Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 498

 

Д.М, А.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалтай, Д.М, А.Л нарт холбогдох 1738003980051 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 2 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Онход овогт Д.М нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Буурал овогт А.Л нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч А.Лг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогч худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лгийн “архи, согтууруулах ундаа хэрэглэх” эрхийг 3 сарын хугацаагаар хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол.”, 1.3 дахь хэсэгт “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн А.Лд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 3 сараар хасах” ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Лгийн мэдүүлэг /хх-18-23/, гэрч С.Тийн мэдүүлэг /хх-25-28/, гэрч Д.Өын мэдүүлэг /хх-30-31/, гэрч Л.Бийн мэдүүлэг /хх-33-34/, гэрч Б.Сийн мэдүүлэг /хх-37/, гэрч Н.Сийн мэдүүлэг /хх-41/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-45-46/, гэрч Л.Мийн мэдүүлэг /хх-52/ зэрэг мэдүүлгүүдээр тухайн үед Д.М, А.Л нар нь маргалдаж Д.М нь А.Лг цохисон, мөргөсөн болох нь тогтоогдож байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоосон, Д.М нь эрхэлж буй ажил албан тушаалаараа гэрчүүдийг мэдүүлэг өгөхөд нь “Тухайн үед автомашинд явж байсан болон гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсийг өрөөндөө дуудаж уулзаж” нөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Бийн “...Би хугацааг нь яг нарийн санахгүй байна, ажилтай явж байсан чинь М дарга намайг дуудахаар нь яваад очтол тэдний өрөөнд Засаг дарга Ө, Тамгын дарга С, С, Б, М, Т нар байж байсан. Намайг яваад ортол С дарга надаас “Бээ Лг М дарга мөргөсөн гэж хэн чамд хэлсэн юм бэ” гэж асуухаар нь би Т руу хараад “Т чи надад тэгэж хэлээ биз дээ” гэсэн чинь Т “би юу” гээд булзааруулсан маягтай хариулсан, тэгсэн чинь Саранцэцэг дарга “чи тэгэж хэлсэн л юм байна ш дээ, залуу хүн байж шударга байгаач” гэж хэлсэн чинь Т хариу дуугарахгүй байсан. Энэ хурлаас гадна би Мтэй уулзаад “тэгэж ярихыг та сонссон биз дээ” гэсэн чинь “би санахгүй байна” гэж байна лээ. Тгийн хувьд тэгэж худлаа яриад байх хүн биш, надад нүдээр харсан зүйлээ хэлсэн байж гэж би бодож байна. Би яасан, юу болсон талаар асуугаагүй байхад өөрөө Лг М дарга мөргөсөн гэж ярьсан” гэх мэдүүлгээр /хх-45-46/ тогтоогдож байгаа, А.Лгийн хувьд мэдүүлгээ өөрчилж өгөх болсон, мөн бусад мэдүүлэг өгсөн гэрчүүд Д.Мтай ямар хамааралтай, ямар байдалтай мэдүүлэг өгч байгаа шалтгааныг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.

...Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Лг архи уусан үедээ бусадтай маргалдсанаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг нь 3 сараар хасах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч А.Л нь тухайн маргаан болох үед архи уусан байсан боловч тодорхой хугацааны дараа хэргийг шалгах явцад худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн бөгөөд мэдүүлэг өгөх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй...

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ял, шийтгэлийн зорилгыг дан ганц үндсэн ял хэрэглэснээр бүрэн хангахад төвөгтэй, эсвэл боломжгүй үед үндсэн ялын хамт нэмэгдэл ял хэрэглэж эрүүгийн хариуцлагыг үр дүнтэй, бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлдэг. Үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ялд нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, иргэнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн илүү уян хатан шинж чанартай хөнгөн төрлийн ялууд хамаарна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг хязгаарлах нэмэгдэл ял оногдуулах нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, хүнийг гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх чухал, үр нөлөөтэй арга хэмжээ юм. Нэмэгдэл ял нь үндсэн ялаас төрөл, хэмжээгээрээ ялгаатай, нөлөөллийн шинж чанараараа илүү хөнгөн байхыг нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим шаарддаг юм. Гэтэл тухайн хүнд хуулиар тусгайлан олгосон эрхийг хасах байдлаар хэрэгжих ёстой байтал хүний үндсэн эрхийг хасах байдлаар хэрэглэх нь дээрх зарчимд нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” нь хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хамаарах бөгөөд шүүхээс А.Лд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх эрхийг 3 сарын хугацаагаар хасах” ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

...Иймд Д.М, А.Л нарт холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдаж шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хохирогч А.Л нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдож Д.М өөрийнх нь бие эрх чөлөөнд ямар байдлаар халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан талаар тодорхой мэдүүлсэн байхад уг мэдүүлгийг ямар учраас үнэлэхгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл прокурорын яллаж буй үндэслэлд няцаалт хийгдээгүй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч А.Лд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийг илт буруу хэрэглэсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.М, А.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн А.Лтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 

А.Л нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1738003980051 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М, А.Л нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.5-д заасан шаардлагыг хангаагүй, мөн шүүх А.Лд нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Мыг хохирогч А.Лгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь эргэлзээтэй, хохирогч А.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй, бусад нотлох баримтаар аль нэг мэдүүлэг нь баттай нотлогдоогүй гэх үндэслэлээр Д.Мд холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байх боловч хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж үзэхэд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд автомашин дотор хамт явсан гэрч С.Тийн “Л, М хоёр цүнхэн дээр гишгэлээ, ингэлээ тэглээ гээд хэрэлдээд маргалдаад яваад л байсан. Тэгэж явж байгаад Л хойшоо эргээд харахад нь хурлын дарга М Лгийн нүүр рүү алгадчихсан … би мөргөснийг хараагүй” /хх-24/ гэх,

мөн гэрч Л.Бийн “Урд талын суудалд сууж явсан С, Лгийн хэн нь юм мэдэхгүй, М даргын цүнхийг хойшоо авч өгсөн, тэгсэн М дарга наад цүнхээ яагаад урдаа байлгахгүй байгаа юм, дотор нь хагарах зүйл байгаа гээд уурлаад тэрнээс болоод Л, М хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Уг нь эхлээд М дарга Саранцэцэг дарга руу хандан цүнх хойшоо болголоо гэж хандаж үг хэлсэн, тэгэхэд Л дундуур нь ороод Саранцэцэг даргыг өмөөрөөд М маргалдаад эхэлсэн. Тэгэж маргалдаж байгаад М дарга гараараа Лгийн толгой руу цохьсон, тэгээд хоорондоо хэл амаараа хэрэлдээд маргалдаад яваад байсан... Би М Лг мөргөхийг хараагүй. Гэхдээ М Лг хойшоо татах нь татаж байсан. Нэг удаа зүүн хацарны дээд хэсэгт алгадах шиг болсон”/хх-32/ гэх мэдүүлгүүд болон яллах талын бусад нотлох баримтыг шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн, түүнчлэн шүүгдэгч Д.Мыг А.Лгийн нүүрийг алгадсан үйлдлийн улмаас биед нь тархины тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх А.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2017 оны 11 дүгээр сарын 16, 2017 оны 12 дугаар сарын 20, 2018 оны 2 дугаар сарын 2-нд /1хх-16, 20, 22/ болон 2018 оны 6 дугаар сарын 6-нд /хх-127/ өгсөн хоёр өөр агуулга бүхий мэдүүлгүүдийн аль нь хэргийн бодит байдалд нийцсэн, аль мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн гэж үзсэн талаар дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Лгийн зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, түүний мэдүүлгээ өөрчлөхөд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, мэдүүлгийн агуулгыг зөв тодорхойлох нь шүүгдэгч Д.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтойгоос гадна шүүгдэгч А.Лгийн мэдүүлэг нь Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн…” гэх хүндрүүлэх шинжийг агуулсан эсэх, түүнчлэн тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс тоолохыг шийдвэрлэхэд нэн чухал болно.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүйгээс гадна анхан шатны шүүхээс А.Лд нэмэгдэл ял оногдуулахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдааг зөвтгөн өөрчлөх боломжгүй тул прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, А.Л нарт холбогдох 1738003980051 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН