Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 10

 

Б.Г, П.Б нарт

                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Прокурор Н.Мөнхбат,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ж.Дорждэрэм, Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлоор, Б.Г, П.Б нарт  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт  сумын харьяат, Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суух, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДМ96123019 регистрийн дугаартай, Цагаанхайрхан овогт Б Г.

 

Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Цогт  сумын харьяат, Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суух, 1993 оны 03 дугаар сарын 9-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 4 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, нийт 2 удаагийн ял шийтгэлтэй, ДЮ93030931 регистрийн дугаартай, Оготореншөөбү овогт П Б.

 

Шүүгдэгч Б.Г, П.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн иргэн В.Чулуунбатын тусгайлан хамгаалсан байр буюу амбаарт хууль бусаар нэвтрэн орж, 13,5 кг ноолуур хулгайлан авч, 1.080.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Цагаанхайрхныхан овогт БГ , Оготореншөөбү овогт П Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б 04/дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г, П.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж. Ялтан Б.Г, П.Б нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г, П.Б нараас тус бүр 43.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ерөөлтөд олгож. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13.2 кг ноолуурыг хохирогч В.Чулуунбатад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож. Энэ хэрэг хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нар нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ялтан Б.Г иргэний цахим үнэмлэх шүүхэд ирсэн, ялтан П.Б иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Г иргэний цахим үнэмлэхийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Г, П.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдол тайлбартаа: Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирлыг барагдуулсан байдаг. Өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн материалаас харахад хулгайн гэмт хэргийг Б.Г хамт үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нотлох баримт хэргийн материалд хавсрагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Г гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн түүнд санаатай оролцох гэнэ гэж үзсэн. Мөн Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээрээ санаатай гэж үзэхээр  Б.Г, П.Б нар нь урьдчилан үгсэн тохирч  үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалаас үзэхэд  П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г нь хулгайн гэмт хэрэг хийсэн гэж мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн үед би тасарсан байсан. Хэргийн нөхцөл байдлын талаар огт мэдэхгүй гэж мэдүүлдэг. Б.Г нь анхны мэдүүлгээрээ ноолуур хаана байгаа талаар, явсан маршрут  үнэн зөв мэдүүлж ирсэн. Гэрч нарын мэдүүлгийг харахад Б.Г  мэдүүлэг нь тохирдог. П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн амбаарт би намар хүртэл амьдарч байсан. Айлын малыг нь маллаад хамт амьдарч байсан. Тэр амбаарт ноолуур байсан талаар би мэдэж байсан юм гэж мэдүүлсэн. ХХ-ийн 47-48-р хуудсанд Билэгсайханы мэдүүлэг байна. П.Б  нь Чука эгчийн амбаар 10 кг  ноолуур байгаа түүнээс нь аваад хөвсийлгөөд тавьчихвал мэдэхгүй  гэж мэдүүлж байсан. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байдаг. Анхан шатны шүүх нь урьдчилан үгсэн тохиролцсон гэж үздэг. Б.Г  нь өдөр 13 цагийн үед ахыгаа сумаас очиж авах гээд явсан талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Сум явах үед нь П.Б нь хамт яваад ирье гэж хэлсэн. Анхан шатны шүүх нь урьдчилан үгсэн тохиролцоод үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх нь шүүгдэгч П. мэдүүлэг, гэрч Нэргүй, Оюунболор, Билэгсайхан, Батмөнхийн мэдүүлэг зэргийг иш татаж урьдчилан үгсэн тохиролцож явсан гэж үзсэн. Эдгээр гэрч нарийн мэдүүлгээс харахад энэ ноолуурыг хэн аваад захиран зарцуулаад байгаа юм бэ? гэдэг асуудал. Мөн Г нь тухайн үед яагаад сум руу явах болсон юм  гэдгийг гэрчилсэн гэрч нарийн мэдүүлэг хавсрагдсан. Дэлгүүрт П.Б нь ноолуурыг оруулж өгсөн. Би ноолуурын дээжээ хадгалсан байсан юм гэдгээ хэлээд өгсөн гэдгийг Ц.Ерөөлт болон түүний эхнэр нь гэрчилдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г нь ноолуурыг нь авч яваад сумын дэлгүүрт зарсан талаар мэдүүлсэн. Гэтэл  энэ нь  гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэдэг. Б.Г нь П.Б хулгай хийж байна гэж мэдээгүй. П.Б нь би түлхүүрээ мартсан байна гээд дарааг нь эвдээд амбаарт орсон. Ноолуур авсан гэдгийг нь эхнэр мэдэх юм бол уурлана тиймээс Анхан шатны шүүхээс тогтоосон зүйл байхгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.

Шүүгдэгч П.Б өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдол тайлбартаа: Анхан шатны шүүхээс П.Б нь Б.Г бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан бөгөөд П.Б гэм буруугаа хүлээсэн боловч хохирол нөхөн төлөөгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглээгүй болно. Анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэгч Ц.Ерөөлтийг оруулах хүсэлтийг хойшлуулсан шүүх хуралдаанд П.Б нь өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнээр гаргуулсан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байсан. Хэрэв иргэний нэхэмжлэгч Ц.Ерөөлт шүүх хуралдаанд биечлэн оролцсон бол шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гарч гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа хохирлыг төлөх  бүрэн боломжтой байсан. Одоо хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэжээ.

Прокурор Н.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Хоёр шүүгдэгчийн тухайд мөрдөн байцаалтын шат болон прокурорын шатанд иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах талаар ямар нэг санал санаачилга гаргаж байгаагүй. Б.Г, П.Б нар нь анхан шатны гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. Би хийгээгүй гэдэг байдлаар мэдүүлж байсан. Анхан шатны шүүх хурлаар гэм буруутайд тооцоод  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хурал дээр гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөр байна. Ялын доод хэмжээг онолдуулж өгнө үү гэж мэдүүлж байсан. П.Б нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт бид  хоёр архи уух зорилгоор амбаараас 4 кг ноолуур аваад Ц.Ерөөлтийнд очиж өгсөн. Тэр мөнгөөрөө архи аваад айлд очиж уусан. Авч явсан ноолуураа хадан доор нуусан. Бид хоёр сум яваагүй. Ноолуур аваад Ц.Ерөөлтийн гэрт очсон юм гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны  шүүх хуралдаанд мэдүүлж байсан. Б.Г өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Г өмгөөлөгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбар хэлж байна. Мөрдөн байцаах шатанд хохирол төлөх санал санаачилга гаргаж байгаагүй. Шүүхээс ял оногдуулахаар хохирлоо нөхөн төлөөд орж ирж байгаа нь эрүүгийн хуульд заасан үзэл баримтлал алдагдаж байна. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг төдийгүй хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийг шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багт оршин суугч В.Чулуунбатын амбаараас эд зүйл хулгайд алдагдсан талаарх мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явцад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр В.Чулуунбатаас гэрчээр мэдүүлэг авахад “П овогтой Б уг ноолуурыг хулгай хийсэн гэж бодож байгаа талаараа нэр заан тодорхой мэдүүлсэн байхад тухайн хэрэгт шууд сэжиглэгдэж байгаа Б.Бс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан байна.

Мөн гэрч Ц.Ерөөлт 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 40 минутад гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр П.Б 4 килограмм ноолуур авч ирж өгсөн бөгөөд түүнтэй Б.Г хамт явсан талаар мэдүүлсэн, хамаарал бүхий нотолгоо бий болсон байхад 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 14 цаг 40 минутад тухайн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Г Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг гаргуулан авсан байна.

Ингэж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт мөрдөгч ямар зорилгоор мэдүүлэг авах гэж байгааг танилцуулж тэмдэглэлд тусгана гэснийг, мөн зүйлийн 7 дахь хэсэгт тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан мөрдөгч түүнд тодруулах асуулт тавьж болно гэснийг, тухайн зүйлийн 13 дахь хэсэгт мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно гэснийг тус тус зөрчиж Б.Г шууд “Та Ц.Ерөөлтөөс эд зүйл авахдаа ноолуур аваачиж өгсөн байна. Уг ноолуурыг та хаанаас авсан бэ?” гэж тулгасан асуулт асууж цаашид хөтөлсөн асуултууд асууж хариулт авсан байна.  

Анхан шатны шүүх дээр дурдсан мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангасан эсэх, хэрэг бүртгэлтийн шатанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт  хийхгүйгээр хууль зөрчиж шүүгдэгч нараас өөрсдийнх нь эсрэг гаргуулан авсан гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт  заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Мөрдөгч П.Б, Б.Г нарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа, хохирогч, гэрч шууд нэр заасан, хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж заасныг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн байж болох хүн, хуулийн этээд тодорхойгүй байгаа үед ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзсэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” болохыг тусгайлан тайлбарлаж өгөх учиртай.

Мөн шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “П.Б байшинд очоод юм авъя гэхээр нь санаандгүй хамт очсон. Байшинд орчихоод гарч ирэхдээ түлхүүрээ хаясан байна. Дарааг нь муруйлгаад авсан гэж хэлсэн. Хэрэв хулгай хийх гэж байсан бол би хамт явахгүй байсан” гэсэн мэдүүлэг,  “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг, 

шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Б.Г бид хоёр архи ууж байснаа санаад байгаа. Тухайн үед согтуу байсан учир бусад зүйлийг санахгүй байгаа. Б.Г намайг малгүй гэдгийг мэдэж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэсэн мэдүүлэг, “Цагаанаа /Б.Г/ сум авч явахаар бэлдсэн байсан ноолуур гээд Цогт сумын гэгээт баг Сайрын уулзварын ард талын жалганаас цагаан өнгөтэй 4 килограмм ноолуур гаргаж ирсэн. Ц.Ерөөлт гэдэг хүнд 1 килограммыг нь 30000 төгрөгөөр өгөөд орхи гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд харилцан эрс зөрүүтэй байхад уг мэдүүлгүүд үндэслэлтэй эсэх бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр бүхэлд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлож байна гэж үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5, 1.6  дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд хамаарна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгахаар заасан байна.

Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч нар уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх, тухайлбал Б.Г уг гэмт хэрэгт ямар үйлдлээрээ нэгдсэн, ямар хэлбэрээр хамтран оролцсон болох нь бодитой тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нар уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан шүүгдэгч нарт оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүгдэгч П.Б өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Б.Г, П.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүх хүлээн авах хүртэл Б.Г, П.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Т.ЖАРГАЛСАЙХАН

                            ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                                                              Ч.ЭНХТӨР