Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 175

 

Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энх-Амгалан,

Ялтан Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт холбогдох 201626011087 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Их өөлд овгийн Бямбажавын Болдбаатар, 1972 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 1 дүгээр гудамж, “Тэргүүр” ХХК-ний хашаанд оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 33 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ДЭ72011616/,

2. Жалайр овгийн Бямбажавын Оюунчимэг, 1975 оны 2 дугаар сарын 1-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 32 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ДЮ75020109/.

Б.Болдбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 37 тоот хашааны гадаа хохирогч Д.Оюунтүлхүүрийг “дүү Оюунчимэгтэй нийлж батерэй хулгайллаа” гэх шалтгаанаар, мөн хохирогч Б.Оюунчимэгийг “бусадтай нийлж батерэй хулгайллаа, Д.Оюунтүлхүүрийг өмөөрлөө” гэх  шалтгаанаар тус тус зодож, хохирогч Б.Оюунчимэгийн бие махбодид “духанд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид “дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт,

Б.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ахын эрх ашгийг хамгаалж, хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ах зүүн хуйхны гэмтлийг учруулсан, харин бусад гэмтлийг гэрийнхээ унь, тооныг угааж байхдаа унагаснаас авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар, Б.Оюунчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Болдбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Оюунчимэгийг хувийн сэдэлтээр, шүүхэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын Болдбаатарыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын Оюунчимэгийг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаатар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалган шийдвэрлэжээ.

Ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайхан гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан Б.Болдбаатар нь хэрэг үйлдэгдсэн тухайн өдөр хохирогч Д.Оюунтүлхүүр, Б.Оюунчимэг нарыг хэсэг хугацаанд ажигласны үндсэн дээр батерэй хулгай хийсэн байж болзошгүй гэж үзэн үйлдлийг нь таслан зогсоох гэсэн нэг зорилгоор очсон ба Д.Оюунтүлхүүрийн автомашинд 6 ширхэг батерэй байснаар

ялтан Б.Болдбаатарын сэжиглэсэн үндэслэл батлагдаж байгаа юм. Ялтан Б.Болдбаатар нь хохирогч нарын үйлдлийг таслан зогсоох гэсэн ганц л санаа зорилгоор Д.Оюунтүлхүүр болон Б.Оюунчимэг нартай харьцаа үүсгэсэн ба дургүйцлээ илэрхийлсэн үйлдэл нь хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Ялтан Б.Болдбаатарын үйлдэл нь эд хөрөнгөө хамгаалах гэсэн зөвхөн нэг зорилгод хүрэхийн тулд нэг төрлийн үйлдлээ тасралтгүй хэрэгжүүлж, бусдын бие махбодь буюу эрүүл мэнд гэсэн нэг объектод халдсан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “...Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ" гэсэн заалтыг Улсын Дээд шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1.5-д “Давтан үйлдэх" гэдэгт "...Хулгайлах гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн байхыг ойлгоно. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх бөгөөд уг үйлдэлдээ ял шийтгүүлсэн буюу ял шийтгүүлээгүй нь аль аль нь хамаарна. ..." гэж тайлбарласан. Энэ тайлбарт тайлбарласнаар орон зай, цаг хугацааны хувьд нэг дор, нэг санаагаар, нэг үйлдлээр нэг буюу хэд хэдэн хүний өмчлөх эрхэд /үргэлжилсэн үйлдлээр/ халдсан бол давтан гэмт хэргээр зүйлчилдэггүйтэй адил ялтан Б.Болдбаатарын үйлдлийг давтан гэмт хэрэг гэж зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1
дүгээр сарын 26-ны өдрийн 35 дугаартай тогтоолд "...Улсын яллагч Ж.Энх-Амгалан нь шүүх хуралдааны шүүмжийн үед хохирогч Б.Оюунчимэгийн гэрийн унь унаж, түүний биед "зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал цус хуралт, хэлэнд цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой байна гэж үзэж, шинжээчийн дүгнэлтээс дээрх хэсгийг хасч, шүүгдэгч Б.Болдбаатарыг хохирогч Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл ..." учруулсан гэж ялласан болно". Мөн шинжээч эмч Т.Номинцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ "... Духанд зөөлөн эдийн няцрал, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарна гэж мэдүүлж, тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй..." гэсэн нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан "...Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно" гэсэн заалттай зөрчилдөж байхад шүүх хурал дээр гаргасан шинжээч эмчийн мэдүүлгээр Д.Оюунчимэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялтан Ц.Болдбаатарт холбогдох 201626011087 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Ялтан Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдлийг эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Болдбаатар нь давтан үйлдлээр 2 хүний эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Хохирогч нарт гэмтэл учруулсан үйлдэл нь тус тусдаа сэдэлт, санаагаар үүссэн байдаг. Б.Болдбаатарын хувьд автомашины батарей хулгайлаад байна гэх шалтгаанаар Д.Оюунтүлхүүрийг жолоочийн суудал дээр сууж байхад нь хаалга онгойлгон цохисон. Уг үйлдлийг төгссөний дараа Б.Оюунчимэг нь Д.Оюунтүлхүүрийг өмөөрч “та болиоч” гэхэд Д.Оюунтүлхүүрийг өмөөрлөө гэх шалтгаанаар зодсон. Тус тусдаа сэдэлт, санаа зорилгоор бусдыг зодсон тул Б.Болдбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэмтлийн зэргийн асуудлыг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгаж, зүүн чамайрхайн зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл нь Б.Болдбаатарын үйлдлийн улмаас үүсээгүй, урд өдөр нь унь толгой дээр нь унасны улмаас үүссэн гэж үзсэн. Харин духанд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархай, хуйхан дахь зөөлөн эдийн гэмтлүүд Б.Болдбаатарын үйлдлийн улмаас үүссэн байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Шинжээч эмч Т.Номинцэцэгийг шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд байцаасан. Түүнээс “хохирогчид учирсан гэмтлүүд дангаараа хөнгөн гэмтэл болох уу” гэдгийг тодруулахад “хохирогчид учирсан гэмтлүүд аль аль нь дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна” гэж хэлсэн. Дээрх байдлаас харахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхүйц эргэлзээтэй байдал үүсээгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Болдбаатар нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 37 тоот хашааны гадаа хохирогч Д.Оюунтүлхүүрийг “дүү Оюунчимэгтэй нийлж батерэй хулгайллаа” гэх шалтгаанаар, мөн хохирогч Б.Оюунчимэгийг “бусадтай нийлж батерэй хулгайллаа, Д.Оюунтүлхүүрийг өмөөрлөө” гэх  шалтгаанаар тус тус зодож, хохирогч Б.Оюунчимэгийн бие махбодид “духанд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид “дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэг,

Б.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ахын эрх ашгийг хамгаалж, хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ах зүүн хуйхны гэмтлийг учруулсан, харин бусад гэмтлийг гэрийнхээ унь, тооныг угааж байхдаа унагаснаас авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Оюунчимэгийн хохирогчоор өгсөн "...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 37 тоотод Д.Оюунтүлхүүр ирсэн. Би нөхөр Ганхуягийн автомашины батерэйг авч өгөхөөр Д.Оюунтүлхүүрийн автомашинд нь суугаад хөдөлтөл замд манай ах Б.Болдбаатар таараад "та муу хоёр банзалдаад явж байна уу" гэхэд нь Д.Оюунтүлхүүр гэдэг хүн "та юу яриад байгаа юм, би танай дүүгээс батерэй авах гээд явж байна" гэж хэлсэн. Тэгтэл Б.Болдбаатар ах "та хоёр нийлж байгаад батерэй хулгайлах гэж байна уу" гэж хэлээд Д.Оюунтүлхүүрийг заамдаад цохиод байх шиг байсан. Би яг хаана нь яаж цохисныг хараагүй. Заамдаад барьцалдаад байхаар нь би салгах гээд очтол Б.Болдбаатар ах миний үснээс зулгааж, баруун талын хацар луу гараараа хоёр удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаад хандсан. ..." /1 дүгээр хавтас, 16-18 дугаар хуудас/,

Б.Оюунчимэгийн хохирогчоор өгсөн "...2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр би гэрээ буулгаж униа будсан. Будсан униа ёмкосьт түшүүлээд тавьчихсан байсан чинь миний тэжээдэг муур ёмкосон дээр гарах гэж байхдаа унийг хөдөлгөчихсөн. Тэгээд тэр унинаас 4-5 унь миний толгойн зүүн хэсэг болон зүүн талын мөрийг цохисон. Миний зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тэр үед үүссэн. Харин бусад гэмтэл буюу духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз баруун чамархайн хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн ах Б.Болдбаатар намайг зодох үед үүссэн. Тэр өдөр унь унахад миний хажууд хүн байгаагүй. … Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш миний төрсөн ах Б.Болдбаатар болон миний талийгаач ээж Гүнчиндорж нар надаас "чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу" гээд гуйгаад байхаар нь би миний биед учирсан хөнгөн гэмтлийг унь толгой дээр унах үед үүссэн юм гээд хэлчихсэн. Б.Болдбаатар ах болон түүний өмгөөлөгч нар нь намайг тэгж хэлэхгүй бол Б.Болдбаатар ахыг шоронд явчихна гээд байхаар нь тэгээд хэлчихсэн. Миний одоогийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Хэрэг болсон өдөр Б.Болдбаатар ах, Д.Оюунтүлхүүр хоёр нэгнийгээ анх харж байсан. Тэр үед Б.Болдбаатар ах Д.Оюунтүлхүүрийг надтай нийлж өөрийнх нь сэлбэгнээс нь "Приус-10" загварын автомашины батерей хулгайллаа гэж уурлаад зодсон. ..." /1 дүгээр хавтас, 166-167 дугаар хуудас/,

Хохирогч Д.Оюунтүлхүүрийн "... Би 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 130.000 төгрөгтэй батерэй авахаар Б.Оюунчимэгтэй утсаар ярихад "манай гэрт хүрээд ир батерэйгаа хямд зарна" гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа 14 цаг өнгөрч байхад очиход "хүлээж байгаарай "Сутай буянт" захаас манай нөхөр дээрээс очиж авна" гэсэн. Тэгээд би гэрийнх нь гадаа 2 цаг гаруй хүлээж байгаад Б.Оюунчимэгийг автомашиндаа суулгаад гудамжинд явж байтал урдаас саарал өнгийн "Соната-5" загварын автомашин дохиод байхаар нь зогсоход Б.Оюунчимэг "манай ах байна" гээд нуугдсан. Тэгээд тэр "Сонота-5" загварын автомашинаас Б.Оюунчимэгийн ах нь гэх Б.Болдбаатар гэдэг залуу бууж ирээд намайг хулгайч байна гээд миний автомашины хаалгыг гаднаас онгойлгоод Б.Болдбаатар баруун гараараа миний уруул руу цохьсон. Тэгээд би учрыг нь ололгүй "яагаад байгаа юм бэ" гэхэд "чи хулгайчтай нийлээд хулгай хийж байна" гэж хэлэхээр нь "чи хулгай хийж байгааг яаж мэдэж байгаа юм бэ" гэхэд Б.Оюунчимэгийг “чи нилээн юм хулгайлсан” гээд үснээс нь чирээд ам руу нь өшиглөөд "би чамайг алсан ч яахав, би чиний ах байна" гээд зодоод байсан. Тэгээд Б.Болдбаатар эгчийгээ дуудаад "нөгөө хулгайчийг барьчихлаа" гэсэн. Тэгээд эгч нь ирээд "чи хулгайч" гээд хэл амаар доромжилсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Намайг дүү Б.Оюунчимэгтэйгээ нийлж хулгай хийж байна гэж андуурч цохиж зодох болсон. Миний уруул руу баруун гараараа нэг удаа цохиж, миний уруул шүдтэй хавсарч язарсан гэмтэл учирсан. ..." /1 дүгээр хавтас, 61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Одгэрэлийн "...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчим санагдаж байна, цагийг нь сайн санахгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, нефтийн автобусны буудлын ард байх "Приус" засварт байж байтал дүү Б.Болдбаатар миний утас руу залгаж сэжигтэй "Приус" загварын автомашин манай хашааны гадаа зогсож байгаад Д.Оюунчимэгийг суулгаад хөдлөөд явахаар нь араас нь очиход зугтаахаар нь хөөж байгаад зогсооход "Приус"-ын батерэй гарч ирлээ. "Манай батерэй мөн үү, биш үү, та ирээд дугаарыг нь тулгаад аваач" гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 8 дугаар гудамжинд очиход "Приус-10 " загварын автомашины урд дүү Б.Болдбаатарын машин хөндлөн замыг нь хааж зогссон байдалтай байсан. Очоод юу болсон талаар асуухад дүү Б.Болдбаатар Б.Оюунчимэг гэрээсээ тортой юм хийгээд ногоон өнгийн "Приус" загварын автомашинд суусан болохоор араас нь зогсоох гэхэд зогсохгүй байхаар нь урдуур нь орж зогсоогоод жолоочийн ам руу цохиж, цус гаргасан байсан. Тэгээд намайг харж байхад Б.Оюунчимэгийг хоёр удаа алгадаад "чи ах, эгчийнхээ юмнаас хулгай хийлээ" гэж хэлсэн. Тэгээд тэр автомашинд байсан 6 ширхэг “Приус" загварын автомашины батерэйг дугаараар нь шалгахад манай байгууллагын батерэй биш байсан. Тэгээд "хэний батерэй" гэдгийг асуухад актлагдсан хугацаа дууссан хаягдал батерэй байсан. Манай хашааны хогийн цэг дээр байсан батерэй байсан. Намайг очиход Д.Оюунтүлхүүр гэх залуу танай дүү Б.Болдбаатар миний завьж руу цохиод цус гаргачихлаа гэж хэлж байсан. Б.Оюунчимэгийг Б.Болдбаатар хоёр удаа алгадаж байхад би хажууд нь хараад зогсож байсан. ..." /1 дүгээр хавтас, 64 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн "...Зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2016 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз болон чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /1 дүгээр хавтас, 168-169 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн "...Б.Оюунчимэг нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэхдээ “ахдаа зодуулсан” гэж байсан. Б.Оюунчимэгийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хуучин гэмтэл гэдэг нь гэмтэл авахаас гурав болон түүнээс дээш хоногийн өмнө авсан гэмтлийг ойлгох бөгөөд Б.Оюунчимэгийн биед хуучин гэмтэл байгаагүй. Б.Оюунчимэгийн зүүн чамархайд үүссэн гэмтэл нь унь унах үед үүсэх боломжтой. Б.Оюунчимэгийн биед үүссэн "духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз болон баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ..." /1 дүгээр хавтас, 191-192 дугаар хавтас/,

