Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0828/З |
Дугаар | 001/ХТ2023/0017 |
Огноо | 2023-03-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2023/0017
“Т-О” ХХК-ийн гомдолтой,
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны
газрын улсын ахлах байцаагч С.Г-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0807 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0033 дугаар магадлал,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч С.Г нарыг оролцуулан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Гомдлын шаардлага:
1. “Т-О” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г-т холбогдуулан “... улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр хяналт шалгалтын удирдамжийг баталж, улсын ахлах байцаагч С.Г-ээс тус удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд /У*** ХНН-ийн А******-**-д цемент хүлээн авсан “М б м” ХХК, “М ц” ХХК-ийн гэрээт борлуулагч нийт *** аж ахуй эрхлэгчид холбогдуулан/ хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
2.1. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд “М б м” ХХК, “М ц” ХХК-ийн гэрээт борлуулагч “Т-О” ХХК нь “У***” ХНН-ийн А******-***-д *** тонн цемент хүлээн авсан байна.
2.2. ... Улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002275 дугаар шийтгэлийн хуудсаар “Т-О” ХХК нь ... дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад С************** дүүрэгт байрлах барилгын материалын “****” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тонн тутамд 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Д-ийн Х*** банкны 50************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдсон гэж, уг үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
3. Гомдол гаргагч “Т-О” ХХК-иас “... нэр бүхий компаниудыг хоорондоо үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй, тус нөхцөл байдал үүсээгүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хувийн дансаар орсон мөнгөн дүнг цементийн борлуулалт, компанийн борлуулалтын орлого гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэхгүй, компанийг төлөөлөх эрхгүй, ямар нэгэн албан тушаал хашдаггүй, хувьцаа эзэмшдэггүй хувь хүний дансны мэдээлэлд тулгуурлан шалгалтын ажиллагаа явуулсанд гомдолтой, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд компанид хамааралгүй этгээдийг холбогдуулан шалгах эрх зүйн боломж байхгүй, хувь хүний дансаар орсон гэх мөнгөн дүн нь манай компанийн борлуулсан буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд оруулж ирсэн 330 тонн цементэд хамааралгүй байтал шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, тухайн үед борлуулсан гэх борлуулалтын үнэ нь хөөрөгдсөн үнэ биш бодит зах зээлийн үнэ байтал үнэ нэмэгдүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, компанийн касс болон дансны орлогын гүйлгээний хуулганаас хууль бусаар үнэ тогтоосон зүйл тогтоогдохгүй, хувиараа цемент борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг Б.Д гэдэг хүний хувийн дансны орлого зарлагын мэдээлэлд тулгуурлаж шийтгэлийг компанид оногдуулсан, түүний борлуулсан орлогыг компанийн орлого гэж үзэх үндэслэл болсон баримт байхгүй, хуульд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй, компанид хамааралгүй этгээдийг хамааруулж хяналт шалгалт зохион байгуулж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй ... ” гэж;
3.1. Хариуцагчаас “... 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22/23 дугаартай итгэмжлэлийн дагуу тус компанийн санхүү хариуцсан захирал Б.Д-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож зөрчил шалгах ажиллагаанд оролцуулсан, дотоодын томоохон цемент үйлдвэрлэгч компаниудаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цементийн үйлдвэрийн үнийг нэмэгдүүлээгүй, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цементийн үйлдвэрийн үнэд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй, вагоны зардал бусад ачиж буулгах зардал өсөөгүй, харин импортоор оруулж ирдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, цементийн нийлүүлэлт багасаад хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглаад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тонн тутамд цементийг 320,000 төгрөгөөс 330,000 төгрөгөөр худалдаж байсан баримт хэрэгт авагдсан, гэтэл 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд 400,000 төгрөгөөс 420,000 төгрөг болгож, цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж худалдан борлуулсан нь тогтоогдсон, “Т-О” ХХК нь “М б м” ХХК-иас *** тонн цементийг 275,500 төгрөгөөр худалдан авах гэрээтэй болох нь тогтоогдсон, Б.Д гэдэг хүн гэрээ байгуулаагүй, **** тонн цементийг хүлээж авсан компани “Т-О” ХХК байдаг, дансны гүйлгээнээс өндөр үнээр зарсан нь тогтоогдоно, Б.Д-ийн гэрчийн мэдүүлгээс компаниа төлөөлж ямар үйл ажиллагаа явуулдаг, цементийг хэдэн төгрөгөөр, хэрхэн яаж худалдан борлуулдаг талаарх мэдүүлэг өгсөн байдаг, хувь хүнд шийтгэл оногдуулах үндэслэлгүй ...” гэж тус тус маргажээ.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-т тус тус баримтлан “Т-О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0807 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
7. Хариуцагчаас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
7.1. ... Зөрчлийн хэрэгт авагдсан тус компанийн Санхүү хариуцсан захирал Б.Д************ийн Х*** банкны 50*********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр “Т-О” ХХК нь дотоодын цемент үйлдвэрлэгч аж ахуй эрхлэгчдээс цементийн үнэд өөрчлөлт оруулаагүй, тээврийн зардал /вагон/ болон бусад зардал өсөөгүй байхад С********* дүүрэгт байрлах барилгын материалын “***” захад цементийн нийлүүлэлт эрс багассан, хомсдол үүссэн нөхцөл байдлыг ашиглан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1 тн тутамд 320,000-330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд 400,000-420,000 төгрөг болгон цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн худалдан борлуулж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “нийт борлуулсан цементийн үнэ, дүнг нэг бүрчлэн гаргаагүй” гэсэн үндэслэлээр тус компанийн цементийг 400,000-420,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримтыг шууд үгүйсгэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.
7.2. Анхан шатны шүүхээс “... тус хуульд үйлдвэрлэгчийн үнээс дээгүүр бараа худалдан авахаас хэрэглэгч хамгаалуулах харилцаа зохицуулагдаагүй байгаа тул үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, ийм асуудлыг хуулиар зохицуулаагүй тул энэхүү маргаанд хэрэглэх үндэслэлгүй, .... хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа зохих шаардлагыг хангахад хамаарахаас үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй ...” гэсэн үндэслэлээр уг зөрчлийг үгүйсгэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.
7.3. Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М б м” ХХК, “М ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 06 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу “У***” ХХН-ийн А******-***-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулан худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
7.4. Цементийг зах зээлд худалдан борлуулагдаж буй бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр харилцан орлуулах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд энэ төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд үнэ огцом нэмэгдэх нөхцөлд зах зээл, хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө өндөр байдаг. Уг онцлог бөгөөд хязгаарлагдмал нөхцөл байдал бүхий цементийн жижиглэн худалдааны зах зээлд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс цементийн үнэ огцом нэмэгдсэнээс шалтгаалан хэрэглэгчийн хувьд сонголт хийх боломж улам хумигдаж, өмнө нь зах зээл хэвийн байх үед ойролцоогоор 1 тонн тутамд 330,000 төгрөгөөр худалдан авч байсан цементийг эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлогдох үнээс дээгүүр тогтоосон үнээр буюу 400,000-450,000 төгрөгөөр худалдан авахаас өөр аргагүйд хүрсэн байдаг.
7.5. “Т-О” ХХК нь “У**” ХХН-ийн А******-***-т цементийн хомсдол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.
7.6. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
8. Гомдол гаргагчаас хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
9. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “... хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгоно” гэж тус тус заажээ.
11. Дотоодын цемент үйлдвэрлэгч “М ц” ХХК, “М б м” ХХК-иуд цементийг өөрөө шууд хэрэглэгчид жижиглэн худалдаалдаггүй, гэрээт борлуулагч нараар дамжуулан “жижиглэнгийн” зах зээл дээр цементийг борлуулдаг, маргаан бүхий тохиолдолд “Т-О” ХХК нь “М б м” ХХК-тай байгуулсан “Цемент худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу тухайн бүтээгдэхүүнийг (бөөнөөр) 1 тн-ийг 275,500 төгрөгөөр худалдан авч, хэрэглэгчид (жижиглэн) *** тн-ийг нь 320,000 төгрөгөөс 330,000 төгрөгөөр худалддаг, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үйлдвэрлэгчээс цементийн үнийг нэмэгдүүлээгүй, түүнчлэн үйлдвэрлэгчээс цементийн үнэ өөрчлөгдөх тохиолдолд тухай бүр мэдэгдэх талаар гэрээний 5.2.5-д зохицуулалттай байх бөгөөд гэрээний үнэ өөрчлөгдөөгүй, ачаа тээврийн болон бусад зардал өсөөгүй, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
12. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ковид-19 цар тахлын улмаас БНХАУ-ын хил хаагдсан үед тус улсаас импортолдог цементийн уут, шуудай тасалдсан, төмөр замын вагон тээврийн хангамж муудсан зэргээс 2022 оны хавар Улаанбаатар хотод үйлдвэрлэгчээс нийлүүлэх цементийн нийлүүлэлт багассан, энэ үеэс цементийн хомсдол бий болсон байна.
13. “Т-О” ХХК нь үйлдвэрлэгчээс үнэ нэмэгдээгүй, бусад зардал өсөөгүй байхад цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах гэрээний дагуу үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цементийг С******** дүүрэгт байрлах барилгын материалын “***” нэртэй зах дээр хэрэглэгчид борлуулахдаа ** тн нь 320,000-330,000 төгрөг байсан үнийг 400,000-420,000 төгрөг болгон нэмэгдүүлэн зарсан, уг үйлдлийг хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан хяналт шалгалтын явцад тогтоож, маргаан бүхий актаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
14. Тодруулбал, зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүн нь, ердийн тохиолдолд харилцан орлох шинж чанартай буюу хэрэглэгч хаанаас ч очоод авах боломжтой бол чөлөөт зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар уг бараа бүтээгдэхүүний үнэ тогтоно, ийнхүү тогтсон зах зээлийн үнийг төрөөс хянахгүй буюу шударга өрсөлдөөнийг хамгаалах агуулгад хамааруулж үзнэ.
15. Харин зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагддаггүй буюу харилцан орлох бүтээгдэхүүн байхгүйн улмаас уг бүтээгдэхүүнийг худалдан авах шаардлагатай байгаа хэрэглэгч түүнийг борлуулж буй тухайн этгээдээс худалдан авахаас өөр сонголтгүй байх нөхцөлд (тухайлбал, түлш шатахуун) тухайн бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс хянах нь Өрсөлдөөний тухай хуулийн зорилго хэрэглэгчийн эрхийг хамгаалах агуулгад нийцнэ.
16. Энэ тохиолдолд “цемент” нь өөр бүтээгдэхүүнээр орлуулж үл болох шинжтэй бүтээгдэхүүн бөгөөд тухайн цаг хугацаанд цар тахлын нөхцөл байдлын улмаас улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсч, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, арилжаалагдах боломжгүй болсон үед, үйлдвэрлэгчээс гэрээний дагуу нийлүүлсэн цементийг жижиглэнгийн зах зээлд худалдан борлуулах давуу байдлаа ашиглан, бараа бүтээгдэхүүн /цемент/-ий үнийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдоно, аж ахуй эрхлэгч дээрх байдлаар өөрөө үнэ тогтоосныг “чөлөөт зах зээл”-ийн зарчмаар үнэ тогтоогдсон гэж үзэхгүй.
17. Иймд, “зах зээлд зохиомлоор үнийн хөөргөдөл үүсгэж, цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, хэрэглэгчийн эрхийг хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******** дугаар шийтгэлийн хуудсаар “Т-О” ХХК-д шийтгэл оногдуулсан нь бодит байдалд тохирсон, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
18. Анхан болон давж заалдах шатны шүүхээс, Өрсөлдөөний тухай хуулийн “хэрэглэгчийн эрхийг хамгаалах”-тай холбоотой зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж, “... Өрсөлдөөний тухай хуулиар адил төрлийн бараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийн хоорондох өрсөлдөөний харилцааг зохицуулсан, энэ хүрээнд хэрэглэнэ, ... өрсөлдөөнийг хязгаарлах гэдэг нь жижиглэн худалдаалагч болон худалдан авагчийн хооронд үүссэн харилцаанд бий болдоггүй, худалдагч нь худалдан авагчийнхаа өрсөлдөөнийг хязгаарлах гэсэн ойлголт байхгүй” гэх зэргээр буруу дүгнэлт хийсэн, түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан аж ахуй эрхлэгчийг “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон зохицуулалтын агуулгыг “... Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд үйлдвэрлэгчийн үнээс дээгүүр үнээр бараа худалдан авахаас хэрэглэгч хамгаалуулах харилцаа зохицуулагдаагүй тул үйлдвэрлэгчээс авсан үнийг нэмж зарсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, хуулиар зохицуулаагүй тул энэхүү харилцаанд хэрэглэх ёсгүй ... ” гэх зэргээр тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй, “... жижиглэн худалдаалагч өрсөлдөөнийг хязгаарлахгүй, хэрэглэгчийг хохироогүй” гэж явцууруулан дүгнэсэн нь буруу болжээ.
19. Эдгээр үндэслэлээр, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0807 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0033 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч “Т-О” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч С.Г-ийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН