Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0447

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу С.Ө-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлийн 39.6, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолыг биелүүлэх /нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон захиргааны акт гаргах/-ийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан С.Ө-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс 15.510.820 төгрөгийг Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцож, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ө-д олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 39.6-д заасан хуулийн зохицуулалтыг гуйвуулан тайлбарласан бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийг төв байгууллага гэж үзэх үндэслэл болохгүй. Хуулиас давсан журам гэж байх ёсгүй. Шүүх төрийн албаны салбар зөвлөлийг Төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээтэй хольж Төрийн албаны тухай хуулийг гуйвуулсан гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39.1, 39.1.1-39.1.18 хүртэл байгаагаас 39.6 гэсэн заалт байхгүй байна. Байхгүй зүйл заалтыг тогтоох хэсэгт баримталсан байна.

Иймд анхан шатны шүүхийн 12 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан С.Ө-ыг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлж, төсвийн сахилга хариуцлага алдаж, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн дундаж оноо 55.6 буюу “F” үнэлгээтэй дүгнэгдсэн гэх үндэслэлээр тухайн аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар[1] нэхэмжлэгчийг уг албан тушаалаас нь халсан байна.

Уг захирамжийг эс зөвшөөрч С.Ө Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд /салбар зөвлөл/ гомдол[2] гаргасны дагуу салбар зөвлөл 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор[3] Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын гаргасан 2018 оны Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн байх бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгуулахаар хариуцагч Төрийн албаны зөвлөлд гомдол[4] гаргасныг Төрийн албаны зөвлөл хүлээн аваад, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 400 дүгээр албан бичгээр[5] “...Маргаан хянан шалгах комиссын дүгнэлт, Салбар зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, нотлох баримтуудаас үзэхэд ...06 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэх хариуг өгчээ.

Төрийн албаны зөвлөлийн 400 дүгээр албан бичгийг хариуцагч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргаагүй бөгөөд салбар зөвлөлийн 06 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/01 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх сэргээгдэх ёстой” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ:”, 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан;”, 39.3-т “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.”,

Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлд “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай дараахь маргааныг хянан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан болон бусад төрийн жинхэнэ албан хаагчаас дараахь асуудлаар гаргасан маргаан:”, б заалтад “энэ журмын 3-ын 4-ийн "б" - "е"-д /мөн хуулийн 39.1.2-т заасны дагуу ажиллах нөхцөл, цалин хөлс, баталгааны талаар гаргасан бусад маргаан/ заасан маргаан”,

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.3-т “Аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл нь өөрийн харъяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах тусгай үүргийг хэрэгжүүлнэ”, 2.3.3-т “...сум...Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний орон нутгийн удирдлагатай нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, ...хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гаргасан маргааныг Монгол Улсын Их Хурлаас баталсан журамд заасны дагуу хүлээн авч, хянан шийдвэрлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон журмаар төрийн албан хаагчийг ажлаас халсантай холбоотой маргааныг төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэх төдийгүй Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлийн хянан шийдвэрлэх маргааныг нарийвчлан зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг салбар зөвлөл хүлээн авч, хянан үзээд тогтоол гаргасныг эрх хэмжээгүй этгээд тогтоол гаргасан гэж үзэхээргүй байх бөгөөд хариуцагчийн “...салбар зөвлөл албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгуулах саналаа нотлох баримтын хамт Төрийн албаны төв зөвлөлд хүргүүлэх байсан, эрх хэмжээгүй этгээд тогтоол гаргасан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 39 дүгээр зүйлийн 39.6 гэх заалт байхгүй байхад уг хуулийн заалтыг баримталсан” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/01 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон салбар зөвлөлийн 06 дугаар тогтоол байх тул Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдсан захирамжийг хүчингүй болгон, түүний уг эрхийг сэргээх буюу маргаж буй албан тушаалд эгүүлэн томилох үүрэгтэй тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолоор нэгэнт тогтоосон байх тул түүнийг биелүүлэхгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг зөрчиж байна.

Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолыг биелүүлж, С.Ө-ыг Төвшрүүлэх сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд томилох талаар уг зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр албан бичгийг[6] хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/10 дугаар албан бичгээр[7] “...04 дүгээр мэдэгдлийг шийдвэрлэх боломжгүй” талаар хариуг өгч, хууль бус татгалзал гаргасан, шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн тогтоолыг биелүүлээгүй тул салбар зөвлөлийн 06 дугаар тогтоолыг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв гэж үзлээ.

С.Ө-ын гаргасан “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15.975.580 төгрөг гаргуулах, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс тасалдаж байгаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-4 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-19 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-31 хуудас

[5] Хавтаст хэрэг 2-30 хуудас

[6] Хавтаст хэрэг 5-38 хуудас

[7] Хавтаст хэрэг 5-35 хуудас