Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01150

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01150

 

 

Х.Ө гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/00969 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Ө гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ананда, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонтөгс, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч Х.Ө нь 2021 оны 03 сарын 23-ны өдөр Ш төвд байрлах А ресторанд үйлчлүүлэхээр орохдоо тус рестораны хооллох хэсгийн үүдэнд байрлуулсан байсан 50 см өндөртэй өнгөгүй тунгалаг, олон тасалгаа бүхий, дөрвөлжин хэлбэртэй шилнүүдэд бүдэрч унан гэмтсэн. Тухайн үед уг шилнүүдэд ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй.

1.2. Уг өдрийн осол болсноос хойш нэхэмжлэгчийн толгой болоод хамаг үе мөч янгинаж өвдөх, халуурах, бөөлжих, хамраас цус гэнэт гарах, нүд бүрэлзэх, хараа эрс муудах, хялар харах зэрэг зовиурууд илэрч уламжлалт бариа засал хийлгэсэн боловч зүгээр болохгүй байсан тул Интермед эмнэлэгт нэн шаардлагатай шинжилгээ хийлгэн, рентген зургуудыг авахуулж, 2021 оны 04 сарын 16-ны өдрөөс 2021 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

1.3. А ресторан нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол тухайн үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ёстой бөгөөд холбогдох хууль, заалтын дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг дагаж мөрдөж үйл ажиллагаа явуулах ёстой. А ресторанд унаж бүдрэхээс болгоомжил гэсэн аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээг байрлуулсан байх ёстой атал энэ үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэж байгаа.

1.4. Нэхэмжлэгч нь тус рестораны удирдлагуудад гомдол гаргасан боловч ойлголцолд хүрээгүй тул 2021 оны 04 сард Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар гомдол гаргаж, гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.

1.5. Мөрдөн шалгалтын явцад нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор 3 удаа шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарган, дүгнэлтүүдээр түүний биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй буюу хүндэвтэр хохирлын хэмжээнд хүрэхгүй байна гэж үзэн 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 1434 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргасан.

1.6. Мөн Мэргэжпийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 05/889 дугаартай албан бичигт дурдсаны дагуу ажилтан, ажил олгогч нарын хоорондох ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт алдагдаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн гэж гэж үзэх боломжгүй гэж үзэн хэргийг хаасан юм.

1.7. Нэхэмжлэгч нь тус ресторанд унаж гэмтсэнээс хойш өнөөдрийг хүртэл зовиурууд арилахгүй эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд энэхүү хугацаанд эмчилгээ, эм тарианы төлбөрт нийт 6,216,913 төгрөг зарцуулсан. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.2, 187 дугаар зүйлийн 187.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжпэгчийн эмчилгээнд зарцуулсан нийт 6,216,913 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Х.Ө гийн А ресторанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Х.Ө 2021 оны 03 сарын 23-ны өдөр манай А ресторанаар үйлчлүүлсэн байна.

2.2. Тухайн өдөр Х.Ө нь рестораны тайзны хэсэгт өөрийн болгоомжгүй үйлдлээс бүдэрч унасан гэж үзэж байна. Энэ нь цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох дүгнэлт шийдвэрээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл А рестораны зүгээс үйл ажиллагаа явуулахдаа Монгол улсын холбогдох хууль дүрэм зөрчөөгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас 5,005,813 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч Х.Ө д олгож, үлдэх 1,206,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 95,043 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ө д олгож шийдвэрлэв.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Х.Ө нь А ХХК-ийн эрхлэн явуулдаг А ресторанаар үйлчлүүлэхээр ирэх үедээ газарт байрлуулсан байсан өвдөг хавиар татах шилэн тайзанд бүдэрч унан, өөрийн эрүүл мэнддээ өөрөө хөнгөн хохирол учруулсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Гэвч Х.Ө д учирсан гэмтэл нь хариуцагч болох А ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан гэж үзэхэд өрөөсгөл, тэдгээрийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэхэд учир дутагдалтай юм

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Ө нь өөрийн хэт болгоомжгүй үйлдэл, дээрээс нь түүний өөрийн эрүүл мэндийн онцлогтой шууд хамааралтай буюу Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн нүдний эмчийн үзлэгээр ойрын харалган гэсэн оноштой буюу ойрын хараа муу ойрын зүйлсийг хардаггүйтэй холбоотойгоор унаж бэртсэн байхад түүний унасны улмаас өөрийн биеэ гэмтээснийг цаашлаад түүний эмчилгээнд гарсан гэх зардлыг А ХХК нь хариуцах нь хуульд нийцэхээргүй байна.

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд гэм хор учруулснаас хүлээх хариуцлагын талаарх зохицуулалтыг хууль тогтоогчоос баталсан бөгөөд 497 дугаар зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө хэмээн хуульчилжээ.

1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 1434 дугаартай прокурорын тогтоолоор Х.Ө гийн гомдлоор шалгасан хэрэгт хэрэг бүртгэлтийн хххх дугаар хэрэгт А ХХК нь гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байдал,

2. 2021 оны 04 сарын 15-ны өдөр хийсэн Сиди бичлэгний үзлэгийн тэмдэглэлд ... бүдэрч унасан зүйл нь ногоон өнгийн тэмдэглэгээ бүхий шил мэт зүйл байв. 2022 оны 06 сарын 20-ны өдрийн дахин үзлэг хийсэн тэмдэглэлээр ... хоолны ширээ сандалын хажууд шилэн тасалгаа бүхий хоёр хажуу талаараа шар өнгийн хүрээтэй тухайн эмэгтэйн өвдөгний доод талаар татах хэмжээтэй зүйл рүү бүдэрч унасан ...

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 6105 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 625 дугаартай бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр ...Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр ойрын харалган гэсэн оноштой байх бөгөөд илэрсэн зовиур, багажийн шинжилгээ, тавигдсан онош нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй насжилттай холбоотой үүсдэг архаг өөрчлөлт болно. гэсэн дүгнэлт,

4. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Я.Д гийн шинжээчээр ажилласан дүнэлтэд А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам, хангаж ажиллаагүй гэх нөхдөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Эдгээр баримтуудаар хариуцагч А ХХК нь Монгол улсад мөрдөгдөж буй ямар нэгэн хууль, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдохгүй бегөөд нэхэмжлэгч өөрийн хэт болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн өөрийн эрүүл мэнддээ хохирол учруулсан болох нь нотлогдоно.

4.3. Түүнчлэн шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ илт үндэслэл муутай дүгнэлт хийснээс болж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг А рестораны ажилтнуудын хөдөлмөр эрхлэх явцад тэдгээрийн эрүүл мэндэд учирч болох үйлдвэрлэлийн аюултай нөхцөл байдалтай холбоотойгоор хийгдсэн дүн шинжилгээ байх тул тус ресторанаар үйчлүүлсэн үйлчлүүлэгчид учирсан эрсдэлтэй холбоотойгоор гаргасан дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй байна..., Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний төвийн зөвлөлийн 1998 оны 11 сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр, хамгаапал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгөний Монгол улсын стандартын 1.3-т Аюулгүй ажиллагааны тэмдгийг хүмүүсийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй ажил үйлчилгээний байр, зам тапбай, байгуулаж, олон нийтийн газар мөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав баглаанд байрлуулна гэж, 1.7-д Аюулгүй ажиллагааны эдгээр тэмдэгтүүдийг Монгол улсын бүх байгууллага, аж ахуй нэгж, салбар /аж үйлдвэр, тээвэр, худалдаа, эрүүл ахуй, үйлчилгээ, хөдөө аж ахуй, төр захиргааны г.м/ үйл ажиллагааныхаа онидогт нийцүүлэн сонгон хэрэглэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч А ХХК нь дээрх стандартад заасанчлан тусгаарлах тууз, тэмдэг тэмдэглэгээг тавих үүргээ хэрэгжүүлээгүй, олон нийтэд анзаарагдаж анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавилгүйгээр стандартыг зөрчсөн гэм буруутайн улмаас үйлчлүүлэгч X.Ө унаж, бэртэн түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шалтгаант холбоогой байна гэж дүгнэх үндэслэлтэй. гэж үндэслэл муутай дүгнэлтийг хийсэн.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нотлох баримтад тавигдах шаардлагыг хуульчилсан. Нэхэмжлэгч нь хэрэгт Стандартчилап, Хэмжилзүйн Үндэсний Төвийн Зөвлөлийн 1998 оны 11 сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан гэх Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө стандартыг нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувиар гаргаж өгсөн байх бөгөөд үүнийг www.Legalinfo.mn сайтаас шүүж үзэхэд илэрцгүй байна. Үүнийг шууд шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүрч байна.

4.5. Мөн тухайн хэргийн өмнө нь 2022 оны 10 сарын 19-ний өдөр 210/MA2022/01899 дугаартай магадлалаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл арилаагүй энэ талаарх ажиллагаа огт хийгдээгүй буюу магадлалд заасан үндэслэлд бүрэн засагдаагүй байхад хэргийг эцэслэн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.6. Мөн нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хуульд үндэслээгүй шийдвэрийг гаргасанд туйлын гомдолтой байгаа болно.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/00969 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь тус хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгахдаа нэхэмжлэгч Х.Ө гийн биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон.

5.2. Монгол улсын Эрүүгийн хуульд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар тусгасан байдаг бөгөөд А ресторанд болсон хэрэг нь тус хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй учраас хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн болохоос А рестораныг гэм буруугүй гэж тогтоосон шийдвэрийг гаргаагүй. Сиди/CD/ бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бүдэрч унасан зүйл нь ногоон тэмдэглэгээ байрлуулсан байсан нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгөний стандартыг зөрчсөн гэж үзэж байна.

5.3. Учир нь тус стандартын А11-т ажлын байр, талбайд бүдрэхээс болгоомжлох гэсэн тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах шаардлагатай байдаг. Хариуцагчийн гомдолд дурдсан хэргийн материалд нотлох баримтаар өгсөн стандарт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тус хэргийн материалд өгсөн стандартыг E-standart.gov.mn сайтаас татаж авсан ба E-standart.gov.mn цахим сайт нь Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа үндэсний болон Олон улсын стандартыг байршуулсан цахим систем бөгөөд олон улсын сайт.

5.4. Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөр, хамгаалалтын улсын байцаагчийн дүгнэлтээр төлөөлүүлэгч Х.Ө болон А ХХК нарын хооронд ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй.

5.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь өөрөө хөдөлмөр эрхэлж байгаа этгээдүүдэд үйлчлэхээр зохицуулагдсан хууль. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь уг зөрчлийн хэргийг бүх талаас нь бүрэн бодитой хянаж, шийдвэрлэсэн бол хариуцагч А ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.25-д заасны дагуу Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийг зөрчих зөрчил үйлдсэн байна гэдгийг тогтоох боломжтой байсан.

5.6. Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.25-д заасан зөрчлийг үйлдсэн болохыг тогтоосон байсан бол хариуцагч талыг гэм буруутай гэж нотлох боломжтой. Мөн хохирогчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах боломжтой байсан. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг боловч нэхэмжлэгч талын өмнөх өмгөөлөгч нь хэд хэдэн удаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байсан ч шүүхийн зүгээс тус хүсэлтийг хангаж шийдвэрлэх байсан.

Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүднээс тухайн байгууллагуудад хүсэлт гаргасан боловч тухайн байгууллагууд нь хууль, шүүхийн байгууллагад хандсан тохиолдолд манай зүгээс нотлох баримтуудыг гаргуулах боломжтой, энэ нь хувь хүний нууцад хамаарах мэдээлэл гэх хариу өгч байсан. Үүнд үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хандаж, нотлох баримт цуглуулах үүргээ тодорхой хэмжээнд хэрэгжүүлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 6,216,913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

 

3.1. Нэхэмжлэгч Х.Ө нь 2021 оны 03 сарын 23-ны өдөр Ш төв-д байрлах А ХХК-ийн ажиллуудаг А ресторанаар үйлчлүүлэхээр ороод ...тайз засахаар газарт байрлуулж тавьсан 50 см орчим өндөртэй шилэн хаалтанд бүдэрч унасан;

