Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0034

 

 

 

 

 

 

 

   “С х” ХХК-ийн гомдолтой 

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “С х” ХХК

Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д

Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д-ын 2022 оны 8 дугаар сарын 0003097 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 873 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х,

Хариуцагч М.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0913/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “С х” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Дд холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 0003097 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 873 дугаар шийдвэрээр: 

“...Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Дын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 0003097 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан “С х” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...3.1.Шийтгэлийн хуудас хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх” хэмээн бичгээр үйлдсэн захиргааны актын хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон, гэтэл 0003097 дугаар шийтгэлийн хуудасны огноо бүрэн бичигдээгүй нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангагдсан гэж үзэх нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл энэхүү шийтгэлийн хуудас нь хэлбэрийн шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр байх тул “С х” ХХК-ийн хувьд уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Шийдвэрийн 2.2-т “...шийтгэлийн хуудаст огноо бичигдээгүй болох нь” нотлох баримтаар тогтоогдсон талаар дурдсан. Гэвч үүнийг шийдвэр гаргахдаа үндэслэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй хэмээсэн нь захиргааны актын хэлбэрийн шаардлага хангагдаагүй байхыг зөвтгөсөн мэт дүгнэсэн байх тул үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2.Шийтгэлийн арга хэмжээ авах тухай шийдвэр гаргахаас өмнө алдаа дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах боломжтой байсан тухайд:

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д улсын байцаагч нь “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” эрхтэй, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна”, Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т улсын байцаагч нь “Төрийн.хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан баталгаагаар хангагдана” гэж тус тус заасан.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу хяналт шалгалтын үед илэрсэн алдааг шууд зөрчилд тооцон шийтгэлийн арга хэмжээ авах бус зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлэн, биелэлтийг хангуулан ажиллаж гүйцэтгэлийн шалгалт хийн хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой байсан. Гэвч тухайн улсын байцаагч энэ талаар огт харгалзан үзэлгүй шууд зөрчилд тооцон шийтгэл оногдуулах шийдвэр гаргасныг анхан шатны шүүх харгалзан үзээгүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Улмаар Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэж заасан бөгөөд манай компанийн хувьд өөрийн ажилтны санамсаргүй алдаа илэрснийг мэдсэн тэр даруйд бүрэн засч залруулсан, дахин дээрхийн адил алдааг гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Гэвч улсын байцаагч М.Д болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.М нар үүнийг огт харгалзан үзээгүй, түүнчлэн энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

3.3.Дээрх алдаа санаатай үйлдэгдээгүй тухайд:

“С х” ХХК нь энэхүү барааны лангууны болон кассын үнэ зөрсөн гэх алдааг санаатайгаар хэрэглэгчдийг төөрөгдүүлэх зорилгоор үйлдээгүй гагцхүү ажиллах хүчний хүрэлцээгүй байдал, орон тоо дутагдалтай байсны улмаас тухайн тасгийн ажилтныг орлож байсан өөр тасгийн ажилтны гаргасан санамсаргүй алдаа төдийгүй тухайн байцаагчийн шалгасан хэсэг дэх бүтээгдэхүүний үнэ байрласан гурван лангууны хамгийн доод талын зөвхөн нэг ширхэг үнэ л шинэчлэгдээгүй үлдсэн байсан болохыг анхаараагүй юм. Өөрөөр хэлбэл үнэ шинэчилж кассын үнэтэй нийцүүлэн өөрчлөх ажиллагаа өмнө нь хийгдсэн тул энэ тохиолдолд дээрх санамсаргүй алдааг хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх зорилгоор үйлдээгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр “С х” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Дын үйлдсэн 0003097 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

4.Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан удирдамжийн дагуу улсын байцаагчдын явуулсан хяналт шалгалтаар 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “С х” ХХК-ийн И-март Чингис салбар дэлгүүрт зарагдаж буй бараа бүтээгдэхүүнээс түүврийн аргаар сонгосон “А” ХХК-ийн дээдийн дээд гурилын кассын болон лангууны үнэ хоорондоо зөрүүтэй болох нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл лангуун дээрх тус барааны хуучин үнийг нэг бүрчлэн бүрэн шинэчлээгүйгээс 1 кг гурилын лангуун дээрх зарим үнэ 2440 төгрөг, харин кассанд бичүүлэхэд 2560 төгрөг гэж гарсан тул Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу хариуцлага хүлээлгэснийг буруутгах боломжгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

“С х” ХХК-ийн гомдол болон давж заалдах гомдлын аль алинд “…ажилтнуудын хүрэлцээгүй байдал, орон тоо дутагдалтайн улмаас тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр байрлуулах үед тухайн тасгийн ажилтныг орлож байсан өөр тасгийн ажилтны гаргасан санамсаргүй алдааны улмаас зэрэгцээ 3 лангууны хамгийн доод талын зөвхөн нэг ширхэг хуучин үнийг солиогүй орхигдуулсан байсан…” гэх боловч тухайн зөрчлийг санаатай эсхүл санамсаргүй гаргаснаас үл хамааран хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2.Учир нь “А” ХХК-ийн дээдийн дээд 1 кг гурилын үнийг лангуун дээр 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөнд тооцогдоно.  

Хэдийгээр тухайн үед И-март Чингис салбар дэлгүүрт бараа, бүтээгдэхүүний хуучин үнийг шинэчлэх ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгэхгүй ч, хариуцлага алдсан ажилтантай хариуцагч улсын байцаагч бус харин ажил олгогч хариуцлага тооцох ёстой.

Иймд улсын байцаагчдаас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ хэрхэн биелүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэснийг гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

3.Дээр дурдсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/20 дугаар “Супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн 4.1-т зарим нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, үнэ тогтоосон тооцооллыг гаргуулан авч шалгах, 4.5-д илэрсэн зөрчлийг хянан шийдвэрлэхээр тус тус заасан, харин гомдол гаргагчид гардуулсан 0003097 дугаар шийтгэлийн хуудаст өдрийг бичээгүй нь хариуцагчийн алдаа боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан бөгөөд харин 2.3 дугаар зүйлийн шийтгэлээс чөлөөлөх үндэслэлүүдэд ажилтны санамсаргүй алдааны улмаас гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй байж болох талаар зохицуулаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 873 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН