Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/0025

 

С” ХХК-ийн

 гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн

төлөө газрын улсын байцаагч М.Д-д

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      Г.Банзрагч

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        М.Батсуурь

                  Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0873 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0034 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч М.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1. “С” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д-ын 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталж, улсын байцаагч М.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийжээ.

2.1. Улсын байцаагч М.Д-аас “С” ХХК-ийн “И**” салбарт 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шалгалт хийн “бараа үнэ болон лангууны үнэ зөрсөн” гэх асуудлыг шалгаад, 2022 оны 08 дугаар сарын (өдрийг нь 22 гэж) ****** дугаартай шийтгэлийн хуудсаар “С” ХХК нь ... хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээллээр хангаагүй нь холбогдогчийн мэдүүлэг, хяналт шалгалтын тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож, уг үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3. Гомдол гаргагч “С” ХХК-иас “... шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д заасан шаардлагыг хангаагүй буюу үйлдсэн огноо бүрэн бус бичигдсэн, шийтгэлийн арга хэмжээ авахаас өмнө алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах, хугацаатай үүрэг даалгавар өгч болох байсан ч харгалзан үзээгүй, уг зөрчил санаатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгогүй байсан ...” гэж;

3.1. Хариуцагчаас “... байгууллагаас баталсан удирдамжийн дагуу супермаркет, хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэх хүрээнд хяналт шалгалт явуулахад, “И****” салбарын лангуун болон кассын үнэ зөрүүтэй байсан, шийтгэлийн хуудасны холбогдогчид гардуулах хувьд огноо бүдэг гарсан нь хүчингүй болгох үндэслэл болохгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид аливаа зөрчил илэрсэн тохиолдолд зөрчлийг арилгах талаар албан шаардлага хүргүүлээд тухайн шийтгэл шат дараатай явна гэсэн зүйл заагаагүй, зөрчлийг илрүүлсний дараа албан шаардлага хүргүүлэх эсхүл шийтгэл оногдуулах уу гэдэг нь улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал, түүврийн аргаар 10 бараа, бүтээгдэхүүнээс 1 бараанаас зөрчил илэрсэн, хэрэглэгчийн зүгээс кассын үнэд өөрчлөлт оруулсан эсэхийг мэдэхгүй, шийтгэл үндэслэлтэй ...” гэж тус тус маргажээ.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д-ын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6. Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7. Гомдол гаргагч С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-аас шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу дүгнэж нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй гэж үзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. ... Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д зааснаар шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй,  хууль бус шийдвэр байх тул хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх шийтгэлийн хуудсанд огноо бичигдээгүй болохыг дурдсан боловч гомдлыг хангах үндэслэл болохгүй, актын хэлбэрийн шаардлага хангагдаагүй байх нь зөв мэт дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

7.2. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Өрсөлдөөний тухай хуульд зааснаар хариуцагч хяналт шалгалтын үед илэрсэн алдааг шууд зөрчилд тооцон зөрчлийн арга хэмжээ авах бус, зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллаж гүйцэтгэлийн шалгалт хийж хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой байсан. Гэвч тухайн байцаагч энэ талаар огт харгалзан үзээгүй шууд зөрчилд тооцон шийтгэл оногдуулах шийдвэр гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзээгүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.3. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т зааснаар манай компани ажилтны санамсаргүй алдаа илэрснийг мэдсэн тэр даруйд түүнийгээ бүрэн засаж залруулсан.

7.4. Барааны лангуу болон кассын үнэ зөрчсөн гэх алдааг санаатайгаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгоор үйлдээгүй, ажилтнуудын хүрэлцээгүй байдал, орон тоо дутагдалтайн улмаас ... санамсаргүй алдаа байсан, байцаагчийн шалгасан хэсэг дэх бүтээгдэхүүний үнэ байрласан гурван лангууны хамгийн доод талын зөвхөн нэг ширхэг үнэ л шинэчлэгдээгүй үлдсэн байсныг анхаарах нь зүйтэй. Энэ нь үнийг шинэчилж кассан дээрх үнэтэй нийцүүлэн өөрчлөх ажиллагаа өмнө нь хийгдсэн байсан гэсэн үг юм. Иймд энэ тохиолдолд уг санамсаргүй алдааг хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх зорилгоор үйлдээгүй болно.

7.5. Иймд, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

10. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж “хууль ёсны”; 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж “шударга ёсны” зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

11. Иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг бүрэн хангаж байж зөрчилд тооцогдох бөгөөд тухайн зөрчлийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээнээс хамаарч ямар шийтгэл оногдуулахыг хууль тогтоогч тусгайлан зохицуулсан.

12. Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” бүрэн эрхийг улсын байцаагч хэрэгжүүлэн ажиллахаар заасны дагуу хариуцагчаас хяналт шалгалтын явцад илэрсэн алдаа дутагдлыг арилгах боломжтой тохиолдолд шууд шийтгэлийн арга хэмжээ авахаас урьдаж үүрэг даалгавар өгч, түүнийг арилгах арга хэмжээ авч болох талаар зохицуулалттай бөгөөд хариуцагчаас хуулиар олгосон эрхийг хэрэгжүүлэн хууль тогтоомжийн биелэлтийг хангуулан ажиллах нь түүний үндсэн үүрэг юм.

13. Энэ хэргийн тухайд, “И*** ” салбарт хяналт шалгалт хийж, түүврийн аргаар 10 бараа бүтээгдэхүүнээс 1 бараа буюу “А  т” ХХК-ийн дээдийн дээд гурил сонгоход, лангуун дээр 2440 төгрөгийн үнийн тэмдэглэгээтэй, түүнийг кассанд уншуулахад 2560 төгрөгийн үнээр уншигдсан үйлдлийг хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “... худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.

14. Учир нь, хариуцагчаас хяналт шалгалтын явцад илэрсэн “А  т” ХХК-ийн дээдийн дээд гурилын лангууны үнэ, кассын үнэ зөрүүтэй тохиолдолд түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох этгээдэд шаардлага тавьж (үүрэг даалгавар өгөх байдлаар), уг зөрчлийг нэн даруй арилгуулах арга хэмжээ авч болохоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэлгүйгээр шууд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаарх гомдол гаргагчийн “... хариуцагч хяналт шалгалтын үед илэрсэн алдааг арилгуулах албан шаардлага хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллах боломжтой байсан” гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй.  

15. Мөн түүврийн аргаар сонгосон бараа бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ ялгаатай байгааг санаатайгаар хэрэглэгчийг төөрөгдүүлсэн, барааны талаар сонголт хийхэд туслах мэдээллээр хэрэглэгчийг бүрэн хангаагүй гэж шууд үзэх боломжгүй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэрэглэгчийн эрхийг хангуулаагүй буюу “үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” үүргээ биелүүлээгүй гэх Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинж байхгүй гэж Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар тогтоолд[1] тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарахаар байна.

16. Нөгөө талаас хэрэглэгч (худалдан авагч) үйлдвэрлэгчээс өгсөн барааны мэдээлэлд тулгуурлан аль бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах нь түүний сонголт учир хэрэглэгчийн зүгээс лангуун дээр худалдагдаж буй барааг сонгон, төлбөр төлөх хэсэгт эцсийн байдлаар худалдан авах эсхүл буцаах боломжтой, энэ тохиолдолд хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаагүй буюу буруу мэдээлэл зориуд санаатайгаар өгсөн хуулийн этгээдийн үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэлгүй хэмээн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар тогтоолоор тайлбарлан хэрэглэжээ.

17. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхээс гомдол гаргагч компанийн “И*****” салбарт худалдан борлуулагдсан бараа бүтээгдэхүүн болох “А т” ХХК-ийн дээдийн дээд гурилын лангууны үнэ, кассын үнэ зөрсөн үйлдлийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчилд тооцож, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2022/0873 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2023/0034 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “С” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д-ын 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Г.БАНЗРАГЧ

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Д.МӨНХТУЯА

   ШҮҮГЧИД                                                                            М.БАТСУУРЬ

                                                                                        Ц.ЦОГТ

                             Х.БАТСҮРЭН

 

[1] С э С В Э ХК ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Э, 128/2022/0****/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2023/0012