 

3.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 сарын 16-ны өдрийн 3151 дугаар Шинжээчийн дүгнэлтэд ... Х.Ө гийн биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэж; /1хх-30-34/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 сарын 16-ны өдрийн 6105 дугаар Шинжээчийн дүгнэлтэд ... Х.Ө гийн нэмэлтээр ирүүлсэн 2021 оны 04 сарын 23-ны өдрийн тодосгогчтой түнхний соронзон резонанст томографийн хариу нь шинжилгээнд тэнцэж байна. Уг хариугаа зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин /obturator externus/-ийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр илэрсэн зовиур, багажийн шинжилгээ, тавигдсан онош нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй, архаг өөрчлөлт байна. гэж; /1хх35-37/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 сарын 13-ны өдрийн 625 дугаар Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд ... Х.Ө гийн биед тухайн үед тархи доргилт, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал, сүүж, түнхний үений холбогч булчин /obturator externus/-ийн суналт, баруун шилбэний зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Орбита нүдний эмнэлгийн 2021 оны 05 сарын 10-ны нүдний эмчийн үзлэгээр Ds:Presbyopia H52.4 /ойрын харалган/ гэсэн оноштой байх ба уг эмгэг нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй, насжилттай холбоотой архаг өөрчлөлт болно гэж тус тус дүгнэсэн; /хх38-42/

 

3.3. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Я.Д гийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн №2021/01 тоот Шинжээчийн дүгнэлтэд ... А ресторан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журам хангаж ажиллаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тус тус дүгнэжээ. /хх-43-44/

 

3.4. Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ш төвийн 3 давхарт байрлах А ресторанд Х.Ө нь үйлчлүүлэхээр орох үедээ тайз засахаар байрлуулсан байсан шилэн хаалтанд бүдэрч унасны улмаас түүний биед тархи доргилт, баруун шилбэний зулгаралт, зүүн ташаа, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 1434 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх24-26/

 

4. Анхан шатны шүүх Стандарчилал, Хэмжилзүйн Үндэсний төв-ийн зөвлөлийн 1998 оны 11 сарын 27-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгөний Монгол Улсын стандарт-д заасныг зөрчиж, хариуцагч А ХХК нь дээрх стандартад заасанчлан тусгаарлах тууз, тэмдэг тэмдэглэгээг тавих үүргээ хэрэгжүүлээгүй, олон нийтэд анзаарагдаж анхааруулах тэмдэг тэмдэглэгээг тавилгүйгээр стандартыг зөрчсөн гэм буруутайн улмаас үйлчлүүлэгч Х.Ө унаж, түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шалтгаант холбоотой талаар дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК нь Х.Ө д учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан зардлын баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлж, 2021 оны 04 сарын 23-ны өдрийг хүртэлх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 3,415,763 төгрөг, тархины рентген хийлгэсэн 1,244,500 төгрөг, И эмнэлгийн гэмтлийн эмчийн үзлэг 46,550 төгрөг, мэдрэлийн эмчийн үзлэг 46,550 төгрөг, Г эмнэлэгт дусал хийлгэсэн 150,000 төгрөг, мэдрэлийн эмнэлгийн 20,000 төгрөг, эмийн зардал 2,450 төгрөг, толгой бариулсан 80,000 төгрөгийн зардал нийт 5,005,813 төгрөгийг Х.Ө гээс гарсан зардал гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх гэм хорын хохирол учирахад нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байгааг анхаарч үзэлгүй хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 5,005,813 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч нь А ресторанаар үйлчлүүлэхдээ замдаа байгаа саадыг харах, анхаарал болгоомжтой байгаагүй буюу Х.Ө гийн хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учрахад нөлөөлсөн байх тул Х.Ө д учирсан гэм хорын хохирол 5,005,813 төгрөгийн хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, 2,502,906 төгрөг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Гэм хорын хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэнтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг нэмж баримтлана.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 181/ШШ2024/00969 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар хариуцагч А ХХК-аас 2,502,906 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ө д олгож, үлдэх 3,714,007 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 95,043 ... гэснийг ... 54,996 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР