Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0304/З |
Дугаар | 221/МА2019/0454 |
Огноо | 2019-08-29 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0454
“Ш” ХХК-ийн гомдолтой
зөрчлийн хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, хариуцагч улсын байцаагч У.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ш” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Халиунаад холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0431 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Халиунаагийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгож” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Халиунаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар давж заалдах гомдолдоо: “...”Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр “Ш” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК-иудын удирдлагын болон менежментийн баг нь нэг бүрэлдэхүүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тус газарт хяналт шалгалттай холбоотой мэдээ мэдээллийг “Ш” ХХК-ийн лого, нэр бүхий албан бланкаар ирүүлдэг. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 7 хоног тутмын шатахууны жижиглэнгийн үнэ болон нөөцийн үнийн мэдээллийг “Ш” ХХК-ийн нэр дээр ирүүлдэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын гадна хаяг, тухайн шатахуун түгээх станцуудад байршуулсан ажилчдын хөдөлмөрийн аюулгүйн дүрэм, компанийн зорилго, зорилт нь “Ш” ХХК-ийн нэр дээр байгаа нь тус шатахуун түгээх станцууд нь “Ш” ХХК-ийн харьяалалд байдаг гэдгийг илтгэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дээрх нөхцөл байдал, шийтгэл оногдуулсан шалтгаан нөхцөлийг харгалзан үзэлгүй нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. “Ш” ХХК-ийн үнээ нэмэгдүүлж, хангамжийг удаашруулсан энэ үйлдэл нь нийгэм, эдийн засагт их хэмжээний бухимдал, сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл бөгөөд шатахуун болон нийгэм, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлж байдаг, шууд нөлөөлөл үзүүлэх боломжтой, стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний нөөцийн жагсаалтад байдаг, төрөөс зохицуулалттай, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг онцлогтой бүтээгдэхүүн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/19[1], 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01[2] дугаартай Нефтийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу “Шунхлай трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ц.Лхагвасүрэн /ажлын хэсгийн ахлагч/, тус газрын ахлах мэргэжилтэн У.Халиунаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн М.Буянхишиг нарын бүрэлдэхүүнтэйгээр хийхээр шийдвэрлэжээ.
Улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 7/01 дүгээр дүгнэлтээр[3] “Ш” ХХК нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заагдсан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 0005504 дүгээр шийтгэлийн хуудсаар “Ш” ХХК-д 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулсан байна.
Гомдол гаргагч “Ш” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “...салбар шатахуун түгээх станцгүй атал жижиглэнгийн худалдаа эрхэлсэн гэж үзэн манай компанид торгох шийтгэл ногдуулсан” гэж тайлбарласныг анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжтой харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
“Ш” ХХК нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон 20 дугаартай тусгай зөвшөөрлийн[4] дагуу бүх төрлийн шатахууныг импортлох үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй 33 шатахуун түгээх станц нь гомдол гаргагч компанийнх биш “Шунхлай трейдинг” ХХК-ийн нэр дээр байдаг нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/5041 дүгээр албан бичгээр[5] тогтоогдож байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын гадна хаяг, тухайн шатахуун түгээх станцуудад байршуулсан ажилчдын хөдөлмөрийн аюулгүйн дүрэм, компанийн зорилго, зорилт нь “Ш” ХХК-ийн нэр дээр байгаа нь тус шатахуун түгээх станцууд нь “Ш” ХХК-ийн харьяалалд байдаг гэдгийг илтгэж байна” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахааргүй байна.
Мөн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэггүй “Ш” ХХК-ийг Нано-92, АИ-95, АИ-98 зэрэг шатахууны үнийг нэмэгдүүлсэн, энгийн АИ-92 шатахууны орлогын түгээлтийг удаашруулсан, ШТС-17 нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нано-92 шатахууныг хэрэглэгчид нэмэгдсэн үнэ 1730 төгрөгөөр борлуулж байсан боловч төлбөрийн баримтад 1630 төгрөгөөр тооцон иргэнд баримт олгосон, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтын тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, төлбөрийн баримтыг үнийн зөрүүтэйгээр олгож байсан баримт, холбогдогчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна хэмээн буруутгасан боловч уг шатахууны үнийг нэмсэн, төлбөрийн баримтыг үнийн зөрүүтэйгээр олгосон гэх үйлдэл нь “Шунхлай трейдинг” ХХК-д хамааралтай болох нь төлбөрийн баримт[6], “Шунхлай трейдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Т/07 дугаар тушаал[7], тэмдэглэл[8] зэргээр тус тус тогтоогдож байна гэж үзлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч У.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нар давж заалдах гомдолдоо “Тус газарт хяналт шалгалттай холбоотой мэдээ мэдээллийг “Ш” ХХК-ийн лого, нэр бүхий албан бланкаар ирүүлдэг. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 7 хоног тутмын шатахууны жижиглэнгийн үнэ болон нөөцийн үнийн мэдээллийг “Ш” ХХК-ийн нэр дээр ирүүлдэг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудын гадна хаяг, тухайн шатахуун түгээх станцуудад байршуулсан ажилчдын хөдөлмөрийн аюулгүйн дүрэм, компанийн зорилго, зорилт нь “Ш” ХХК-ийн нэр дээр байгаа нь тус шатахуун түгээх станцууд нь “Ш” ХХК-ийн харьяалалд байдаг гэдгийг илтгэж байна” гэж дурдсан бөгөөд хариуцагч хяналт шалгалт хийх удирдамжид зааснаар “Шунхлай трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн боловч удирдамжид тусгагдаагүй “Ш” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэн шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.4-д заасныг тус тус зөрчсөн байна.
Гомдол гаргагч “Ш” ХХК болон “Шунхлай трейдинг” ХХК нь нэг удирдлагатай /“Шунхлай групп” ХХК/ болох нь компаниудын дүрэм[9], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар[10] тус тус тогтоогдож байх боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолдоо дурдсан “...”Ш” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК-иудын удирдлагын болон менежментийн баг нь нэг бүрэлдэхүүнтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй юм.
Учир нь уг хуулийн этгээдүүд нь нэг удирдлагатай ч тусдаа улсын бүртгэлд бүртгүүлж, бие даан үйл ажиллагаа явуулж, түүнийхээ хариуцлагыг өөрөө хүлээдэг хуулийн этгээд тул “Шунхлай трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан нэг удирдлагатай гэх үндэслэлээр өөр хуулийн этгээд болох “Ш” ХХК-д шийтгэл ногдуулах хууль зүйн боломжгүй.
Гомдол гаргагч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ.” гэж заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байхад хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан 0005504 дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, “Ш” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-57 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-59 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-53 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-6 хуудас
[5] Хавтаст хэрэг 1-242 хуудас
[6] Хавтаст хэрэг 1-81 хуудас
[7] Хавтаст хэрэг 1-109 хуудас
[8] Хавтаст хэрэг 1-74, 75, 78, 79 хуудас
[9] Хавтаст хэрэг 1-171, 180 хуудас
[10] Хавтаст хэрэг 1-191-193 хуудас