Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.Т , түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг ҮД:06-34 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т-т холбогдох эрүүгийн 1806 08205 1972 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц.Т  

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Т  нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 4-145 тоотод  иргэн О.Сайнбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож О.Сайнбаярын зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т  мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би байшингаа буулгаж дуусаад хөлсний машин авч ирж ачуулсан юм. Ачих хүн олдохгүй болохоор нь Сайнбаярыг гуйж ачуулсан. Тэгээд 2 хүн авч ирж нийт 3 хүн авч ирж ачуулсан. Би хоёр өдөр юмаа харж нойргүй хоносон байсан. Хүн амьтнаас авсан юмаа буцаж өгөөд юмаа ачиж байсан. Ирээд мөнгөө өг гэхээр нь би 20.000, 20.000 төгрөг авч өгсөн. Тэгсэн Сайнбаяр энэ хүүхэд юм ачиж байна чи, хүүхдэд мөнгө өг гэхээр нь тэр нь 10 орчим насны хүүхэд байхаар нь 10.000 төгрөг авч өгсөн. Удалгүй энэ хүүхдэд юм ачиж байна, мөнгө өг гэхээр нь тэрэнд нь 5000 төгрөг авч өгсөн. Тэгээд та нар ачиж бай гээд би жаахан унтъя гээд унтсан. Тэгээд унтаж байгаад босоод ирсэн. Ачихаа байсан гуравны нэгийг нь ачсан байсан. Тэгээд мөнгөө нэхээд би хоёр гурван удаа гуйсан юмаа ачиж өгөхгүй байсан. Тэгээд бид хоёр муудалцсан. Замд яаж явахыг чинь харна гээд есөн шидэхээр хэлж доромжилохоор нь гэнэт уур хүрээд тоосго аваад шидчихсэн нь оночихсон байна лээ гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Сайнбаярын: ...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 10 цагаас орой болтол мод ачсан. Ц.Т  өөрөө юмаа зөөхгүй архи уугаад байхаар нь би уурлаад  өдрөөс хойш архи уулаа  зөөчихөд яадаг юм, ажлын хөлсөө авъя гэсэн чинь Ц.Т  мөнгө өгөхгүй гэж уурлаад бид хоёр заамдалцсан чинь Ц.Т  миний толгой руу гараараа нэг удаа цохихоор би өөрийг нь бас нэг удаа толгой руу цохисон чинь тэнд байсан Ц.Т ын охин салгасан /нэрийг нь мэдэхгүй/. Тэгтэл Ц.Т  газраас  тал тоосго аваад шидсэн чинь миний зүүн дух хэсэгт онож цус гарсан. Ингээд би духандаа оёдол тавиулсан. Ц.Т  мөнгө өгөхгүй гэснээс болж  муудалцсан. Миний дух тал руу тоосго шидэж цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Байгалийн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4-145 тоот хашаанд ирэхэд манай хүргэн Ц.Т  нураасан байшингаа ачуулж байсан. Намайг ирэхэд танихгүй 3 эрэгтэй, 1 эмэгтэй согтуу хүмүүс байсан ба би та нар ингэж ачихгүй, хамаг тоосго хагалсан байна боль гээд  2 хүнд 10.000 төгрөг, 10.000 төгрөг өгөөд явуулсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр нар нь цаашаа гэр рүүгээ орсон. Гэртээ орсон нэг эрэгтэй буцаж гарч ирээд та нар  хол явах хүмүүс байна. Замд чинь гай болно гэж  хэлээд байхаар нь  би чамд цагдаа дуудчихна шүү гэсэн чинь дууд, дууд гээд гэртээ ороод 4-5 удаа их үг өдөж муу үг хэлсэн. Би чамтай хэрүүл хийх зав алга чи гэртээ ор гэж хэлсэн. Хамгийн сүүлд гэртээ орсон залуу гарч ирээд эгч ээ би 10.000 төгрөгөө авъя, улаан цамцтай хүүхэндээ бас 10.000 төгрөг авъя гэхээр нь би шөнө харанхуй байна. Эгчид нь одоохондоо мөнгө алга, маргааш өглөө та хоёрт өгье, та хоёр ойрхон юм чинь гэж хэлээд зогсож байтал Ц.Т  хүрч ирээд тэр залуугийн толгой руу нь гараараа цохих шиг болоод тэр хоёр барилцаж авахаар нь Рэгзэдмаа бид нар салгасан. Тэгээд жаахан хөндийрснөө Ц.Т  газраас тал тоосго аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгой дээр оноод цус гарсан чинь цагдаа дуудсан. Ийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхжаргалын: ...Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17-18 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4-145 тоотод Ц.Т ын хашаанд нь ачаанаас ачилцах гэж очсон. Намайг очоод ачаа ачилцаж байхад нэг залуу, нэг хүүхэн хоёр согтуу тэрүүгээр уурлаад яваад байсан. Юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. Тэгээд байж байтал нэг мэдсэн чинь хашаан дотор Ц.Т  нөгөө согтуу залуутай барилцалдаад авахаар нь тэнд байсан Байгаль, Рэгзэдмаа нар алгасан. Тэгтэл Ц.Т  тал тоосгоны булан аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгойг нь оносон. Тийм л асуудал болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12153 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.Сайнбаярын биед зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

           5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Т ын:  ...Би 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 4-145 тоот хашаа маань газарт ороод байшингаа нурааж Сайнбаяр гэдэг хүний машинаар мод ачуулсан. Тэгтэл Сайнбаяр ажлаа хурдан хийхгүй байж байгаад надаас мөнгө нэхсэн, архи нэхэхээр нь би бас нэг шил архи авч өгсөн. Өдөржингөө хий эргэсээр байгаад таарч ачааны гуравны нэгийг ачсан. Тэгээд 20 цагийн үед ачиж дуусаагүй байж хөлсөө авна гэхээр нь би ачиж дуусаад авчих гэж хэлсэн чинь уурлаад надтай заамдалцаад бид хоёр бие биенийхээ нүүр рүү гараараа нэг, нэг удаа цохилцоод манай охин Рэгзэдмаа салгасан. Сайнбаяр таван хүн  авч ирж ачаа ачина гэж хэлчихээд хүүдүүдээрээ зөөлгөөд надаас 10.000 төгрөг аваад 1 цагийн дараа алга болсон. Дахиад нэг жаахан хүүхдээр ачаа зөөлгөөд мөнгө өг гэхээр нь би 5000 төгрөг өгсөн. Тэгээд би өдөр нь жаахан унтаад  орой 18 цагийн үед сэрээд ачаагаа хурдан ачаад өгчих гэж зөндөө гуйсан боловч  хийж өгөхгүй хөлсөө нэхээд “гуйлгачингууд” гэж доромжлоод намайг мөрнөөс татаад зулгаахаар нь би цааш түлхээд явуулсан. Миний уур хүрээд араас нь тал тоосго аваад шидсэн чинь толгойд нь оносон. Ачааны 10 хувийг ч ачаагүй байж  мөнгө нэхэж эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

- Хохирлын 120.000+21.000+53.937+8000+10.000+20.000+11.000+20.000= 263.937 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 28-31 дүгээр тал/

Шүүгдэгч Ц.Т  нь хохирогч О.Сайнбаярт 260.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 32 дугаар тал/

Шүүгдэгч Ц.Т тай холбоотой ЦЕГ-ын асеф сангийн мэдээллийн систем /хх-ийн 16 дугаар тал/

Шүүгдэгч Ц.Т ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Ц.Т  нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 4-145 тоотод иргэн О.Сайнбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүн рүү тоосго шидэж О.Сайнбаярын зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч О.Сайнбаярын “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 10 цагаас орой болтол  мод ачсан. Ц.Т  өөрөө юмаа зөөхгүй архи уугаад байхаар нь би уурлаад  өдрөөс хойш архи уулаа зөөчихөд яадаг юм, ажлын хөлсөө авъя гэсэн чинь  Ц.Т  мөнгө өгөхгүй гэж уурлаад бид хоёр заамдалцсан чинь Ц.Т  миний толгой руу гараараа нэг удаа цохихоор би өөрийг нь бас нэг удаа толгой руу цохисон чинь тэнд байсан Ц.Т ын охин салгасан /нэрийг нь мэдэхгүй/. Тэгтэл Ц.Т  газраас тал тоосго аваад шидсэн чинь миний зүүн дух хэсэгт онож цус гарсан. Ингээд би духандаа оёдол тавиулсан. Ц.Т  мөнгө өгөхгүй гэснээс болж муудалцсан. Миний дух тал руу тоосго  шидэж цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,

            - Гэрч Д.Байгалийн “...Ц.Т  хүрч ирээд тэр залуугийн толгой руу нь гараараа цохих шиг болоод тэр хоёр барилцаж авахаар нь Рэгзэдмаа бид нар салгасан. Тэгээд жаахан хөндийрснөө Ц.Т  газраас тал тоосго аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгой дээр оноод цус гарсан чинь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

            - Гэрч Д.Мөнхжаргалын “...Тэгээд байж байтал нэг мэдсэн чинь хашаан дотор Ц.Т  нөгөө согтуу залуутай барилцалдаад авахаар нь тэнд байсан. Байгаль, Рэгзэдмаа нар салгасан. Тэгтэл Ц.Т   тал тоосгоны булан аваад  шидсэн чинь нөгөө залуугийн толгойг нь оносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12153 дугаартай шинжээчийн: “...О.Сайнбаярын биед зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч О.Сайнбаяр хохирлын 120.000+21.000+53.937+8000+10.000 +20.000+11.000+20.000=263.937 төгрөгийн нотлох баримтыг ирүүлснээс Ц.Т  нь хохирогч О.Сайнбаярт 260.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба үлдэх хохирол 3937 төгрөгийг шүүгдэгч Ц.Т аас гаргуулан хохирогч О.Сайнбаярт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-н 28-32 дугаар тал/

Хохирогч О.Сайнбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж гэм буруутай этгээдээс Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Ц.Т  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх-ийн 60 дугаар тал/

             Шүүгдэгч Ц.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

           Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Ц.Т ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т т оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ц.Т аас /РД: / 3937 /гурван мянга есөн зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулан хохирогч Очирхуягийн Сайнбаярт /РД: / олгосугай.

           6. Хохирогч О.Сайнбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Ц.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