Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 310

 

Б.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолтой, Б.Тд холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Балдан овогтой “Хоовон” хэмээх Т, Завхан аймгийн Жавхлант сумын 6 дугаар багийн харьяат, 1938 оны байдлаар 22 настай байсан, эрэгтэй, 1938 оны 07 дугаар 22-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 96 дугаар зүйл /Аливаа бусад дор худалдах идэх уух зүйлийг анх бэлтгэх ба хадгалахдаа ариун цэврийг сахих ба ард олны эрүүлийг хамгаалах хууль дүрэм зөрчсөн/, мөн 105 дугаар зүйл /Уурын тэрэг ба гал усны хүчээр хөдлөх машин бүхий тэргээр ялах дор тогтоосон хэмжээг зөрчсөн/-д тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн;

Б.Тн холбогдсон хэргийн агуулга:

Дотоод явдлын яамны Завхан аймаг дахь хэлтсийн төлөөлөгч Гомбын төлөвлөсөн 1939 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ялын төлөвлөгөөнд: “УАСХХУ газраас өнгөрсөн 1937 оны 09 дүгээр сард Г, Д нараар толгойлуулсан бөгөөд тус улсын хувьсгалт нам ба засаг төрийг устгах, Япон улсын тусламжтайгаар хөрөнгөтөн ёсны хаант засгийг байгуулахын тулд байгуулагдсан “Хувьсгалын эсэргүү байгууллага”-ыг илрүүлэн устгасан болно. Гэтэл түүний үлдэгдэл болох Аймгийн холбооны дарга Хоовон нь Японы тагнуулын байгууллагын нэгэн идэвхтэй гишүүн байсан Төв холбооны ерөнхий хорооны дарга эсэргүү Цд 1938 оны 05 сард элсэгдэн орж, баруун зүгийн шугам сүлжээний ажилд хорлон сүйтгэх даалгавар авч, Завхан аймгийн Холбооны дарга байсан Бтай 1938 оны 11 дүгээр сард хамт ажиллаж байхдаа хамтран чухал мэдээг хаяж үрэгдүүлэх буюу улсын чухал 1600 гаруй албан харилцааг 10-280 цагаар санаатайгаар саатуулсан буюу яаралтай нэвтрэх албан мэдээг санаатайгаар саатуулан нэвтрүүлэхгүй байсан, төсвийн 2000 гаруй төгрөгийн өмч хөрөнгийг үрэгдүүлэн ашигласан, утасны шугамын утсыг сул татах зэргээр эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэйгээр явуулж байсан нь эсэргүү Г, Ц, Б нарын мэдүүлгээр илэрсэн ба өөрөө эсэргүү хэргээ хүлээсэн болно. Завхан аймгийн Жавхлант сумын 6 дугаар багийн харьяат. Ам бүл 1, хөрөнгө хонь 30, гэр 1, Холбооны дарга, залгагч, нэвтрүүлэгч зэрэг ажил хийж байсан. Балдан овогтой Хоовон нь өөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн ба гэрч Бгийн мэдүүлгээр батлагдсан тул Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр яллахад бүрэн нийцсэн тул Шүүн таслах газарт шилжүүлэх санал төлөвлөв” гэжээ.

Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолоор Б.Тг Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлд зааснаар 8 жил, мөн бичгийн 45 дугаар зүйлд зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 8 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:... Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолд: Ялтан “Хоовон” хэмээх Т нь өөрийн эх орноос урван ардын дайсан Г, Д нарын эсэргүү байгууллагад элсэгдэн орж, эсэргүү ажлыг биелүүлэхийн тулд тус улсын чухал харилцаа, улсын өмч хөрөнгийг хорлон сүйтгэж тусгаар тогтносон засаг төрийг өөрчлөн устгаж хуучин хаант засгийг байгуулахад биечлэн оролцож байсан этгээд болно. Иймд хууль ёсоор шийтгэхэд: Завхан аймгийн Жавхлант сумын 6 дугаар баг, ам бүл 1, хөрөнгө 30 хонь, гэр 1. Холбооны дарга, залгагч, нэвтрүүлэгч ажлыг хийж байсан. 1938 оны 06 сард чухал мэдээ саатуулсан хэрэгт 2 жил хоригдох ялаар шийтгүүлсэн Балдан овогтой 22 настай, “Хоовон” хэмээх Тн биеийг Шүүх цаазын бичгийн 43 дугаар зүйлийг баримтлан 8 жил, мөн бичгийн 45 дугаар зүйлийг баримтлан 6 жил хорих ба хууль ёсоор хөнгөн ялыг хүндэд нь багтаан уг хуулийн 43 дугаар зүйлээр 8 жил хорих ял шийтгэсэн байна.

Б.Тг 1938 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн шүүхийн 121 дүгээр тогтоолоор 2 жил хорих ялаар шийтгэсэн Шүүх цаазын бичгийн 96 дугаар зүйл /Аливаа бусад дор худалдах, идэх уух зүйлийг анх бэлтгэх ба хадгалахдаа ариун цэврийг сахих ба ард олны эрүүлийг хамгаалах хууль, дүрэм зөрчсөн/, мөн бичгийн 105 дугаар зүйл /Уурын тэрэг ба гал усны хүчээр хөдлөх машин бүхий тэргээр ялах дор тогтоосон дүрэм хэмжээг зөрчсөн/-үүд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй байна. ХЯНАВАЛ:

Завхан аймгийн Шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн тогтоолоор “Хоовон” хэмээх Тд 1936 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 8 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Б.Т бол урьд нь устгагдсан Г, Дийн эсэргүү бүлгэмийн идэвхтэй гишүүн байсан Төв холбооны ерөнхий хорооны дарга эсэргүү Цд 1938 оны 5 сард элсэгдэн орж, баруун зүгийн шугам сүлжээний ажилд хорлон сүйтгэх даалгавар авч, Завхан аймгийн Холбооны дарга байсан Бтай 1938 оны 11 сард хамт ажиллаж байхдаа хамтран чухал мэдээг хаяж үрэгдүүлэх буюу улсын чухал 1600 гаруй албан харилцааг 10-280 цагаар санаатайгаар саатуулсан гэж ялын төлөвлөгөөнд дурдсаны дагуу шалгахад:

Төв аймгийн Нялга сумын харьяат, намын гишүүн, баригдахын өмнө Улсын харилцан нэвтрүүлэх хорооны дарга байсан Наваан овогтой, 32 настай Цг 1937 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр цаазаар авах ял шийтгэснийг хянаад, Дээд Шүүхийн 1974 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолоор БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 57 дугаар зарлигийн 4, БНМАУ-ын ЭБШ хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, баригдахын өмнө Холбооны ерөнхий хороонд үйлдвэрийн дарга байсан Мишиг овогтой, 28 настай Бг 1938 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улс төрийн хэрэгт баривчлан, ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлээр буудан алах ялаар шийтгэснийг хянаад, Улсын Дээд Шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

М.Б, Н.Ц нарын хэрэгт Балдангийн “Хоовон” хэмээх Ттэй эсэргүү ажлын талаар хамтран ажиллаж байсан гэх баримт, мэдүүлэг олдоогүй.

2.Т нь чухал мэдээг хаяж үрэгдүүлэх буюу улсын чухал 1600 гаруй албан харилцааг 10-280 цагаар санаатайгаар саатуулсан буюу яаралтай нэвтрэх албан мэдээг санаатайгаар саатуулан нэвтрүүлэхгүй байсан, утасны шугамын утсыг сул татах зэргээр эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэйгээр явуулж байсан нь Г, Д нарын эсэргүү бүлгэмийн гишүүн Г, Ц, Ш, Б, Э нарын мэдүүлгээр илэрсэн гэж дайчлан баривчлах тогтоол болон ялын төлөвлөгөөнд дурдсан ба Шгийн 1938 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэгт: “Завхан аймгийн холбооны дарга Хоовонг эсэргүү байгууллагын гишүүн гэдгийг холбооны орлогч дарга Ггоос сонссон” гэж мэдүүлсний дагуу шалгахад, Г, Ц, Ш, Б, Э нарт холбогдох мөрдөн байцаалт, цагаатгалын хэрэг олдоогүй, харин Ш.Шгийн цагаатгалын 68/1/ дугаартай хэргийн 1 дүгээр хуудсанд байгаа 1938 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлэгт: ... манай холбооны газрын эсэргүү бүлгэмийн гишүүд нь: 1 дүгээр орлогч дарга Г, 2 дугаар орлогч дарга Дэмбэрэл, ... одоо Завхан аймагт холбооны дарга Хоовон, ... гэж 15 хүний нэрийг мэдүүлсэн мэдүүлэг байна.

Амгаланбаатар хотноо 1918 онд төрсөн, 1932-1935 оны 9 сар хүртэл Харилцан нэвтрүүлэх хороонд цахилгааны бичээч байсан Шадавын Шг 1938 оны 09 дүгээр сарын 10-нд улс төрийн хэрэгт баривчлан, ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тогтоолоор 10 жил хорих ял шийтгэснийг хянаад, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.

Балдангийн “Хоовон” хэмээх Ттэй эсэргүү ажлын талаар хамтран ажиллаж байсан гэх М.Б, Н.Ц, Ш.Ш нар улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж цагаатгагдсан байна.

3.“Хоовон” хэмээх Тг П.Г, Г.Д нарын эсэргүү хэрэгт холбогдуулан улс төрийн хэрэгт шийтгэсэн байх бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13- ны өдрийн 80 дугаар хурлын тогтоолоор “П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү байгууллага гэж байгаагүй болохыг тогтоосон” байна.

4.“Хоовон” хэмээх Тгийн улсын чухал албан мэдээг саатуулсан, яаралтай нэвтрэх албан мэдээг санаатайгаар саатуулан нэвтрүүлэхгүй байсан, утасны шугамын утсыг сул татах зэргээр эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсныг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Ингэж Б.Тг улс төрийн зохиомол хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Б.Тг Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдөр таслан шийтгэсэн Эрүүгийн хэргийн тогтоолоор 1936 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлээр 8 жил хорих ял хилсээр шийтгэснийг хүчингүй болгож, Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, Балдан овогтой Тг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

Б.Тд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, тухайн хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг харьцуулан судалж үзэхэд тэрээр Г, Дийн эсэргүү бүлгэмийн идэвхтэй гишүүн байсан Төв холбооны ерөнхий хорооны дарга эсэргүү Цд 1938 оны 05 дугаар сард элсэгдэн орж, баруун зүгийн шугам сүлжээний ажилд хорлон сүйтгэх даалгавар авч, Завхан аймгийн Холбооны дарга байсан Бтай 1938 оны 11 дүгээр сард хамт ажиллаж байхдаа хамтран чухал мэдээг хаяж үрэгдүүлэх, улсын чухал 1600 гаруй албан харилцааг 10-280 цагаар санаатайгаар саатуулах, яаралтай нэвтрэх албан мэдээг санаатайгаар саатуулан нэвтрүүлэхгүй байх, төсвийн 2000 гаруй төгрөгийн өмч хөрөнгийг үрэгдүүлэн ашиглах, утасны шугамын утсыг сул татах зэргээр эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэйгээр явуулж байсныг хөдөлбөргүй тогтоосон нотлох баримт байхгүй тул тухайн үед Холбооны дарга, залгагч, нэвтрүүлэгч ажлыг хийж байсан Б.Тг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар хурлын тогтоолоор П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү байгууллага гэж байгаагүй болохыг тогтоосноос гадна Б.Ттэй хамтран эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагааг идэвхтэйгээр явуулж гэх Төв холбооны ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Н.Цг ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд зааснаар цаазаар авах ял шийтгэсэн хэргийг Улсын Дээд Шүүхийн 1974 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаар тогтоолоор, мөн Холбооны ерөнхий хороонд үйлдвэрийн даргаар ажиллаж байсан М.Бг ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1939 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 45 дугаар зүйлд зааснаар буудан алах ял шийтгэсэн хэргийг Улсын Дээд Шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар магадлалаар, мөн Харилцан нэвтрүүлэх хороонд цахилгааны бичээч байсан Ш.Шг ДЯЯ-ны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тогтоолоор 10 жил хорих ял шийтгэсэн хэргийг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Б.Тн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн 1934 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн б-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Иймд Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, Б.Тг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Балдангийн “Хоовон” хэмээх Тд 1936 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар нийт 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Б.Тд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Б.Тд 1936 оны Шүүх цаазын бичгийн 43, 45 дугаар зүйлд зааснаар нийт 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн Завхан аймгийн шүүхийн 1939 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн эрүүгийн хэргийн дугааргүй тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Тг цагаатгасугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                С.БАТДЭЛГЭР

        Б.БАТЦЭРЭН

        Ч.ХОСБАЯР

        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН