| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 105/2019/1561/э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2021-09-15 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 270
А.Д, Д.Цнарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэл хотын Цэргийн шүүн таслах газрын 1937 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар тогтоолтой, А.Д, Д.Цнарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Төв аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, 24 настай, буриад, ам бүл 2, эцэг Аюуш, малын ажилтай, хөрөнгийн хувь 24, цагаан бароны цэрэг, эсэргүү шар цэрэгт яваагүй, монгол бичиг мэднэ, цэрэгт ирснээс хойш даргаа эсэргүүцсэний учир 3 удаа сануулга авсан, 7 дугаар дивизийн хоёрдугаар хорооны штабын бичээч.
2. Төв аймгийн Баянцогт сумын 3 дугаар баг, 24 настай, ард халх, ам бүл 2, хөрөнгийн хувь 5, намын гишүүн, урьд гавьяа шагналгүй, монгол бичиг сайн мэднэ, 2 удаа сахилга журмын хувьд шийтгүүлсэн, 7 дугаар дивизийн хоёрдугаар хорооны 1 дүгээр сумангийн бичээч.
А.Д, Д.Цнар нь “Сайд нарын Зөвлөлийн тусгай тогтоолоор 1937 онд хугацаа дуусч халагдах бага дарга, цэргүүдийг 12 дугаар сар хүртэл түр хойшлуулсан явдалд хорсож, бид нар хууль ёсоор 3 жилийн хугацааг дуусгасан ба Хэнтийн цэргийг халж явуулсан атлаа биднийг халсангүй, бид нар ажил, сургууль хийж чадахгүй хэмээн эв санаа нэгдэн өргөдөл бичиж дивизийн эрх баригч нарт өгөх зэргээр өөрийн улсын тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг баталж хамгаалах асуудлаас зайлсхийн, халагдах зорилгоор энэ засаг ба бүх цэргийн жанжны тушаал шийдвэрийг бүлэглэн санаатайгаар зөрчсөн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэл хотын Цэргийн шүүн таслах газрын 1937 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 203 дүгээр тогтоолоор “Энэ хэргийн нар нь Сайд нарын Зөвлөлийн тусгай тогтоолоор энэ жил хугацаа дуусч халагдах бага дарга, цэргүүдийг 12 дугаар сар хүртэл түр хойшлуулсан явдалд хорсож, бид нар хууль ёсоор 3 жилийн хугацааг дуусгасан ба Хэнтийн цэргийг халж явуулсан атлаа биднийг халсангүй, бид нар ажил, сургууль хийж чадахгүй хэмээн эв санаа нэгдэн өргөдөл бичиж дивизийн эрх баригч нарт өгөх зэргээр өөрийн улсын тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг баталж хамгаалах асуудлаас зайлсхийн, халагдах зорилгоор энэ засаг ба бүх цэргийн жанжны тушаал, шийдвэрийг бүлэглэн санаатайгаар зөрчсөн” хэмээн нарын биесийг Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 156 дугаар зүйл /Тайван цагт цэргийн албан тушаалын хувиар гаргасан аливаа тушаалыг үл гүйцэтгэсэн нь сахилга журмын хувиар шийтгэх хэмжээнээсээ хэтэрсэн бол хүндрүүлж 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино/-д заасныг баримтлан урьдчилан хоригдсон 40 хоногийг оролцуулан тус бүрийг 6 сар хорьж шийтгэсүгэй. Энэхүү таслан шийтгэснийг хэрэгтэн этгээдүүд үл дагах бол Улсын Дээд Шүүхийн цэргийн коллегид давж заалдах эрхтэй” гэж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... А.Д, Д.Цт нарыг Нийслэл хотын Цэргийн шүүх таслах газрын 1937 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаар тогтоолоор тухайн үеийн Шүүх цаазын бичгийн 156 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байдаг. Ял оногдуулсан талаарх протокол хэрэгт байдаггүй. Тухайн үед цэргийн алба хааж байсан хүмүүсээс Хэнтийн цэргийг халаад хэдэн цэргийг үлдээсэн гэдэг боловч энэ талаар бүх цэргийн жанжны тушаал байхгүй. Харин нийт цэргүүдийг халья гэсэн тушаал байдаг. Энэ хүмүүс дарга, захирагч нартаа өргөдөл гаргасны төлөө шийтгүүлсэн. Тухайн үед энэ хэргийг шийтгэсэн тогтоол нь олдохгүй байсан бөгөөд сүүлд Батлан хамгаалах яамнаас тогтоол олдсон. Уг хэргийн хувьд зүйл ангиараа улс төрийн хэрэг биш байгаа, гэхдээ шийтгэсэн үйл явдал нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байгаа учир хилсээр шийтгэсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлд энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна гэж заасан бөгөөд хуулийн холбогдох зохицуулалтыг дүгнэлтдээ дурдсан байгаа” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгалын асуудал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гаргасан 4/11 дугаартай дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дахин хянах онцгой журам, үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт тусгайлан зааж тодорхойлсноос гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан хэлмэгдэгч гэдэгт “... шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол Улсын ... 1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн, ял шийтгүүлээгүй боловч хилсээр холбогдон баривчлагдсан, мөрдөгдсөн хүмүүс"-ийг хамааруулж ойлгох нь хууль хэрэглээний жишиг болж тогтсон ойлголт болно.
Гэтэл Шүүх цаазын бичиг /1934 он/-ийн “Цэргийн албаны хүмүүсээс өдүүлсэн гэмт явдлыг шийтгэх тухай 9 дүгээр бүлгийн 156 дугаар зүйлд заасан ”Тайван цагт цэргийн албан тушаалын хувиар гаргасан аливаа тушаалыг үл гүйцэтгэсэн нь сахилга журмыг хувиар шийтгэх хэмжээнээс хэтэрсэн бол 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэвэл зохино” гэсэн дагуу тус бүр 6 сар хорих ял шийтгүүлсэн А.Д, Д.Цнарт холбогдох хэргийг “хуулийг илтэд буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгуулахаар прокурорын бичсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Гэмт хэрэг гэдэгт тухайн цаг үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдсон нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог болно.
Жинхэнэ цэргийн албан хаагч А.Д, Д.Цнарын “... 1937 онд хугацаа дуусч халагдах бага дарга, цэргүүдийг 12 дугаар сар хүртэл түр хойшлуулсан явдалд хорсож, хууль ёсоор 3 жилийн хугацааг дуусгасан, Хэнтийн цэргийг халж явуулсан атлаа биднийг халсангүй, бид нар ажил, сургууль хийж чадахгүй хэмээн санаа нэгдэн өргөдөл бичиж дивизийн эрх баригч нарт өгөх зэргээр өөрийн улсын тусгаар тогтносон эрх чөлөөт байдлыг баталж хамгаалах асуудлаас зайлсхийн халагдах зорилгоор энэ засаг ба бүх цэргийн жанжны тушаал, шийдвэрийг бүлэглэн санаатайгаар зөрчсөн” гэх үндэслэлээр тухайн үед мөрдөгдөж байсан Шүүх цаазын бичиг /1934 он/-ийн 156 дугаар зүйлд заасны дагуу тэдний урьдчилан хоригдсон 40 хоногийг оролцуулж тус бүрт 6 сар хорих ял шийтгэсэн” явдлыг “тухайн үед үйлчилж байсан хуулийг илт буруу хэрэглэж гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэж дүгнэх боломжгүй юм.
Хуулийг илт буруу хэрэглэсэн гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасанчлан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцөл байдлыг ойлговол зохино.
Цэргийн албан хаагч А.Д, Д.Цнарын ял шийтгүүлсэн Шүүх цаазын бичиг /1934 он/-ийн 156 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд хамаарахгүй тул тэдэнд холбогдох хэргийг гүтгэлэг, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл, албадлага зэрэг хууль бус аргаар зохиомлоор бүрдүүлсэн “улс төрийн хилс хэрэг” гэж үзэх боломжгүйн дээр тэднийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулан баривчлан мөрдсөн, ял шийтгэл хүлээлгэх байдлаар хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлаж хассаны улмаас амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иймд ял шийтгүүлсэн А.Д, Д.Цнарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж, тэднийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч хэмээн тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