Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00098

 

    2019           04             17                                                       2019/ШЦТ/98

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч, хяналтын прокурор П.Итгэл,

Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч В.Энхболд,                                

Шүүгдэгч А.Л-гийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Д.М-, А.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Л- нарт холбогдох 1738003980051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Д.М.

2. Монгол улсын иргэн, А.Л.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М- нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн А.Л-тэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Д.М-ыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн А.Л-тэй маргалдан, түүний толгойн тус газар мөргөж “тархины дунд хэлбэрийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах”-аар хуульчилсан байх ба дээрх хэрэгт хамааралтай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан боловч шүүгдэгч Д.М-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг удирдлага болгон Д.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Д.М-ыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ыг хохирогч А.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “намайг татаад мөргөсөн” гэх мэдүүлгийг үндэслэн алгадсан, мөргөсөн гэдэг зүйлүүд аль аль нь байж болохыг үгүйсгэхгүй гэж яллаж байгаа боловч хохирогч А.Л- мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас асуусан: “Та тухайн үед мөргүүлсэн юм уу? мөргүүлээгүй юм уу?” гэсэн асуултанд “Бид нар өглөө эрт хадлан руугаа явсан учраас бүгд хоосон байж байгаад архи уусан. Машин дотор байсан хүмүүс бүгд согтуу байсан. Намайг хагалгаанд ороод ирэхэд хүн болгон тэгж хэлж байсан. ...Хүн болгон Д.М- мөргөсөн юм уу? зарим нь шил мөргөх гэж байсан гэх яриа байсан. Машины урд талын шилийг мөргөсөн юм биш үү гэж хэлж байсан. Сүүлд нь би нээрээ ч тийм юм болов уу, өөрөө сайн мэдэхгүй байгаа учраас машины урд талын суудал дээр хүний өвөр дээр сууж яваад өөрөө урд талын шил мөргөсөн юм болов уу, М- дарга миний биед гэмтэл учруулаагүй юм болов уу гэж бодсон. Өөрөө яг сайн мэдэхгүй байгаа учраас мэдүүлгээ тэгж өгсөн. Хүн хохироох вий гэж бодож байсан. ...сумын хүмүүс бол машинд хамт явж байсан хүмүүс цохисон юм биш үү гэж хэлж байсан. Тэгээд хагалгаанд орж иртэл надтай ярьсан хүн болгон М- дарга мөргөсөн юм биш үү гэж хэлж байсан. Би М- дарга намайг мөргөчихөөд надаас яагаад уучлалт гуйхгүй байгаа юм бол гэж бодож цагдаагийн байгууллагад хандсан байгаа. Сүүлд бодоод байсан чинь өөрөө сайн санахгүй С- даргын өвөр дээр давхралдаад сууж байсан учраас урагшаа шил мөргөөд өөрөө бэртсэн юм болов уу гэж бодогдох болсон. Одоо бид хоёрын хувьд ямар нэгэн асуудал байхгүй, жирийн ажлаа хийж явж байгаа” гэх мэдүүлгийг өгсөн нь шүүхээс хохирогч А.Л-гийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, мөн шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, бусад нотлох баримтаар аль нэг мэдүүлэг нь баттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “шүүх...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой... эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх...-ийн шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэснийг үндэслэл болгон, дээрх нотлох баримтууд нь эргэлзээ төрүүлж байх тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн хувьд хохирогч, шүүгдэгч А.Л-гийн мэдүүлгүүдийг бүхэлд нь шүүхийн шийдэрийн үндэслэл болгохгүй байхаар шийдвэрлэв. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт А.Л-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...М- дарга намайг татаж байсан бөгөөд эргээд хартал өөр рүүгээ татаад толгойгоороо миний зүүн хацар орчимд мөргөчихсөн” /хх-ийн 17/, “...намайг М- даргад мөргүүлсэн гэдгийг С.Т-, М-, Б- нар мэдэж байгаа. ...маргааны улмаас намайг татаж мөргөсөн” /хх-ийн 21, 23/ гэж мэдүүлгийн эх сурвалжаа заасан боловч,

Гэрч С.Т-гийн мэдүүлэгт: “...Л- хойшоо эргээд харахад нь хурлын дарга М- Л-гийн нүүр рүү нь алгадчихсан. ...Би М- Л-г мөргөснийг хараагүй. Миний харснаар М- Л-г гараараа алгадаж байсан. ...Би Л-г толгойгоороо юм мөргөхийг хараагүй” /хх-ийн 25-26, 28 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-ийн “...С.Т- “Л- эгчийг М- дарга мөргөсөн” гэж ярьсан. ...Би тэр талаар мэдээгүй байж байгаад С.Т-гаас л анх сонссон” /хх-ийн 45 дугаар хуудас/,

 Гэрч П.М-гийн “...би өөрөө хэсэг хүмүүстэй фермер маркын автомашинтай явсан. ...Би тэр өдөр архи уугаад өөрийгөө хянах чадваргүй тасарчихсан байсан. Надад тэр орой юу болсон талаар санах зүйл алга байна. Нэг сэргэхэд өглөө машин дотор сэрсэн. ...би тэд нарт М- дарга Л-г мөргөсөн гэж хэлээгүй, яриагүй” /хх-ийн 49/ гэх мэдүүлгүүдийг өгснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” хуулийн үндэслэл тогтоогдож байна.

Мөн гэрч Д.Ө-ын “...М- цүнх хойш нь шидлээ гэсэн утгатай зүйл ярьж байснаа Л- М- хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн. ...тэр хоёрын хооронд зодоон цохион болоогүй хэрвээ хоорондоо зодолдсон бол зогсоох байсан” /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Л.Б-ийн “...тэгж маргалдаж байгаад М- дарга гараараа Л-гийн толгой руу цохьсон. ...Би М- Л-г мөргөхийг хараагүй. Гэхдээ М- Л-г хойш нь татах нь татаж байсан. Хэрвээ мөргөсөн бол би түүнийг харахаар байсан. ...Харин нэг удаа зүүн хацарны дээд хэсэгт алгадах шиг болсон. ...Л- урд талын суудлын дэр хэсгийг ард сууж явж байгаад мөргөөд байсан. Нэг удаа нэлээд хүчтэй мөргөх шиг болсон. Араас хүн мөргөх шиг болохоор нь эргээд хартал Л- ёоё гэчихсэн зүүж явсан нүдний шил нь дээшээ толгой дээр нь гарчихсан байдалтай байсан” /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч Н.С-гийн “...Л- донсолгоонд миний урд талын суудлын дэрийг нүүр хэсгээрээ мөргөсөн. Би тэрийг яаж мэдэж байна вэ гэхээр Л- тухайн үед нүдний шилтэй явж байсан бөгөөд тэр нь юм мөргөсний улмаас унасныг өөрөө дээш нь болгоод хойшоо суудал руугаа налаад суусан. ...Угаасаа тэр хөхөрсөн байдлыг харахад нүдний шилний хамар дээр дардаг хэсгийн ормоор хөхөрчихсөн юм шиг харагдаж байсан. ...Л- машины хойд талын суудал дээр, суудлын дунд хэсэгт сууж явсан юм. Машин явах замдаа донслох үед Л- жолоочийн эсрэг талын суудлын дэр хэсгийг толгойгоороо 2-3 удаа угсарч дараалан мөргөхийг би хараад ...солигдоод С-, Л- хоёр урд талын суудалд суугаад явсан” /хх-ийн 40-41, 43 дугаар хуудас/,

Гэрч Л.Б-, Л.М- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд

гэрч Л.Б- “”Би М-д М- дарга намайг мөргөчихсөн гэж хэлээгүй. Харин М- дарга цохьчихсон гэж бол хэлсэн” гэх /хх-ийн 55 дугаар хуудас/,

Гэрч С.Т-, Б.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч С.Т-: “Бүжиг болдог өдөр би Б-тэй архи хувааж уусан. Архи ууж байхдаа Б-д Л-г М- дарга мөргөсөн гэж хэлээгүй. Л- эгчид ч гэсэн тэгж хэлээгүй” гэх /хх-ийн 57 дугаар хуудас/,

Гэрч П.М-, Б.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч П.М-: “Би Б-, С.Т- хоёрын хооронд болсон яриаг сонсоогүй. Би өмнө ч мэдүүлсэн би архи уугаад согтоод тасарчихсан байсан” гэх /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч П.М-, Н.С- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч П.М-: “Би М- дарга Л-г мөргөсөн, цохьсон гэсэн утгатай зүйл огт хэлээгүй” гэх /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэрч П.М-, Л.Б- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч П.М-: “...тэр яриа болж байхад би М- дарга Л-г мөргөчихсөн юм байна лээ, би С.Т-гаас энэ талаар сонссон гэж

хэлээгүй” гэх /хх-ийн 63 дугаар хуудас/,

Хохирогч А.Л-, гэрч С.Т- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч С.Т-: “...Б-, М-, Л- нарын хооронд М- дарга Л-г мөргөсөн гэсэн яриа болоогүй. Би М- дарга Л- гэж ямар нэгэн хүнд хэлээгүй. ...Би М- дарга Л-г мөргөхийг хараагүй. ...Тэгэхэд нь баруун гараараа нүүр рүү нь алгадсан. Миний харснаар зүүн талын хацар орчим алгадах шиг болсон. Хэр хүчтэй алгадсаныг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан таш гээд дуугарч байсан. Би тухайн өдрүүдэд нэлээд архи уусан тэгээд өөрийн ухаанаа алдаад М- дарга Л-г мөргөчихсөн гэж хүмүүст яриагүй л бол ухаан санаа гайгүй байх үедээ хүмүүст тэгж яриагүй. Бүжиг болдог орой би архи уугаад согтоод тасарчихсан байсан” /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Хохирогч А.Л-, гэрч П.М- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч П.М-: “...Л-, Б-, С.Т- бид дөрвийн дунд М- дарга Л-г мөргөсөн гэсэн яриа болсныг би санахгүй байна. Орой бүжиг болох үеэр би архи уугаад согтчихсон байсан болохоор хэнтэй юу ярьсан гэдгээ санахгүй байна. ...Би гэртээ очоод эхнэртээ М- дарга Л-г мөргөчихсөн гэж хэлээгүй. Тэр яриаг манай эхнэр хаанаас, хэнээс сонссон гэдгийг мэдэхгүй байна” /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Д.Ө-, Л.М- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Д.Ө-: “...М-д Л-г М- цохьсон гэж хэлээгүй” /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шинжээч М.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэлд “...хэр хүчтэй мөргүүлснээс хамаарч мөргөх, цохих, унах зэрэг тохиолдлуудад Л-гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл үүссэн байх боломжтой. ...Хүний нүцгэн гараар цохихоос илүү боксын бээлийтэй цохиход тархи битүү доргилт авдаг. Машины зөөлөвч дэр боксын бээлийнээс ялгаагүй. Тийм учраас машины дэрийг хүчтэй мөргөсөн тохиолдолд тархи битүү доргиж улмаар дээрх гэмтлийг авсан байх боломжтой” гэх /хх-ийн 79 дүгээр хуудас/,

       2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч А.Л-гийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “бид нар тухайн үед бүгдээрээ л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний хувьд согтолттой. Би бол М- даргыг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа. Энэ тухай маргааш нь төлөөлөгч Б- “М- дарга таныг мөргөсөн юм биш үү” гэж хэлэхэд нь би “хэдий завандаа мөргөдөг юм бэ” гээд гайхаад өнгөрсөн. Тухайн үед хурлын дарга М-ын цүнхнээс болж маргаан гарсан. Яг намайг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа юм. Хүмүүсийн яриагаар л М- дарга мөргөсөн юм байна гээд итгээд байгаа. ...Б- төлөөлөгч л анх М- дарга таныг мөргөчихсөн юм биш үү гэж яриа, мөн манай нөхөрт соёлын төвийн эрхлэгч Б- танай эхнэрийг М- дарга мөргөчихсөн гэж ярьсан яриа, мөн эмчийн гадны нөлөөнөөс болж судас тасарч цус хурсан байна гэсэн зэргээс болж би М- дарга мөргөчихсөн юм байна л гэж итгэсэн. Дээрх байдлаас л би шууд гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

Хохирогч А.Л-, гэрч Н.С- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Н.С-: “Яг М- дарга Л-г цохисон, мөргөснийг хараагүй. ...Зүлэгтийн гүүрнээс хойшоо Эрдэнэбулган сум руу салаад шороон замаар донсолгоотой замаар явж байхад Л- урд талын суудлын дэрийг мөргөсөн. ...Миний урд талын хурлын дарга М-, С.Т- хоёр сууж явсан суудлын дэрийг мөргөсөн” /хх-ийн 134 дүгээр хуудас/,

       Шинжээч М.Б-с мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...согтууруулах ундаа уусан хүн цус харвах магадлал эрүүл хүнийг бодоход 2-5 дахин эрсдэлтэй байдаг. Энэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээр тархины судас өргөссөнтэй холбоотой байдаг. Машины суудал, түүний дэрийг хүн өөрийн аясаараа мөргөх эсвэл хүн 1-2 удаа цохисноос үүсгэгдсэн бол энэ хэмжээний гэмтэл учрах магадлал бага хувьтай. Энэ нь мөн л тархины судасны өргөссөн байдлаас шалтгаална. А.Л- нь тархины судасны гаж хөгжилтэй байсан бол ийм хэлбэрийн гэмтэл авах магадлал өндөр болно. Энэ хэлбэрийн гэмтлийг эрүүл хүнд учруулах бол маш их хүч орно. Хэрвээ хохирогч нь тархины судасны гаж хөгжилтэй бол аясаараа юм мөргөх, хүн гараараа цохих үед ийм хэмжээний гэмтэл үүсэх боломжтой. ...Толгойгоо бариулах үед ийм хэмжээний гэмтэл учрахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн нотлогдохгүй, А.Л-гийн биед учирсан хүнд гэмтэл нь Д.М-д мөргүүлсэнээс үү, алгадуулсанаас уу, эсвэл машины дэрийг мөргөснөөс үү гэдэг нь баттай тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2.”гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3.”гэмт...хэргийн гэм буруугийн хэлбэр” зэрэг нь тодорхойгүй,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэснийг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг хэрэгжүүлж чадаагүй байна. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан яллах, цагаатгах талуудаас нотлох баримтыг үндэслэлтэй тайлбарлаж, баталж эсхүл няцааж байгаагаар нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодитоор хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шүүх дүгнэж шийдвэрлэсэн болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч В.Энхболдын: “...гэрч С.Т-гийн мэдүүлгийг авахдаа /хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/ хөтөлж асуусан байдаг. Хөтөлж болон тулгаж асуухыг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байдаг. Тэгэхээр би энэ баримтыг нотлох баримтаас хасуулах саналтай байна. ...гэрч Д.Ө-ын мэдүүлэг нь мөн хөтөлж асуусан учраас бас нотлох баримтаас хасуулах шаардлагатай гэсэн нь үндэслэл муутай, мөрдөгч хууль журмын дагуу авсан байх тул хүсэлтийг хүлээн аваагүй болно.

       Мөн В.Энхболд өмгөөлөгчийн “...Б.Б- нь энэ гэмт хэргийг илрүүлэхэд маш их үүрэгтэй оролцсон байдаг. Гэтэл Б.Б- нь өөрөө энэ ажиллагаанд оролцоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэрчүүдийг байцаасан байдаг. ...Гэтэл энэ хувийн сонирхолтой хүнийг гэрчээр байцаагаад нотлох баримт цуглуулсан”, мөрдөгч Б.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй”, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол” мөрдөгчөөр оролцож болохгүй хуулийн заалтуудыг зөрчсөн” гэж байгаа нь энэ хэрэгт Б.Б- нь гэрчээр мэдүүлэг өгсөн атлаа гэрч С.Т-/хх-ийн 27/, гэрч Н.С- /хх-ийн 42/ нараас мэдүүлэг авсан гэж В.Энхболд өмгөөлөгч үзжээ.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т “оролцогч гэж .... “ гэсэнд гэрч байхгүй. Иймээс Б.Б- нь энэхүү хэргийн оролцогч биш болно. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

       Түүнчлэн шүүгдэгч Д.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 144-148/-ыг хэн, хэзээ хавтаст хэрэгт хавсаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаар прокурор шүүх хуралдаанд мэдэхгүй байгаа нь хуульд заасан хяналтаа бүрэн гүйцэд тавиагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаагүй, яллагдагч Д.М-д 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна”, 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэх хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзлээ. Мөн шүүгдэгч Д.М-аас  өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхгүй гэсэн тайлбарыг авснаас хойш мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор нэг ч удаа мэдүүлэг аваагүй байна.

       Харин шүүх хуралдааны явцад энэ талаар хэлэлцүүлж тэмдэглэлд тусгуулан, дээрх мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцээснийг тэмдэглэж байна.

       1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэв.

        Шүүгдэгч А.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас/-ээс илт зөрүүтэйгээр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүгдэгч Д.М-ыг өөрийг нь мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулаагүй гэж зөрүүтэй худал мэдүүлэг /127-129 дүгээр хуудас/ өгсөн гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч А.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч А.Л-гийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...М- даргыг хойшоо ороод суухаар нь тамгын дарга С- бид хоёр хойно сууж явснаа урд талын суудал руу давхралдаж суугаад Их-Уул сум өнгөрөөд явж байтал манай Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М- агсраад Л- гуай чи хэлсэн амандаа байгаарай гэхээр нь өөдөөс нь юм хэлээгүй дуугүй явж байсан. Тэгсэн араас хүн татахаар эргээд хартал М- дарга намайг татаж байсан бөгөөд эргээд хартал өөр рүүгээ татаад толгойгоороо миний зүүн хацар орчимд мөргөсөн. Тухайн үед мөргүүлсний дараа нэг их айхтар өвдөхгүй зүүн нүд маань хөхөрчихсөн байсан. Түүнээс хойш М- даргатай дахиж хэрэлдээгүй орой унтаж амарцгаагаад өглөө босоод байж байтал М- дарга над руу хүрч ирээд “яана аа уучлаарай, би чамайг ийм болгочихлоо” гээд уучлалт гуйж байсан. Тэгсэн хадлан дээр очоод хоёр дахь өдрөөс нь эхлээд миний бие таталт өгөөд болохоо байгаад хадлангаас буугаад гэртээ харьсан. Суманд очоод эмнэлэгт үзүүлэхэд оношилж мэдэхгүй байхаар нь Мөрөнгийн төв рүү орж ирж томографикийн зураг авахуулахад толгойд цус хурсан байна гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн эмч нарт томографикийн зургаа үзүүлтэл маш том хэмжээний цус хурсан байна өнөөдөр яаралтай Улаанбаатар хотод очиж хагалгаанд ор тэгэхгүй бол тариа хийгээд шимэгдэхгүй юм байна гэсэн. Улаанбаатар хотод очоод эмч нарт үзүүлэхэд чи зүүн нүднийхээ доод хэсэгт хүчтэй юмаар цохиулсан юм биш үү үүнээс чинь болоод судас тасраад тархинд чинь цус хурсан байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орчихоод эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мөрөнд ирсэн. ...Би мөргүүлэхийнхээ өмнө хэрэлдээгүй. Уг нь зүв зүгээр явж байсан юм. Тэгсэн М- ард сууж явж байснаа Л- чи ярьсандаа байгаарай, дарга нарт долигнохгүй шүү гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь би хариу юу ч дуугараагүй явж байтал араас баруун талын мөр орчмоос хувцаснаас татахад нь эргээд хартал М- дарга байсан бөгөөд тэр чигтээ өөр рүүгээ татсанаа намайг мөргөчихсөн. Тухайн үед би С- даргын өвөр дээр сууж явсан болохоор хойшоо татахад шууд татагдаад хойшоогоо болчихсон. ...би тэгж биеэ хамгаалах чадваргүй байгаагүй. Би болсон явдлыг санаж байна. М- намайг араас татаад толгойгоороо миний нүүр рүү мөргөсөн. ...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэсэн. Бүх хүн л уусан. Гэхдээ би өөрийнхөө үйлдэл үг яриаг мэдэж байсан. М- бид хоёрын дунд маргаан болсон. Маргааны улмаас л намайг татаж мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас/,
  • Хохирогч А.Л-гийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “Би бол М- даргыг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа. Энэ тухай маргааш нь төлөөлөгч Б- “М- дарга таныг мөргөсөн юм биш үү” гэж хэлэхэд нь би “хэдий завандаа мөргөдөг юм бэ” гээд гайхаад өнгөрсөн. Тухайн үед хурлын дарга М-ын цүнхнээс болж маргаан гарсан. Яг намайг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа юм. Хүмүүсийн яриагаар л М- дарга мөргөсөн юм байна гээд итгээд байгаа. ...Б- төлөөлөгч л анх М- дарга таныг мөргөчихсөн юм биш үү гэж яриа, мөн манай нөхөрт соёлын төвийн эрхлэгч Б- танай эхнэрийг М- дарга мөргөчихсөн гэж ярьсан яриа, мөн эмчийн гадны нөлөөнөөс болж судас тасарч цус хурсан байна гэсэн зэргээс болж би М- дарга мөргөчихсөн юм байна л гэж итгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр хуудас Шүүгдэгч А.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний анх өгсөн М- дарга машин дотор намайг мөргөсөн гэсэн мэдүүлэг үнэн юм. Энэ талаар хамт машинд сууж явсан хүмүүс тухайн үедээ хэлж ярьж байсан мөртлөө яг мэдүүлэг авахад мөргүүлснийг минь хараагүй, үзээгүй тухай мэдүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 169 дүгээр хуудас/,
  • Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Та яагаад анхныхаа мэдүүлгээс мэдүүлгээ өөрчилсөн юм бэ?” гэх асуултад “Ямар ч байсан М- дарга бид хоёрын хооронд маргаан болсон. Тэр цүнхнээс болж маргаан болсон нь үнэн”, “Таньд Д.М-ын зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж мэдүүлгээ өөрчил гэсэн зүйл байсан уу?” гэх асуултад “Тийм зүйл байхгүй”, “Та сайн дураараа урд талынхаа өгсөн мэдүүлгийг няцааж өнөөдрийн мэдүүлгийг өгч байгаа юм уу?” гэх асуултад “Тийм” гэж, шүүгдэгч А.Л-гийн өмгөөлөгч Б.Ганчимэгээс “Яллагдаж байгаа зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна уу?” гэх асуултад “Хүлээн зөвшөөрч байна”, “Та ямар учраас хоёр өөр мэдүүлэг өгөөд байгаа юм бэ? Тухайн үйл явдлыг санаж байгаа юм уу? санахгүй байгаа юм уу? Хэр зэрэг согтолттой байсан юм бэ?” гэх асуултад “Зарим зүйлүүдийг санаж байгаа юм. Цүнхнээс болж маргаж байснаа санаж байгаа юм”, “Та хэр зэрэг согтолттой байсан юм бэ? Өөрийгөө удирдан жолоодох чадвар хэр байсан юм бэ?” гэх асуултад “Миний хувьд жаахан согтолттой байсан юм шиг байна лээ” гэж, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч В.Энхболдын “Таныг машин дотор сууж явж байхад нүдрүү чинь цохигдоход мэдэгдсэн зүйл байна уу?” гэх асуултад “Тэр үед мэдээгүй. Маргааш нь өөрөө мэдсэн”, “Таньд хамт олны болон гадны зүгээс ийм мэдүүлэг өг гэсэн дарамт шахалт байсан уу?” гэх асуултад “Би хэн нэгний дарамтанд орж мэдүүлгээ няцаагаагүй. Өөрөө л бодож байгаад тийм мэдүүлэг өгсөн” гэж хариулж байсан /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.М-ын хувийн байдлыг тодорхойлсон:

  • 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн улсын бүртгэгчийн тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.М- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.М-ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 148 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Л-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

- Шүүгдэгч А.Л- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч А.Л- нь шүүгдэгч Д.М-тай хийсэн эвлэрийн гэрээ,

- Шүүгдэгч А.Л-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 174 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хууль ёсны, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Л нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хохирогчоор А.Л-гийн анх өгсөн мэдүүлэг нь дараа дараагийн нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдол бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, А.Л-гийн хэрэгт хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Л-гийн согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн /өөрийнх нь мэдүүлэг, гэрч Н.С-гийн: “3 шил архи ууснаа мэдэж байна” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр/, ингэснээр өөрийн үйлдэл, тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор ухамсарлах чадваргүй болсон, хууль зүйн мэдлэг дутмаг байдал болоод ажлын өдөр, ажлын цагаар, ажил хийх нэрийдлээр төрийн албан хаагчид нийлж архидан согтуурдаг, гэмт хэрэг, зөрчлөөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагч нь үүрэгт ажлаа умартан, энэ тал дээр хариуцлагаггүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.Л- нь Монгол улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрт учирсан хүнд гэмтлийг хэн нэгэнд хариуцуулах зорилготой, хувийн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсэн атлаа түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцогдоно” гэж зааснаар “Худал мэдүүлэх” гэмт хэргийн үндсэн шинж нь идэвхтэй хэлбэрээр болоогүй зүйлийг болсон гэж зориуд гажуудуулж өөрчлөн мэдүүлснээр тогтоогдоно.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Л-д холбогдуулан

прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч А.Л-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч зориуд худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.М-, А.Л- нар нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас/-ээс илт зөрүүтэйгээр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Би бол М- даргыг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа. Энэ тухай маргааш нь төлөөлөгч Б- “М- дарга таныг мөргөсөн юм биш үү” гэж хэлэхэд нь би “хэдий завандаа мөргөдөг юм бэ” гээд гайхаад өнгөрсөн. Тухайн үед хурлын дарга М-ын цүнхнээс болж маргаан гарсан. Яг намайг мөргөсөн гэдгийг санахгүй байгаа юм. Хүмүүсийн яриагаар л М- дарга мөргөсөн юм байна гээд итгээд байгаа. ...Б- төлөөлөгч л анх М- дарга таныг мөргөчихсөн юм биш үү гэж яриа, мөн манай нөхөрт соёлын төвийн эрхлэгч Б- танай эхнэрийг М- дарга мөргөчихсөн гэж ярьсан яриа, мөн эмчийн гадны нөлөөнөөс болж судас тасарч цус хурсан байна гэсэн зэргээс болж би М- дарга мөргөчихсөн юм байна л гэж итгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр хуудас/-ийг өгч зориуд худал мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч зориуд худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг дээрх гэмт хэргийг үйлдэж, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиг үүрэг бүхий байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна.

Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гэрч нараас авсан мэдүүлгүүд, гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд зэрэг нь шүүх шийдвэрээ гаргахад чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Д.М- нь шүүгдэгч А.Л-г эрхшээл дарамтандаа оруулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тэдний хувьд ажил хэргийн харилцаатай байсан, шүүгдэгч А.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хэн нэгний дарамтанд орж мэдүүлгээ няцаагаагүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Л- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Л-гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Л-гийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол, хор уршиг учраагүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Л- нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй.

Шүүгдэгч А.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Л-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, тархины хүнд гэмтэлтэй биеийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч А.Л-д “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зарим эрхийг нь тодорхой хугацаагаар хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний..эсхүл бусад тодорхой эрхийг... хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн үндсэн хүчин зүйл болох архи согтууруулах ундаа хэрэглэх асуудлыг нь тодорхой хугацаагаар хориглох нь зүйтэй байна.

Шүүх А.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Л-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх хасаж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд: “3 сарын хугацаагаар эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оноож өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзсэн болно.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Л- нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.6, 36.4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
  2. Шүүгдэгч А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-гийн “архи, согтууруулах ундаа хэрэглэх” эрхийг 3 /гурав/ сарын хугацаагаар хасч, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д оногдуулсан эрх хасах ялыг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М-, А.Л- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЗЖАРГАЛ