Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0460

 

 

“Э” ХХК-ийн гомдолтой зөрчлийн хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О, гомдол гаргагч “Э” ХХК-ийн захирал Ч.Б, өмгөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, Б.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Татварын улсын байцаагч Э.Б-ий гаргасан давж заалдах гомдлын дагуу “Э” ХХК-ийн гомдолтой, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 110220**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б, Б.М нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж, гомдол гаргагч нөхөн төлүүлж, гомдол гаргагчид “Э” ХХК-д олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б давж заалдах гомдолдоо: “...нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бусаар ашиглаж уг албан татварыг ногдуулаагүй бараа, ажил, үйлчилгээнд ногдсон мэтээр холбогдох бичилт хийж, худалдан авалтын хасалт хийсэн зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлд хамаарах тул татварын улсын байцаагч нар хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн. Зөрчил гаргасан аж ахуй нэгж борлуулалтын орлогоос төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчлийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Энэ маргааны гол үйл баримт нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж албан татварын хасалт хийсэн, тэр нь тайлангаар нотлогдож байгаа үйлдэл юм. Гомдол гаргагч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй талуудын хэн аль нь ч маргаагүй. Гагцхүү бид хуурамч гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг хяналт шалгалт хийгдэх үеэр болон шүүх хуралдаан дээр хэлсээр байхад шүүх энэ тайлбарыг анхаарч үзээгүй зөрчлийн хэрэг нээгээгүй гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг дэмжиж дахин энэ төрлийн зөрчил гарах үүд хаалгыг нээжээ.

Зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд хэрэг бүртгэлийн хугацаа нийт 58 хоног боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хугацаатай ойролцоо байгаа нь татвар төлөгчийн хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангалттай олгосон хугацаа гэж үзэхээр байна. Борлуулагч гэх компани бараа, ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж худалдан борлуулдаггүй болохыг нотолсон нотлох баримт хэрэгт цугларсан боловч шүүх түүнийг хэрхэн үнэлж няцаалт хийсэн нь тодорхойгүй нөхцөл байдал зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн шийтгэлийн хуудас холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 110220**** дүгээр шийтгэлийн хуудсаар[1] “...холбогдогч нь 2016 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 136.369.091 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн...” гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргагч “Э” ХХК-д 13.636.909 төгрөгийн нөхөн татвар, 4.091.072 төгрөгийн торгууль, 3.995.614 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлийг “... “Д” ХХК нь бараа материалдаа хуурамч баримт дагалдуулж байсан эсэхийг худалдан авагч шалгах үүрэггүй, манай компани тухай бүр татвараа үнэн зөвөөр тайлагнаж байсан, хялбаршуулсан журмаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь холбогдогчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан” гэж тайлбарласан бол хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... гомдол гаргагч нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтанд тусган татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 340000*** дүгээр дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 58 дугаар тогтоолоор тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийг баримтлан шийтгэлийг ногдуулсан” хэмээн тайлбарласан байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан уг зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх, хүлээн авахаас татгалзах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх, зөрчлийн хэрэг нээх шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан аж ахуй нэгж, байгууллага татварын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх эсхүл зөрчлийн хэрэг нээж холбогдох баримтуудыг цуглуулан дүгнэлт хийж, зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон тохиолдолд түүнд хариуцлага ногдуулах бөгөөд анхан шатны шүүх “Э” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн болохыг хариуцагч нар шалгаж, шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулахдаа зөрчлийн хэрэг нээх эсэх, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн эсэхийг хянан үзэхээс гадна холбогдогч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, шүүх “Э” ХХК нь “Д” ХХК-иас 136.369.091 төгрөгийн барааг бодитоор худалдан авсан талаарх санхүүгийн анхан шатны баримт /мөнгийг ямар хэлбэрээр хэрхэн, яаж гаргаж өгсөн/ болон гомдол гаргагчийн төлөөлөгч Ч.Б-ы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...барилгын материалыг худалдан авсан бөгөөд уг материалыг Өмнөговь аймгийн Булган сумын нутгийн удирдлагын ордны барилгад хэрэглэсэн” гэх тайлбартай холбоотой баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авч, хариуцагчийн хариу тайлбарт дурдсан Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 340000494 дүгээр дүгнэлт /хэрэгт нотлох баримтаар авагдаагүй/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2018 оны 58 дугаар тогтоол[2], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт[3] зэрэгтэй харьцуулан дүгнэлт хийж, маргаж буй шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх, татварын хяналт шалгалттай холбоотой дүгнэлт хийхгүйгээр 110220**** дүгээр шийтгэлийн хуудсыг шууд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх дээрх ажиллагааг хийж, дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-3 хуудас

[2] Нотлох баримт 11 хуудас

[3] Хавтаст хэрэгт 1-101 хуудас