төвийн гадаа такси үйлчилгээнд явж байхдаа ээжтэй маань тааралдсан байсан) Миний анх нэхэмжлэл гаргасан хаяган дээрээ амьдарч байгаа болон 99144610 дугаартай гар утасан дээрээ байгаа болох нь тогтоогдсон.

Улмаар 2016 оны 05 сарын 02-нд шүүх хурал болсон Л.Ариунцэцэг ,Б.Хишигдаваа ,шүүгч нар илтэд Э Төмөрхуягийн талд байж, Э.Төмөрхуягийн намайг гүтгэсэн хуурамч мэдүүлгийг үндэс болгон хохирогч миний тайлбар, эмч нарын үзлэг нотлох баримт байсаар байтал баримт гэсэн тайлбар хийж өвчтэй , насанд хүрээгүй охиноо “Хужирт” сувилалд асран хамгаалж явсан зардалаас минь хасаж 200300 төгрөг, Хужирттай холбоотой замын зардал 15000 төгрөг 2016 оны 06 сраын 19, Интермед эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой зардал

Үүнд: хөлсний компьютер томограф шинжилгээ 210 000 төгрөг, замын зардал 15700 төгрөг 2014 оны 09 сарын 28, замын зардал 16700 төгрөг 2014 оны 09 сарын 28-нд, Улаанбаатар хотын автобусны зардал 9800, 2016 оны 01 сард Ачтан эмнэлэгт үзүүлсэн мэдрэлийн эмчийн үзлэг 10 000, замын зардал 32750 төгрөг Төмөрхуягийн худал мэдүүлгээс үүдэлтэй Тахарын албаас гарсан зардал Дарханаас Эрдэнэт, Эрдэнэтээс Дархан 30 000 төгрөг, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх албаар үйлчлүүлсэн урамшууллын зардал 80 000, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр өгсөн, мөн хүлээн авсан мөнгө 60 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал Дарханаас Эрдэнэт, Эрдэнэтээс Дархан (2014 оны 12 сарын 07, 2014 оны 12 сарын 08 , 2014 оны 12 сарын 19 - 2014 оны 12 сарын 11 ) гэх мэт нийт 685 750 төгрөгни йхохиролыг хасаж 1 084 350 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан юм. Бүрдүүлсэн баримт бүхэн эх хувиараа бүгд эмчийн заалтаар өвчтөний картан дээр бичигдсэн, эмчлүүлсэн өдөр, үзүүлсэн өдөр зэрэг бүгд баримттай тохирч байгаа бөгөөбд нэгч хуурамч баримт байхгүйн дээр бодит амьдрал дээр үүнээс ч илүү их мөнгө зарцуулсан бөгөөд нэхэмжилж байгаа нь л 1 770 100 төгрөг Э.Төмөрхуягаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Төмөр хуяг давж заалдсан гомдолдоо: Миний бие Э. Төмөрхуяг нь 2013 оны 12 сарын 31 ний өдөр 04-67оро улсын дугаартай машинаараа Б.Увдалыг шүргэж хүндэвтэр зэргийн гэмтэл үүсгэсэн.

Үүний улмаас эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн 8 251 897 төгрөгийг бүрэн төлж барагдуусан болно. үүнээс хойш Б.Удвалын ээж Заяа нь  дахин 1 770 100 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Иргэний хэргийн шүүхээр 2016 оны 05 сарын 02 ны өдөр 1 084 350 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Б. Удвалын баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсгийн сэтэрсэн хугарал нь 2 жил 6 сарын хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч Заяа нь танил тал ажил үүргээ ашиглан хуурамч нотлох баримтууд авчирч байсан. Нэхэмжлэгчийн эмчилгээний баримтууд голдуу толгой тархины эмчилгээ бичигдсэн байсан. Тухайн үед тархины гэмтэл гэсэн онош тавигдаагүй, тархины гэмтэл учирсаныг юугаар нотлох юм.  Нэхэмжлэгч тэр бүү хэл нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй байхад шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэжэ буйд гомдолтой байна. Иймд уг нэхэмжлэлийг хуулийн хүрээнд харж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Заяа нь гэм хорын хохиролд Э.Төмөрхуягаас 1.770.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байна.

Хариуцагч Э.Төмөрхуяг нь 2013.12.31-ний өдөр өөрийн эзэмшлийн 04-67 ОРО улсын дугаартай Sonata-6 маркийн авто машинаар зам хөндлөн гарч явсан охин Удвалыг /Сүндари/ дайрч биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Охины бие бүрэн эдгэрч илааршаагүй учраас давтан оношилгоо эмчилгээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардалд 1.770.100 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх хохирогч Сүндари 2014.09.29-ний өдөр Интермед эмнэлэгт компьютер томографик хийлгэсэн нь хөлөө үзүүлснийг нотлохгүй гэсэн үндэслэлээр Интермед эмнэлэгт үзүүлсэн 210.000 төгрөгийн баримтыг үнэлээгүй нь буруу байна.

Ослын улмаас учирсан өөр гэмтэл байгаа эсэхээ тодруулахаар компьютер томографик хийлгэснийг хөлийн гэмтэлдээ хийлгээгүй гэж үзэх нь учир дутагдалтай болно. Үүнтэй холбоотойгоор хот дотор унаагаар үйлчлүүлснээс гарсан зардлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй байхад үүнд дүгнэлт хийгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Т.Заяагийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой.

Харин хариуцагч Төмөрхуягын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Авто осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийн биеэ эрүүл болгохын тулд эмчилгээ хийлгэж гарсан зардлыг хариуцагч хэдийд ч нөхөн төлөх үүрэгтэй болно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж компьютер томографик хийлгэсэн 210.000 төгрөг, унааны зардал 9.800 төгрөгийн баримтыг үнэлэн нийт 219.800 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалт нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдээр зохицуулагдах тул Иргэний хуулийн 228 дугаар зүйл гэм хор арилгуулах эрхийн заалтыг хэрэглэх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 603 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1” гэснийг хасч “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Э.Төмөрхуягаас нийт 1.084.350 төгрөг” гэснийг 1.304.150 төгрөг гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас 685.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг 465.950 төгрөг гэж, 2 дугаар заалтанд Э.Төмөрхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 30.575 төгрөг гэснийг 35.816 төгрөг гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Хариуцагч Э.Төмөрхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.580 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Заяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.010 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                    БАТТӨР

                             ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            С.УРАНЧИМЭГ