Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 144

 

Ц.Т-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч О.Сайнбаяр, шүүгдэгч Ц.Т-ын нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, Ш.Сарангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Т-т холбогдох эрүүгийн 1806082051972 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Халзан овгийн Ц.Т-, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ц.Т- нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4-145 тоотод иргэн О.Сайнбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-аас 3937 төгрөгийг гаргуулан хохирогч О.Сайнбаярт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Сайнбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...тухайн өдөр Ц.Т-тай үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас тэр миний толгой руу тоосгоор цохисон. Миний зүүн нүдний дээд талд духны яс цөмөрч, ил болон далд оёдол тавиулсан. Мөн тархи доргилт үүссэнээс болж хуучин автын осолд орсон нь сэдэрсэн. 6 сарын турш тасралтгүй эм ууж, хэвтрийн дэглэм барих шаардлагатай гэсэн боловч мөнгөгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадаагүй. Цаашид гарах хүндрэлийг мэдэхгүй учир би гомдолтой байна. Иймээс гоо сайхан, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол болох 4.500.000 төгрөгийг Ц.Т-аас нэхэмжилж байна...” гэжээ.

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, учруулсан хохирлын талаар маргах зүйлгүй боловч дор дурьдсан зүйлийг анхааран үзэж хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөхийг хүслээ.

1. Ц.Т- нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг бөгөөд нийслэл хотод байсан хувийн орон сууц нь газарт орсон тул түүнийгээ буулгаж аваачихаар ирсэн. О.Сайнбаяр гэгч нь 30.000 төгрөгөөр уг ачааг ачилцахаар тохиролцсон боловч архи ууж согтууран, ажлаа бүрэн хийж дуусгалгүйгээр ажлын хөлсний үлдэгдэл болох 10.000 төгрөгөө нэхсэн байдаг. Тэгэхэд нь Ц.Т- ачаа ачиж дууссаны дараа өгье гэж хэлэхэд өөдөөс нь хэл амаар доромжилж, агсагнасан ба Ц.Т- гэнэт уурлаж газраас тоосго авч шидсэнээс О.Сайнбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Ц.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, О.Сайнбаярын нэхэмжилсэн 280.000 төгрөгийг төлөхөөр мөрдөгчид өгөхөд мөрдөгч түүнд 260.000 төгрөгийг өгсөн байдаг.

2. Ц.Т- нь анхан шатны шүүх хуралдаанд “...хохирлоо төлсөн, 1000 гаруй малтай, жилдээ 10,0 сая гаруй төгрөгийн орлоготой тул торгох ял оногдуулж өгөхийг...” хүссэн. Түүний ар гэрт эхнэр нь үлдсэн бөгөөд ганцаараа ажлаа амжуулах боломжгүй хүнд байдалтай байна.

3. Ц.Т- нь 2013, 2014 онуудад нийслэл хотод амьдарч байхдаа архи дарс ууж зөрчилд холбогдож байсан боловч хөдөө орон нутагт очсоноосоо хойш ямар нэгэн зөрчил гаргаагүй. 

Иймээс  Ц.Т-ын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хохирогч О.Сайнбаярын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг Ц.Т-т танилцуулаагүй байна. Хэдийгээр түүнээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан талаар асууж тодруулсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг нь хязгаарлажээ.

Хохирогчид учирсан дух ясны ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т заасан “духны хөндийн өмнөд ханын хугаралд хамаарах” эсэх талаар шинжээч Г.Ханхүүгээс мэдүүлэг аваагүй байна.

2. Ц.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 260.000 төгрөгийг төлсөн. Гэвч хэрэгт авагдсан 8 ширхэг хохирлын баримт нь хэрэгт ямар хамааралтай эсэх хохирогчоос талаар огт асууж тодруулаагүй. Хохирогч хэргийн материалтай 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр танилцахдаа баримтаар нэхэмжилсэн төлбөрөөс дутуу төлөгдсөн талаар огт дурьдаагүй, яллах дүгнэлтийн хавсралтад мөн төлөх төлбөрийн талаар дурьдаагүй байдаг. Түүнчлэн хэргийн 31 дүгээр талд авагдсан шатахуун, түлшний баримтууд нь хэрэгт ямар хамааралтай талаар огт дүгнэлт хийлгүйгээр Ц.Т- төлөх ёстой хохирлын баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэд нотлоогүй гэж үзэж байна.

3. Ц.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь торгох ялын санкцитай байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг торгох ялыг төлөх боломжтой эсэх талаар баримтыг огт цуглуулаагүй. Өөрөөр хэлбэл, яллагдагчийн хувийн байдал, орлогын эх үүсвэртэй эсэх, эд хөрөнгөтэй эсэх талаар ажиллагаа хийгдээгүй. Шүүх гэм буруугийн хэлэлцүүлгийн дараа хохирлоо төлж барагдуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан санал, хүсэлт гаргаж хуулиар олгосон боломжийг эдлэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй нь торгох ялыг хэрэглэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүйд хүргэсэн.

Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний хувийн байдлыг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийн материалаас үзэхэд, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1548 дугаартай яллах дүгнэлтийг мөн өдрөө яллагдагчид гардуулж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, өөрийн санаачилгаар болон оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу шүүх хуралдаан товлосон өдөр дахин 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1548 дугаартай яллах дүгнэлтийг шүүгдэгчид гардуулсан байдаг. Уг яллах дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар техникийн шинжтэй алдаа гаргасныг зассан гэх атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Нөгөөтэйгүүр улсын яллагч, шүүхийн зүгээс Ц.Т-ыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг. Гэтэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Ц.Т-ыг “архи уухгүй байсан” гэснийг “архи уугаад байсан” мэтээр иш татсан байгаа.

Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа яллах дүгнэлтэд техникийн шинжтэй алдаа гарсан гэсэн үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байдаг. Улмаар анхан шатны шүүх хуралдаан болохоос 5 хоногийн өмнө яллах дүгнэлтийг засаж шүүхэд хүргүүлсэн боловч тухайн цаг хугацаанд шүүгдэгч хөдөө орон нутагт явж байсан гэсэн шалтгаанаар гардан авч чадаагүй. Ингээд шүүх хуралдаан болох өдөр шүүгдэгчид гардуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т-ыг яллагдагчаар байцаахдаа түүнд шинжээчийн дүгнэлтийг бүрэн эхээр нь танилцуулсан. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууссаны дараа Ц.Т-т хэргийн материалыг танилцуулахад түүний зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбогдуулан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байдаг. Ц.Т- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу болон хохирол төлбөрийн асуудлаар маргаж байгаагүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц.Т- нь согтуугаар, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 4-145 тоот өөрийн хашаанд, түүний байшинг буулган мод ачиж байсан иргэн О.Сайнбаяртай “Ажлаа хийж дуусгаагүй байж ажлын хөлс нэхлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа газраас тал тоосго авч шидсэнээс хохирогчийн толгойн тус газарт нь онож эрүүл мэндэд нь “зүүн талд дух ясны ил хугарал, тархи доргилт, хоёр зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч О.Сайнбаяр нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Ц.Т-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар “...манай урд айлын Т- гэдэг хүн буулгаж байгаа байшингийнхаа модыг ачаад өгөөч гэж гуйхаар нь би 2018 оны 10 дугаар сарын 5-ны өглөө 10 цагаас орой болтол мод ачсан. Т- өөрөө юмаа зөөхгүй, архи уугаад байхаар нь би уурлаад “Өдрөөс хойш архи уулаа, зөөчихөд яадаг юм, ажлын хөлсөө авъя” гэсэн чинь мөнгө өгөхгүй гэж уурлаад бид хоёр заамдалцсан. Т- миний толгой руу гараараа 1 удаа цохихоор нь би өөрийг нь 1 удаа толгой руу нь цохиход тэнд байсан охин нь салгасан. Тэгтэл Т- газраас тал тоосго аваад шидсэн чинь миний зүүн дух хэсэгт онож цус гаргасан. Ингээд би духандаа оёдол тавиулсан...” /хх-ийн 6/ гэж тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Д.Байгалийн “...Т- хүрч ирээд тэр залуугийн толгой руу нь гараараа цохих шиг болоод тэр хоёр барилцаж авахаар нь Рэгзэдмаа бид нар салгасан. Тэгээд жаахан хөндийрснөө Т- газраас тал тоосго аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгойн дээр оноод цус гарсан...” /хх-ийн 25/ гэх, Д.Мөнхжаргалын “...Т- нөгөө согтуу залуутай барилцаад авахаар нь тэнд байсан Байгаль, Рэгзэдмаа нар салгасан. Тэгтэл Т- газраас тал тоосгоны булан аваад шидсэн чинь нөгөө залуугийн толгойг нь оносон...” /хх-ийн 26/ гэх, Ц.Т-ын “...Сайнбаяр орой 20 цагийн үед хөлсөө авна гэхээр нь би ачиж дуусгаад авчих гэж хэлсэн чинь уурлаад надтай заамдалцсан. Бид хоёр бие биеэ 1, 1 удаа цохисон. Тэгэхэд манай охин Рэгзэдмаа салгасан. Сайнбаяр намайг “гуйлгачин” гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд газраас тал ягаан өнгийн тоосго аваад шидсэн чинь толгойд нь оносон. Бид хоёр хоёулаа л бага зэрэг согтуу байсан...” /хх-ийн 8, 21/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12153 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл давж заалдсан гомдолдоо “...мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг яллагдагчид танилцуулаагүйгээс уг дүгнэлттэй холбогдуулан нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар мэдүүлэг аваагүй, хэрэгт авагдсан хохирлын баримтууд болох шатахуун түлшний зардлуудыг энэ хэрэгт ямар хамааралтай болохыг хохирогчоос асууж тодруулаагүй, яллагдагчийн хөрөнгө, орлогын талаарх хувийн байдалтай холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй...” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан маргажээ.

Хэргээс дээрх үндэслэлийг судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Т-ыг яллагдагчаар татан мэдүүлэг авахдаа түүнд хохирогч О.Сайнбаярын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 12153 дугаартай дүгнэлтийг танилцуулсан байх ба тэрээр “...шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би учруулсан нь үнэн...” хэмээн мэдүүлсэн, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн материалыг оролцогчдод танилцуулахад Ц.Т-ын зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй зэргээс үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Г.Ханхүүд хууль сануулсан, тэрээр гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул шинжээчээс заавал тайлбар, мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэв.

Прокуророос яллагдагч Ц.Т-ыг хүний эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1548 дугаартай яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцдаа өөрийн санаачилгаар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, яллах дүгнэлтэд “хүнд” хохирлыг “хүндэвтэр” гэж бичсэн техникийн шинжтэй алдааг засуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан ба мөн өдөр прокуророос дээрх алдааг засч, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Т- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд төлж барагдуулсан байх ба хохирлын асуудлаар маргаагүйг дурьдвал зохино.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ ... ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.” гэж заасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эдгээр нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгөх бүрэн боломжтой юм.

Иймээс шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Ц.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 12153 дугаартай “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт болон түүний хөрөнгө, орлогын байдлыг тодорхойлсон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Т-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /55х15000=825.000/ эдлэх ялаас нь хасч /30.000.000-825.000=29.175.000/, түүний эдлэх ялыг хорин есөн мянгө нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29.175.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч Ц.Т-т хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин хохирогч О.Сайнбаяр давж заалдсан гомдолдоо “...цаашид хийлгэх эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 4.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх боловч тэрээр энэ талаар тодорхойлсон зохих баримтуудыг гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хохирлын талаар гаргасан шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хохирогч О.Сайнбаяр нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т-ыг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтад, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-т оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Т-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /55х15000=825.000/ эдлэх ялаас нь хасч /30.000.000-825.000=29.175.000/, түүний эдлэх ялыг хорин есөн мянгө нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29.175.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Т-ыг нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хохирогч О.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                         ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН