Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01004

 

 

 2024 05 13  210/МА2024/01004

 

А.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч *******.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 189/ШШ2024/00012 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.С ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШ*******Е*******, БТБ*******, Д ХХК-д тус тус холбогдох

*******л хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 189/*******Х2022/00006 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Б.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Хоршоолол ** дугаар гудамж *** тоот хаягт байрлах, *** м.кв талбайтай хувийн сууц, *** м.кв талбайтай агуулахэрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, ** м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 84,000,000 төгрөгөөр, А.Тын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, Хоршоолол 6 дугаар гудамж ***тоот хаягт байрлах, ***м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, ***м.кв талбайтай гэр бүлийн газрыг нийт 68,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

1.2. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн, байршил, зориулалт нь харьцуулах боломжгүй хямд объектуудтай харьцуулсан байна.

Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар захирамжаар А.С ХХК, Б.Б нараас 184,298,410 төгрөгийг гаргуулж Хасбанк ХК-д олгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2.2. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан хөрөнгүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22310144/09, 22310144/10 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22310144/13, 22310144/14 дугаар тогтоолуудаар хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож үнэлгээг талуудад мэдэгдсэн.

2.3. Уг барьцаа хөрөнгүүд нь А.С ХХК-ийн хөрөнгө биш бөгөөд төлбөр төлөгч Б.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн эд хөрөнгөө үнэлгээнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бичгээр өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4 дугаар тогтоолын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөтэй очиж танилцсан бөгөөд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үнэлж, үнэлгээний 2 тайланг шийдвэр гүйцэтгэгч ахмад П.Баясгаланд хүлээлгэн өгсөн.

3.2. Б.Бын хувийн сууцыг үнэлэхдээ жишиг болгож авсан хөрөнгүүд нь автобусны буудал, дэлгүүр, үйлчилгээний төвүүдтэй ойрхон, үнэлж буй сууцнаас хотын төв рүү ойрхон байрлалтай, дэд бүтэц татах боломжтой зэрэг давуу талуудтай. Хувийн сууцын үнэлгээ өртгийн хандлагын аргаар 31,000,000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 30,500,000 төгрөг болсон.

Агуулахын барилга нь 1970-аад оны үед баригдсан, цутгамал бетонон, ойролцоогоор 50 см зузаан ханатай, хавтгай дээвэртэй бөгөөд үүнтэй ижил хийцтэй худалдахаар зарлагдсан агуулахын барилгын мэдээлэл олдоогүй, өртгийн хандлагын аргаар Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 3 дугаар хавсралт Жижиг барилга-ын бетонон агуулах хэсэгт, дээрх хийцлэлийн агуулахын 1 м.кв талбайн төсөвт өртгийг 255,000 төгрөгөөр тогтоосон. Мөн агуулахын барилгын хана энд тэндээ цууралт өгснийг харгалзан үзэж хорогдуулалтын хувь тооцоогүй. Хэрвээ тооцвол 11,000,000 төгрөгөөс бага гарна.

*******азрын хувьд үнэлгээний тайланд тусгасан худалдахаар зарлагдсан газар нь Шар хадны Да хүрээ техникийн захаас баруун хойш 1 км зайтай бөгөөд үнэлж буй Б.Бын газраас эгц хойш 500-600 м зайтай болно. Хоосон газрын худалдах 1 м.кв талбай 47,021.94 төгрөг бөгөөд уг жишиг үнээр тооцвол газар 47,021.94х628 м.кв=29,529,778.32 төгрөг болж байна. Бодит байдал буюу зах зээл дээр 29,500,000 төгрөг болж байгаа газрыг өртгийн хандлагын арга буюу дуудлага худалдааны анхны үнэ 42,000,000 төгрөгөөр үнэлж тооцсон.

3.3. А.Тын агуулахын барилгын хувьд Барилга, хот байгуулалтын сайдын дээрх тушаалын дагуу 1 м.кв талбайн төсөвт өртгийг 255,000 төгрөгөөр тогтоосон. Дээрх жишиг өртгөөр тооцож, элэгдэл тооцсон үлдэгдэл 12,240,000 төгрөг болсон. Мөн сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалын хавсралт Барилга байгууламжийн 2021 оны үнийн индексийн дагуу тооцвол иргэний зориулалттай барилгын өртгийн хандлагын аргаар тооцсон дүн 12,240,000х1,80=22,032,000 төгрөг буюу бүхэлчилбэл 22,000,000 төгрөг болж байна. Мөн агуулахын барилгын хана цууралт өгснийг харгалзан үзэж хорогдуулалтын хувь тооцсон бол 22,000,000 төгрөгөөс бага гарна.

*******азрын үнэлгээний тайланд тусгасан худалдахаар зарлагдсан газар нь Шар хадны Да хүрээ техникийн захаас баруун хойш 1 км зайтай бөгөөд үнэлж буй А.Тын газраас эгц хойш 500-600 м зайтай болно. Хоосон газрын худалдах 1 м.кв талбай 47,021.94 төгрөг бөгөөд уг жишиг үнээр тооцвол газар 47,021.947х699 м.кв=32,868,336.06 төгрөг болж байна. Бодит байдал буюу зах зээл дээр 32,868,300 төгрөг болж байгаа газрыг өртгийн хандлагын арга буюу дуудлага худалдааны анхны үнэ 42,000,000 төгрөгөөр үнэлж тооцсон.

3.4. Хөрөнгийг газар дээр нь үзэж танилцаж байхад Б.Б хөрөнгийн үнэлгээг хэрхэн хийдэг тухай, ямар ямар аргаар хийдэг тухай асууж тодруулж байсан. Мөн ямар ч аргаар үнэлж, хэдий хэрийн үнэ ханшаар үнэлсэн ч гэсэн бид гомдол гаргаж үнэлгээг хүчингүй болгох, энэ нь цаг хожиж, тэр хооронд төлбөрөө төлөх болно гэж хэлж байсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШ*******Е*******, БТБ*******, Д ХХК нарт холбогдох Б.Бын өмчлөлийн, *******-******* бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 22 дугаар гудамж 169 тоотод байрлах, 56 м.кв хувийн сууц, 88 м.кв агуулах, *******-******* бүртгэлийн дугаартай, 628 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 84,000,000 төгрөг, А.Тын өмчлөлийн, *******-******* бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 6 дугаар гудамж 18 тоотод байрлах, 180 м.кв агуулах, *******-******* бүртгэлийн дугаартай, 699 м.кв гэр бүлийн газрыг 68,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Д " ХХК-ийн гаргасан үнэлгээ нь байршил, зориулалтаар харьцуулах боломжгүй хямд объектуудтай харьцуулж, жишиг хөрөнгийн үнэлгээнээс 20-30 хувиар бага үнэлсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шинжээчийн үнэлгээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбарын агуулга:

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 189/ШШ2024/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан тул А.С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.С ХХК нь хариуцагч НШШ*******Е*******, БТБ*******, Д ХХК-д тус тус холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

 

3. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 189/ШШ2021/00044 дугаар захирамжаар А.С ХХК, Б.Б нар 184,298,410 төгрөгийг Хасбанк ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. НШШ*******Е*******, БТБ******* нь дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ.

4.1. Мөн барьцааны зүйл болох Б.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 22 дугаар гудамж 169 тоот хаягт байрлах, 56 м.кв талбайтай хувийн сууц, 88 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, 628 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн А.Тын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 6 дугаар гудамж 18 тоот хаягт байрлах, 180 м.кв талбайтай агуулах, эрхийн улсын бүртгэлийн *******-******* дугаартай, 699 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22310144/09, 22310144/10 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22310144/13, 22310144/14 дугаар тогтоолуудаар хураасан, эдгээр ажиллагаанд талууд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөр төлөгч А.С ХХК нийт 578,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.Б 1,000,000,000 төгрөгөөр, өмчлөгч А.Т 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх санал ирүүлсэн, төлбөр авагч Хасбанк ХК-аас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/4 дугаар тогтоолоор Д ХХК-ийн үнэлгээчийн Д.Энхтайванг шинжээчээр томилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх ажиллагаа нь хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Шинжээч нь Б.Бын өмчлөлийн хувийн сууц, агуулах, газрыг нийт 84,000,000 төгрөгөөр, А.Тын өмчлөлийн агуулах, газрыг нийт 68,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/419, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/459 дугаар мэдэгдлүүдээр төлбөр төлөгч нарт тус тус мэдэгдсэн байна.

5.1. Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх эд хөрөнгийн шинж байдлыг тодорхойлж тусган, өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, өртгийн хандлагын аргаар үнэлсэн нь бодит байдлыг илүү тусгасан гэж дүгнэжээ. Б.Бын өмчлөлийн хувийн сууцыг 31,000,000 төгрөг, агуулахыг 11,000,000 төгрөг, газрыг 42,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөг, А.Тын өмчлөлийн агуулахыг 22,000,000 төгрөг, газрыг 46,500,000 төгрөг, нийт 68,500,000 төгрөгөөр тус тус үнэ цэнийг тодорхойлсон байна.

5.2. Дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан байна.

5.3. Нэхэмжлэгч нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагч НШШ*******Е*******, БТБ*******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.С ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:

 

1. Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 189/ШШ2024/00012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ЕРӨНХИЙ Ш*********************Ч  *******.ДАВААДОРЖ

Ш*********************ЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА