| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 102/2023/03692/И |
| Дугаар | 210/МА2024/00990 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/00990
2024 05 10 210/МА2024/00990
С.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01322 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч НШШГГ холбогдох
НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж С.М-ын Хаан банкин дахь *********** тоот данснаас хууль бусаар хасалт хийж шилжүүлэн авсан 24,359,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ц ХХК-аас буюу хуулийн этгээдээс гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн ажиллагаа явуулж байхдаа С.М-аас төлбөр гаргуулах талаар ямар нэг эрх зүйн акт гаргалгүйгээр 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгчийн банкин дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 20370209/02-144 дугаартай тогтоол гаргаж Арилжааны банкуудад хүргүүлсэн. Уг тогтоол нь С.М миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
1.2. Улмаар хууль зөрчин шүүхийн шийдвэргүйгээр С.М надад мэдэгдэлгүй хувийн дансыг хааж 4,115,975 төгрөг, 20,243,060 төгрөг, нийт 24,359,035 төгрөгийг данснаас хасалт хийж авсан. Миний эрхийг зөрчиж надаас хууль бусаар хураан авсан мөнгийг буцаан өгөх талаар хүсэлт гаргахад шийдвэрлэж өгнө, манай дансанд байгаа, хүлээж бай гэж хүлээлгэсээр эцэст нь миний хувийн өмчийн мөнгөн хөрөнгийг С ХХК-д шилжүүлэх болсон тухай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4-144 тоотоор надад мэдэгдэл өгсөн.
1.3. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ямар нэг эрх зүйн акт гаргахгүйгээр хууль бусаар явуулж С.М миний данснаас хасалт хийж аваад одоо хүртэл дансандаа хадгалж байгаа 24,359,035 төгрөгийг НШШГГ-аас гаргуулан Хаан банкин дахь С.М миний *********** тоот дансанд буцаан шилжүүлж, намайг хохиролгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаар шийдвэрээр Ц ХХК-аас48,438,070 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.
2.1. Төлбөр төлөгч Ц ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансыг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд дансны мөнгөн дүнгийн үлдэгдэлгүй, данс эзэмшдэггүй талаар хариу ирүүлсэн бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилд хөрөнгө тогтоогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц ХХК-ийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй нь тогтоогдсон.
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М-т 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16622 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу М ХХК баталгаат шуудангаар хүргүүлсэн.
2.3. С.М шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг биелүүлээгүй тул түүний банкин дахь харилцах болон хадгаламжийн данснаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийг хувьцааны хэмжээгээр суутган авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20370209/04 дугаар тогтоолоор банкин дахь дансыг битүүмжлээс чөлөөлсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, НШШГГ-аас 24,359,035 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,746 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч НШШГГ-аас 349,946 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.М-т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00197 дугаар шийдвэрээр Ц ХХК-аас 48,438,070 төгрөгийг гаргуулж С ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 93.4 болон Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.М-ын арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн данснаас хувьд ногдох хэсгээр хасалт хийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,243,060 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 4,115,974 төгрөгийг хувьцааны хэмжээгээр бүрэн төлүүлж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20370209/04 дугаар тогтоолоор банкин дахь дансыг битүүмжлээс чөлөөлсөн.
4.2. Хариуцагч байгууллагын зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 болон 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Ц ХХК-ийн мөнгөн хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгийн талаар хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тодруулахад харилцах дансанд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлгүй, эзэмшил, өмчлөлдөө хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй болох нь тогтоогдсон. Мөн төлбөр төлөгч Ц ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн Ц ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч С.Мт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4-144/16618 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугааp зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч нарын эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулах болохыг мэдэгдсэн. Шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийг хувьцаа эзэмшигчид тухайн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс зааглагдсан эсэх баримт, тайлбар ирүүлэхийг мэдэгдээгүй атлаа данснаас хасалт хийсэн талаар дүгнэсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7 дахь хэсэгт зааснаар үүргийг төлбөр төлөгч хуулийн этгээд хариуцахаар хуульчилсан байхад шийдвэр гүйцэтгэгч хариуцахаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.
4.3. Хариуцагчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө орлого тодруулах ажиллагааг явуулсан. С.М өөрийн эс үйлдэхүйгээр компанийн эд хөрөнгөөс зааглагдсан хөрөнгөтэй эсэхээ бүрдүүлж өгөөгүй бөгөөд хөрөнгө тодруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн байхад шүүхээс хөрөнгө тогтоох ажиллагаа хийгээгүй талаар дүгнэсэн нь өрөөгөл бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх ёстой бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс холбогдох баримтыг анхан шатны шүүхэд бүрдүүлж өгсөн нэхэмжлэгч С.М-ын зүгээс шүүхэд өөрийн хөрөнгө орлого компанийн хөрөнгө орлогоос зааглагдсан талаар нотолсон баримт ирүүлээгүй байхад шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
4.4. Нэхэмжлэгч С.М нь төлбөр төлөгч Ц ХХК өөрийн эзэмшил, өмчлөлдөө хөрөнгөгүй байсныг мэдэж байсан болох нь нэхэмжлэлийн шаардалага гаргахдаа компани өөрийн нэр дээр хөрөнгөтэй тохиолдолд миний мөнгийг өгч болно гэсэн тул компанийн нэр дээр автомашин шилжүүлсэн талаар дурдсанаар тогтоогдох бөгөөд цаг хугацааны хувьд данснаас хасалт хийсэн хугацаа нь компани өөрийн эзэмшилд тээврийн хэрэгсэл шилжүүлэн авсан хугацааны өмнө байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. 9.5 дахь хэсэгт заасны дагуу явагдсан. Мөн нэхэмжлэгч С.М Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүйгээр тухайн ажиллагааны хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан эрх зүйн актыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд тухайн эрх зүйн акт нь С.М-т холбогдуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ямар нэгэн тогтоол гаргаагүй, компани болон өөрийн хөрөнгө холилдсон эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шууд данснаас таталт хийх тогтоол гаргасан байдаг. Гэтэл тухайн тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл заагаагүй, Үндсэн хуульд заасан хувь хүний үндсэн эрхэд халдан мөнгийг шилжүүлэн авсан. Ийнхүү мөнгийг авсны дараа ... байж бай автомашиныг зарж байж мөнгийг чинь буцааж өгнө... гэж тайлбарладаг. Түүнчлэн, мөнгийг шилжүүллээ гэх албан ёсны бичиг өгсөн атлаа мөнгийг шилжүүлэхгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.
2. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч НШШГГ холбогдуулан НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20370209/02-144 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулж С.М-ын Хаан банкин дахь *********** тоот данснаас хууль бусаар хасалт хийж шилжүүлэн авсан 24,359,035 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх өмнөх магадлалд ...хариуцагч НШШГГ-аас хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус гэж тогтоогдвол уг мөнгөн хөрөнгийг шаардах эрхийн үндэслэл нь өөрөөр тодорхойлогдоно гэх агуулгаар тусгагдсан байдлыг анхаарахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.М-ын Хаан банкин дахь данснаас авах ёсгүй мөнгөн хөрөнгийг хасалт хийж шилжүүлэн авсан гэж тодорхойлсон нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэх агуулгатай байна.
Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хууль бусаар мөнгөн хөрөнгийг хувьцаа эзэмшигчийн данснаас суутган авсан гэж тодорхойлсон нь гэм хорын хохиролд хамаарна.
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол нь гэм хорын эрх зүйд хамаарах бөгөөд уг маргааныг дангаар шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүн гэж үзнэ. Ийнхүү анхан шатны шүүгч дангаар хэргийг шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зүйлчлэн заасан зарим хэргийг анхан шатны шүүхийн шүүгч дангаар шийдвэрлэнэ гэснийг, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар шүүгч дангаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчжээ.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар анхан шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЦОГТСАЙХАН