Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 18-02 тоотод оршин суух, Ямбыхан овогт Заяагийн Сүндарь /ПЮ72063061/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Булаг баг 01-34 тоотод оршин суух Боржигон овогт Энхтөрийн Төмөрхуяг /ГЙ91060319/-т холбогдох

            “Гэм хорын хохирол 2 088 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Заяа, хариуцагч Э.Төмөрхуяг, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Э.Төмөрхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 04-67 ОРО улсын дугаартай Sonata-6 маркийн машинаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан охин Б.Удвалыг /З.Сүндари/ минь мөргөж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болно. Төмөрхуягийн энэ үйлдэл нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоол, эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 15-ны өдрийн 110 дугаартай магадлалаар гэм буруутай гэдэг нь тогтоогдсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Э.Төмөрхуяг нь ял шийтгэл авалгүй үлдэж, учирсан хохирлыг барагдуулах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр иргэний журмаар нэхэмжлэн авах эрхтэй гэсэн шийдвэр гарсан. Охины минь бие өнөөдрийг хүртэл бүрэн эдгэж илааршаагүй давтан оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа тул энэхүү ослоос үүдэлтэй эмчилгээтэй холбоотой шүүхийн тогтоол гарснаас хойшхи гарсан зардал болох 1 569 700 төгрөгийн хохирлыг барагдуулахаар Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч Э.Төмөрхуяг нь тухайн хаяг дээрээ байхгүй, гадаад руу гарсан гэсэн хуурамч тодорхойлолт өгсөн тул хохирогч би дахин хүсэлт гаргаж Тахарын албаар эрэн сурвалжлуулж тухайн хаяг буюу Булаг баг 1-34 тоотод амьдарч байгаа нь тогтоогдсон болно. Төмөрхуяг нь элдэв арга заль хэрэглэн ослын хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж байсан бөгөөд одоо ч хэргээс бултан зайлж эхээрээ худал мэдүүлэг өгч, Булаг багийн засаг даргаар хуурамч тодорхойлолт гаргуулан хууль бус үйлдэл буюу залилан хийж хохирогч бидэнд удаа дараа эдийн засаг, сэтгэл санааны хохирлыг байнга үзүүлж байгаад асар их гомдолтой байна. Хохирогч би Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү хэргээр Эрдэнэт Дарханы хооронд олон удаа явах, ажлаас чөлөө авах зэргээр байнга хохирч байна. Эмчилгээтэй холбоотой зардал 1 770 100 төгрөг байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж  нийт 2 088 400 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь орчуулгын төлбөр 60 000 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн төлбөрийн баримт 6 000 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр нотариатаар батлуулсан 7 500 төгрөг, хяналтын шатны шүүх хурлын тогтоол гардан авах болон шүүх хуралд оролцоход шаардлагатай материалуудад гарын үсэг зурахаар ирсэн зардлын тийз 15 200 төгрөг,  шүүхийн архиваар үйлчлүүлсэн баримт  2 500 төгрөг,  Улсын дээд шүүхийн хуралд оролцсон зардал, унааны тийз 10 100 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардал 15 000 төгрөг, буцсан зардал 15 000 төгрөг, охиныг  Эх нялхасын эмнэлэгт үзүүлэхээр  Улаанбаатар явсан зардал 36 000 төгрөг, давтан үзүүлэхээр Улаанбаатар хот явсан зардал 18 000, 14 750 төгрөгүүд, шүүх хуралд оролцсон зардлын баримт 15 000 төгрөг, кальцийн бэлдмэл авсан баримт 85 000 төгрөг,  нейрорубин 17 000 төгрөг, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын эмийн баримтанд 121 650 төгрөг гэж байсныг  120 400 төгрөг гэж буруу бичсэний зөрүү 1250 төгрөг нийт  318 300 төгрөгийг нэмж нэхэмжилж нийт 2 088 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

             Хариуцагч Э.Төмөрхуяг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Төмөрхуяг миний бие иргэн Т.Заяагийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Иргэн Т.Заяа нь надаас 1 770 100 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжилсэн бөгөөд миний бие Э.Төмөрхуяг нь энэ шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа болно. Учир нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаар Шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 8 251 897 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу миний бие нь уг нөхөн төлбөрийг өөрийн эзэмшилд байсан машинаа зарж байж бүрэн барагдуулсан байгаа. Дээрхи 8 251 897 төгрөгний хохирол нь бүрэн гүйцэд батлагдаж нотлогдоогүй бөгөөд хуурамч нотлох баримт бүрдүүлж эмчилгээний зардалыг өсгөн мэдүүлж авсан болно. Жишээ нь: Хужирт рашаан сувилалд хохирогчийн ээж Т.Заяа нь өөрийн охины хамт явж сувилуулсан хэмээн надаас 2 340 500 төгрөг нэхэмжилсэн байсныг шалгаж үзэхэд зөвхөн охин З.Удвалдаа 360 600 төгрөг тушааж явсан байсан. Мөн хичээлийн хоцрогдолд 690 000 төгрөг төлсөн гэх баримтын дагуу шалгахад 240 000 төгрөгөөр компьютерийн хичээлд суусан баримт гарч ирсэн бөгөөд өөр ямар нэг мөнгө төлөөгүй суралцаа ч үгүй байсан. Надад хамааралгүй зардал болох Дарханаас Эрдэнэт рүү нүүсэн зардал 173 000 төгрөг нь эрүүгийн хэргийн шууд хохиролд хамааралгүй байсан. Хохирогчийн ээж Т.Заяа нь Улаанбаатар хотын “Ачтан” эмнэлэгт ажилладаг байсан ба уг эмнэлэгт хүүхдээ үзүүлсэн гэж эмчилгээ сувилгааны зардлуудыг тодорхойлуулсан бас Солонгос руу эмчилгээнд явна хэмээн бүх зардал мөнгө, эм тариа, эмчилгээ сувилгааны мөнгийг өөрийн танил тал гадны нөлөөтөйгөөр хуурамч баримт нотолгоо цуглуулсан байсныг шүүх ханган шийдвэрлэсэн. Батлагдаж нотлогдоогүй баримт мөн үнэн бодит зардлыг хэт их өсгөж хохирогчийн ээж Т.Заяа нь өөрийн танил тал, ажил үүргээ ашигласан байсан. Гэвч миний бие Э.Төмөрхуяг нь дээрхи тогтоолын дагуу хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа гэмшиж бүх нэхэмжлэлийг төлж барагдуулсан байгаа. Хохирогч охины бие шүүх эмнэлэгийн дүгнэлтээр баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсэг нь сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Энэхүү гэмтэл нь одоо 2 жилийн хугацаанд бүрэн эдгэрсэн бөгөөд З.Удвал нь одоо эрүүл саруул эрүүл мэндийн хувьд надаас шалтгаалах ослын ямар нэг гэмтэлгүй явж байгаа болно. Гэтэл ээж нь аль болох надаас мөнгө авах гэж улаан цайм охиноороо бизнес хийж байгаад гомдолтой байна. Одоо надаас нэхэмжилж байгаа 1 770 100 төгрөгийг миний бие Э.Төмөрхуяг нь барагдуулах чадваргүй болно. Учир нь дээрхи нөхөн төлөлтөөс үүдсэн хүнээс зээлж авсан хүүтэй мөнгөний төлөлт дуусаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэг төлөлт хийх үнэхээрийн боломжгүй байгаа тул дээрхи бүх асуудлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь, хариуцагч Э.Төмөрхуягт холбогдуулан гэм хорын хохиролд 1 770 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, нэхэмжлэлийн шаардлагаа 318 300 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 2 088 400 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

     Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “... Э.Төмөрхуяг нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшилийн 04-67 ОРО улсын дугаартай соната-6 маркийн машинаараа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан охин З.Сүндари /Б.Удвалыг/ дайрч, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Охины бие бүрэн эдгэж, илааршаагүй, давтан оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ хийгдэж байгаа тул энэхүү ослоос үүдэлтэй эмчилгээний зардал, нэхэмжлэгч би Дархан-Уул аймагт амьдарч ажилладаг тул энэхүү хэргээр олон удаа явах, ажлаас чөлөө авах зэргээр хохирч байна. Иймд эрүүгийн шүүх хурлаас хойш баримтаар 1 784 100 төгрөгийн зардал гарсан боловч нэгтгэж бодохдоо алдаа гаргасан тул нэхэмжилсэн үнийн дүн болох 1 770 100 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  нийт 2 088 400 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь орчуулгын төлбөр 60 000 төгрөг, нотариатаар гэрчлүүлсэн 6 000 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр нотариатаар батлуулсан 7 500 төгрөг, хяналтын шатны шүүх хурлын тогтоол гардан авах болон шүүх хуралд оролцоход шаардлагатай материалуудад гарын үсэг зурахаар ирсэн зардлын тийз 15 200 төгрөг,  шүүхийн архиваар үйлчлүүлсэн баримт  2 500 төгрөг,  Улсын дээд шүүхийн хуралд оролцсон зардал, унааны тийз 10 100 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зардал 15 000 төгрөг, буцсан зардал 15 000 төгрөг, охиныг Эх нялхасын эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар явсан зардал 36 000 төгрөг, давтан үзүүлэхээр Улаанбаатар хот явсан зардал 18 000, 14 750 төгрөгүүд, шүүх хуралд оролцсон зардлын баримт 15 000 төгрөг, кальцийн бэлдмэл авсан баримт 82 500 төгрөг, нейрорубин 17 000 төгрөг, эмчилгээтэй холбоотой гарсан зардлын эмийн баримтанд 121 650 төгрөг гэж байсныг  120 400 төгрөг гэж буруу бичсэний зөрүү 1250 төгрөг нийт  318 300 төгрөгийг нэмж нэхэмжилж нийт 2 088 400 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгч Т.Заяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар охин З.Сүндарийг /Б.Удвал/ шүүхэд бүрэн төлөөлөх эрхтэй хууль ёсны төлөөлөгч мөн болох нь 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 371 дугаартай ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тухай захирамжаар батлагдаж байх ба, тус захирамжинд Хамилган овогт Баяраагийн Удвалыг Ямбыхан овогт Заяагийн Сүндари гэж  2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нэрийг нь өөрчилжээ. Охин З.Сүндари нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрсэн тул эх Т.Заяад итгэмжлэл олгосон байна.  

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор эмчилгээний зардалд 8 251 897 төгрөг гаргуулахаар  шийдвэрлэсэн ба уг төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ төлбөр нь бүрэн батлагдаагүй, нотлогдоогүй бөгөөд өөрийн танил тал, ажил үүргээ ашиглаж бүрдүүлсэн хуурамч нотлох баримт байсан. Хохирогч охины баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсэг нь сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн гэмтэл учирсан. Тархины доргилт гэмтэл нь 2 жилийн хугацаанд эдгэрсэн гэж үзэж байна. Эмчилгээний баримтууд нь толгой тархины эмчилгээнүүд байгаа тул зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцсэн. 

            2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Э.Төмөрхуяг нь 04-67 ОРО улсын дугаартай, соната-6 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа хохирогч Б.Удвалыг /З.Сүндари/ гарцаар зам хөндлөн гарч явахад нь мөргөж баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсгийн сэтэрсэн хугарал, тархины доргилт гэсэн хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь зохигчдын тайлбар, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоол, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай магадлал зэргээр  нотлогдож байх ба, осол болон гэмтэл учирсан дээрх үйлдэлд, хариуцагч Э.Төмөрхуяг гэм буруугийн талаар маргаагүй.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Э.Төмөрхуягийн гэм буруутай үйлдлийн улмаас З.Сүндарид /Б.Удвалд/ “баруун шилбэний тахилзуур ясны үзүүр хэсгийн сэтэрсэн хугарал, тархины доргилт” гэсэн хүндэвтэр гэмтэл учирсан байх ба, тухайн үед тархи доргилт гэмтэл учирсан, гэмтлийн ул мөр бүрэн эдгэрсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдоогүй болно.

            Нэхэмжлэгч З.Сүндари нь дээрх гэмтэл авснаас хойш эмнэлэгт үзүүлж онош тодруулах шинжилгээ хийлгэж, түүний үндсэн дээр эмчилгээ хийлгэж байсан нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн З.Сүндарийн эрүүл мэндийн дэвтэр, шинжилгээ хийлгэсэн тухай баримтууд болон  эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлын баримтуудаар нотлогдож байх ба эдгээр хохирол нь Э.Төмөрхуягийн, З.Сүндарийн биед гэмтэл учруулсан үйлдлийн хооронд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

Тиймээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болох баримтаар нотлогдож буй “Интермед” эмнэлэгт хийлгэсэн СТ шинжилгээний төлбөр 210 000 төгрөг,  “Хужирт” рашаан сувилалд эмчлүүлсэн 400 600 төгрөг, З.Сүндари нь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан тул түүний хууль ёсны төлөөлөгч болох эх Т.Заяагийн “Хужирт” рашаан сувилалд хамт явж 10 хоног сувилуулсан зардлын 50 хувь буюу 200 300 төгрөг, /сувилалын 10 хоногийн зардалд эмчилгээ сувилгааны төлбөр бүгд багтсан байх тул Т.Заяад уг үйлчилгээ хамааралгүй/, уг рашаан сувилалд явахтай холбоотой хот хоорондын тээврийн үйлчилгээний зардалд төлсөн 151 200 төгрөг /18 300х4+17 000+18 000х2+ 25 000/, эмийн зардалд төлсөн 331 250 төгрөг /127 100+121 650+82 500/ нийт 1 293 350 төгрөгийн хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Заяа нь Дархан-Уул аймгаас Орхон аймагт ирж буцсан зардалаа нэхэмжилсэн бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрөө харьяалалаа сонгох эрхтэй, түүнчлэн нэхэмжлэгчийн үндсэн хаяг Орхон аймагт харьяалагдаж байгаа зэргээс үзэхэд дээрх замын зардалыг гаргуулах үндэслэлгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, орчуулгын төлбөр, нотариатын төлбөр болон бусад хот хооронд явсан замын зардлууд нь Э.Төмөрхуягийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэн нэхэмжлэлээс нийт 795 050 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Э.Төмөрхуягаас 35 590 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Төмөрхуягаас 1 293 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Сүндарид  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 795 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Б.Удвалын эрүүл мэндийн дэвтэрийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

         3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.Төмөрхуягаас улсын тэмдэгтийн хураамжаар 30 590 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА

                    ШҮҮГЧИД                                                  Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                       Р.ҮҮРИЙНТУЯА