Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 35

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

хохирогч Д.Оюунтүлхүүр,

хохирогч, шүүгдэгч Б.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1126/,

шүүгдэгч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Л.Баярсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1987/, Д.Өлзийсайхан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2064/

шинжээч Б.Ундармаа, Т.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Өөлд овгийн Бямбажавын Болдбаатар,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овгийн Бямбажавын Оюунчимэг нарт холбогдох эрүүгийн 2016 2601 1087 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны  01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Их өөлд овгийн Бямбажавын Болдбаатар Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 16-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр байр “Тэргүүр” ХХК-ийн хашаанд оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 33 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ДЭ72011616 дугаарын регистртэй.  

2.Жалайр овгийн Бямбажавын Оюунчимэг Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 01-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр болон 11-17 насны хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51 дүгээр гудамжны 32 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ДЮ75020109 дугаарын регистртэй.  

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 51-37 тоот хашааны гадна хохирогч Д.Оюунтүлхүүрийг “дүү Б.Оюунчимэгтэй нийлж батерэй хулгайллаа” гэх, хохирогч Б.Оюунчимэгийг “бусадтай нийлж батерэй хулгайллаа, Д.Оюунтүлхүүрийг өмөөрлөө” гэх шалтгаанаар зодож хохирогч Б.Оюунчимэгийн бие махбодид “духанд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид “дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус давтан үйлдлээр санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ахыгаа хамгаалж хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ахын үйлдлээс болж гэмтэл аваагүй, харин гэрийнхээ унь, тооныг угааж байгаад гэмтэл авсан” гэж, “зүүн хуйхны гэмтлийг Б.Болдбаатар учруулсан” гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болдбаатар мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай гэрийн гадаа “приус” загварын автомашин зогсоод байхаар нь би Б.Оюунчимэгийг хашаанд байгаа автомашины сэлбэгийг хулгайлж зарах гэж байна гэж сэжиг төрсөн. Тэгээд би худаг руу усанд яваад эргээд ирсэн чинь Б.Оюунчимэг байхгүй байхаар нь асуусан чинь сая гараад явсан гэсэн. Б.Оюунчимэгийг хайгаад хашаагаа тойроод явж байхад манай үүдэн дээр зогсож байсан “приус” загварын автомашины арын суудал дээр Б.Оюунчимэг нуугдаад суусан явж байсан. Уур хүрээд Д.Оюунтүлхүүрийн машины урдуур орж зогсоод Д.Оюунтүлхүүрийн машины түлхүүрийг авах гэж булаацалдаад Д.Оюунтүлхүүр өгөхгүй байхаар нь урууланд нь нэг удаа цохисон. Б.Оюунчимэгийг Д.Оюунтүлхүүрийн машины ард нуугдсан байхаар нь сэлбэг хулгайлж зарж гэж бодоод Б.Оюунчимэгийг 2-3 удаа алгадсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оюунчимэг мэдүүлэхдээ: шүүх хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болохоос өмнө ээж маань нас бараад 2-3 хоног өнгөрсөн байсан. Сэтгэл санааны хүнд дарамтад байсан. Ээж маань амьд байх үедээ надад “чи ахыгаа шоронд оруулах гэлээ” гэж хэлж манайд уйлж орж ирж байсан юм.  Тэгээд шүүх хуралдаан дээр эхийн минь уйлж байгаа нь санагдаад ах Б.Болдбаатарыг  өмгөөлөх маягтай зүйлийг шүүх хуралдаанд мэдүүлсэн. Манай ээж надаас гуйгаад байсан болохоор Б.Болдбаатарын ахын үйлдлээс гэмтээгүй гэж худал мэдүүлэг өгсөн гэв.           

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Оюунтүлхүүр мэдүүлэхдээ: Би өөрөө “приус-10” загварын автомашин жолооддог юм. Урьд нь миний машины обуд хагараад Баянбүрд дээр Б.Оюунчимэгийн ажил дээр очиж обуд авч байсан. Тэр үед Б.Оюунчимэг “надад таны машины анхаарал ассан байна, батерей чинь нурж муудсан байна” гэж хэлээд “надад батерей байгаа” гэж хэлсэн. Тухайн үед нь мөнгө байхгүй байна, дараа ирж батерей авъя гэж хэлээд гэрийн хаягийг нь авч байсан юм. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр приус машины батерей худалдаж авахаар Б.Оюунчимэгийн гэрт очиход Б.Оюунчимэг би толгойгоо угааж байна, та жаахан хүлээж байгаарай гэхээр нь гэрийн гадаа нь 2 цаг гаруй хүлээсэн. Тэгээд Б.Оюунчимэгийг машиндаа суулгаад авч явах үед энэ Б.Болдбаатар өөдөөс “Сонота-5” маркийн автомашинтай хүрч ирээд миний машины өөдөөс тулаад зогссон. Тэгэхээр нь машиныхаа цонхыг онгойлготол үгийн зөрүүгүй шууд намайг цохиод авсан. Тэгээд Б.Болдбаатар эгчийгээ дуудсан. Эгч нь хүрч ирээд “энэ харваас хулгайч байна” гээд намайг хэл амаар доромжилсон. Намайг машинаасаа буугаад ирсэн чинь Б.Болдбаатар Б.Оюунчимэгийг зодоод байсан. Б.Болдбаатар миний машины түлхүүрийг авах гэж надтай булаацалдаагүй, энэ хүн худлаа ярьж байна. Намайг хулгайч байна гээд тэгээд би тэдний хамт Б.Болдбаатарын гэрт нь очсон. Б.Болдбаатарын эгч нь намайг хулгай хийсэн гээд цагдаа дуудаж, бид цагдаагийн хэлтэс дээр очсон. Тухайн үед миний биед уруулд язарсан шарх үүссэн байж байгаад эдгэрсэн. Надад эмчилгээний төлбөр гэж төлөөгүй, би нэхээгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Оюунчимэг мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Д.Оюунтүлхүүр надаас “приус-10” загварын машины батерей авах гэж ирсэн. Манай нөхөр гэртээ байхгүй, манай машины ард П.Оюунтүлхүүрт өгөх батерей байсан болохоор нөхрөө машинтайгаа ирэхийг нь хүлээсэн. Д.Оюунтүлхүүр гэрийн гадаа 2 цаг гаруй хүлээсэн. Тэр өдөр хөдөөнөөс манай ээжийн дүү нар ирсэн байсан болохоор Б.Болдбаатар ах намайг гэрээсээ гаралгүй, ээжийн хажууд байж байгаарай, би гадуур ажилтай байна гэж хэлсэн. Би Д.Оюунтүлхүүрт батерейг нь гаргаж өгөхөөр түүний машинд суугаад явж байсан. Манай амьдардаг гудамжны хойд талын гудамжаар явж байхад Б.Болдбаатар ах машинтайгаа урдаас гараад ирэхээр нь Б.Болдбаатар ахаас нуугдсан. Б.Болдбаатар ах машинаасаа буугаад ирэхээр нь Д.Оюунтүлхүүр машиныхаа цонхыг онгойлгож “яасан” гэх гэтэл Б.Болдбаатар ах Д.Оюунтүлхүүрийг шууд цохиод авсан. Би Д.Оюунтүлхүүрийн машины хойд талын суудал дээр сууж явсан болохоор юунаас болж маргасаныг мэдээгүй. Тэгээд би салгах гэж бууж иртэл Б.Болдбаатар ах миний баруун тал руу 2-3 удаа цохиж, үснээс зулгааж, хөл рүү өшиглөсөн. Би уурандаа цагдаа дуудсан. 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний толгойн зүүн талд унь унаж гэмтэл учирсан. Харин Б.Болдбаатар ахын үйлдлээс толгойн баруун талдаа гэмтэл авсан. Б.Болдбаатар ах миний баруун шанаа, чамархай хэсэгт 2-3 удаа алгадасан. Толгойны зүүн талд учирсан гэмтэл гэрийн унь унаснаас учирсан. Унь унаснаас болж би тэр үед хэлээ хазсан юм. Үүнээс хэлэнд цус хуралт үүссэн байх. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ундармаа мэдүүлэхдээ: Д.Оюунтүлхүүрийн биед үзлэг хийхэд уруулын дотор салстад 0.5х1 см урагдалттай гэж дүгнэлтэд бичсэн байгаа. Шарх байгаа тохиолдолд цус хуралт, хавдарыг хэмжидэггүй. Цус хуралт нь шархны хэмжээтэй ойролцоо байсан учраас хэмжээс тавиагүй. Хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны хямрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журманд заасан шалгуур шинжийн нэг юм. Хүний биеийн бүтэц гэдэг нь бүрэн бүтэн байхыг хэлнэ. Урууланд учирсан шарх нь юм идэхэд хөндүүрлэнэ. Д.Оюунтүлхүүрийн уруул язарсан учраас энэ нь үйл ажиллагааг нь алдагдуулна. Үүнийг үйл ажиллагааны хямрал гэнэ. Үүгээрээ бүтэц алдагдсан байна. Энэ гэмтэл нь хохирогчийн эд эрхтэний үйл ажиллагааг алдагдуулж байгаа учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэнд алдагдсан гэдэг нь хүний бүтэц алдагдсан гэж үзнэ. Харин Д.Оюунтүлхүүрт учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д хамаарахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан “жижиг” хэмжээний гэдгийг хүний биеийн нэг хувиас илүүгүй гэж ойлгоно. Хүний нүүрнээс бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралтыг журмын 2.6-д зааснаар дүгнэлт гаргана. Харин хүний нүүрний хэсэгт учирсан шарх гэмтэл дээр журмын 2.4.1-д зааснаар дүгнэлт гаргадаг. Мөн журмын 2.6-д шарх гэж заагаагүй байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Номинцэцэг мэдүүлэхдээ: Хохирогч Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Дээрх гэмтлийн “...духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэв.

 

Мөн эрүүгийн 2016 2601 1087 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

1. Хохирогч Б.Оюунчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын 51-37 тоот гэрт Оюунтүлхүүр ирсэн. Би нөхөр Ганхуягийн машины батерейг авч өгөхөөр Оюунтүлхүүрийн машинд нь суугаад хөдөлтөл замд манай ах Болдбаатар таараад “та муу хоёр банзалдаад явж байна уу” гэхэд нь Оюунтүлхүүр гэдэг хүн “та юу яриад байгаа юм, би танай дүүгээс батерей авах гээд явж байна” гэж хэлсэн. Тэгтэл Болдбаатар ах “та хоёр нийлж байгаад батерей хулгайлах гэж байна уу” гэж хэлээд Оюунтүлхүүрийг заамдаад цохиод байх шиг байсан. Заамдаад барьцалдаад байхаар нь би салгах гээд очтол Болдбаатар ах миний үснээс зулгааж, баруун талын хацар руу гараараа хоёр удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [1] ,

-2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Оюунтүлхүүр манай гэрт надаас “Приус-10” машины батерей авахаар ирсэн. Тэгээд би Оюунтүлхүүрийн машины арын суудал дээр орж суугаад доошоо утсаараа оролдоод машин засварын газар руу явж байхад манай ах хажуугаар явж байгаад хараад машин зогсоогоод “хаачих гэж байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь би “засвар орж машины батерей өгөх гэж байна” гэхэд ах Болдбаатар “чамд ямар батерей байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “өөрийнхөө машины батерейг зарах гэж байна” гэхэд “битгий худлаа яриад бай, миний батерейг хулгайлж зарах гэж байна” гээд намайг хоёр  удаа алгадсан. Тэгэхэд Оюунтүлхүүр машиндаа сууж байхад нь ах Болдбаатар машины хаалгыг нь онгойлгоод яахлаараа нэг нь ардаа суугаад, нэг нь машинаа бариад явж байгаа юм, та нар хуйвалдаж миний батерейг хулгайлж байна гэхэд Оюунтүлхүүр урдаас нь заамдаад барилцаад авсан байсан. Тэр үед би машины хажууд уйлаад зогсож байсан. Тэгээд би шарандаа цагдаад дуудлага өгсөн. Духанд зөөлөн эдийн няцрал, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг ах Болдбаатар алгадаж учруулсан. Зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт гэмтэл нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байж байхад унь унаад дээрх гэмтлийг авсан. ...” гэх мэдүүлэг [2],

-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр би гэрээ буулгаж униа будсан. Будсан униа ёмкосьт түшүүлээд тавьчихсан байсан чинь миний тэжээдэг муур ёмкосон дээр гарах гэж байхдаа унийг хөдөлгөчихсөн. Тэгээд тэр унинаас 4-5 унь миний толгойн зүүн хэсэг болон зүүн талын мөрийг цохисон. Миний зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тэр үед үүссэн. Харин бусад гэмтэл буюу духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн ах Болдбаатар намайг зодох үед үүссэн. Тэр өдөр унь унахад миний хажууд хүн байгаагүй. Будагтай унь миний дээрээс унахад миний өмсөж байсан цамц будаг болж байсан. Энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш миний төрсөн ах Болдбаатар болон миний талийгаач ээж Гүнчиндорж нар надаас “чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу” гээд гуйгаад байхаар нь би миний биед учирсан хөнгөн гэмтлийг унь толгой дээр унах үед үүссэн юм гээд хэлчихсэн. Болдбаатар ах болон түүний өмгөөлөгч нар нь намайг тэгж хэлэхгүй бол Болдбаатар ахыг шоронд явчихна гээд байхаар нь тэгээд хэлчихсэн. Миний одоогийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Хэрэг болсон өдөр Болдбаатар ах, Оюунтлхүүр хоёр нэгнийгээ анх харж байсан. Тэр үед Болдбаатар ах Оюунтүлхүүрийг надтай нийлж өөрийнх нь сэлбэгнээс нь “Приус-10” маркийн автомашины батерей хулгайллаа гэж уурлаад зодсон. ...” гэх мэдүүлэг [3],

 

2. Хохирогч Д.Оюунтүлхүүрийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтод Оюунчимэгийн гэрт очоод батерей авахаар тохирсон байсан. Тэгээд хамт миний машинд суугаад явж байхад Оюунчимэгийн ах Болдбаатар таараад “чи банзалдаж явж байна уу, хулгайч” гэж намайг доромжилж, бид хоёр маргалдаж байхад Болдбаатар миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиж заамдаад байсан. Тэгтэл Оюунчимэг салгах гэтэл Оюунчимэгийг үсдэж алгадаж, цохиод байсан. Тэгтэл Оюунчимэгийн эгч, ах нь гээд хоёр хүн ирээд “намайг хулгайч” гэж хэл амаар доромжилоод байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа иртэл та нартай харьцахгүй гээд юм яриагүй. Удалгүй цагдаа нар ирж өргөдөл гаргаж цагдаад хандсан. Миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [4],

-Мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын дундуур “100”-н айлын хойшоо байдаг гучин хоёрын тойрог дээрээс “Приус” дэлгүүр нэртэй нэрийн хуудасны дагуу утсаар ярьж Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байх айлын хашаанаас нэг ширхэг дугуйны обуд аваад дугуй засвар явахад Оюунчимэг миний машинд суугаад дугуй засвар руу цуг явсан. Тэгэхдээ “чиний машины анхааруулга ассан байна, батерей чинь нурсан байна” гэсэн. Тэгэхээр нь би Оюунчимэгийн утасны дугаарыг аваад “мөнгөтэй болохоороо батерей авна” гэж хэлээд тухайн үед салсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 130,000 төгрөгтэй батерей авахаар Оюунчимэгтэй утсаар ярихад “манай гэрт хүрээд ир батерейгаа хямд зарна” гэсэн. Тэгээд гэрийнх нь гадаа 14 цаг өнгөрч байхад очиход “хүлээж байгаарай “Сутай буянт” захаас манай нөхөр дээрээс очиж авна” гэсэн. Тэгээд би гэрийнх нь гадаа 2 цаг гаран хүлээж байгаад Оюунчимэгийг машиндаа суулгаад гудамжинд явж байтал урдаас саарал өнгийн “Соната-5” маркын автомашин дохиод байхаар нь зогсоход Оюунчимэг “манай ах байна” гээд нуугдсан. Тэгээд тэр “Сонота-5” маркын автомашинаас Оюунчимэгийг ах нь гэх Болдбаатар гэдэг залуу бууж ирээд намайг хулгайч байна гээд миний машины хаалгыг гаднаас онгойлгоод Болдбаатар баруун гараараа миний уруул руу цохисон. Тэгээд би учрыг нь ололгүй “яагаад байгаан” гэхэд “чи хулгайчтай нийлээд хулгай хийж байна” гэж хэлэхээр нь “чи хулгай хийж байгааг яаж мэдэж байгаа юм” гэхэд Оюунчимэгийг чи нилээн юм хулгайлсан гээд Оюунчимэгийг үснээс нь чирээд ам руу нь өшиглөөд “би чамайг алсан ч яахав, би чиний ах байна” гээд зодоод байсан. Тэгээд Болдбаатар эгчийгээ дуудаад “нөгөө хулгайчийг барьчихлаа” гэсэн. Тэгээд эгч нь ирээд “чи хулгайч” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Намайг дүү Оюунчимэгтэйгээ нийлж хулгай хийж байна гэж андуурч цохиж зодох болсон. Миний уруул руу баруун гараараа нэг удаа цохиж миний уруул шүдтэй хавсарч язарсан гэмтэл учирсан....” гэх мэдүүлэг [5],

-Мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Болдбаатар эхлээд миний ам руу нэг удаа цохиж хөнгөн гэмтлийг учруулсан. Дараа нь Болдбаатар Оюунчимэгийг машинаас үсдэж буулгаад нүүрэнд өшиглөж, гараараа цохисон. Тэр үед Оюунчимэгийн биед гэмтэл үүссэн. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би анх Оюунчимэгтэй уулзахад түүний нүүр ам нь зүгээр, биед нь ил харагдах гэмтэл байгаагүй. Оюунчимэг бид хоёр миний машинтай “Приус” машины батерей авах гээд явж байх замд Болдбаатар нь өөрийнхөө “Соната-5” маркын машинтай таарсан. Болдбаатар машинаасаа бууж ирээд машины жолооч талын цонхон дээр ирэхээр нь би цонхоо нээтэл “чи муу хулгайч, та муу хоёр нийлж хулгай хийлээ” гэж хэлээд миний нүүрэнд цохисон. Миний биед учирсан гэмтэл долоо хоноод бүрэн эдгэрсэн. Би эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Энэ хэргийн улмаас ажлаа алдсан зүйл байхгүй учраас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг [6],

 

3. Гэрч Б.Одгэрэлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “…2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15-16 цагийн орчим санагдаж байна, цагийг нь сайн санахгүй байна. Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, нефтийн автобусны буудлын ард байх ногоон өнгийн “Приус” засварт байж байтал дүү Б.Болдбаатар миний утас руу залгаж сэжигтэй “Приус” машин манай хашааны ойролцоо гадаа зогсож байгаад Оюунчимэгийг суулгаад хөдлөөд явахаар нь араас нь очиход зугтаахаар нь хөөж байгаад зогсооход “Приус”-ын батерей гарч ирлээ. “Манай батерей мөн үү биш үү та ирээд сериалаар нь тулгаад аваач” гэсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 8 дугаар гудамжинд очиход ногоон өнгийн “Приус-10 “ маркын автомашины урд дүү Болдбаатарын машин хөндлөн замыг нь хааж зогссон байдалтай байсан. Очоод юу болсон талаар асуухад дүү Болдбаатар, Оюунчимэг гэрээсээ тортой юм хийгээд ногоон өнгийн “Приус” машинд суусан болохоор араас нь зогсоох гэхэд зогсохгүй байхаар нь урдуур нь орж зогсоогоод жолооч залуугийн ам руу цохиж цус гаргасан байдалтай байсан. Тэгээд намайг харж байхад Оюунчимэгийг хоёр удаа алгадаад “чи ах эгчийнхээ юмнаас хулгай хийлээ” гэж хэлсэн. Тэгээд тэр машинд байсан “6 ширхэг Приус” автомашины батерейг сериал дугаараар нь шалгахад манай байгууллагын батерей биш байсан. Тэгээд “хэний батерей” гэдгийг асуухад актлагдсан хугацаа дууссан хаягдал батерей байсан. Манай хашааны хогын цэг дээр байсан батерей байсан. Намайг очиход Оюунтүлхүүр гэх залуу танай дүү Болдбаатар миний завж руу цохиод цус гаргачихлаа гэж хэлж байсан. Оюунчимэгийг Болдбаатар хоёр удаа алгадаж байхад би хажууд нь хараад зогсож байсан. ... ” гэх мэдүүлэг [7],

 

4.Б.Болдбаатарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай гэрийн үүдэнд ногоон өнгийн “Приус” маркын автомашин зогсож байсан. Би хашааны үүдэнд өөрийн машин дотроо сууж байсан. Тэр машиныг хараад байсан чинь гар утсаар яриад манай хашаа руу нэг хараад, хажуу айлын хашаа руу нэг хараад байсан. Би сэжиглээд гэртээ ороод ээждээ манай хашааны үүдэнд нэг машин зогсоод байна, та харж байгаарай гэж хэлчихээд Оюунчимэгийн гэрт орсон чинь Оюунчимэг толгойгоо угаагаад зогсож байсан. Би Оюунчимэгт “Од эгч чамайг өнөөдөр гэртээ байж байгаарай” гэсэн шүү гэж хэлсэн. Тэгтэл Оюунчимэг “манайх усгүй байна” гэхээр нь би усны сав авч гараад усанд яваад иртэл Оюунчимэг гараад явсан байсан. Би гараад хашааны үүдэнд нөгөө приус машиныг хартал байхгүй байхаар араас нь хөөж очоод машины жолоочийг буулгаж ирээд “хулгайч, банзалдаж явж байна уу” гэж хэлээд машины түлхүүрийг нь авах гэтэл өгөхгүй байсан. Тэгэхээр нь барьцалдаж байгаад би Оюунтүлхүүр гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Оюунчимэг “намайг боль” гээд хажуугаар оролцоод байхаар нь би Оюунчимэгийн үснээс зулгааж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, нуруунд нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд ах эгч хоёрыг дуудаад зогсож байтал цагдаа нар ирж цагдаагийн хэлтэс рүү явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай дүү Оюунчимэг өмнө нь хулгай хийж, залилан хийгээд байсан учир тухайн өдөр би хашааны үүдэнд машин зогсоод байхаар нь сэжиглэж байгаад Оюунчимэгийг гэрээсээ гарсан байхаар нь хулгай хийх гэж байна гэж бодоод араас нь очиж уурандаа маргалдаж цохисон. Би гэмтэл учруулсан болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг [8] ,

-Б.Болдбаатарын яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ...би Оюунтүлхүүр гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Оюунчимэг намайг боль гээд хажуугаар оролцоод байхаар нь би Оюунчимэгийн үснээс зулгааж, хөл рүү нь нэг удаа өшиглөж, нуруунд нь 2-3 удаа гараараа цохисон. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.  Оюунчимэгийг гэрээсээ гарсан байхаар нь хулгай хийх гэж байна гэж бодоод араас нь очиж уурандаа маргалдаж цохисон. Би Оюунчимэг, Оюунтүлхүүр нарын биед гэмтэл учруулсан болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг [9],

-Б.Болдбаатарын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “...Надад сонсгосон эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би нэг цаг хугацаанд дүү Б.Оюунчимэг, түүнтэй хамт явсан Д.Оюунтүлхүүр нарыг манай хашаанаас хулгай хийж байна гэж бодоод харахад дүү Оюунчимэг надаас нуугдаж харагдахаар нь би очиж машиныг нь зогсоогоод Д.Оюунтүлхүүрийн машиных нь хаалгыг онгойлгож байгаад гараараа хацар руу цохиод, дүү Оюунчимэгийг машинаас буулгаж байгаад чи яагаад надаас нуугдаад байгаа юм, хаанаас юу хулгайлсан гэж хоёр удаа алгадсан. ...Намайг Оюунтүлхүүрийг цохиж байхад Оюунчимэг машинаас буугаад ирчихсэн Оюунтүлхүүрээс намайг салгах гээд өмөөрөөд над руу хэрэлдээд байхаар нь би хоёр удаа алгадсан...” гэх мэдүүлэг [10],

-түүний яллагдагчаар 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед би гэртээ харьтал манай хашааны гадна “Приус-10” маркийн машин зогсож байсан. Уг машины жолооны ард 40 орчим насны үл таних эрэгтэй хүн буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Оюунтүлхүүр гэдэг хүн суучихсан, дотроос нь миний төрсөн дүү Оюунчимэг буугаад манай гэр рүү орсон. Би тэр хоёрыг 1 цаг орчим ажиглаж байгаад худаг руу очиж ус авчихаад буцаад ирсэн чинь нөгөө машин байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө машиныг хайгаад урд талынхаа гудамж руу ортол нөгөө машин явж байхаар нь хойноос нь очиж зогсоогоод Оюунтүлхүүртэй уулзаад “чи яахаараа Оюунчимэгийг машиндаа нуугаад явж байдаг юм, яах гэж манай гэр рүү очсон юм” гэтэл Оюунтүлхүүр нь “би энэ хүнээс батерей авах гэж байгаа юм” гэхээр нь “наад хүнд чинь зарах батерей байхгүй, та хоёр манайхаас хулгай хийх гэж байсан биз” гэж хэлээд машиных нь түлхүүрийг булааж авах гэтэл Оюунтүлхүүр өөдөөс эсэргүүцэл үзүүлэхээр нь би нүүр рүү нь нэг удаа цохичихсон. Тэгсэн чинь машинаас манай дүү Оюунчимэг бууж ирээд намайг болиулах гэхээр нь би Оюунчимэгийн нүүр рүү нь хоёр удаа алгадаад, хөл рүү нь нэг удаа өшиглөчихсөн. Би тэр хоёрт дахин гар хүрээгүй. Оюунтүлхүүр бид хоёрын хооронд урьд нь ямар нэгэн харилцаа байгаагүй. Бид хоёр нэгнийгээ өмнө нь таньдаггүй байсан. Оюунчимэг тэр өдөр манайхаас ямар нэгэн эд зүйл аваагүй байсан. Тэр өдөр Оюунчимэг, Оюунтүлхүүр гэдэг хүнд батерей зарна гээд дагуулаад явж байсан юм шиг байна лээ. Манай хашаанд төрсөн эгч Одгэрэлийн сэлбэгийн агуулах байдаг бөгөөд тэр дотор “Приус” маркын машины батерей байсан. Оюунчимэг урьд нь надаас хулгай хийж байсан зүйл байхгүй. Би тухайн үед манайхаас юм хулгайлсан байж магадгүй гэж бодсон...” гэх мэдүүлэг [11],

 

5.Б.Оюунчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед би гэрээ буулгаад униа будаад байж байхад манай муур унинуудыг хөдөлгөөд 4-5 унь миний толгой дээр унасан. Тухайн үед унь миний толгойн дагз болон зүүн хэсэгт унасан. Унь унахад би хэлээ хазчихсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би Оюунтүлхүүр гэдэг хүнд батерэй зарах гэж яваад Болдбаатар ахтай таарсан. Тэр үед Болдбаатар ах намайг өөрийнх нь гэрээс батерэй хулгайлж хүнд зарах гэж байна гэж андуураад уурандаа Оюунтүлхүүрийг зодоход нь би салгасан. Тэгтэл миний баруун талын хацар руу 2-3 удаа цохичихсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надаас тайлбар авахад нь би Болдбаатарт зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд намайг шүүх эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх эмнэлэгт очиж үзүүлтэл шинжээч эмч нь надаас нэг их юм асуулгүй биед учирсан гэмтлүүдийг үзээд тэмдэглэж авсан. Ингээд хэрэг бүртгэгч Мягмарнаран дээр хэрэг нь шалгагдаад Болдбаатар ах Оюунтүлхүүр бид хоёрын хохирлыг бүрэн төлж барагдуулан, гомдол саналгүй болгосон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл прокурорын байгууллагаас давтан үйлдлээр хүн зодож хөнгөн гэмтэл учруулсан байна гээд мөрдөн байцаалтад шилжүүлсэн. Мөрдөн байцаагч Эрдэнэбаатар хэргийг хүлээн авч надаас байцаалт авахад нь би “2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр миний дээрээс унь унаж толгойн зүүн талд учирсан гэмтлүүд болон хэлэнд учирсан гэмтлүүд үүссэн” гэдгийг хэлсэн. 2016 оны 10 дугаар сард шүүх хурал болоход би “миний биед учирсан гэмтлүүд унь унахад үүссэн” гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Болдбаатар ах миний баруун хацар руу цохиход ил харагдах гэмтэл байгаагүй учраас би тэгж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сард уг хэрэг үйлдэгдсэнээс хойш ээж маань надаас байнга л “чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу, төрсөн ахыгаа шоронд явуулж яах гэж байгаа юм” гээд уйлаад гуйгаад байдаг байсан. 2016 оны 09 дүгээр сард ээж маань цус харваад нас барсан. Шүүх хурал дээр ээжийн минь хэлсэн үг бодогдож байсан учраас би унь унаснаас бүх гэмтэл учирсан гэдгээ хэлсэн. Гэхдээ миний толгой дээр унь унасан нь үнэн. Мөн Болдбаатар ахын цохилтоос миний биед ил харагдах гэмтэл байгаагүй учраас би шүүхийн хэлэлцүүлэгт тэгж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг [12],

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 дугаартай актын:

“...1.Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт [13],

 

7.Шинжээч Т.Номинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2016 оны 04 дүгээр сарын 09,10-ны өдрүүдэд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, хэлэнд цус хуралт, дагз болон чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг [14],

-Мөн түүний дахин 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Д.Оюунчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэхдээ ахдаа зодуулсан гэж байсан. Оюунчимэгийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Хуучин гэмтэл гэдэг нь гэмтэл авахаас гурав болон түүнээс дээш хоногийн өмнө авсан гэмтлийг ойлгох бөгөөд Б.Оюунчимэгийн биед хуучин гэмтэл байгаагүй. Б.Оюунчимэгийн зүүн чамархайд үүссэн гэмтэл нь унь унах үед үүсэх боломжтой. Б.Оюунчимэгийн биед үүссэн “духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз болон баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг [15],

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4993 дугаартай актын:

“...1.Д.Оюунтүлхүүрийн биед дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Б.Ундармаа/..” гэсэн дүгнэлт [16],

 

9.Шүүгдэгч Б.Болдбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа [17],

10. Шүүгдэгч Б.Болдбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тухай хуудас [18],

11.Шүүгдэгч Б.Оюунчимэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [19],

12.Шүүгдэгч Б.Оюунчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [20] болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхийн дүгнэлт:

            Шүүх дээрх нотлох баримтуудыг дүгнээд:

 

Нэг.Шүүгдэгч Б.Болдбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Толгойтын 51-37 тоот хашааны орчим иргэн Д.Оюунтүлхүүрийг “дүү Б.Оюунчимэгтэй нийлж “Приус” маркын автомашины батерей хулгайллаа” гэх шалтгаанаар,

-иргэн Б.Оюунчимэгийг “Д.Оюунтүлхүүртэй нийлж “Приус” маркын автомашины батерей хулгайллаа, Д.Оюунтүлхүүрийг өмөөрлөө” гэх шалтгаанаар тус тус зодож иргэн Д.Оюунтүлхүүрийн бие махбодид “дээд уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтлийг, иргэн Б.Оюунчимэгийн бие махбодид “духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтлийг тус тус давтан үйлдлээр санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад:

-хохирогч Б.Оюунчимэгийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...батерейг авч өгөхөөр Оюунтүлхүүрийн машинд нь суугаад хөдөлтөл замд манай ах Болдбаатар таараад “та муу хоёр банзалдаад явж байна уу” гэхэд нь Оюунтүлхүүр гэдэг хүн “та юу яриад байгаа юм, би танай дүүгээс батерей авах гээд явж байна” гэж хэлтэл Болдбаатар ах “та хоёр нийлж байгаад батерей хулгайлах гэж байна уу” гэж хэлээд Оюунтүлхүүрийг заамдаад цохиод байх шиг байсан. ...би салгах гээд очтол Болдбаатар ах миний үснээс зулгааж, баруун талын хацар руу гараараа хоёр удаа алгадаж, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг [21] ,

-2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин мэдүүлсэн: “...ах Болдбаатар “чамд ямар батерей байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “өөрийнхөө машины батерейг зарах гэж байна” гэхэд “битгий худлаа яриад бай, миний батерейг хулгайлж зарах гэж байна” гээд намайг хоёр удаа алгадсан. ...Духанд зөөлөн эдийн няцрал, дагз баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлийг ах Болдбаатар алгадаж учруулсан. ...” гэх мэдүүлэг [22],

-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “...духанд үүссэн зөөлөн эдийн няцрал, ...дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний төрсөн ах Болдбаатар намайг зодох үед үүссэн. ...Тэр үед Болдбаатар ах Оюунтүлхүүрийг надтай нийлж өөрийнх нь сэлбэгнээс нь Приус-10 маркийн автомашины батерей хулгайллаа гэж уурлаад зодсон. ...” гэх мэдүүлэг [23], тус өдөр шүүх хуралдаанд түүний мэдүүлсэн мэдүүлэг,

-хохирогч Д.Оюунтүлхүүрийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтод Оюунчимэгийн гэрт очоод батерей авахаар тохирсон байсан. Тэгээд хамт миний машинд суугаад явж байхад Оюунчимэгийн ах Болдбаатар таараад “чи банзалдаж явж байна уу, хулгайч” гэж намайг доромжилж, бид хоёр маргалдаж байхад Болдбаатар миний нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Оюунчимэг салгах гэтэл Оюунчимэгийг үсдэж алгадаж, цохиод байсан. ...” гэх мэдүүлэг [24],

-Мөн түүний 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Оюунчимэгийг машиндаа суулгаад гудамжинд явж байтал урдаас саарал өнгийн “Соната-5” маркын автомашин дохиод байхаар нь зогсоход Оюунчимэг манай ах байна гээд нуугдсан. Тэгээд тэр “Сонота-5” маркын автомашинаас Оюунчимэгийг ах нь гэх Болдбаатар гэдэг залуу бууж ирээд намайг хулгайч байна гээд миний машины хаалгыг гаднаас онгойлгоод Болдбаатар баруун гараараа миний уруул руу цохисон. ...Оюунчимэгийг үснээс нь чирээд ам руу нь өшиглөөд би чамайг алсан ч яахав, би чиний ах байна гээд зодоод байсан. Миний уруул руу баруун гараараа нэг удаа цохиж миний уруул шүдтэй хавсарч язарсан гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг [25],

-Мөн түүний 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Болдбаатар эхлээд миний ам руу 1 удаа цохиж биед маань учирсан хөнгөн гэмтлийг учруулсан. Тэгээд дараа нь Болдбаатар Оюунчимэгийг машинаас үсдэж буулгаад нүүр рүү нь өшиглөж, гараараа цохисон. Тэр үед Оюунчимэгийн биед гэмтэл үүссэн. 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би анх Оюунчимэгтэй уулзахад түүний нүүр ам нь зүгээр, биед нь ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг [26], Тус өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

-гэрч Б.Одгэрэлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “…Приус-10 маркын автомашины урд дүү Болдбаатарын машин хөндлөн замыг нь хааж зогссон байдалтай байсан. Очоод юу болсон талаар асуухад дүү Болдбаатар, Оюунчимэг гэрээсээ тортой юм хийгээд ногоон өнгийн “Приус” машинд суусан болохоор нь араас нь зогсоох гэхэд зогсохгүй байхаар нь урдуур нь орж зогсоогоод жолооч залуугийн ам руу цохиж цус гаргасан байдалтай байсан. Тэгээд намайг харж байхад Оюунчимэгийг хоёр удаа алгадаад “чи ах эгчийнхээ юмнаас хулгай хийлээ” гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг [27],

-Б.Болдбаатарын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би гараад хашааны үүдэнд нөгөө приус машиныг хартал байхгүй байхаар араас нь хөөж очоод машины жолоочийг буулгаж ирээд хулгайч, банзалдаж явж байна уу гэж хэлээд ...Оюунтүлхүүр гэдэг залуугийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Оюунчимэг намайг боль гээд хажуугаар оролцоод байхаар нь би Оюунчимэгийн үснээс зулгааж, хөл рүү нь 1 удаа өшиглөж, нуруунд нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг [28] , Мөн яллагдагчаар 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг [29], яллагдагчаар дахин 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [30], 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [31],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 дугаартай акт, дүгнэлт [32],  Шинжээч Т.Номинцэцэгийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [33], Мөн түүний дахин 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүлсэн мэдүүлэг [34], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4993 дугаартай акт дүгнэлт [35], шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ундармаа, Т.Номинцэцэг нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Болдбаатар, хохирогч Б.Оюунчимэг нарын хэн аль нь автомашины сэлбэгийн худалдаа эрхэлдэг байсан байх ба 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Оюунтүлхүүр приус маркын автомашинтай Б.Болдбаатарын хашааны гадна зогсож байхыг Б.Болдбаатар харж, тодорхой хугацаанд ажиглаж, улмаар Д.Оюунтүлхүүр нь Б.Болдбаатарын дүү Б.Оюунчимэгийг автомашиндаа суулгаад явахад нь араас нь очиж хэрүүл маргаан үүсгэн, приус маркийн автомашины батерей хулгайллаа гэх тодорхой сэдэлттэйгээр Д.Оюунтүлхүүр, Б.Оюунчимэг нарын бие махбодид гэмтэл учруулжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч нараас “хохирогч Д.Оюунтүлхүүрийн биед учирсан уруулын язарсан шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийн хэмжээс байхгүй, дээрх шарх, цус хуралт нь хүний биеийн 1 хувиас хэтрээгүй /хүний биеийн нэг хувь нь гарын алганы хэмжээтэй гэж журманд тодорхойлсон гэж тайлбарласан/, жижиг хэмжээний цус хуралт, шарх учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан “эрүүл  мэндийг  сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй” байхад шинжээч мөн журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанд шинжээч Б.Ундармаа өөрийн гаргасан 4993 дугаартай дүгнэлтийг тайлбарлахдаа “...Д.Оюунтүлхүүрийн биед учирсан гэмтэл нь уруулын дотор салстад 0.5х1 см урагдалттай гэж дүгнэлтэд бичсэн. Шарх байгаа тохиолдолд цус хуралт, хавдарыг хэмжидэггүй. Хүний биеийн бүтэц гэдэг нь бүрэн бүтэн байхыг хэлнэ. Урууланд учирсан шарх нь юм идэхэд хөндүүрлэнэ. Д.Оюунтүлхүүрийн уруул язарсан учраас энэ нь үйл ажиллагааг нь алдагдуулна. Үүнийг үйл ажиллагааны хямрал гэнэ. Үүгээрээ бүтэц алдагдсан байна. Энэ гэмтэл нь хохирогчийн эд эрхтэний үйл ажиллагааг алдагдуулж байгаа учраас журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүний нүүрнээс бусад хэсэгт үүссэн цус хуралт, зулгаралтыг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар дүгнэлт гаргадаг бөгөөд мөн заалтад шарх гэсэн заалт байхгүй гэж мэдүүлсэн.

Дээрхээс дүгнэвэл хохирогч Д.Оюунтүлхүүрийн бие махбодид эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан гэмтэл учирсан байх бөгөөд энэ нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар байна. Нөгөө талаас Д.Оюунтүлхүүрийн биед учирсан гэмтэл нь хүний биеийн нэг хувиас хэтрээгүй гэж өмгөөлөгч нар маргаж байх боловч хүний нүүрэнд учирсан гэмтлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан нөхцөлөөр тодорхойлдоггүй талаар шинжээч мэдүүлсэн тул өмгөөлөгч нарын дээр дурдсан санал шинжээч Б.Ундармаагийн мэдүүлгээр няцаагдаж байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5000 дугаартай дүгнэлтээр:

“... хохирогч Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл...” тогтоогдсон байх боловч,

-хохирогч Б.Оюунчимэг нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ байхад унь толгойн зүүн хэсэг, мөрөнд унаж зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал,  цус хуралт, хэлэнд цус хуралт гэмтэл нь учирсан. Унь унахад хэлээ хазчихсан юм. Шинжээч эмчид үзүүлэхдээ урьд авсан гэмтлээ хэлээгүй байсан тул шинжээчийн дүгнэлтэд хамт гарсан байна гэж мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлсэн.

Шинжээч Т.Номинцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Хуучин гэмтэл гэдэг нь гэмтэл авахаас гурав болон түүнээс дээш хоногийн өмнө авсан гэмтлийг ойлгох бөгөөд Б.Оюунчимэгийн биед хуучин гэмтэл байгаагүй. Б.Оюунчимэгийн зүүн чамархайд үүссэн гэмтэл нь унь унах үед үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлжээ.

Улсын яллагч Ж.Энх-Амгалан нь шүүх хуралдааны шүүмжийн үед хохирогч Б.Оюунчимэгийн гэрийн унь нь унаж түүний биед “зүүн чамархайн хуйханд үүссэн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлэнд цус хуралт гэмтэл учирсан байх боломжтой байна гэж үзэж, шинжээчийн дүгнэлтээс дээрх хэсгийг хасч, шүүгдэгч Б.Болдбаатарыг хохирогч Б.Оюунчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл...” учруулсан гэж яллалсан болно.

Шинжээч Т.Номинцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...духанд зөөлөн эдийн няцрал, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мэдүүлж, тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч Б.Болдбаатар нь гэмт хэргийг давтан үйлдлээр үйлдээгүй, давтан гэмт хэрэг нь тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг ойлгоно. Шүүгдэгч Б.Болдбаатарын үйлдэл нь эд хөрөнгөө хамгаалах гэсэн нэг зорилгод хүрэхийн тулд нэг төрлийн үйлдлээ тасралтгүй хэрэгжүүлж хүний амь нас, эрүүл мэнд гэсэн объектод халдсан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл нэг объектод нэг санаа зорилгоор халдсан. Иймээс үргэлжилсэн үйлдлийг хоёр гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж, зүйлчилж байгаа нь үндэслэлгүй. Үргэлжилсэн үйлдлээр хэдэн ч хүний биед гэмтэл учруулж болно, санаа зорилго нэг байсан. Хоёр хүний биед халдсанаар давтан гэмт хэрэг болохгүй. Улсын яллагч халдлагын зүйл, объект хоёроо ялгахгүй байна. Иймд Б.Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг нь зүйлчилж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ. Энэ хуулийн тусгай ангийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэх нь зөвхөн тусгай ангид заасан тохиолдолд давтан гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан бөгөөд гэмт хэрэг давтан үйлдэх нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үлэмж ихэсгэдэг, нөгөө талаас субъект нь хоёр ба түүнээс дээш тооны нэг буюу нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.Болдбаатар нь хувийн сэдэлттэй үүссэн маргааны улмаас Д.Оюунтүлхүүрийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг, мөн үүний дараагаар Б.Оюунчимэгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, хохирогч нарын бие эрүүл мэнд нь өөр өөр объект төдийгүй, тухайн гэмт хэргүүдийг үйлдэх санаа зорилго тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Б.Болдбаатарыг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Иймээс шүүгдэгч Б.Болдбаатарын өмгөөлөгч нарын гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.

            Иймд шүүгдэгч Б.Болдбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан боловч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Болдбаатарыг хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Хоёр.Шүүгдэгч Б.Оюунчимэг нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо өөрийн төрсөн ах Б.Болдбаатарыг хамгаалж хувийн сэдэлтээр “Б.Болдбаатар ахын үйлдлээс болж гэмтэл аваагүй, харин 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрийнхээ унийг угааж байхад унь толгой дээр унаж гэмтэл авсан” гэж, “зүүн хуйхны гэмтлийг Б.Болдбаатар учруулсан” гэж тус тус зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-мөрдөн байцаалтад Б.Оюунчимэгийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: “...Би энэ хэрэг үйлдэгдсэнээс хойш миний төрсөн ах Б.Болдбаатар болон миний талийгаач ээж Гүнчиндорж нар надаас “чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу” гээд гуйгаад байхаар нь би миний биед учирсан хөнгөн гэмтлийг унь толгой дээр унах үед үүссэн юм гээд хэлчихсэн. Б.Болдбаатар ах болон түүний өмгөөлөгч нар нь намайг тэгж хэлэхгүй бол Б.Болдбаатар ахыг шоронд явчихна гээд байхаар нь тэгээд хэлчихсэн. Миний одоогийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг [36],

-Б.Оюунчимэгийн сэжигтэн, яллагдагчаар 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сард шүүх хурал болоход би “миний биед учирсан гэмтлүүд унь унахад үүссэн” гэж хэлсэн. ...2016 оны 04 дүгээр сард уг хэрэг үйлдэгдсэнээс хойш ээж маань надаас байнга л “чи ахыгаа шоронд явуулах гээд байгаа юм уу, төрсөн ахыгаа шоронд явуулж яах гэж байгаа юм” гээд уйлаад гуйгаад байдаг байсан. 2016 оны 09 дүгээр сард ээж маань цус харваад нас барсан. Шүүх хурал дээр ээжийн минь хэлсэн үг бодогдож байсан учраас би унь унаснаас бүх гэмтэл учирсан гэдгээ хэлсэн. ...” гэх мэдүүлэг [37],

-тус өдрийн шүүх хуралдаанд Б.Оюунчимэгийн шүүгдэгчээр мэдүүлсэн “...шүүх хуралдаан болохоос өмнө ээж маань нас бараад 2-3 хоног өнгөрсөн байсан. ...Ээж маань амьд байх үедээ надад “чи ахыгаа шоронд оруулах гэлээ” гэж хэлж манайд уйлж орж ирж байсан юм.  Тэгээд шүүх хуралдаан дээр эхийн минь уйлж байгаа нь санагдаад ах Б.Болдбаатарыг  өмгөөлөх маягтай зүйлийг шүүх хуралдаанд мэдүүлсэн. Манай ээж надаас гуйгаад байсан болохоор Б.Болдбаатар ахын үйлдлээс гэмтээгүй гэж худал мэдүүлэг өгсөн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 361 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл [38], зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Оюунчимэг, шүүгдэгч Б.Болдбаатар нар нь төрсөн ах, дүү болох нь тэдний мэдүүлгээр тогтоогддог.

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, тус гомдолдоо  “... Би 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр батерей зарна гэсэн.  Батерейгаа иргэн Оюунтүлхүүрт зарна гээд хэлсэн байсан. Зарах батерей машины ард байсан тул гаргаж өгөхөөр засварын газар руу явж байгаад ах Болдбаатартай тааралдсан. Приусын жолоочийг зодож, намайг толгой тархигүй цаг илүү зодсон. ...Худал үнэнийг хуулийн байгууллага тогтоож өгнө үү” гэсэн байна. [39]

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасан “...хохирогч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг тэдний байдлыг хүндрүүлж болох тухай мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” талаар заасан ба уг заалтын агуулга нь худал мэдүүлэг гаргах тухай ойлголт бус бөгөөд хохирогч дээрх эрхээ хэрэгжүүлэхдээ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн гэх зэрэг болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлэх тухай ойлголт. Харин мэдүүлэг гаргахдаа хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Оюунчимэгийг хохирогчоор шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахдаа “...өөрийн төрсөн ах Б.Болдбаатарыг хамгаалж хувийн сэдэлтээр...” зориуд худал мэдүүлэг гаргасан гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Хохирогч зориуд мэдүүлэг гаргах гэдэг нь “...болсон байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулж өөрчлөн мэдүүлсэн...” үйлдлийг ойлгоно.

Б.Оюунчимэг нь хохирогчийн хувьд хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн төрсөн ах Б.Болдбаатарыг хамгаалж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо болсон байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж мэдүүлэг гаргасан буюу “Б.Болдбаатар ахын үйлдлээс болж гэмтэл аваагүй, “зүүн хуйхны гэмтлийг Б.Болдбаатар учруулсан гэх зэргээр зориуд худал мэдүүлэг гаргасан байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д “ Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Оюунчимэгийн үйлдсэн гэмт хэрэг нь  түүний мэдүүлгээс гадна хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдсон тул түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар давхар үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Оюунчимэгийг хувийн бусад сэдэлтээр шүүхэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.

 

Гурав.Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Болдбаатар нь Цагдаагийн Ерөнхий газрын МССТ-ын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагааны хуудсаар [40] ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч Б.Оюунчимэг нь Цагдаагийн Ерөнхий газрын МССТ-ын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагааны хуудсаар [41] Цагдаагийн Ерөнхий газрын МССТ-ын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүгдэгч Б.Болдбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Оюунчимэгт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нар нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Их Өөлд овгийн Бямбажавын Болдбаатарыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Жалайр овгийн Бямбажавын Оюунчимэгийг хувийн бусад сэдэлтээр шүүхэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын Болдбаатарыг 260 (хоёр зуун жар) цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял,

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын Оюунчимэгийг 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болдбаатар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл түүний эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Оюунчимэг, Д.Оюунтүлхүүр нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оюунчимэгт оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болдбаатар, Б.Оюунчимэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 165 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 170-171 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 196-197 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 168-169 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 191-192 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 44 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 175 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 201 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 203 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 16-18 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 165 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[28] Хавтаст хэргийн 35-36 дугаар тал.

[29] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 66 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 170-171 дүгээр тал.

[32] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 168-169 дүгээр тал.

[34] Хавтаст хэргийн 191-192 дугаар тал.

[35] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[36] Хавтаст хэргийн 166-167 дугаар тал.

[37] Хавтаст хэргийн 196-197 дугаар тал.

[38] Хавтаст хэргийн 146 дугаарт тал.

[39] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[40] Хавтаст хэргийн 175 дугаар тал.

[41] Хавтаст хэргийн 203 дугаар тал.