Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 43

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтийн прокурор Н.Мөнхбат,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цагаанхайрхныхан овогт Б-ын Г, Оготореншөөбү овогт П-ын Бнарт холбогдох 1916000030023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ...  сумын харьяат, Говь-Алтай аймгийн ... сумын Гэгээт багт оршин суух, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... регистрийн дугаартай, Цагаанхайрхан овогт Б-ын Г.

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн ...сумын харьяат, Говь-Алтай аймгийн ...сумын Гэгээт багт оршин суух, 1993 оны 03 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, нийт 2 удаагийн ял шийтгэлтэй, ...... регистрийн дугаартай, Оготореншөөбү овогт П-ын Б.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-ын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуур хулгайлан авч, 1.080.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-ын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуур хулгайлан авч, 1.080.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Далан багаас Гэгээт рүү хүргэн ах О-ынд ирсэн. Тэгэхэд П.Б архи уусан гэр рүүгээ явна гээд байж байсан. Манай ах ирээд аваадах гэж хэлэхээр нь Б яаж явах юм бэ? гэж хэлэхээр нь би ахыгаа авна гэж хэлсэн. Тэгээд П.Б хамт явъя гээд бид хоёр тэндээс гарч яваад орой аажуу болсон байсан. Хоночихоод өглөө эрт явъя гэж хэлсэн. Айлд очоод малын мах авна гэж хэлсэн. Тэгээд А-гийнд очиход малдаа явсан учир хүн байхгүй байсан. Тэгээд гэрийн гадаа хүлээгээд байж байгаад А-г ирэхээр нь гэрт орсон. Тэгээд  П.Б А  хоёр нэг шил архи уугаад сууж байсан. Харанхуй болсон байхаар нь А гэрэл байхгүй миний мотоциклийг унаад яв гэж хэлсэн. Дөрвөлжийн аман дээр ирж байгаад П.Б манай байшин дээр очоод явъя гэж хэлсэн. Тэгээд байшин дээр нь очиход П.Б нэг ууттай юм аваад ирсэн. Тэгэхдээ түлхүүрээ мартчихаж гэж хэлсэн. Тэндээс хөдлөөд Е ахынд очсон. Ууттай ноолуураа Е-ийнд аваачиж өгнө гэж хэлсэн. Ууттай ноолуурыг авч яваад Е-ийнд орчихоод гарч ирэхдээ нэг ууттай зүйл аваад гарч ирсэн. Тэгээд О  ахынд очоод ууж идэж байгаад хоноод шөнө сэрэхэд П.Б байхгүй байсан. Өглөө үүр цайж байхад ороод ирсэн. Тэгээд маргааш нь би чамтай хамт явж мотоцикль янзлах замдаа дүүрээд явбал хүн амьтан юу гэж хэлэх юм бэ? орой мотоциклио янзлаад ирж авъя гэж хэлээд нэг ганга руу ноолуураа дарчихаад явсан. А-гийн мотоциклийг авч ирж өгөөд би гэртээ очсон. 2019 оны 01 дүгээр сарын 03-нд сумын хэсгийн төлөөлөгч ирээд хулгайн ноолуур байна, үлдсэн ноолуур хаана байна. Байгаа газрыг нь заагаад өг гэж хэлсэн.Тэгээд нөгөө газар нь очиход ноолуур чулуун доогуур дараатай байсан... Ээжийн ахынд нь хүргэн болж ирж байсан. Өмнө нь Баянтооройд нэг таарч байсан. Тэгээд 12 дугаар сарын 15-нд О  гэдэг айлд таарсан... П.Б тэр айлд нэг шил архи уусан. Маргааш нь архи уугаагүй, мотоцикль янзалсаар байгаад аажуу болсон байсан... П.Б байшинд очоод юм авъя гэхээр нь санаандгүй очсон... Замдаа юм яриагүй. Байшинд орчихоод гарч ирэхдээ түлхүүрээ хаясан байна. Дарааг нь жоохон татаж байгаад гараад ирлээ гэж хэлсэн... Тэр амбаарын хажуу талд гэр нь байдаг байсан гэж Чулуунбат эгч хэлж байсан... Малаа услахаар тэр амбаарт хонож өнжөөд явдаг байсан... Ерөөлтийнд очсоны дараа араас аав ирээд тэр хоёр гадаа юм яриад явж байсан. Тэндээс гараад Отгонбаатар ахынд очсон... П.Б хүний нутагт хүн танихгүй учир чи надад нэг шил архи зээлээд аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг шил архи зээлж авч өгсөн. Гарч ирэхдээ тэр өрийг чинь би даръя гэж хэлсэн. Тэгээд Б эхнэртээ чихэр авсан гээд уутанд хийсэн гарч ирсэн... Тэгээд хоёулаа А  ахынд очъё гэж хэлсэн. Тэгээд манай байшингаар ороод явъя гэж хэлсэн. Би санаандгүй дагаад явсан... Дөрөлжийн эх гэдэг газар П.Б бид хоёр хамт явж байсан... Энэ их ноолуурыг үрвэл эхнэр уурлана гэж хэлсэн... Муруйлгаад авсан гэж хэлсэн. Би хамт явсандаа харамсаж байна. Хэрэв хулгай хийх гэж байсан бол би хамт явахгүй... П.Б бид хоёр хамт очоод П.Б ганц шил архи зээгээд өг гэж хэлээд би зээж өгсөн. Би П.Б-ийг төл гэж хэлээгүй. Тэгээд ноолуур өгөхдөө би чиний өрийг өгчихөөд гарч ирлээ шүү гэж хэлсэн... Эхнэр хүүхэд ноолуур авсан гэж мэдвэл  уурлана энд нуучаад явъя гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 03-нд хулгайн ноолуур байна гэж хэлсэн... Өлзийтийн ам хүртэл согтоогүй байсан. Сум руу явах замд П.Б Е-хөөс нэг шил архи  аваад өг гэхээр нь нэг шил архи авч өгсөн. Тэгээд замдаа явж байгаад аажуу болоод гадаа харанхуй болсон байсан. Тэгэхээр нь би аажуу болсон юм чинь маргааш явъя гэж хэлэхэд хоёулаа А-гийнд очиж юм авъя, би тэдний малыг хариулж өгнө гэж хэлсэн байгаа. Очиж малын мах авна гээд А-гийнд очсон. А-гийнд очиход нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд П.Б намайг мотоциклийн чинь юу эвдэрсэн байна очиж харчихаад ир гэж хэлсэн. Тэгээд намайг буцаад ирэхэд архи нь бараг дуусч байсан. Надад хийж өгөхөөр нь би амсаад тавьсан. П.Б-ийг эртхэн явъя гэж хэлээд А-гийн мотоциклийг гуйж унаад Өлзийтийн аманд ирж байхад П.Б тэндээс ноолуур аваад Е-ийнд очоод юм аваад О  ахынд очсон. Маргааш өглөө нь П.Б нөгөө ноолуураа аваад явъя гэж хэлсэн. Дөрөлжийн эхэн дээр ирээд П.Б би ноолуурыг далд хийчихээд ирье гэж хэлээд ганга руу оруулж хийчихээд гарч ирсэн. Тэгээд бид хоёр явсан... Тэр ноолуурыг бүгдийг нь авч яваад О   ахынхаас уут аваад жоохоныг тасдаж аваад Е-ийнд авч ирж өгсөн... Е-тийн гэрээс ойрхон ноолуураа тавиад уутанд тасдаж аваад Е-ийнд өгсөн... Е ахын доод хошуун дээр байсан ноолуур хэвээрээ байсан. Маргааш нь мотоциклио янзлах гээд явах замдаа ноолуураа аваад явсан... Энэ хүн надад туслаад өгөөч би байшингаас юм авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 03-ны өдөр хэсгийн төлөөлөгч хулгайн ноолуур байсан, тал нь хаана байсан юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр газарт нь очиход чулуун доор дараатай байсан... 01 дүгээр сарын 03-ны өдөр сумын цагдаа болсон зүйлийг бүгдийг нь ярь гэж хэлсэн. Мэдүүлэг үнэн өгвөл цаад хүн чинь хэргээ хүлээх байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би болсон бүх зүйлийг хэлсэн... Энэ ногоон уутанд хийсэн. Шөнө байсан болохоор өнгийг нь харж чадаагүй. Өглөө нь харахад ногоон ууттай байсан... Сүүлд очиход ногоон ууттай байсан. Амбаараас авахад би хараагүй. Харанхуй байсан... Эгчийнхээс уут аваад явсан... Би санамсаргүй хэрэгт холбогдоод ийм байдалтай байгаадаа гэмшиж байна. Би ээж дүү нарын хамт амьдардаг. Манай 3 дүү сургуульд сурдаг. Ээж мал дээр ганцаараа байгаа. Би хулгайн юм гэж мэдээгүй. Өөрийн юм гээд байхаар нь хамт тусалж явсан. Явсан бүх зүйлийг үнэнээр нь хэлсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед согтуу байсан учир сайн санахгүй байгаа... Б.Г бид хоёр хамт очсон... Ч  эгчийн ноолуур... Хамт явж байсан... Манайх гурил захисан байна гэж хэлэхэд гурилтай явж болно гэж хэлсэн... Би хавар ямааг нь самнаж өгсөн... Би тэр байшинг барьж өгсөн... Надад мал байхгүй, ноолуур байхгүй гэдэг зүйлийг мэдэж байгаа... Тухайн үед согтуу байсан учир хэн нь үйлдсэн, хэн нь санаа гаргасан талаар мэдэхгүй байна... Өмнө нь хоёр удаа хулгай хийж байсан.. Энэ хэргийг хамт хийлцсэн гэдэг үүднээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... Отгоноо гэдэг айлд 2 шил архи хувааж уусан. Тэгээд Б.Г найз охиноо аваад ирж байна гэж хэлсэн. Тэгээд архи нь дуусаад бид хоёр Е гэдэг айлд очоод Б.Г нэг шил архи авсан. Тэрийг нь хувааж уугаад согтсон... Г бид хоёр архи ууж байснаа санаад байгаа... Тухайн үед би согтуу байсан учир санахгүй байна... Малгүй гэдгийг мэдэж байгаа... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өндөр настай ээжийгээ асарч байгаа. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Энэ бүгдийг харгалзан үзэж ялын хэмжээг бууруулж өгнө үү... Гэм буруугаа хүлээж байгаа учир Е-ийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг,

Хохирогч В.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн Өлзийтийн ам гэх газар байдаг Хаваржааны амбаар дээр очиход дараа нь мурийчихсан байхаар нь хаалгыг онгойлгоод дотор байсан эд зүйлээ бүртгэхэд ногоон шуудайтай 13,5 кг гэж бичсэн ноолуур алга болсон байсан. Бусад эд зүйл нь бүрэн бүтэн байсан...Би ноолуураа 1 кг-ын 100.000 төгрөгөөр буюу 2018 оны хаврын ханшаар үнэлж байна. Нийтдээ 1.350.000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэг гарах үеэр манай хүргэн болдог П.Б манай малыг тууж явуулаад Цагаанаа буюу Г гэх залуутай хэд хоног архи ууж явсан байсан. Мөн манай амбаарт ноолуур байсныг мэдэж байгаа ганц хүн бол П.Б учир уг хэргийг П.Б  үйлдсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх 20-21-рт/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Е-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 дугаар сарын 15-нд 19 цагийн үед байх Б, Г хоёр манайд цуг ирээд Б надад 4 кг ноолуур өгөөд надаас бэлэн мөнгө 22.000 төгрөг, бор голтой чихэр 2 кг, нийт 20.000 төгрөгийн үнэтэй, 2,5 литрийн савалгаатай Цагаан баавгайт пиво 4 ширхэг нийт 40.000 төгрөгний үнэтэй, Альфинголд шоколад 2 ширхэг нийт 5000 төгрөг зэрэг 87.000 төгрөгний эд зүйл авсан юм...” гэх мэдүүлэг/хх 22-23-рт/,

Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би Ц.Г буюу Цагаанаагийн хамт өдрийг нь санахгүй байна Ц.Е  гэх хүнд 4 кг ноолуур өгч 4 пиво 1 шил архи авсан. Цагаанаа сум авч явахдаа бэлдсэн байсан ноолуур гээд Цогт сумын гэгээт баг Сайрын уулзварын ард талын жалганаас цагаан өнгөтэй 4 кг ноолуур гаргаж ирсэн. Ц.Е гэх хүнд 1 кг-ыг нь 30.000 төгрөгөөр намайг өгөөдөх гээд бид Ц.Е  гэх хүний гадаа очиж би ороод 4 пиво, 1 шил архи авч Ц.Г буюу Цагаанаагийн тэр өдөр зээлж авсан эд зүйлийн үнэ болох 22.000 төгрөгний өрийг даруулсан...Би В.Ч  гуайн зуслан буюу Цогт сумын Гэгээт баг Хөх мухар гэх газар ноолуур байсныг мэднэ. Ногоон өнгөтэй гялгар уутанд хийсэн ноолуур байсан...” гэх мэдүүлэг/хх 28-рт/,

Гэрч Ц.Е-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 15-нд оройн 20 цагийн үед 25-ын сатуркан ууттай ноолуурыг надад Б авч ирж өгсөн. Намайг хямдхан авчих гээд гуйгаад байсан. Би нэг кг-ыг нь өөрийнх нь хэлсэн үнэ болох 30.000 төгрөгөнд тооцож авсан. Надаас ноолуурны мөнгөний оронд 4 ширхэг цагаан баавгайт, 2 уут чихэр, 2 ширхэг альпинголд шоколад, Цагаанаагийн 22.000 төгрөгний өрийг суутгасан. Ингээд нийт 85.000 төгрөгний эд зүйл худалдаж аваад үлдэгдэл 35.000 төгрөгийг би дараа өгөхөөр тохироод үлдээгээд явсан. Тэр ноолуурыг манайд авч ирж өгөхдөө Г бид дуудахдаа Цагаанаа гэж дууддаг юм. Тэрэнтэй цуг явж байсан. Б манайд удаагүй, архи үнэртэж байсан...Ноолуурны оронд надаас авсан эд зүйлийг Б-ээс гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг/хх 30-31-рт/,

Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Уг ноолуурыг Цогт сумын Гэгээт багийн нутаг Улаан хошууны Өлзийтийн ам гэх газраас айлын амбаараас авсан... Ноолуурыг Б-тэй цуг очиж авсан... Амбаар цоожтой байсан, хүн байгаагүй...Амбаарын түлхүүр бид хоёрт байгаагүй. Цоожны дарааг нь татаж мурийлгаж байгаад амбаарын хаалгыг нээсэн... Уг үйлдэл нь 2018 оны 12 сарын 15-ны оройн 18-19 цагийн хооронд болсон, нар жаргасан харанхуй байсан... Бид хоёр жоохон архи уучихсан байсан. Тэр ноолуурнаас авч архи уух гэсэн юм... Үлдсэн ноолуурыг Дөрөлжийн эх гэх газарт чулуун дор дараатай байгаа. Бид хоёр цуг аваачиж чулуун дор хийсэн...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

Гэрч Ц.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэр ноолуурыг аваад хиллээд тавьчихсан байгаа. Б манайд 4 кг ноолуур өгсөн...Б манай ноолуурын дээж байгаа юм гээд байсан...” гэх мэдүүлэг/хх 35-36-рт/,

Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 14-ний өдөр Цогт сумын Баян-Өндөр багийн Т гэдэг ах манайд ирсэн. Би эхнэртэйгээ дээшээ яваад Е гэж айлд очоод чихэр, гурилан боов, 2 шил соёрхол архи, ундаа зэргийг аваад байж байтал Н , Б 2 ардаас ирээд тэнд наймаа хийнэ гэж ирсэн. Эхнэр бид хоёр ардаа хүүхэд үлдээсэн байсан болохоор яараад буцсан. Буцаад очоод байж байтал Б, Н хоёр ирээд манайд Т ах, бид 4 авсан архиа уугаад согтоод унтсан байсан. Өглөө босоод хархад Т  ах, Н  нар манайд хоносон байсан. Б миний мотоцикль унаад явсан байсан. Н  тэгээд яваад өгсөн. Т  ах бид хоёр дахиад уугаад сууж байтал Г найз охин О-той манайд ирсэн. Би тэр үед согтоод жаахан муудсан байсан. Нэг мэдэхэд Г, О , манай эхнэр Д , Б нар хөзөр тоглоод сууж байсан. Бие засах гээд гартал Б манай гадаа тамхи татаад сууж байсан. Тэгээд надаас уут, шуудайны юм байна уу гэж асуусан. Юу байдаг юм, байхгүй гэж хэлээд гэрт ортол араас Б орж ирээд эхнэрээс аниа уут байна уу гэж асуугаад орж ирсэн. Эхнэр уут байхгүй яах гэсэн юм гэхэд чихэр, жимс хийх гэсэн юм гээд шкапны доод талд байсан хөр хийдэг уут байсныг энэ шуудай болно ш дээ гээд аваад гарсан. Тэгээд би хэвтээд унтаад өгсөн... 2018 оны 12 сарын 15-наас 16-нд шилжих шөнө манайд би эхнэр 3 хүүхдийнхээ хамт, Г, О, Б, Т ах, бид нар манайд хоносон. 2018 оны 12 сарын 15-ны орой Б, Г, Б, О нар архи пиво гэрт уухад нь манай эхнэр уурлаад гарч уу гээд гаргасан гэсэн. Тэр 4 манай гадаа байдаг эвдэрхий машины кабин дотор уусан байсан. Өглөө нь би хархад пивоны 2,5 литрийн хуванцар сав байсан...” гэх мэдүүлэг/хх 38-39-рт/,

Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 14-ний өдөр Б манайд ирээд бид 2 ганц юм ууя гэж ярилцаад Е-ийнд очоод 1 шил соёрхол нэртэй архи аваад байж байхад О  авгайтайгаа тэндээс юм аваад явж байсан. Б бид 2 О-гийнд очиж архиа ууя гэж ярилцаад араас нь очоод тэндээ Төрбат ах тэднийд байсан. Бид 4 цугтаа уугаад би тэндээ хоноод Б О-ийн мотоциклыг унаад манайд очиж хоноод өглөө нь О-гийнд ирэхэд би зөрөөд гэрлүүгээ яваад Б тэндээ үлдсэн. Орой 18 цагийн үед Б Г хоёр манайд ирээд Цогт сумын төв рүү бид хоёр явлаа гээд гарсан. Тэгж яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 12 сарын 16-ны өглөө Г , Б  хоёр буцаад манайд сум явсангүй мотоцикль болохгүй байна гээд ирээд Б мотоциклио янзлана гээд яваад оройхон 16 цагийн үед ирсэн. Гомбо-очир гэрлүүгээ явлаа гээд явсан...Тэр 2 манайд ирэхдээ Г-ын мотоцикльтой явж байсан. Ямар нэг зүйл ганзагалж авч яваагүй байсан...” гэх мэдүүлэг/хх 40-41-рт/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 15-ны өдөр Г бид хоёр гэрээсээ гараад О ахынд очиход Б , Н  ах, О ах, эхнэр нь, танихгүй настайвтар ах эд нар хөзөр тоглоод байж байсан. Ороод удалгүй Г  сумын төвөөс ахыгаа авна гээд Б-тэй өдрийн 13 цагийн үед О  ахынхаас гарсан. Би О ахынд үлдсэн. Орой Г , Б  хоёр нэлээд аажуухан буцаад Г-ын мотоцикль эвдэрчихлээ гээд Б-ийн ардуур сууж ирээд Г  унтаад Б буцаж яваад шөнө дунд ирээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг/хх 42-рт/,

Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 15-ны орой би О-ийнд өөрийн дүү болох О-ын хамт очтол хүмүүс хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд байж байтал Б , Г хоёр гараад явсан. Би араас нь гарч иртэл тэр 2 намайг ах энэ машин руу ороодхоё гэхээр нь цуг ортол 1 том ногоон хуванцар савтай пиво задлаад надад хийж өгөөд би тэрийг нь уусан. Би нэг л хийлгэж уугаад ах нь явлаа гэж хэлээд О-гийнд орж аяга ус уучихаад гэрлүүгээ явсан... Намайг О-гийнх руу явж байхад Б,  Г  хоёр миний хажуугаар гараад гүйцэж түрүүлээд О-гийнд очсон. Би араас нь орсон. Тэр хоёр сундалдаад явж байсан...” гэх мэдүүлэг/хх 43-44-рт/,

Гэрч А.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...П.Б  арваад кг ноолуур байгаа түүнээс нь 5 кг-ийг нь аваад дээш нь хөвсийлгөвөл Чука мэдэхгүй байх гэж байсан. Тэгэхээр нь би балайраад бай чи хулгайн хэрэгт орно шүү гэж хэлсэн. Тэгээд тэр орой би тэднийд хоносон... Намайг цуг явъя гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг/хх 47-48-рт/,

Шүүгдэгч нарыг мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаасан: “...П.Б : Г  нь надруу утсаар яриад чи намайг буруугүй гээд хэлчихээч тэгвэл би мултрах гээд байна чи бид 2-н хэрэг прокурор луу яваад буцаад ирчихсэн байсан гэж хэлж байсан...,

Б.Г : Би Б-тэй гэрийнх нь гадаа очиж уулзаад чи ч амьдрах гэж байна би ч амьдрах гэж байна чи ноолуур авсан талаар хэлчихээч намайг хөлдөө чирэх гээд байна гэж хэлэхэд Б маргааш өглөө цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд оройноо Б-тэй утсаар яриад за миний хөгшин үнэнээ хэлээд мэдүүлэгээ өгөөрэй гэж хэлсэн чинь Б  надад хэлэхдээ чи миний дургүйг хүргэсэн чи намайг тонгорох гээд байхаар чинь болилоо гээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг/хх 82-86-рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12, 16-р хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50-р хуудас/ болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт хх3-8-рт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл хх12-16-рт, хохирогч Ч-ын мэдүүлэг хх20-21-рт, иргэний нэхэмжлэгч Е-ийн мэдүүлэг хх22-23-рт, шүүгдэгч П.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг хх28-рт, шүүгдэгч Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг хх33-рт, гэрч Б-ын мэдүүлэг хх35-36-рт, гэрч О-ын мэдүүлэг хх38-39-рт, гэрч Н-ийн мэдүүлэг хх40-41-рт, гэрч Б-ийн мэдүүлэг хх43-44-рт, гэрч Б-ны мэдүүлэг хх47-48-рт, эд зүйлийн үнэлгээ хх50-рт, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл хх82-86-рт зэрэг нотлох баримтуудад,

Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр: Улсын яллагчийн уншсан гэрч нарын мэдүүлэг давхцаж байна. Хохирогч Ч-ын мэдүүлэг хх22-23-рт, гэрч Е-ийн мэдүүлэг хх24-рт, хохирогч Ч-ын 2 дахь удаа өгсөн мэдүүлэг хх26-рт, гэрч П.Б-ийн мэдүүлэг хх28-рт, гэрч Е-ийн мэдүүлэг хх29-рт, Б.Г-ын мэдүүлэг хх35-рт, гэрч Е-ийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг хх31-рт, гэрч Б-ын мэдүүлэг хх37-рт, гэрч О-ын мэдүүлэг хх38-рт, гэрч Н-гийн мэдүүлэг хх39-рт, гэрч О-ийн мэдүүлэг хх42-рт, гэрч Б-ны мэдүүлэг хх47-рт, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл хх86-рт, ял шалгах хуудас хх100-рт, хх101-рт П.Б-ийн ял шалгах хуудас байгаа. П.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 удаа ял шийтгэгдэж байсан. Үүнээс харахад удаа дараа хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан. Тэгэхээр ямар мэдүүлэг өгөх талаар сайн мэдэж байгаа. Энгийн малчин ардын хүүхэд өртөх бий. Хохирогч П.Б-д гомдолтой, П.Б хулгай хийсэн гэж хэлдэг.  Б.Г  хэлдэг П.Б  нь Ч-ыг малыг малладаг байсан учир өөрийнхөө ноолуурыг авч байгаа байх гэж бодсон. Тэр гэрт амьдардаг байсан гэж мэдүүлэг нь П.Б-ийн өөрийнх мэдүүлгээр мөн нотлогддог зэрэг нотлох баримтуудад,

Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2 дахь хэсэгт нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байдаг. Хэргийн материалд П.Б-ийг хөнгөрүүлэх талаар ямар ч нотлох баримт авагдаагүй байдаг. Өмнө нь ял шийтгэл авсан хэдий ч ял шийтгэлтэй байх хугацаа нь дууссан байгаа. Өмнө нь ял шийтгэл эдэлсэн хэдий ч энэ олон жилийн хугацаанд засарч хүмүүжээд эхнэр хүүхэдтэй болоод явсан. Иймээс бага насны хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн. Том хүүхэд нь хоёр ихэр 5 настай, бага хүүхэд нь 2 настай. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Ээж нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ асаргаанд байдаг. Ээжийг нь П.Б эгч нь хардаг боловч одоо тэр эгч нь жирэмсэн, 5 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 настай. Тэр эгч нь одоо ээжийгээ асрах боломжгүй учир П.Б  ээжийгээ асарч байгаа. Энэ хүний хувийн байдлыг харж үзнэ үү зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,

Эд мөрийн баримтаар хураагдсан “...Хар өнгийн ууттай ноолуур нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Е  гэх айлд хүргэж өгсөн 4 килограмм ноолуур байгаа. Энэ ноолуурыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хяналтын прокурор Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийн дагуу хурааж авсан ноолуур байгаа. Ногоон сатууркан ууттай 9.3 килограмм ноолуурыг Б.Г-оос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон. Нийт 13.3 килограмм ноолуурыг эд мөрийн баримтаар хураан авсан...” зэрэгт үзлэг хийв.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Г , П.Б  нарыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч П.Б  нь мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...ноолуур хулгай хийхэд оролцоогүй...” гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэж  мэдүүлсэн, шүүгдэгч Б.Г  мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Би Б-ийг өөрийнхөө эд зүйлийг авч байна гэж ойлгосон хулгайн эд зүйл байсныг мэдсэн бол би хамт явахгүй байсан...” гэж мэдүүлсэн байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Г , П.Б  нар нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-ын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуур хулгайлан авч, 1.080.000 төгрөгний хохирол учруулсан нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г  нь: “...Би хулгайн юм гэж мэдээгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал харагдаж байна. Иймээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Нэг л удаагийн учрыг нь мэдэхгүй хамт явсан үйлдлээс болж энэ хэрэгт холбогдож байна. Иймээс үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...”, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...” гэж тус тус заасан  бөгөөд хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Г , П.Б  нар нь урьдчилан үгсэн тохиролцсон бөгөөд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Ч-ын эд хөрөнгө буюу 13,5 кг ноолуурыг түүнд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нь нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Б.Г  бид хоёр хамт очсон... Надад мал байхгүй, ноолуур байхгүй гэдэг зүйлийг мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Е-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 15-нд оройн 20 цагийн үед 25-ын сатууркан ууттай ноолуурыг надад Б  авч ирж өгсөн... Тэр ноолуурыг манайд авч ирж өгөхдөө Г  бид дуудахдаа Цагаанаа гэж дууддаг юм. Тэрэнтэй цуг явж байсан...” гэх мэдүүлэг/хх 30-31-рт/,

-шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Уг ноолуурыг Цогт сумын Гэгээт багийн нутаг Улаан хошууны Өлзийтийн ам гэх газраас айлын амбаараас авсан... Ноолуурыг Б-тэй цуг очиж авсан... Амбаар цоожтой байсан, хүн байгаагүй... Амбаарын түлхүүр бид хоёрт байгаагүй. Цоожны дарааг нь татаж мурийлгаж байгаад амбаарын хаалгыг нээсэн... Уг үйлдэл нь 2018 оны 12 сарын 15-ны оройн 18-19 цагийн хооронд болсон, нар жаргасан харанхуй байсан... Бид хоёр жоохон архи уучихсан байсан. Тэр ноолуурнаас авч архи уух гэсэн юм... Үлдсэн ноолуурыг Дөрөлжийн эх гэх газарт чулуун дор дараатай байгаа. Бид хоёр цуг аваачиж чулуун дор хийсэн...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

-шүүгдэгч П.Б-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Би В.Ч  гуайн зуслан буюу Цогт сумын Гэгээт баг Хөх мухар гэх газар ноолуур байсныг мэднэ. Ногоон өнгөтэй гялгар уутанд хийсэн ноолуур байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Орой 18 цагийн үед Б  Г  хоёр манайд ирээд Цогт сумын төв рүү бид хоёр явлаа гээд гарсан. Тэгж яваад маргааш өглөө нь буюу 2018 оны 12 сарын 16-ны өглөө Г , Б хоёр буцаад манайд сум явсангүй мотоцикль болохгүй байна гээд ирээд Б  мотоциклио янзлана гээд яваад оройхон 16 цагийн үед ирсэн. Г гэрлүүгээ явлаа гээд явсан...Тэр 2 манайд ирэхдээ Г-ын мотоцикльтой явж байсан...” гэх мэдүүлэг/хх 40-41-рт/,

-гэрч Т.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г  сумын төвөөс ахыгаа авна гээд Б-тэй өдрийн 13 цагийн үед О  ахынхаас гарсан. Би О ахынд үлдсэн. Орой Г , Б хоёр нэлээд аажуухан буцаад Г-ын мотоцикль эвдэрчихлээ гээд Б-ийн ардуур сууж ирээд Г унтаад Б буцаж яваад шөнө дунд ирээд унтаад өгсөн...” гэх мэдүүлэг/хх 42-рт/,

-гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 12 сарын 15-ны орой ...Тэгээд байж байтал Б , Г хоёр гараад явсан... Намайг О-ийнх руу явж байхад Б , Г хоёр миний хажуугаар гараад гүйцэж түрүүлээд О-гийнд очсон. Би араас нь орсон. Тэр хоёр сундалдаад явж байсан...” гэх мэдүүлэг/хх 43-44-рт/,

-гэрч А.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...П.Б  арваад кг ноолуур байгаа түүнээс нь 5 кг-ийг нь аваад дээш нь хөвсийлгөвөл Чука мэдэхгүй байх гэж байсан...” гэх мэдүүлэг/хх 47-48-рт/ зэрэг мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт “ би Б-ийг өөрийхөө ноолуурыг авч байна гэж бодсон...би хулгай хийгээгүй ...” гэж, шүүгдэгч Д.Б  нь “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна болсон зүйлийг санахгүй байна...” гэж тус тус мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад гэрч, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын мэдүүлэгүүдээр дээрхи тайлбарууд нь үгүйсгэгдэж  байгаа тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Уг гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилсан ба шүүгдэгч Б.Г , П.Б  нар нь хохирогч В.Ч-ын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт нэвтэрч 1.080.000 төгрөгийн үнэлгээ бүхий 13,5 кг ноолуурыг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г , П.Б  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс Б.Г , П.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Г , П.Б  нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч В.Ч  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...ноолуурын хэрэг шийдэгдтэл 1 жил гаруй хадгалснаас чийгээ алдаж анхны жингээс 200 гр дутсан байгаатай санал нэгтэй зөвшөөрч байгаа. Иймд анхны жингээс дутсан ноолуурыг эс тооцон миний хураагдсан 13,2 кг ноолуурыг олгож өгөхийг хүсэж байна...” /хх 121-рт/  гэсэн  байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 13,2 кг ноолуурыг хохирогч В.Ч-д олгох нь зүйтэй байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Ц.Е  нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...П.Б , Б.Г  нарт 4 кг ноолуурын оронд 87.000 төгрөгний үнэ бүхий бараа өгсөн. Одоо уг 87.000 төгрөгийг энэ 2 хүнээс нэхэмжилж олгож өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч П.Б , Б.Г  нараас тус бүрээс 43.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.Е-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Г , П.Б  нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь сонгох санкцигүй зөвхөн хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “...анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал болон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан заалтыг журамлаж өгнө үү...” гэх дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт бөгөөд мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “...энэ хуулийн  тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэж заасан байх бөгөөд хохирогч В.Ч  нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...би хулгайд алдсан ноолуураа олж авмаар байна...”, шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...миний хураагдсан 13,2 кг ноолуурыг олгож өгөхийг хүсэж байна...” гэх хүсэлтийг гаргасан, хэрэг эд мөрийн баримтаар тус алдагдсан гэх ноолуур нь прокурорын зөвшөөрлөөр хураагдсан ирсэн, мөн иргэний нэхэмжлэгчид 87000 төгрөгийг шүүгдэгч нар нь төлж барагдуулаагүй байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирогч В.Ч  болон иргэний нэхэмжлэгч Е нарт хохиролыг нь нөхөн төлж барагдуулаагүй, шүүгдэгч П.Б  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Б.Г  нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэмшсэн болохоо илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгч Б.Г-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруугаа хүлээж буй байдал зэргийг тус тус ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн гаргасан “...шүүгдэгч Б.Г-ыг 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, шүүгдэгч П.Б-ийг 4 жилийн хугацаагаар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна...” гэх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б-ийг 04/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ыг 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч П.Б нь өмнө нь хоёр удаа 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял эдэлж байсан нь тэдгээрийн хувийн байдлыг тодорхойлж байх бөгөөд шүүгдэгч П.Б , Б.Г  нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13.2 кг ноолуурыг хохирогч В.Ч-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г-ын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирсэн, шүүгдэгч П.Б-ийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаанхайрхныхан овогт Б-ын Г , Оготореншөөбү овогт П-ын Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б-ийг 04/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г-ыг 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г , П.Б  нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Г , П.Б  нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г , П.Б  нараас тус бүр 43.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Е-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13.2 кг ноолуурыг хохирогч В.Ч-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Энэ хэрэг хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.Г-ын иргэний цахим үнэмлэх шүүхэд ирсэн, ялтан П.Б-ийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Г-ын иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Г, П.Б  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА