Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2018/0823/З |
Дугаар | 221/МА2019/0461 |
Огноо | 2019-09-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0461
“Б Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б Э м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0369 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25, 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Э м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын MV-015646 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б Э м” ХХК-д буцаан олгох талаар шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож” тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: “... 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлыг бүртгэсний дараа шүүж үзэхэд тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь хэсэгчлэн хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах, мөн Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт тус компанийн тусгай зөвшөөрөл хамрагдаж байгаа эсэх, хамрагдаж байгаа бол ямар хэмжээгээр хамрагдаж байгаа нь тодорхойгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Анх “Моручи” ХХК-д Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумын нутаг дахь Шазгайтын гол нэртэй 235.56 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны 757 дугаар шийдвэрээр олгосон байх бөгөөд хариуцагч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 302 дугаар[1] шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 59.95 гектар болгожээ.
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өөрийн өмнө гаргасан 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр[2] “Моручи” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулан хэмжээг 235,65 гектар талбайгаар тогтоосон байна.
“Моручи” ХХК-ийн MV-015646 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Б Э м” ХХК /Би Си Майнинг” ХХК/-ийн нэр дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр[3] шилжүүлснийг бүртгэжээ.
Нэхэмжлэгч “Б Э м” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 512 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “...хариуцагч захиргааны байгууллага нь Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, ашигт малтмалын ашиглалтын талбайн солбицолд өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэгч компанийн уг маргаан бүхий солбицол дахь ашигт малтмалын хайгуулын нөөцийг илрүүлж тогтоосон талбайг оруулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасан ...хуулиар олгосон бүрэн эрхүүдийг дутуу хэрэгжүүлсэн, маргаан бүхий үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ...хайгуулын ажил хийж нөөц нь тогтоогдсон талбайдаа ашиглалт явуулах нэхэмжлэгчийн зорилгыг анхаараагүй байна” гэх дүгнэлтийг хийж ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчихөд хүрчээ.
Учир нь шүүхийн шийдвэр хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн нөөц тогтоогдсон гэх газар нь хариуцагчийн 512 дугаар шийдвэрээр тогтоосон талбайн хаана нь байрлаж байгаа, уг талбай /нөөц байгаа гэх/ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх болон ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцаж байгаа эсэх талаарх баримт байхгүй байхад шүүх шууд хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэгт нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “MV-015646 дугаартай шаазгайтын гол нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн байршлын зураг” гэх зургийг[4] хавсаргасан байх бөгөөд уг зураг нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг баримтыг шүүхээс үнэлэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд “...Ашигт малтмал ашиглалтын MV-015646 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих ёсоор өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “Б Э м” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.
Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг MV-015646 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд хэрхэн яаж өөрчлөлт оруулах байтал хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзал гаргаж 512 дугаар шийдвэрийг гаргасан гэж үзэн, ямар хэмжээгээр нэхэмжлэгч “Б Э м” ХХК-д буцаан олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулахыг хүсч байгаа нь тодорхой бус байна.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, холбогдох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийгээгүй байхад давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-121 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-89 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-129 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-33 хуудас