Б.Болдбаатарын яллагдагчаар өгсөн “...Би Д.Оюунтүлхүүр гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Б.Оюунчимэг намайг боль гээд хажуугаар оролцоод байхаар нь би Б.Оюунчимэгийн үснээс зулгааж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, нуруунд нь 2-3 удаа гараараа цохьсон. ... Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Оюунчимэгийг гэрээсээ гарсан байхаар нь хулгай хийх гэж байна гэж бодоод араас нь очиж уурандаа маргалдаж цохьсон. Би Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын биед гэмтэл учруулснаа болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ..." /1 дүгээр хавтас, 40-42 дугаар хуудас/,

Б.Оюунчимэгийн сэжигтнээр өгсөн "...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Болдбаатар ах миний баруун хацар луу цохиход ил харагдах гэмтэл байгаагүй учраас би тэгж хэлсэн. 2016 оны 4 дүгээр сард уг хэрэг үйлдэгдсэнээс хойш ээж маань надаас байнга л "чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу, төрсөн ахыгаа шоронд явуулж яах гэж байгаа юм" гээд уйлаад гуйгаад байдаг байсан. 2016 оны 9 дүгээр сард ээж маань цус харваад нас барсан. Шүүх хурал дээр ээжийн минь хэлсэн үг бодогдож байсан учраас би унь унаснаас бүх гэмтэл учирсан гэдгээ хэлсэн. Гэхдээ миний толгой дээр унь унасан нь үнэн. Мөн Б.Болдбаатар ахын цохилтоос миний биед ил харагдах гэмтэл байгаагүй учраас би шүүхийн хэлэлцүүлэгт тэгж мэдүүлсэн..." /1 дүгээр хавтас, 195-197 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Оюунтүлхүүрийн биед дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4993 дугаар дүгнэлт /1 дүгээр хавтас, 30 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Б.Оюунчимэгийн хохирогчоор өгсөн “…Тэгтэл Б.Болдбаатар ах "та хоёр нийлж байгаад батерэй хулгайлах гэж байна уу" гэж хэлээд Д.Оюунтүлхүүрийг заамдаад цохиод байх шиг байсан. Би яг хаана нь яаж цохисныг хараагүй. Заамдаад барьцалдаад байхаар нь би салгах гээд очтол Б.Болдбаатар ах миний үснээс зулгааж, баруун талын хацар луу гараараа хоёр удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн. ..." /1 дүгээр хавтас, 16-18 дугаар хуудас/,

Хохирогч Д.Оюунтүлхүүрийн "...Тэгээд тэр "Сонота-5" загварын автомашинаас Б.Оюунчимэгийн ах нь гэх Б.Болдбаатар гэдэг залуу бууж ирээд намайг хулгайч байна гээд миний автомашины хаалгыг гаднаас онгойлгоод Б.Болдбаатар баруун гараараа миний уруул руу цохьсон. Тэгээд би учрыг нь ололгүй "яагаад байгаа юм бэ" гэхэд "чи хулгайчтай нийлээд хулгай хийж байна" гэж хэлэхээр нь "чи хулгай хийж байгааг яаж мэдэж байгаа юм бэ" гэхэд Б.Оюунчимэгийг “чи нилээн юм хулгайлсан” гээд үснээс нь чирээд ам руу нь өшиглөөд "би чамайг алсан ч яахав, би чиний ах байна" гээд зодоод байсан. ..." /1 дүгээр хавтас, 61 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Болдбаатар нь эхлээд "та хоёр нийлж байгаад батерэй хулгайлах гэж байна уу" гээд Д.Оюунтүлхүүрийг заамдаж, улмаар хүч хэрэглэн нүүрэн тус газар нь цохьсон, энэ үйлдлийг нь таслан зогсоох гэсэн Б.Оюунчимэгийн үснээс зулгааж, баруун талын хацар луу гараараа хоёр удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хоёр хохирогчийг зодох болсон сэдэлт, санаа зорилго нь тус тусдаа үүссэн байхын зэрэгцээ Б.Болдбаатарын Д.Оюунтүлхүүрийг зодсон үйлдэл нь нэг эхлэл төгсгөлтэй, мөн Б.Оюунчимэгийг зодсон үйлдэл нь нэг эхлэл төсгөлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэжээ. 

Эрүүгийн хуулийн зорилт нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалахад оршдог бөгөөд хүн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.

Иймд Б.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Б.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ахын эрх ашгийг хамгаалж, хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ах зүүн хуйхны гэмтлийг учруулсан, харин бусад гэмтлийг гэрийнхээ унь, тооныг угааж байхдаа унагаснаас авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд тэрээр худал мэдүүлэг өгөх болсон шалтгааныхаа талаар мэдүүлэг өгөхдөө хэлжээ.

Б.Оюунчимэгийн гэрийн унь унаж, толгойн оройн дагз хэсэгт гэмтэл учруулсан гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, түүний мэдүүлэг, мөн Б.Оюунчимэгийн бусдад хэрхэн зодуулсан нөхцөл байдлыг харгалзан прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Б.Болдбаатарын үйлдлээс Б.Оюунчимэгийн зүүн чамархайн хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл  учраагүй байна гэж үзээд уг гэмтлийг яллах дүгнэлтэд оруулаагүй байна.  

Хэдийгээр Б.Болдбаатарыг Б.Оюунчимэгийн зүүн чамархайн хуйханд учирсан зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг учруулаагүй гэж үзсэн ч шинжээч эмч Т.Номинцэцэгийн … Духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз болон чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /1 дүгээр хавтас, 168-169 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул Б.Болдбаатарыг Б.Оюунчимэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, тэдэнд хуульд заасан ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд ялтан Б.Болдбаатарын өмгөөлөгч Д.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.