Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 254

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Э.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Л.Б, В.С.

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжийн Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот захирамжийн Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гуравдагч этгээд В.С нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.Э миний бие Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 12-р хороо чулуут амины орон сууц 4 гудамж ******* тоот хаягт байрлалтай газартаа 2005 оноос хойш амьдарч байгаа бөгөөд бүтэн арав гаруй жилийн хугацаанд газрын хэмжээ огт өөрчлөгдөөгүй хэвээр өнөөдрийг хүрсэн. Миний бие 2005 онд газар дээрээ байшин барьсан ба Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 8-р сарын 11-ний өдрийн 484 дугаартай захирамжаар 404 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх шийдвэр гарсан юм.

Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй хуулийн дагуу газраа өмчилж авахаар Нийслэлийн газрын албанд өргөдөл гаргасан. Нийслэлийн засаг даргын 2015 оны А\41 дүгээр захирамжаар иргэн Д.Э надад 265 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон.

Иргэн миний эзэмшиж, ашиглаж буй газрыг багасгаж олгосон тул холбогдох дээд шатны байгууллагад гомдлоо гаргасан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07/2877 дугаартай албан тоотоор “...Таны худалдаж авсан Баянзүрх дүүргийн ,, 4 дүгээр гудамжны ******* тоот 404 м.кв хэмжээтэй газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 484 дүгээр захирамжаар эзэмших эрх олгохдоо иргэн Лын Бны өмчилсөн газартай давхцуулсан байсныг хуульд нийцүүлж давхцлыг арилган Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар Д.Эд 265 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрх олгосон байна ...” хэмээн мэдэгдсэн. Хэрэв та энэхүү шийдвэрт гомдолтой бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл эрхтэй гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж Нийслэлийн Засаг дарга нь 2005 онд барьж ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл амьдарч буй иргэн миний үл хөдлөх хөрөнгө болох байшингийн доорх газрыг маань 2008 оны А/159 дүгээр захирамжаар иргэн Л.Бд өмчлүүлсэн байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дугаартай захирамжийн Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн газрын алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот шийдвэрээр Л.Бд Баянзүрх дүүргийн , Чт хорооллын 5-* тоотын 230 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн, 12-******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Л.Лнь тус газрыг өмчилж авах хүсэлтдээ иргэний үнэмлэхийн хуулбар,кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ.ариутгах татуургын схем зэрэг материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дугаар захирамжаар 243 м2 газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан юм.

Иймд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлд зааснаар иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Баянзүрх дүүргийн , Чулуут амины орон сууц 5-* тоот газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр өмчлүүлэхээс өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийдвэрээр эзэмшүүлж байсан тухай бичиж  нотлох баримтаар шийдвэр, гэрчилгээ зэргийг ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 тоот захирамжийн Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ маргалдаж буй газар нь одоо иргэн В овогтой С миний өмчлөлд байдаг бөгөөд өөрийн төрсөн дүү В овогтой Б түүний төрсөн охин Л овогтой Бнаас 2008 онд худалдаж авсан болно. Тэр үед манай эгчийнх 0.7 га газартай байсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр газрыг нь хэд хэд хувааж 02, 03 тоот эзэмшигчид шилжүүлж өөрт нь 245 м.кв, охин Л.Бд 245 м.кв талбай үлдээж бусдыг нь хувиарласан шийдвэр гаргасан байдаг. Хашаанаас нь баруун талыг цагдаагийн харуулын байр болгон гэж төрд авлаа гээд хувь айлд өгсөн. Тэгээд би эгчээсээ энэ 2 газрыг нь 2008 онд худалдаж аваад кадастр хийлгэхэд хашаа нь зүүн тал руу 4 метр газар сунгаж олгосон байсан. Тэр үед зүүн талд нь зөвшөөрөлгүй айл байсан. Энэ тухай тухайн үед нь Д.Эд нь мэдэгдсэн. Хашаагаа бариад сунгах гэхээр нүүрсний амбаар нь манай газарт орчихсон байсан. Айлын өмчид халдаж болохгүй байсан болно. Сүүлд нь энэ газраа өмчилж авсан эсэхийг би мэдэхгүй.Өнгөрсөн жил гэнэт шинэ эзэн гарч ирээд байшингийн суурь тавихад нь би учрыг хэлж болиулаад өөрийн хамаатны хүүхдүүдээ буулгасан. Төрөөс олгосон миний хууль ёсны гэрчилгээтэй газрыг өөр хоорондоо наймаалцаж байгааг ойлгохгүй байна. Шүүхийг хууль ёсны эзэмшигч миний өмчийг хамгаалсан шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Лын Б нь 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус дүүргийн 12 р хороо, АОС 4 дүгээр гудамжны * тоотыг эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжаар Чулуу-Овоот ******* тоот 400 м.кв газрыг амины сууцын зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д “Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана”, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн" хамаарна гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэлд уг захирамжаас болоод нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн үндэслэл байхгүй байна.

Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулййн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “Дүүргийн Засаг энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг үндэслэн захирамж гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Э 2004 оноос хойш Баянзүрх дүүргийн , Чулуутын амины орон сууцны 4 дүгээр гудамжны ******* тоот хаягт 404 м.кв газрыг хууль ёсны дагуу эзэмшиж амьдарсаар өнөөдрийг хүрсэн. 404 м.кв газар дээрээ 2005 онд байшин бариад үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаанд амьдарсаар байна. Анх 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 484 дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 404 м.кв газар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх шийдвэр гаргаж 0004******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2014 онд анх материалаа бүрдүүлж, 404 м.кв газраа хууль ёсны дагуу өмчилж авахаар Нийслэлийн Газрын албанд хандсан. Гэтэл Нийслэлийн Газрын алба 265 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Учир байдлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй. 2016 оны 09 дүгээр сард анх гомдлоо бичгээр гаргасан. Түүнээс өмнө амаар хэлэхэд таны газар бодитоор огт өөрчлөгдөхгүй. 265 м.кв газар дээр ямар асуудал байгаа талаар нягталж үзье гэх мэт тайлбар өгч байсан. Албан ёсоор өргөдлөө 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Газрын албанд гаргасан. Газрын алба өргөдлийг хүлээж аваад шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүл гэсэн хариу өгсний дагуу шүүхэд хандсан. Ямар учраас Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэмж 139 м.кв газрыг эзэмшүүлэхийг даалгах шаардлага гаргасан бэ гэвэл нэхэмжлэгчийн 10 гаруй жилийн турш амьдарч байгаа байшинтай хэсгийн газрыг тэр чигээр нь Л.Бд өмчлүүлсэн байсан. Тэр талаар гуравдагч этгээд маргадаггүй. Гуравдагч этгээдийн газар дээр нэхэмжлэгчийн барьсан байшин байгаа. Тийм учраас Л.Бд холбогдох зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчсөн. Гэтэл байшинтай хэсгийг гуравдагч этгээдэд нэмж олгосон. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн нь хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан. Гэтэл 246 м.кв газар Л.Бд өмчлүүлснээс 139 м.кв газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байсан. Бусдын өмч энэ газарт баригдсан байсан. Үүнийг нягталж, шалгаж үзэх үүргээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг дарга огт хэрэгжүүлээгүй. Бичиж өгснөөр шууд өмчлүүлсэн. Газар дээр нь очиж, энэ этгээд өмчлөх эрх бүхий этгээд мөн эсэхийг шалгаж үзээгүй. Тухайн газар дээр нэхэмжлэгчийн байшин байсан. Хил заагаараа, хашаагаар хуваагдсан байсан. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Иргэн Л.Бд газар олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн давхацсан хэсгийг хүчингүй болгуулах. Мөн Нийслэлийн Засаг даргад 139 м.кв газар нэмж өмчлүүлэхийг даалгах хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх зүй ёсны шаардлага гарч ирж байна. Хүчингүй болгуулах шаардлагын хувьд мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох ёстой. Үүнээс үзвэл захиргааны хууль бус акт байх ёстой. Түүнээс болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөл тавигддаг. 2003 онд Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхлэхэд 2005 он, 2008 онуудад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуут, Овоот хорооллын төлөвлөлтөд тодотгол хийж, эзэмшүүлж, өмчлүүлсэн байдаг. Иргэн Л.Б дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн , Чулуутын амины орон сууцны 5 дугаар гудамжны ******* 243 м.кв газрыг эзэмшүүлж, улмаар 2008 оны 159 дүгээр захирамжаар өмчлүүлсэн байдаг. Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүсэлтээ гаргасан байх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байх, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх талаар зохицуулсан. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан төлөвлөлтийн дагуу энэхүү газрыг эзэмшүүлж, ашиглуулж байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Иргэн Л.Бд газар эзэмшүүлэхдээ иргэний эрх, ашгийг зөрчсөн хууль бус ажиллагаа явагдаагүй. Иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тодорхойлох шаардлагатай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 2011 онд иргэн Д.Эд 404 м.кв газар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн. Гэтэл 2015 онд Нийслэлийн Засаг дарга өмчлүүлэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ иргэн Д.Эд газар эзэмшүүлсэн 2011 оны захирамж нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхацсан гэсэн үндэслэлээр 139 м.кв газрыг хасаж, 265 м.кв газрыг хууль ёсоор өмчлүүлсэн. Нэхэмжлэгч тал 265 м.кв газар олгосон тал дээр маргаагүй гэж хэлсэн. Иргэд өөрсдөө 265 м.кв газар дээр өмчлөх эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Тэгвэл яагаад иргэн Л.Бы эрхийг хөндөж, холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна вэ. Энэ холбогдох хэсэгт нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж ойлгогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актын гаргахаас татгалзсан шийдвэр эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан. Энэ эс үйлдэхүй нь хууль бус байх ёстой. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар эрх зөрчигдсөн талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэлээ 2016 оны 09 сарын 22-ны өдөр гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэрэг үүсгэсэн. Улсын бүртгэлээс ирсэн нотлох баримтаар 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Д.Э улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан. Эс үйлдэхүйг гэж үзэж байгаа шийдвэрийг 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гэхэд 265 м.кв газрыг эзэмшүүлж, үлдсэн 139 м.кв газрыг эзэмшүүлээгүй гэдгийг мэдсэн байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргасан учраас Захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхцөл байдал харагдахгүй байна. Т.Гт шилжүүлсэн баримт байна. Т.Г******* анх нэхэмжлэл гаргахад Т.Ггийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэдэг үүднээс хэрэг үүсгэхээс татгалзсан. Үүнд нэхэмжлэгч нар гомдол гаргах боломжтой байсан боловч гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна гэсэн тайлбартай санал нэг байна. Төрөөс албан ёсоор өмчилж аваад 10 жил болж байгаа газрын талаар маргаж байгаа нь иргэн миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Маргаж байгаа 139 м.кв газар нь ямар нэг байдлаар давхцалгүй гэж үзэж байна. Давхцал гэдэг нь албан ёсоор Газрын кадастрын мэдээллийн санд оруулсан солбицлын давхцлыг хэлдэг. Тийм учраас ямар нэг байдлаар Д.Э манай хоёрын хооронд давхцал байхгүй. Миний албан ёсны газар, Д.Эгийн газар солбицлоороо давхцалгүй байгаа. Энэ нь нотлох баримтаар гаргаж өгсөн газрын мэдээллийн сангийн зураг дээр байгаа. Солбицлоор нь давхцуулж олгосон Засаг даргын шийдвэр байхгүй. Газрын дахин төлөвлөлтөөр айл бүрийн хуучин өмчилж байсан газар бага зэрэг баруун талаасаа зүүн тал руугаа шилжих явцад манай албан ёсны солбицолтой газар нэхэмжлэгийн байшин байгаа газар луу орсон. Д.Эгийн газар зүүн талын болон урд талын газартай давхцаж орсон байгаа. Энэ талаар хэзээ нэгэн цагт маргаан гарах байх. Нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 265 м.кв газраа Т.Г******* гэдэг хүнд гэрээгээр 20 сая төгрөгөөр зарсан. Т.Г******* нь улсын бүртгэлд 265 м.кв газар бүртгүүлсэн. Тэр өдрөөс хойш энэ газар болон газар дээр байгаа өмч эдний өмч биш болсон. Бусдад зарсан өмчөө өнөөдөр миний эзэмшиж байгаа газартай холбогдуулж, миний эрх ашгийг хөндөж, миний газрыг хүчингүй болгуулахаар далимдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж үзэж байна. Т.Г******* гэдэг хүнд миний газар гэж зарчхаад тэр хэрэг нь илрээд, дээр нь байгаа байшингаар далимдуулж эзэмших гэж маргаж байна гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Д.Э Нийслэлийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсгээс зарим хэсгийг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн  Л.Бд газар эзэмших эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж ******* тоот хаягт байрлалтай 404 кв м газраас хасагдсан 139 кв м газрыг Д.Э надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тэрээр анх Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 484 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн 404 м.кв талбай бүхий газрыг 2016 онд өмчлүүлэхдээ бусдын газартай давхцуулан олгосон байсан гэсэн үндэслэлээр 139 кв м газрыг хасаж 265 кв м газар болгон өөрчилснийг хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Нийслэлийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсгээс зарим хэсгийг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн  Л.Бд газар эзэмших эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжаар анх Л.Бд тус дүүргийн Чулуутын амины орон сууцны 5 дугаар гудамж ******* тоотод 230 м кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж 12-******* дугаарын гэрчилгээг олгосон бөгөөд улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамж, шийдвэрээр 243 м кв газрыг өмчлүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасан эрх хэмжээний хүрээнд Л.Бд газар эзэмших эрх олгож, гэрчилгээжүүлсэн дүүргийн Засаг даргын 2007 оны 411, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар  газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжийн   холбогдох хэсгүүд хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий газарт 2005 оноос амьдарч, үл хөдлөх хөрөнгө болох орон сууц барьсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч газар эзэмших эрхээ баталгаажуулж авсан 2011 он хүртэл энэ асуудлаар эрх бүхий захиргааны байгууллагад хандаж байсан үйл баримт тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг тодорхойлохдоо иргэн Л.Бд эзэмшүүлж, өмчлүүлсэн (одоо гуравдагч этгээд В.С*******ийн өмчлөлд шилжсэн) 243 м кв газар түүний өмчилж бусдад худалдсан 265 м кв газар өмчлөх эрхийг хэрхэн зөрчсөнийг тэрээр нотлоогүй бөгөөд энэ шаардлага үндэслэлгүй болно.  

Хэдийгээр дээрх өмчилж байгаад бусдад худалдсан 265 м кв газрын өмчлөлийн талаар нэхэмжлэгч маргаагүй гэх боловч түүний нэг хэсэг болсон үндэслэлгүйгээр багасгасан 139 м кв газрыг нэхэмжлэгчид  өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн засаг даргад даалгах  үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч 2016 оны 09 сард анх Нийслэлийн засаг даргад хандаж өргөдөл гаргасан бөгөөд Нийслэлийн газрын албанаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/225 дугаар албан бичгээр өргөдөлд хариу хүргүүлсэн нь хариуцагч тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байсан гэж үзэхээргүй байна.

Нөгөө талаар энэхүү үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын өөр нэг үндэслэл болсон түүнд анх 2011 оны 484 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 404 м кв газрыг 2015 онд өмчлүүлэхдээ үндэслэлгүйгээр 139 м кв талбайгаар багасгасан гэх нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж тайлбарлах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Д.Эгийн өргөдөлд Нийслэлийн газрын албаны 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/225 дугаар албан бичгээр “..Д.Эд 404 м кв газрыг ..дүүргийн Засаг даргын 2011 оны 484 дүгээр захирамжаар иргэн Л.Бы урьд нь өмчилсөн байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн...ба таны эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлэх явцад бусдын өмчилсөн газартай давхцуулан эзэмшүүлсэн зөрчлийг “..ажлын хэсгийн”  хуралдаанаар арилган Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар танд 265 м кв газрыг өмчлүүлсэн байна.” гэж хариу хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч энэ шийдвэрийг зөвшөөрч гомдол гаргаагүй байна. 

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2/1776 дугаар “Нотлох баримт хүргүүлэх тухай” албан бичгээр “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээллээс хайлт хийж үзэхэд нэгж талбарын 18647310******* дугаар бүхий 265 м кв талбайтайгаар иргэн Д.Эгийн нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгдсэн газрыг нэгж талбарын 18647310******* дугаар бүхий 243 м кв талбайтайгаар иргэн Л.Бы нэр дээр бүртгэгдсэн газартай давхцуулж үзэхэд хоорондоо давхцал үүсээгүй болно.” гэжээ.

Үүнээс үзэхэд Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар Л.Бд олгосон газрын хэмжээ, байршлаас болж нэхэмжлэгч Д.Эгийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал хэрэгт цугларсан нотлох баримт нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Тодруулбал нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж эзэмшиж байсан газар анх 404 м кв байх үедээ иргэн Л.Бы газартай давхцаж байсан зөрчлийг Нийслэлийн засаг дарга түүнд газар өмчлүүлэхдээ хуульд нийцүүлсэн, харин өмчилж аваад бусдад худалдсан 265 м кв талбайгаар ямар нэг давхцалгүй, түүний эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл Л.Бд 2007 онд газар эзэмшүүлж, 2008 онд өмчлүүлсэн маргаан бүхий захирамжууд 2011 онд газар эзэмших эрх олгож, 2015 онд өмчлүүлсэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх боломжгүй байна.

Иймд маргаан бүхий Л.Бд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Баянзүрх дүүргийн Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж ******* тоот хаягт байрлалтай 404 кв м газраас хасагдсан 139 кв м газрыг Д.Э надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Баянзүрх дүүргийн засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 484 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Эд нэгж талбарын 18647310******* дугаар бүхий 404 м.кв газрыг тус дүүргийн , Чулуутын АОС 4-******* тоотод 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж 2012 онд 0365361, 2013 онд 0004******* дугаарын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Нэхэмжлэгч Д.Эгийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 265 м кв газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамж, шийдвэрээр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд зааснаар  өргөдөлд бичсэн 265 м кв газрыг өмчлүүлжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 265 м кв газар өмчлүүлсэн А/41 дүгээр захирамж, шийдвэрийг тухайн үед эс зөвшөөрч эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Эгийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 265 м кв газрыг өмчлүүлж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэл....шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч,...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”,  54 дүгээр зүйлийн 54,1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”, 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй  бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэснээс үзэхэд нэхэмжлэгч энэ хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн газар өмчлөх шийдвэрийг гардан авч  өмчлөх эрхээ баталгаажуулахаар бүртгэлийн байгууллагад 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хандаж мэдүүлэг гаргасан хугацаагаар нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл түүний анх захирамжаар эзэмшсэн 404 м кв газрыг Нийслэлийн засаг даргын захирамжаар 139 м кв-аар багасгасан болохыг мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд эрхээ хамгаалуулахаар хандаагүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь;

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд Нийслэлийн засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсгээс зарим хэсгийг, Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн  Л.Бд газар эзэмших эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж ******* тоот хаягт байрлалтай 404 кв м газраас хасагдсан 139 кв м газрыг Д.Э надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.НАСАНДЭЛГЭР