Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01116

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр Дуга 210/МА2024/01116

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

 

13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай компани Г ХХК-тай 2016 оны 07 сарын 07-ны өдөр 16/133 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр захиалагч Д ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч Г " ХХК нь ххххх нд 12 м.кв * 16 м.кв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж 2016 оны 07 сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Г ХХК гэрээт ажлыг 2016 оны 10 сарын 25-ны өдөр дуусгасан ба 2016 оны 11 сарын 11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн байдаг.

1.3. Гэвч гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон тул Г ХХК-д засвар хийлгэх талаар албан шаардлага хүргүүлсэн боловч хариу өгөөгүй.

1.4. Манай компани үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Х ХХК-аар 2019 оны 07 сарын 18-ны өдөр барилгад хохирлын үнэлгээ хийлгэхэд 13,431,200 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд тус барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэснээс барилга өдрөөс өдөрт муудаж байгаа.

Иймд хариуцагч Г ХХК-аас Хохирлын үнэлгээний тайлан-аар тогтоогдсон хохирол болох 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн ажпын хөлс 350,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 13,851,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.5. Мөн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн агуулгатай уялдаж өгөхгүй байгаа тул нэхэмжпэлийн шаардлагыг Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болсон барилгын доголдлыг арилгах зардалд 13,851,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани 2014 оны 07 сарын 07-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г Д ХХК-тай байгуулаад эхний 12 х 16 м.кв харьцаатай, 5 метрийн өндөр, 207 м.кв талбай бүхий барилгын ажлыг хийнэ гэж тохирсон. Явцын дунд дахиад 33 м.кв нэмэгдэж 2 давхар болж барилга маань нэмэгдсэн байдаг.

2.2. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3-т дуусаагүй барилгыг улсын комисс хүлээж аваагүй, авах боломжгүй, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байдаг. Улсын комисс хүлээж аваагүй, техникийн комисс өөрсдөө ажилласан боловч дараа дараагийн шатын комисс ажиллаагүй, зөвхөн манай хийсэн ажлыг гэрээг дүгнээд акт үйлдэн хүлээж авсан.

2.3. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар барилга байгууламжийг ашиглалтад өгснөөс хойш нэг жилийн хугацаанд зөвшөөрч тохируулах хугацаа байдаг. Энэ хугацаанд захиалагч тал, гүйцэтгэгч тал, зургийн автор гээд 3 талаасаа хамтарсан үзлэг хийж, доголдол байгаа эсэх, тэрийг хэрхэн засаж залруулах талаар дүгнэнэ. Гэтэл Д ХХК нь энэ хугацаанд нэг ч удаа хандаж байгаагүй, хамтарсан үзлэг хийгдээгүй, 2016 онд хүлээж аваад, 2017 онд үлдэгдэл мөнгийг маань өгөөд энэ ажил дууссан.

2.4. Барилгын дээврийн бүтээц гэж байгаа. Эндээс ус гарах ямар ч боломжгүй. Учир нь уг барилга урд талаасаа арагшаа 20 метрийн өндөрлөөгөөтэй, хагас налуу тул ус тогтох боломжгүй. Мөн 20 см-ийн хатуу хөөстэй, дээвэр дотор, гадна талдаа 5, 5 см-ийн зузаан төмөртэй, 3 талаар 25, 25 см-ийн илүү төмөртэй. Илүү төмрийг даваад дотогшоо урсаад дахиж хана руугаа орвол ус орох боломжгүй.

2.5. Яндангийн агааржуулалтын хоолойгоор ус орлоо гэдэг. Яндангийн агааржуулалтын хоолойн зураг төслийг Д ХХК нь өөрөө гаргаж өгсөн. Түүнчлэн агааржуулалтын нүхээр ус орох нөхцөл байхгүй. Учир нь яндангийн нүх шиг нүхнүүд гаргасан ба энэ нь дээд талын хэсэгт нь малгайвч гээд яндангийн нүхийг 2 дахин томсгосон том ус, бороо, цаснаас хамгаалсан зүйлийг хийж өгсөн. Өөрсдийнхөө буруугаас үүдэлтэй догодлыг манайхаар засуулна гэж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч Д ХХК-аас Барилгын гүйцэтгэлийн явцад гэрээ-нд тусгагдсан зардлаас илүү гарсан зардал болох 17,850,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3.2. Манай компани нь 2016 оны 06 сарын 28-ны өдөр Д ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар санхүүжилтийг 4 хуваан олгохоор тохиролцсон боловч явцын дунд санхүүжилтээ тухай бүрт нь өгөөгүйгээс барилгын ажил удааширч, 11 cap хүртэл барилгын ажил явагдсан.

3.3. Энэ хугацаанд ажилчдын цалин, хоол унд, хөдөлмөр хамгаалал, болон бусад урсгал зардлууд нэмэгдсэн. Нийт 3 cap 10 хоног /100 хоног/ хэтрэлттэй ажиллаж бид санхүү, эдийн засгийн хувьд хохирсон.

Иймд бид дунджаар 16 ажилчдын хоол ундыг тооцоход 12,800,000/1 ажилтны өдрийн 3 удаагийн хоолыг 8,000 төгрөг/ төгрөг, 16 ажилтны өдрийн цалинг тооцоход 72,000,000 /1 ажилтны өдрийн дундаж цалин 45,000 төгрөг/ төгрөг, Хөдөлмөр хамгааллын зардал 600,000 төгрөг, Ажилчдын амьдрах 2 гэрийн түрээс 1,500,000 төгрөг, нийт 86,900,000 төгрөг, үндсэн нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 246,250 төгрөг, нийт 87,146,250 төгрөгийг үндсэн нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Тус Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г 107,700,000 төгрөгөөр тохиролцож байгуулсан. Мөн барилгын гадна талд өнгөлгөөний тоосго өрнө гэж 17,169,537 төгрөгийг хариуцагч тал манай компаниас нэмж авсан.

4.2. Мөн Г ХХК нь 2016 оны 12 сарын 15-ны өдөр манайд барилгын үлдэгдэл зардал болох 16,700,000 төгрөгийг өг гэсний дагуу 10,000,000 төгрөгийг олгоод үлдэгдэл 6,700,000 төгрөгийг 2017 оны 04 сарын 30-ны өдөр олгосон байдаг.

4.3. Манайх зүгээс хариуцагч Г ХХК-д гүйцэтгэлтэй холбоотой өгөх үлдэгдэл төлбөр байхгүй, төлбөрийг бүрэн төлсөн. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдох 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч Д ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч Д ХХК-д холбогдох 104,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагч Г ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

6.2. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 11 сарын 01-ний өдөр дүгнэсэн байх тул энэ хугацаанаас эхлэн шаардах эрх үүсэж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6.3. Учир нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Д ХХК нь гэрээгээр тохирсон хугацаандаа санхүүжилтээ олгоогүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдож, үүний улмаас манай компанид учирсан хохирол болох ажилчдын цалин, хоол, байр, хөдөлмөр хамгааллын зардал болон бусад зардал нэмэгдэж нэмэлт зардал гарсан, мөн барилгын төсөв нэмэгдэж гарсан зардлыг тус тус нэхэмжилснийг анхан шатны шүүх гэрээний үүрэг мэтээр буруу ташаа ойлгон хуулийг буруу тайлбарласнаас үүдэлтэйгээр шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

6.4. Мөн шүүх талуудын барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх тухай гэрээний тооцоолол хэсэгт: ...гэрээт ажлыг хүйтний улирал эхэлсний дараа хүлээлгэн өгч байгаа тул барилгын гүйцэтгэлийн чанарыг мэдэх боломжгүй байдал үүссэн, иймд үлдэгдэл төлбөрийг дулааны улирал эхлэхэд олгохоор талууд тохиролцов... гэсэн заалтыг анхаарч дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан энэхүү дүгнэх гэрээ нь өвлийн улиралд хийгдсэн тул дээр дурьдсанаар дулааны улирал нь 2017 оны 4 сараас дулааны улирал эхлэх үед үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхээр тохирсон байдаг.

6.5. Үүний дагуу Д ХХК нь хамгийн сүүлд 2017 оны 04 сарын 30-ны өдөр 6,700,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар сүүлд баталгаа гаргасан 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс эхлэн дахин тоологдохоор байна.

6.6. Дээр дурьдсанаар Г ХХК нь Д ХХК-аас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо Иргэний хуүлийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг анхаараагүй, нотлох баримтыг тал бүрээс нь ач холбогдолтой талаас нь хянаж үзээгүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргах болсон шалтгаан болсон.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ний өдрийн 102/ШШ2024/01362 дугаартай шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

7. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

8. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Шүүхээс 2020 оны 04 сарын 17-ны өдөр маргаан бүхий барилгад үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгээр авто засварын барилгын хойд хана, зүүн хана дагаж ус гоожсон, гал тогоо, 00-ын өрөөний урд паркетан шал хөндийрсөн, гал тогооны хана өнгөн замаск хагарсан, гал тогооны залгаа өрөөний баруун урд булан замаск хууларсан, барилгын гадаа баруун тийш харсан төмөр хаалга, амалгаа цуурсан, барилгын баруун талын гадна талын хэсэг хөндийрсөн байдалтай болсон нөхцөл байдал тогтоогдсон. гэжээ. Шүүхийн үзлэгээр хийсэн тэмдэглэлээр тухайн обьектын хана дагаж ус гоожсон, ус гоожсоноос болж ханын замаск, паркетан шал хөндийрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

8.2. Гэвч доголдлыг ... Дээрх эвдрэл, гэмтлийн засварын дүн Х ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хэдий ч уг эвдрэл гэмтэл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой үүссэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил доголдолтой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. гэж буруу дүгнэн шийдвэр гаргасан.

8.3. Доголдлоос үүсч л дээврийн хөдийгөөр ус орж, хана даган ус гоожсон нөхцөл байдалтай байгаа, түүнээс зүгээр байсан ханыг дагаж ус гоожино гэж байхгүй.

Иймд нотлох баримтыг дутуу, буруу үнэлэн шийдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18 өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

9.1. Манай компани Д ХХК-ийн батлагдсан зургаар барилга барьсан. Ус гоожоод байгаа гэх агааржуулалтын хоолойн холболтыг мөн Д ХХК-ийн гаргаж өгсөн зургаар хийсэн. Тухайн барилгад ус нэвтрэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь барилгын дээвэр хавтгай, 1,20 метр налуу учраас ус тогтох боломжгүй.

9.2. Мөн дээврийг бүтээцийн хувьд 20-ийн хатуу хөрстэй, 2 талдаа 0.5 мм зузаантай төмөртэй учраас ус нэвтрэх боломжгүй. Дээвэр нь объектоос урд талдаа 80 см, ард талдаа 25 см, 2 талдаа 25 см, 25 см илүү хэмжээтэй. Агааржуулалтын хоолой нь бүтээцийн хувьд дээвэртэй холбогдсон бөгөөд ус орох магадлалтай учраас агааржуулалтын хоолойноос 2 дахин том малгайвч төмөр хийсэн. Тийм учраас агааржуулалтын хоолой руу ус орох боломжгүй.

9.3. Бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн үзлэгээр баталгаажуулсан, хэрэгт баримт авагдсан. Тухайн барилга байгууламжийн ерөнхий бүтээцийг манайх хийсэн боловч инженерийн шийдлүүдийг Д ХХК өөрсдөө хийнэ гээд манай компаниар хийлгээгүй. Д ХХК-ийн зүгээс 5 метрийн өндөртэй барилгын хувьд жижиг объектоос илүү хүйтэн агаар нэвтэрдэг учраас манайх халаалтаа газаар шийднэ, цэвэр, бохир, халуун, хүйтэн усаа манайх өөрсдөө шийднэ гэж хэлсэн.

9.4. Барилга өндөр таазтай учраас том машин ордог хаалганы хэсэгт дулаан хөшиг гэх халаалттай зүйл тавина гэсэн. Хэрэг маргаан үүсээд анхан шатны шүүх үзлэг хийхээр очиход халаалтын шийдэл байхгүй, байнга нээгдэж, хаагдаж байгаа том хаалганы хэсэгт дулаан хөшиг нь байхгүй, цэвэр, бохир ус нь яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байсан.

Барилга халаалтгүй учраас өвлийн улиралд агааржуулалтын нүхээр цан цохиж ус гоожих боломжтой. Үүнийгээ тогтоогоогүй, өөрсдийнхөө хийх ёстой зүйлээ хийгээгүй байж өөрсдөөсөө шалтгаалсан хохирлоо манай компаниар гүйцэтгүүлнэ гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, 104,750,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Талуудын хооронд 2016 оны 07 сарын 07-ны өдөр 16/133 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ххххх нд байрлах Д ХХК-ийн хашаанд 12*16 м.кв-ын харьцаатай, 5 метр өндөр, 207 м.кв талбайтай автомашины засварын байрыг түлхүүр гардуулж өгөх нөхцөлөөр барьж гүйцэтгэх, гэрээт ажлыг 2016 оны 07 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж, актаар хүлээлгэн өгөх, гэрээний нийт үнэ 107,700,000 төгрөг байхаар тохиролцсон;/1хх-5-6/

 

3.2. Дээрх гэрээний дагуу Д ХХК нь 2016 оны 10 сарын 15-ны өдрийн №2016/01 тоот Техникийн комиссын дүгнэлт гаргаж, урьдчилсан байдлаар ажлыг урьдчилсан байдлаар хүлээн авсан;/1хх-43/

 

3.3. Талууд 2026 оны 11 сарын 11-ны өдөр №16/133 тоот Барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэж, актаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нд заагдсан ажлаа Г ХХК нь бүрэн хийсэн гэж үзэж, баталгаат хугацааг 2016 оны 10 сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 сарын 09-ний өдрийг хүртэл 3 жил байхаар тохиролцсон; /1хх-44/

3.4. Түүнчлэн талууд 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 16/133 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх гэсэн гэрээ дүгнэсэн баримтаар гэрээний нийт үнэ 107,700,000 төгрөгөөс Д ХХК нь 39,424,537 төгрөгийн үлдэгдэлийг Г ХХК-д төлөхөөр тохиролцсон байна. /1хх-46/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтээр Авто засварын байрны гүйцэтгэлийн доголдолд үзлэг хийсэн байх ба үзлэгийн баримтаар барилгын хойд хана болон зүүн хана дагаж ус гоожсон, үүний улмаас паркетан шал хөндийрсөн, гал тогооны ханын өнгөн замаск хагарч, гал тогооны өрөөний залгаа өрөөний баруун урд буланд замаск хууларсан, барилгын гадаа баруун тийш харсан төмөр хаалганы амалгаа цуурсан зэрэг нөхцөл байдлууд үзлэгээр тогтоогдсон гэж дурдагдсан байх боловч хариуцагч Г ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас дээрх доголдол бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Барилгын ажлын доголдлын шалтгааныг үзлэг хийх замаар тогтоох боломжгүй тул үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлыг хариуцагчийн ажлын доголдолтой шууд шалтгаант холбоотой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч талаас шүүхэд баримтаар гаргасан Хөрөнгө-Эстимэйнт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ нь Д ХХК-ийн хашаанд 12*16 м.кв-ын харьцаатай, 5 метр өндөр, 207 м.кв талбайтай автомашины засварын байрыг засварлахад гарсан зардлыг нотлох баримт тул Г ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг шууд нотлох баримт гэж үзэхгүй.

 

Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгч Д ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгч Д ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч гэрээний хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэсэн алдааг гаргасныг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.1. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгааг анхан шатны шүүх анхааралгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан гурван жилийн хугацаагаар тооцсон нь буруу болжээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх 6 жилийн хугацаа дуусгавар болоогүй гэж үзнэ.

 

5.2. Зохигч талууд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г талууд 2016 оны 11 сарын 01-ний өдөр дүгнэж, уг актаар 33 м.кв ажилд 17,169,537 төгрөгийг нэмэлт ажлын зардал гэж нэмж төлөхөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь гэрээ дүгнэсэн актад заасан ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг бүрэн барагдуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. /1хх-46/

 

Нэхэмжлэгч байгууллага нь нэмэлт ажлын зардлыг төлсөн гэж үзэх тул барилгын гаднах ханыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдэж 17,850,000 төгрөгийн зардлыг гарсныг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.3. Хариуцагч нь ... ажлын хугацаа нэхэмжлэгчийн буруугаас 100 хоног хойшилсон үндэслэлээр дунджаар 16 ажилчдын хоол ундыг тооцоход (1 ажилтны өдрийн 3 удаагийн хоолыг 8,000 төгрөгөөр бодож) 12,800,000 төгрөг, 16 ажилтны өдрийн цалинг тооцоход (1 ажилтны өдрийн дундаж цалин 45,000 төгрөг) 72,000,000 төгрөг, Хөдөлмөр хамгааллын зардал 600,000 төгрөг, Ажилчдын амьдрах гэрийн түрээс 2ш гэр (1 гэрийн сарын түрээс нь 250,000 төгрөг) 1,500,000 төгрөг, нийт 86,900,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан боловч уг зардлыг бодитоор гарсан байдлыг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцнэ.

 

5.4. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар захиалагч Д ХХК нь хугацаа хэтрүүлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/01362 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 75 дугаар зүйлийн 75.2.1 ... гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 839,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР