| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 106/2016/0224/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2017-03-16 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Э.Одончимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 189
И.Гантөрд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Одончимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
ялтан И.Гантөр, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Гантөр, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар И.Гантөрд холбогдох эрүүгийн 201626021894 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигоно овогт Ичинхорлоогийн Гантөр, 1969 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр 100 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ69121539/,
И.Гантөр нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17-19 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар сургуулийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ зүс таних Д.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: И.Гантөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Гантөрийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар И.Гантөрийн цагдан хоригдсон 218 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, И.Гантөр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан И.Гантөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 96 дугаар сургуулийн хашаанд зүс таних Д.Болдбаатартай архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас маргалдан зодолдож, бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогдон 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож байна. Хоригдож байх хугацаанд биеийн байдал минь тун тааруу байсан бөгөөд 8 удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие 2016 оны 6 дугаар сард зүрхний цусан хангамжийн архаг дутагдлаас шалтгаалах даралт ихсэлт гэсэн үндсэн оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар групп тогтоолгосон. Би 1988 онд цэргийн алба хааж байх хугацаандаа офицеруудад бүлэглэн зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч сэтгэцийн 2-р зэргийн групп тогтоолгож байсан. Дээр нь одоо зүрхний цусан хангамжийн архаг дутагдал цусны даралт ихсэх өвчтэй. Миний бие нь 48 настай. Би 10 жилийн сургууль төгсөж, Оросын Холбооны Улсад Эрчим Хүчний Техник мэргэжлийн сургуулийг трубины засварчин мэргэжлээр дүүргэсэн. Мөн ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийг хүнсний технологич инженер, "Шихи Хутаг" хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-ын Хууль зүйн сургуулийн магистрантур мөн АНУ-д хэлний бэлтгэлд суралцаж байсан.
Анхны ажлын гараагаа 1988 онд Дулааны цахилгаан шугам сүлжээнд засварчнаар эхэлсэн ба УМХЕГазар улсын байцаагч, Жижиг Дунд Үйлдвэрийн газар мэргэжилтэн, "Анод" банкинд ахлах хуульч, "Идэр заяа мандах" ХХК ерөнхий зохион байгуулагч зэрэг ажил эрхэлж байсан. Энэ хугацаанд хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн ажлуудыг хийж ирсэн. Мөн хандивын тоглолтыг амжилттай зохион байгуулж, зүрхний өвчтэй хүүд туслах аян хийж байсан.
Мөн миний бие эхээс 4-үүлээ. Миний ээж одоо 84 настай хэвтрийн улаан хоолойн хорт хавдар, цусны даралт ихсэх өвчин болон зүрхний архаг дутагдалтай. Монголд надаас өөр асарч халамжлах хүн байхгүй, миний асаргаанд байсан. Ээждээ ийм байдлаа харуулж зовоосондоо үнэхээр харамсаж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж эрдэнэт хүний аминд хүрсэндээ туйлын ихээр гэмшиж байна. Элэг бүтэн нэгэн айлын амьдралд арилшгүй хар толбо үлдээж байгаадаа сэтгэл минь өмөрч, өөрийн хийсэн үйлдлээ гүнээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хоригдож байх хугацаандаа засрал хүмүүжлийг олж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, нийгэмд гэм хортой үйлдэл гаргахгүй байхыг цаашид үргэлж хичээх болно. Иймд шүүгдэгч миний биеийн байдал тааруу мөн ар гэрийн минь хүндрэлтэй асуудлуудыг харгалзан үзэж, хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж жирийн дэглэм болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Ялтан И.Гантөрийн өмгөөлөгч Б.Баттөмөр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...И.Гантөр нь талийгаач Б.Болдбаатарт хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин И.Гантөр нь талийгаач Б.Болдбаатартай маргалдаад улмаар өөрөө түүнийг автобусны араар дагуулан аваачсан ба өөрөө нэг удаа цохиулсны дараа талийгаач Б.Болдбаатарыг толгойн тус газар нь олон удаа санаатайгаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоноос шалтгаалж, түүнд хүнд гэмтэл учирч улмаар уг гэмтлийн улмаас нас барсан, хэргийн зүйлчлэл тохирсон тул өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна" гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь И.Гантөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
И.Гантөр болон талийгаач Болдбаатар нар харилцан цохилцсон үйлдэл болохоос өмнө Болдбаатар нь Гантөрийг дарамталж байсан, буюу сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулсан байдаг. Энэ нь Батхуягийн мэдүүлэг, мөн И.Гантөрийн худалдан авсан гэх архины баримт, Ичинхорлоогийн мэдүүлэг зэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харвал тухайн үед цагаан өнгийн хувцас өмссөн байсан талийгаач Болдбаатар нь И.Гантөрийн эрх чөлөөнд халдаж цохиж унагаасан төдийгүй И.Гантөрийг газар унасны дараа холдож яваагүйгээр дээрээс нь тонгойж, сэтгэл зүйд нь нөлөөлөхөөр доромжилж, айлган сүрдүүлж, дарамталсан, мөн толгой руу нь олон удаа цохисон болох нь харагдаж байх ба талийгаачийн үйлдлийн улмаас И.Гантөрийн биед хөнгөн гэмтэл учирсан.
Хохирогчийн сэтгэл зүйн болон бие бодийн хүчирхийллийн улмаас И.Гантөрийн сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан. Өөрөөр хэлбэл талийгаач Болдбаатарын хууль бус үйлдлийн улмаас Гантөрийн сэтгэл санаа гэнэт хүчтэй цочрон давчидсаны улмаас босож ирээд цохих үйлдэл хийсэн. Талийгаачийн эхнэр Цэцэгсүрэнгийн хийсэн тооцоогоор 9.304.102 төгрөгийн зардал гарсан гэдэг. Шүүгдэгч 9.805.000 төгрөг төлсөн буюу одоогоор бодит хохирлыг бүрэн барагдуулсан.
Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолын 1.1, 1.7-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн тайлбарласан. И.Гантөр нь өмнө нь цэрэгт байхдаа гэмтэл авч байсан бөгөөд тархины болон зүрхний өвчний улмаас эмчийн хяналтад байдаг. Иймд И.Гантөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчлэн шийдвэрлэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.
Ялтан И.Гантөрийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Баттөмөрийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тухайн үед хохирогч Болдбаатар нь И.Гантөртэй уулзаад түүнийг удаа дараа хэл амаар доромжилж, архинд явуулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд И.Гантөрийг хохирогч эхлээд цохидог. И.Гантөр тэр үед савж унадаг. Ингээд И.Гантөр босмогцоо санаа сэтгэл цочрон давчдан хохирогчийг үхэлд хүргэсэн үйлдэл хийсэн. И.Гантөр нь би тархиндаа гэмтэлтэй, мөн зүрх судасны өвчтэй гэж мэдүүлдэг. И.Гантөр нь хохирогч Болдбаатараас айсандаа удаа дараа архинд явж, ээжээсээ 20.000 төгрөг авч архи авч өгсөн. Энэ үйлдэл нь гэрч нарын мэдүүлэг болон бичлэг дээр тодорхой харагддаг. Иймд И.Гантөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Хэргийн газрын үзлэгээр хутга байгаагүй талаар гэрчүүд мэддэггүй. И.Гантөр нь зүрх судасны хүнд өвчтэй ба 60 хувийн групп тогтоолгосон. Дээрх өвчний үед хэрэглэж байгаа эм нь тайвшруулах төрлийн бодис агуулсан эм болох нь тогтоогдсон.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн бодит хохирол болох 9.300.000 төгрөгийг төлж барагдуулсан, ялтны биеийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Гантөрд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Гэрч Батхуяг мэдүүлэхдээ: “...И.Гантөр ирэхдээ 1 литр цэвэр ус барьсан, бас нэг хутга барьсан байсан. Хутгаа зүүн гар талдаа барьсан байсан ба би яг яаж барьсныг нь санахгүй байна. Тэгээд хутгаа бариад ирснийг нь харсан Д.Болдбаатар "Чи хутгаар яах гэж байгаа юм бэ, Намайг хутгалах нь уу гэж хэлээд подволкоо дээш нь сөхсөн ба И.Гантөр ямар ч үйлдэл хийгээгүй, юу ч яриагүй. Тэгэхээр нь Угтах бид хоёр И.Гантөрийн хутгыг нь булаагаад авсан...” гэжээ.
Хууль сануулан авсан гэрчийн энэхүү мэдүүлэгт заагдсан хутга нь энэ хэрэгт огт шалгагдаагүй. Энэхүү хутганы талаар бусад гэрч нараас тодруулаагүй. Уг хутгыг эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар олж бэхжүүлэх ямар ч ажиллагаа хийгдээгүй байна.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт ноцтой зөрүү байсаар байхад нүүрэлдүүлэн байцаагаагүй, хутга бариагүй болох нь тогтоогдвол гэрч Батхуягт Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй юм.
Талийгаачийн амь насыг нь хохироосон амьд үед нь үүссэн гэмтлийг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх тул хутга энэ хэрэгт хамааралгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Мөрдөн байцаалтын ажиллагааг тал бүрээс нь бодитой тогтоох зарчмыг баримтлалгүй, мөрдөн байцаалтыг хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
И.Гантөрийн хутга барьсан үйлдэл нь хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд гэмт этгээд өөрийнх нь үзэл бодолд нийцээгүй гэж дургүйцэн түүнээс хариу авах, хорсол тайлах зорилгыг агуулсан эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв өс хонзонгийн санаа зорилго агуулаагүй бол гудамж талбай, олон нийтийн газар хүйтэн зэвсэг авч явсан үйлдэл нь бие даасан танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй аль нь болох тодорхойгүй байна.
2. Ялтан И.Гантөрийн биеэс авсан шээсэнд хийсэн химийн шинжилгээгээр сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис болох диазепам илэрснийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял завших нөхцөл үүсч байгаа тул түүнийг шалгуулах хүсэлт гаргахад шүүх, прокуророос И.Гантөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх энэ хэргийн хэмжээ хязгаар дотор хэргийг хэлэлцэх ажиллагаа явуулах тул өмгөөлөгчийн хэлсэн үндэслэлийг хэлэлцэх боломжгүй гэж И.Гантөрийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял завших боломжийг бүрдүүлжээ.
И.Гантөр зүрх өвддөг даралт ихсээд эмчийн бичсэн эмийг уусан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт шинжээч эмч Номинцэцэг нь зүрхний болон даралтын эмийн найрлагад сэтгэцэд нөлөөлөх бодис болох диазепам гэдэг бодис байдаггүй гэж хэрэгт мэдүүлсэн.
Шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хэмжээ хязгаарын дотор хэрэг хэлэлцсэн гэж байгаа боловч уг яллах дүгнэлттэй хэрэгт И.Гантөрөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илэрсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, энэ хэргээс тусгаарлаж шалгаж байгаа эрүүгийн хэрэг байхгүй байхад мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн үү үгүй юу гэдэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим алдагдсанд гомдолтой байна.
НҮБ-ийн 1971 оны 2 дугаар сарын 21-нд батлагдсан "Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай конвенци”-н 4 дүгээр бүлгийн жагсаалтад диазепам гэдэг бодис орсон бөгөөд химийн нэршил Н-1,4 гэсэн нэршилтэй байна. Уг Олон Улсын гэрээнд манай улс хууль ёсоор нэгдэн орж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан билээ. Гэтэл манай улс соёрхон нэгдсэн НҮБ-ийн конвенцид заасан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис ялтан И.Гантөрийн биеэс шинжилгээний хариугаар илэрсээр байтал шалгаж шийдвэрлэхгүй яллах дүгнэлтийн хүрээнд гэсэн үгээр ял завшуулж байна.
Хохирогчийг санаатай алах үед ялтан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцолгүй яллах дүгнэлт үйлдсэн зүйл хэсгийн хамгийн доод ялыг өгсөнд гомдолтой байна.
Согтуурсан үедээ бусдыг санаатай алсан гэж хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол 10 жил 1 cap гэсэн хамгийн доод ял шийтгэл авахгүй байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол ялтанд давуу байдал бий болгож, шалгах шаардлагатай асуудлуудыг бүрэн гүйцэд шалгалгүй, хүндрүүлэх бүрэлдэхүүн болон нөхцөл байдлуудад дүгнэлт хийлгүйгээр хэт хөнгөн ял оногдууллаа.
Иймд И.Гантөрд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан гомдолд заагдсан дээрх нөхцөл байдлуудыг шалгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Прокурор Э.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Нэг гэрчийн мэдүүлэгт хутга бариад зогсож байсан үйлдэл яригддаг ч хутгыг хэрэглэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Хэрэгт холбогдогч болон гэрчүүд тухайн үед согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир мэдүүлэгт бичигдсэнээс өөр зүйл мэдүүлэх боломжгүй гэдэг. И.Гантөр мөрдөн байцаалтын шатанд седуксин гэдэг эм хэрэглэсэн талаараа мэдүүлсэн. Шинжээч эмч седуксин гэдэг эмийн найрлагад дээрх бодис агуулагдана гэж тайлбарласан. Түүнчлэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь И.Гантөрийг хүндээр доромжилж, зохисгүй үгээр харааж, байж суух аргагүй байдалд оруулсан гэж мэдүүлдэг. Гэвч ийм нөхцөл байдал гэрч нарын мэдүүлгээр тогтоогддоггүй. Камерын бичлэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан болох нь харагддаг. Хэрэгт холбогдогчид согтууруулах ундааг адил хэмжээгээр хэрэглэсэн шинжилгээгээр хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогддог. Ийм учраас амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх боломжгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хорих ял эдлэх дэглэмийг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
И.Гантөр нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17-19 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 96 дугаар дунд сургуулийн хашаанд архи согтууруулах ундааны зүйл ууж хэрэглэсэн үедээ зүс таних Д.Болдбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 5-11/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг /хх 1-н 34/ болон бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 27-33/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэцэгсүрэнгийн: “... Намайг гэртээ байж байхад 15 цагийн орчим талийгаач миний гар утас руу залгаад Мод гэх хүний утасны дугаар асуусан. Үүний дараа 18 цагийн үед найз Хуягаагийн гар утаснаас над руу залгаад “чи хүрч ирээд намайг аваач, би 96 дугаар сургуулийн хашаан дотор байна” гээд утсаа тасалсан... Би тус сургууль дээр очиход тэд нар байхгүй болохоор Хуягаа руу залгаж хаа байгааг нь асуугаад очтол цагдаа нар ирсэн байсан. Би Хуягаагаас юу болсон талаар асуутал “...Гантөр гэх залуу талийгаач хоёр автобусны цаагуур орж уулзъя гээд явсан, араас нь очтол Гантөр миний хажуугаар гараад гүйгээд гарсан. Гэтэл талийгаач Болдбаатар газар хэвтсэн... байсан” гэж хэлсэн... Талийгаачийг бага байхын Соном гэж дууддаг байсан...” /хх 1-н 36-39, 41/,
Гэрч С.Батхуягийн: “...Гантөмөрийн авч өгсөн архийг хувааж уусны дараа Нэкү, Дуламцэрэн, Өөмөө, Угтах нар Болдбаатар, Энх-Амгалан, Тэмүүжин, Гантөмөр бид таваас салаад явсан. Болдбаатарыг таньдаг нэг ах таараад 5000 төгрөг өгсөн ба Гантулгын мөнгийг нийлүүлж байгаад дахиад 1 шил 0,75 литрийн архи авч Гантулгын гэрт орж хувааж уусан... Гантулга гэртээ үлдээд Болдбаатар, Энх-Амгалан, Тэмүүжин, Гантөмөр бид тав Гантөмөрийн машинтай 96 дугаар сургуулийн гадаа очсон. Тэр үед 96 дугаар сургуулийн үүдэнд Эрка, Угтах, Дуламцэрэн, Өөмөө, Жагар, Гантөр нар байсан ба мөнгөө нийлүүлж архи аваад ууж байх үед Болдбаатар Гантөр хоёр хоорондоо маргалдсан. Юунаас болсныг мэдэхгүй, хоорондоо барилцаж аваад Болдбаатар, Гантөрийн өмсөж явсан подволкны захыг урчихсан. Тэр үед Гантөр подволкоо тайлсан байсан ба бид нар тэр хоёрыг салгасан. Тэгээд хэрэлдэхээ больсон. Тэгээд Угтах, Дуламцэрэн, Гантөмөр, Нэкү, Энх-Амгалан, Жагар нар ажилтай гэртээ харилаа гээд явсан. Харин Эрка, Болдбаатар, Гантөр, Тэмүүжин бид 5 үлдээд үлдсэн архиа хувааж уусан. Үүний дараа Гантөр, Тэмүүжин нар дахин архинд яваад Нэкүтэй хамт ирсэн ба авчирсан архийг хуваагаад ууж байх үед Болдбаатар миний гар утсыг аваад эхнэртэйгээ яриад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд сууж байх үед Гантөр босоод Болдбаатарыг хоёулаа уулзаадахъя гээд сугадаж аваад 96 дугаар сургуулийн хашаанд байсан хоёр автобусны араад дагуулаад орсон. Удалгүй хоорондоо зодолдож байгаа юм шиг чимээ гарахаар нь би босоод ганцаараа тойроод очтол миний урдаас Гантөр гарч ирэхээр нь би юу болов гэхэд намайг түлхээд хажуугаар гараад зугтаасан. Тэгээд автобус тойроод хартал Болдбаатар газар дээшээ хараад хамраас нь цус гарсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би очоод сэрээх гэж хацар луу нь гараараа алгадаж “зүгээр үү” гэхэд нүд нь хараатай мөртлөө ямар нэг хөдөлгөөн хийхгүй байсан. Би буцааж очоод Нэкү, Тэмүүжин, Эрка нарт “Гантөр Болдбаатарыг алчихлаа ш дээ, хөдлөхгүй сонин болчихсон байна” гэж хэлтэл нөгөө гурав итгэхгүй байсан...” /хх 1-н 129-132/,
Гэрч Ц.Эрдэнэбаатарын: “...Намайг очих үед Угтахбаяр, Гантөмөр, Дуламсүрэн, Нэрэнхүү, Жаагаа нар байсан. Тэгтэл Гантөр гэх манай найз над руу утасдаад хамт байгаа хүмүүсээ аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид нар таксидаад 96 дугаар сургуулийн хашааны үүдэнд очсон... Хуягаа Болдбаатар хоёр бид нарын араас ирсэн. Тэр үед Гантөр нь Болдбаатарыг тэврээд “намайг уучлаарай, орхичихооч” гээд хүмүүсийн нүдэн дээр гуйгаад байсан. Тэгээд Гантөр 0,75 литрийн архи аваад бид нар хувааж уугаад дуусгасан. Дахин бид нар мөнгөө нийлүүлээд архи авсан... Би сандал дээр сууж байгаад унтчихсан байсан. Гэтэл Хуягаа намайг сэрээгээд “Гантөр, Болдбаатар хоёр хэрэлдээд явсан хойноос нь очъё” гээд бид хоёр гараашийн хойд булан тойроод очиход Гантөр байхгүй, харин Болдбаатар дээшээ хараад хэвтэж байсан...” /хх 1-н 135-136/
Гэрч Б.Нэрэнхүүгийн: “...Тэгээд Жагар, Дуламсүрэн бид гурав нэг шил архи хорооллын 51 дүгээр байрны сад дотор хувааж уучихаад салсан. Энэ үед би нэлээд согтсон байсан тул юу болсныг санахгүй байна. ...” /хх 1-н 144/,
Гэрч М.Гантөмөрийн: “...Би Батхуягтай утсаар ярихад Болдбаатар, Дуламцэрэн, Энх-Амгалан, Батхуяг нартай Нарангийн орчим байж байна гэхээр нь тэд нар дээр очсон... Бид нар байж байгаад 1 шил архи аваад Гантулга билүү дээ Жаанаа гэж дууддаг найзындаа орж хувааж уусан. Тэгээд миний машинаар 96 дугаар сургууль руу явсан. Дөнгөж зогсоход Батхуяг, Болдбаатар нар буугаад яваад өгсөн. Араас нь Энх-Амгалан бид хоёр буугаад очсон. Сургуулийн хашаан дотор байх автобусны тэнд И.Гантөр нь подволкоо тайлаад барьчихсан, маргалдаж байхыг нь хараад болиулсан... Архи уугаад дууссаны дараа Болдбаатарыг аваад явъя гэхэд “Дуламсүрэнг аваад явчих” гэхээр нь би Дуламсүрэн, Энх-Амгалан нарыг аваад явсан...” /хх 1-н 145/,
Гэрч Ц.Энх-Амгалангийн: “... Ганаагийн гэрээс гарч И.Гантөр нарын байсан 96 дугаар сургуулийн гадаа очиход Угтах, И.Гантөр, Гантөмөр, Нэрэнхүү, Дуламцэрэн, Эрдэнэбат нар байсан... Бид нарыг ирээд хэсэг сууж байтал юунаас болсныг мэдэхгүй, И.Гантөр, Болдбаатар нар маргалдаж байгаад барьцалдаж авсан. Тэгэхэд Гантөр подволкоо тайлаад цээж нүцгэн болсон байсан ба Гантөр нь Болдбаатарыг “хоёулаа ийшээ ороод уулзаадахъя” гээд дагуулан автобусны араар орж хэсэг байж байгаад эвлэрчихлээ гээд гарч ирсэн... Гантөмөр бид хоёр Дуламцэрэнг аваад явах хүртэл ямар нэгэн маргаан болоогүй...” /хх 1-н 147/,
Гэрч Ж.Олзвойгийн: “... Би 96 дугаар сургуулийн жижүүрээр ажилладаг. Тухайн өдөр намайг ажил дээрээ байхад манай сургуулийн сурагчдыг зөөдөг 2 автобусны голд үл таних 4-5 хүн суугаад архи ууж байсан. Тэгэхээр нь би “явцгаа” гэж хэлээд өрөөндөө ороод 10 орчим минут болсон. Тэгтэл автобусны ямар нэг зүйлийг цохиж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь гараад хартал ногоон өнгийн богино шорттой залуу “найзыг минь алчихлаа” гээд орилж байсан. Цагаан өнгийн подволктой эрэгтэй хүн ямар ч хөдөлгөөнгүй дээш хараад хэвтэж байсан. Энэ үед хар бараан өнгийн богино подволк өмссөн залуу гүйгээд явж байсан...” /хх 1-н 156/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээгээр: ”...Талийгаачийн биед их тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал, баруун доод зовхи, баруун хацар шанаа дээд уруулын баруун хэсэг, доод уруулын баруун хажуу хэсэг, зүүн нүдний гадна булан, зүүн хацрын төвгөр, баруун чихний ар болон урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Их тархины суурь болон зүүн чамархай, бага тархины суурь хэсэгт аалзан бүрхүүлийн цус харвалт, ховдлын цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн шинжээчийн 1348 дугаартай дүгнэлт /хх 1-н 162-164/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн: “...Гантөрийн биед учирсан зүүн тохой, зүүн бугуйд зулгаралт, дээд уруулын дотор салстад цус хуралт шарх бүхий гэмтэл нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны 17 цагийн орчим үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Зүүн сарвууны ард зулгаралт, 2 шуунд цус хуралт зулгаралт, баруун сарвууны ард зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны ард цус хуралт, зулгаралт гэмтэл нь 1-3 хоногт үүссэн байх боломжтой байна...” гэсэн шинжээчийн 10061 дүгээр дүгнэлт /хх 1-н 177/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн: “... И.Гантөр нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн 717 дугаар дүгнэлт /хх 1-н 208/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.
Ялтан И.Гантөрөөс “... хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү...”, ялтны өмгөөлөгч Б.Баттөмөр “... И.Гантөр нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болсон байсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг ялтны өмгөөлөгч Д.Одонтунгалаг дэмжин тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “...анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ... ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэснийг үндэслэн анхан шатны шүүх И.Гантөрд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд И.Гантөр, Д.Болдбаатар, С.Батхуяг, Ц.Эрдэнэбаатар, Тэмүүжин нар хамт архи уугаад И.Гантөр нь Д.Болдбаатартай муудалцаж, удалгүй эвлэрэн дахин архи ууж эхэлсэн. Дараа нь И.Гантөр нь Д.Болдбаатарыг уулзъя гээд автобусны цаагуур орж Г.Болдбаатар нь И.Гантөрийг нүүрэн тус газар нь нэг удаа цохиход И.Гантөр газар унасан ба босож ирээд Г.Болдбаатарын толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр зодох үед талийгаач газар унаад босож ирээгүй, тэндээ ухаангүй байсаар нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Мөн камерын бичлэг болон гэрч С.Батхуягийн “...Гантөр босоод Болдбаатарыг хоёулаа уулзаадахъя гээд сугадаж аваад 96 дугаар сургуулийн хашаанд байсан хоёр автобусны араар дагуулаад орсон. Удалгүй хоорондоо зодолдож байгаа юм шиг чимээ гарахаар нь би тойроод очсон ба миний урдаас Гантөр гарч ирээд намайг түлхэн хажуугаар гараад зугтаасан...”, гэрч Ц.Энх-Амгалангийн “...Гантөмөр бид хоёр Дуламцэрэнг аваад явах хүртэл ямар нэгэн маргаан болоогүй...” гэсэн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас И.Гантөрийн сэтгэл санааны гэнэтийн цочролд орж, өөрийн үйл ажиллагааг жолоодох чадваргүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул И.Гантөрд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй юм.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нь “...И.Гантөр нь гэмт хэрэг үйлдэх үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байхад ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүйд гомдолтой...” гэснийг хүлээн авах боломжгүй.
Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6282 дугаар дүгнэлтэд “...Гантөрийн биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох диазепам /бензодиазепин ВZO/ илрэв” /хх 1-н 178/ гэсэн байх боловч шинжээч эмч Т.Номинцэцэгийн “...Диазепам нь седуксин гэх эмийн найрлагад байдаг тайвшруулах, булчин сулруулах үйлчилгээтэй байдаг...” гэсэн /хх 1-н 171/ мэдүүлгээр И.Гантөрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд ялтан И.Гантөр, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин анхан шатны шүүх И.Гантөрийн урьдчилан цагдан хоригдсон 188 хоногийг 218 гэж буруу тооцсоныг магадлалаар зөвтгөж шийдвэрлэлээ.