Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2023/0024

 

“О ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:            Ц.Цогт 

Танхимын тэргүүн:          Д.Мөнхтуяа

Шүүгчид:                            Х.Батсүрэн

                                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 М.Батсуурь

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0845 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2023/0072 дугаар магадлал,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, өмгөөлөгч Г.Н, Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б (цахимаар) нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: “О ...” ХХК-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “... тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/771 дүгээр захирамжаар С дүүргийн *** дүгээр хороонд байрлах 322 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Б.Д-гөөс “О ...” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. “О ...” ХХК нь тус газар дээрх 644 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ... дугаарт бүртгүүлснээр 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ... дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. “О ...” ХХК нь 2017 онд тухайн газар дээр барилга барихаар эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, барилгын ажлаа эхлүүлсэн боловч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2022 оны А/74 дүгээр тушаалаар уг гэрчилгээг түдгэлзүүлжээ.

2.1. Маргаан бүхий акт болох Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/74 дүгээр тушаалаар: Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай эсэргүүцлийн ноот бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаартай албан бичгийн дагуу Оросын Холбооны Улсын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О ...” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

2.2. Нэхэмжлэгч “О ...” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг тушаал нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, бодит байдалтай нийцээгүй, захиргааны байгууллага нь түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, аль нэг этгээдээс тухайн байгууллагад хандан гомдол гаргаагүй байхад дураараа авирлан захиргааны актыг түдгэлзүүлсэн, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хугацааны талаар хууль тогтоогчоос “гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд” гэж тогтоосон байхад “Оросын Холбооны Улсын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” хэмээн хугацаагүйгээр барилгын ажлыг зогсоож байгаа нь илэрхий хууль зөрчсөн ...” гэж тодорхойлон, улмаар “... уг шийдвэрийн улмаас  2 жилийн хугацаанд манай компанийн үйл ажиллагаа явуулаагүйгээс үүдэн их хэмжээний хохирол учирсан, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг тул түдгэлзүүлсэн захиргааны актын үйлчлэл аль хэдийн дуусгавар болсон ...” гэж маргасан.

2.3. Хариуцагчаас дээрх тушаалын үндэслэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг тус тус баримталсан, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргахдаа тухайн газар дээр газар эзэмших эрхтэй байсан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүрдлийг хангуулж ирсэн учраас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Тус компанийн барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Гадаад хэргийн яам, Оросын Холбооны Улсаас гарсан албан бичиг, ноот бичгүүдийг нотлох баримтаар өгсөн. Гомдол ирсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаал гарсан. Захиргааны байгууллагаас захиргааны актад гарсан гомдлыг хянан шийдвэрлэх явцад гомдлыг эцэслэн хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, хэрэгжилтийг нь түр хугацаагаар зогсоох үр дагавартай буюу захиргааны байгууллагын холбогдох асуудлаарх эцсийн шийдвэр биш, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй ...” гэж;

2.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Засгийн газраас удаа дараа өөрийн байр сууриа илэрхийлдэг, тухайн газар Оросын Холбооны Улсын газар мөн гэдгийг баталгаажуулж байдаг. Гуравдагч этгээдийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу газар эзэмших эрхээ авах талаар холбогдох хүсэлтүүдийг гаргаад явж байгаа. Оросын Холбооны Улсад өмчлөх эрхийн гэрчилгээ анхнаасаа гараагүй. У.Б гэх хүн бичиг баримт хуурамчаар бүрдүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авсан байдаг. Магадгүй шүүхээс нэхэмжлэл үндэслэлтэй гэж шийдээд энэ барилга баригдах явц үргэлжиллээ гэж үзэхэд У.Б гэдэг хүн бичиг баримт хуурамчаар үйлдээд барилгыг нураасан гэдэг нь тогтоогдвол энэ барилгын өмчлөгч нь хэн бэ гэдэг асуудал үүснэ ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.  

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын зорилго нь В.И.Л нэрэмжит клубийн цогцолбор барилгын өмчлөл, түүний доор газрын эзэмших, ашиглах эрхийн маргаантай асуудал болон өмчлөгч нь хэн болохыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат шугамаар болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох хүртэл нэхэмжлэгч талд үүсэж болох эрсдэл, гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ сэргээлгэх нөхцөл байдал зэргийг харгалзан гаргасан болохыг тайлбарласнаас үзвэл уг захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зохих ёсоор эрхийн түр хамгаалалт тогтоосон шийдвэр гэж үзсэн болно, ... Оросын Холбооны Улс нь С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л  клубийн барилга, гараашийг өөрийн өмч гэж үзэж Монгол Улсын эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх маргаантай шатанд энэ тухай мэдэж байсан атлаа Нийслэлийн Засаг даргаас 2014 онд “Д-И” ХХК-д барилгын доорх газрыг эзэмших эрх олгосон нь давхар маргаан дагуулсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болжээ, ... Оросын Холбооны Улс, түүний хуулийн этгээдийн нэр дээр В.И.Л нэрэмжит клубийн барилгын өмчлөгч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байгаа боловч тэрээр өмчлөгч байсныг нотолсон болон мөн түүнчлэн өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор маргаж байгааг нотолсон баримтууд хэрэгт авагдсаныг үндэслэн анхан шатны шүүхээс уг барилгын өмчлөх эрхийн талаар хууль ёсны эрхтэй эсэхээ зохих байгууллагаар тогтоолгох буюу маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй учраас хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж дүгнэлээ, ... Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот бичгийг үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ түдгэлзүүлсэн нь өөрөө “О ...” ХХК барилга барих үйл ажиллагаа түр зогсоосон эрх зүйн үр дагавар бүхий бие даасан захиргааны акт мөн юм. Иймд уг захиргааны актын зорилго нь хууль зөрчөөгүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн ...” гэж дүгнэжээ.  

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг хянаад “... А/74 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээргүй байна, ... хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3, 94.4-т заасан хугацааны дотор нэхэмжлэгч “О ...” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг цуцалсан, эсхүл хэвээр үлдээсэн аливаа шийдвэрийг гаргаагүй болох нь тогтоогдож байна, ... Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан актыг хүчингүй болгуулах маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу ...”  гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, Г.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6. “... Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг дараах байдлаар зөрүүтэй хэрэглэсэн.

6.1. Нэг. Магадлалын “тодорхой тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлтийн тухайд:

6.1.1. А/74 дүгээр тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийг баримталсан. Хуулийн 96.1-д “... хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ” хэмээн заасан байх бөгөөд түдгэлзүүлэх хүсэлтийг тухайн маргаанд холбогдуулан гомдол гаргагч тусгайлан огт гаргаагүй. 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт ...” хэмээн заасан байх тул давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж байна. Өөрөөр хэлбэл, түдгэлзүүлсэн шийдвэр нь “захиргааны акт мөн” хэмээн хууль тогтоогч тогтоосон байхад шүүх түүнийг нь “биш” хэмээн дүгнэх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын нэмэлт тайлбарт байгаа тайлбарыг шүүх анхаарч үзээгүйгээс гадна гомдлыг үгүйсгэсэн тайлбарыг магадлалд хийгээгүй байна.

6.1.2. “О ...” ХХК-ийн барилгын ажлыг уг тушаал гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2 жил гаруй зогсоосон нь эрх зүйн шууд үр дагавар бий болгож байгаагаас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “тодорхой тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх” зэрэг шинжийг хангаж байна. Тодруулбал уг актын зорилго нь “О ...” ХХК-ийн барилгын ажлыг зогсооход чиглэгдсэн нь тодорхой тохиолдлыг зохицуулсан байх шинжийг хангасан болохыг, нэхэмжлэгч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өөрийн эзэмшлийн газарт барилгын ажил явуулахгүй байгаа нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон болохыг тус тус нотолж байна. Захиргааны ерөнхий хуулийг баримталсан нь нийтийн эрх зүйн хүрээнд гарсан байх шинжийг хангасан болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хууль нь эрх зүйн салбарын хувьд нийтийн эрх зүйд хамаарах бөгөөд Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдаж буй харилцааг хувийн эрх зүйн харилцаа гэж үзэх боломжгүй.

6.1.3. Магадлалын хянавал хэсгийн 2.7 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “захиргааны акттай холбоотой ямар ч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн ч үндэслэлийг нотлох баримтаар болон хууль зүйн талаас тайлбарласангүй. Ер нь бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй болох нь энэ тухай баримт байхгүйгээр нотлогдоно.

6.1.4. Түүнчлэн хэрэв гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бол хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой бөгөөд түдгэлзүүлсэн шийдвэрийн үйлчлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу “... биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэснийг зөрчиж 2 жил гаруй хугацаанд үйлчилж байна.

6.2. Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийн тухайд:

6.2.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1, 4.2-т “Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга өөрийн эрхэлсэн асуудлаар шийдвэр гаргах эрхийг ийнхүү хуулиар олгосон” гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг өөрийн гаргасан тушаалаа түдгэлзүүлэх эрхгүй гэж маргаагүй, харин тушаалыг түдгэлзүүлэхдээ “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” талаар Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж маргасан. Тодруулбал, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “... хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд ... гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 96.2-т “... биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасныг баримталсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт заасан захиргааны акттай холбоотой ямар ч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

6.2.2. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хугацааны талаар Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд” хүчин төгөлдөр байхаар заасан байхад “Оросын Холбооны Улсын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл ... барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” хэмээн хугацаагүйгээр барилгын ажлыг зогсоож байгаа нь хуулийг илэрхий зөрчиж байгаа зөрчил болно.

6.2.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.21-д “Хариуцагч маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь хуульд нийцээгүй” талаар дүгнэсэн атлаа уг захиргааны актын зорилгыг үндэслэн шүүх бие даасан захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь логикийн зөрчилтэй шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргаан бүхий тушаал хуульд нийцээгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа маргаан бүхий тушаалаас шалтгаалан 2 жил гаруй зогсож, санхүүгийн алдагдал хүлээх болсон.

6.2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх захиргааны актын зорилгыг үндэслэн хууль зөрчсөн байсан ч хүчингүй болгохгүй гэсэн заалт огт байхгүй. Нөгөө талаас зорилго нь аргаа зөвтгөхгүй. Мөн зорилго нь хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Учир нь, “О ...” ХХК-ийн барилга барьж буй газрыг эзэмших, ашиглах эрхгүй, аль 1994 онд эрх нь дуусгавар болсон Оросын Холбооны Улсын хууль бус ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэгч “О ...” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг 2 жил гаруй саатуулж буйг хуульд зөрчөөгүй гэж үзэх боломжгүй.

6.2.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0933 дугаар шийдвэрт Засгийн газрын 51 дүгээр тогтоолын талаар “... энэхүү тогтоолын агуулгаас харахад уг газрын эзэмшигчийг Газрын тухай хуульд нийцүүлэн шинээр тогтоох байсан хэдий ч өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар хэн нэгний эзэмшилд баталгаажаагүй, хүсэлт гаргасан газар хууль ёсны дагуу эзэмшил үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэхээр байна” гэж шүүх дүгнэж “О ...” ХХК-д 426 м.кв газрыг нэмж эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

6.2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын манай газар хэмээн тайлбарлаж буй газар нь Оросын Холбооны Улсын газар огт биш гэдгийг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшигчийг тогтоох тухай” 51 дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0933 дугаар шийдвэрээр нэгэнт хөдөлбөргүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Оросын Холбооны Улсын манай газар хэмээн тайлбарлаж буй газар нь огт биш, уг газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх Оросын Холбооны Улс, түүнийг төлөөлсөн ямар нэг байгууллагад огт байхгүй болох нь дээрх Засгийн газрын болон шүүхийн холбогдох шийдвэрээр нотлогдох тул захиргааны актын зорилго хууль зөрчөөгүй гэх дүгнэлт нь хуульд нийцэхгүй байна.

6.2.7. Оросын Холбооны Улсын газар гэж байхгүй тул У.Бод холбогдох эрүүгийн хэрэгт Оросын Холбооны Улс зөвхөн кино сангийн барилгаа бусдад залилуулж хохирсон асуудлаараа хохирогчоор тогтоогдсон тул тэрхүү зөрчигдсөн эрхээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хамгаалуулж, гэм буруутай этгээдээс хохирлоо гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд захиргааны байгууллага, захиргааны хэргийн шүүх Оросын Холбооны Улсын дээрх зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах боломжгүй.

6.2.8. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.20-д “Иймд гэмт хэргийн замаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн байж болзошгүй гэх объектыг, уг маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөлд өөр этгээд барилга барих нь хууль ёсны ажиллагаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй болно” гэж дүгнэжээ. “О ...” ХХК нь ... дугаартай эрүүгийн хэргийн яллагдагч, оролцогч биш байх тул У.Б-д холбогдох эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь “О ...” ХХК-ийн газар эзэмших эрхэд нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.

6.2.9. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 23-нд гаргаж, уг хэрэгт “О ...” ХХК болон түүнийг төлөөлсөн албан тушаалтан холбогдолгүй болохыг тогтоосон ба уг тогтоол хүчинтэй хэвээр байгаа болно. Хэрэгт авагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлт холбогдох бусад баримтаар “О ...” ХХК газар эзэмших эрхийн хуулийн дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байхад уг маргаантай асуудал шийдвэрлэгдээгүй нөхцөлд өөр этгээд барилга барих нь хууль ёсны ажиллагаа гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй болно гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт өөрөө үндэслэлгүй.

6.2.10. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй”, 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж тодорхой заасан. Мөн У.Б гэх иргэнд холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй нь нэхэмжлэгч компанид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй, энэхүү хэрэгтэй шууд хамааралгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсан.

6.2.11. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.9, 3.12-т “... Оросын Холбооны Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж-гээс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан ... 10609,8 ам метр талбай бүхий газрын эзэмшигчээр Оросын Холбооны Улсыг бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан”, тус хүсэлтийн дагуу газрын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “Д-И” ХХК-д 322 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон нь тогтоогдсон гэж дүгнэжээ.

6.2.12. Оросын Холбооны Улсын газар эзэмшихээр хүсэлт гаргасан 10609,8 м.кв газартай “Д-И” ХХК-д олгосон 322 м.кв газар анхнаасаа давхцаагүй нь 2-р хавтаст хэргийн 182 дахь талд авагдсан газрын кадастрын зургаар нотлогдож байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

6.2.13. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “уг барилга баригдаж буй газрыг 2014 онд Нийслэлийн Засаг дарга “Д-И” ХХК-д эзэмшүүлсэн нь “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасанд нийцээгүй хууль бус ажиллагаа болжээ хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, хэргийн оролцогчид Нийслэлийн Засаг дарга “Д-И” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хуульд нийцээгүй талаар маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчиж байна.

6.2.14. Мөн бусдын эзэмшиж, ашиглаж буй газар гэдгийг Газрын тухай хуульд зааснаар уг газрын эзэмших, ашиглах эрхийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр олж авсан, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн байхыг ойлгох бөгөөд огт эзэмших, ашиглах эрхгүй этгээдийн газартай давхцах тухай ойлголт байхгүй тул үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

6.2.15. Гуравдагч этгээдээр хүн, хуулийн этгээдийг татах талаар хуульд заасан байхад тусгаар улсыг татаж, түүнийг төлөөлөх эрхтэй этгээдээс олгоогүй бөгөөд Монгол Улсын хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлээр нэр бүхий иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь цаашид буруу жишиг тогтоох хөрс суурь болж байна. Энэхүү хэргийг хянахдаа энэ талаар тайлбар хийх шаардлага байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.  

ХЯНАВАЛ:

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

9. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар “Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаартай албан бичгийн дагуу Оросын Холбооны Улсын өмчийн болон газрын маргааны асуудал эцэслэн шийдэгдтэл С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “О ...” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

10. Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан, маргаан бүхий захиргааны актын хувьд дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бие даасан захиргааны акт мөн үү, эсхүл мөн хуулийн 96 дугаар зүйлд заасан үндсэн захиргааны актын үйлчлэлийг түр зогсоосон (урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан) шийдвэр гэж үзэх эсэх дээр шүүхүүд зөрүүтэй дүгнэжээ.

11. Захиргааны ерөнхий хуулийн IV хэсэгт Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журмыг тогтоосон бөгөөд Есдүгээр бүлэгт захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх захиргааны байгууллага, хугацаа, журам, захиргааны актыг түдгэлзүүлэх болон түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал зэргийг нарийвчлан зааснаас үзэхэд 96 дугаар зүйлд заасан захиргааны актыг түдгэлзүүлэх зохицуулалтыг мөн бүлэгт заасан бусад зүйл, заалттай уялдуулан авч үзэх шаардлагатай; 94 дүгээр зүйлийн 94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө”, 94.4-д “Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” хэмээн гомдол шийдвэрлэх хугацааг хууль тогтоогч тодорхой заажээ.

12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий газрын хувьд анх Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/811 дүгээр захирамжаар “Д-И” ХХК-д 322 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэснээс хойш хэд хэдэн эзэмшигч дамжин “О ...” ХХК-д шилжиж, улмаар уг хуулийн этгээдээс өөрийн эзэмшил газар дээр барилга барихаар эрх бүхий байгууллагаас холбогдох зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч барилгын ажлаа эхлүүлсэн; Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичгээр “... Оросын Холбооны Улсын хууль ёсны ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж, оросын талд өмнө олгосон байсан В.И.Л нэрэмжит клубийн эдэлбэр газар дахь барилга байгууламжийг гуравдагч этгээд дур мэдэн буулгаж, барилга барих зөвшөөрөл олгосонд эрс шийдэмгий эсэргүүцэж буйгаа илэрхийлж, холбогдох арга хэмжээ авахыг барилга эдэлбэр газрыг өөрийн нэр дээр бүртгэхийг уриалсан ...”; уг ноот бичгийг үндэслэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан “дээрх барилга болон газрыг эзэмших, ашиглах зөвшөөрөл олгох тухай Нийслэлийн холбогдох захирамж, шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, цаашлаад цуцлах, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны хууль ёсны эзэмшигчийн эрхийг сэргээж, бүртгүүлэх арга хэмжээг яаралтай авахыг мэдэгдсэн”; эдгээр албан бичгийг үндэслэн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/74 дүгээр тушаалаар “О ...” ХХК-д олгосон 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 133/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тушаал гарсан өдрөөс түдгэлзүүлсэн байна.

13. Тиймээс Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаал нь маргаан бүхий газартай холбогдуулж захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуулийн этгээдэд хандаж захирамжилсан шинжтэй шийдвэр гаргасан тул нийтийн эрх зүйн хүрээнд гарсан; нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгын үйл ажиллагааг (хугацаа заалгүй) зогсоож байгаа нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан; нэхэмжлэгчид хандсан буюу гадагш чиглэсэн; барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрийг түдгэлзүүлснээр 2 жил гаруй хугацаанд барилгын ажил явагдаагүй эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байхын хувьд бие даасан захиргааны актын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

14. Өөрөөр хэлбэл, “О ...” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлснээр тухайн этгээдэд барилгын ажил явуулахгүй байх үүрэг үүсч, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тодорхойгүй хугацаагаар хязгаарлагдсан төдийгүй зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх үр дагавар бүхий Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт мөн; энэ талаар “... Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн ноот бичгийг үндэслэн маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэрээ түдгэлзүүлсэн нь өөрөө “О ...” ХХК барилга барих үйл ажиллагаа түр зогсоосон эрх зүйн үр дагавар бүхий бие даасан захиргааны акт мөн ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

15. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актыг эцсийн шийдвэр биш бөгөөд захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй гэх тайлбар үндэслэлгүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн “... захиргааны актын шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээргүй байна, ... Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан актыг хүчингүй болгуулах маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь буруу ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

16. Хоёр. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүхүүдийн дүгнэсэнчлэн “... Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” 262 дугаар тогтоолоор Улаанбаатар хот дахь В.И.Л нэрэмжит клуб байрлаж байгаа /одоогийн С дүүргийн нутаг дэвсгэр, *** дүгээр хороонд байрлах С-П төв нэртэй барилга/ 1,05 га газрыг тус улсад суугаа ЗСБНХУ-ын Элчин сайдын яаманд үнэ төлбөр-татвар хураамжгүйгээр хугацаагүй эзэмшүүлэхийг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд даалгаж шийдвэрлэсэн; улмаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Барилгын байршил тогтоох тухай” 230 дугаар тогтоолын 11 дэх заалтаар Сайд нарын Зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг үндэслэн В.И.Л нэрэмжит клубт зориулан 1,05 га газрыг олгосон; Худалдаа, үйлдвэрийн яамны 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/1937 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад байгууллагуудад хандан “... Л клубийн барилга хэний өмч болох асуудал маргаантай байгааг шалган тогтоох хүсэлтийг гаргаж байсан; Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 1993 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 947 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандан “... С-П соёл үйлчилгээний төвийн эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгийн талаарх маргаантай асуудалд хууль зүйн үндэслэл бүхий хариу өгөх болон Засгийн газраас комисс байгуулан ажиллуулах санал зэргийг хүргүүлсэн; Оросын Холбооны Улсын С-П хотын Зөвлөлийн эдийн засгийн хөгжлийн хорооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаартай тэмдэглэлд С-П-гийн төлөөлөгчийн газрыг ажиллах зөвшөөрлийн хугацааг сунгах, Л клубт хууль бусаар явуулж олсон орлогын татварын тооцоог дуусгасны дараа 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах асуудлыг Худалдаа, үйлдвэрийн яам хүлээж авахаар тохирсон талаар тусгасан; Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Оросын Холбооны Улсын С-П хотын даргын хүсэлтийн дагуу Улаанбаатар хот дахь В.И.Л нэрэмжит клубийг С-П хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан тус клубийн эзэмшилд олгосон 1,05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байжээ.

17. Мөн Оросын Холбооны Улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Ж 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан С дүүрэг, 1 дүгээр хорооны 10609,8 ам метр талбай бүхий газрын эзэмшигчээр Оросын Холбооны Улсын бүртгэж өгөх хүсэлтийг гаргасан; уг  өргөдлийг шийдвэрлэж Нийслэлийн Газрын албанаас 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 7/1825 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “...С дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт С-П төвийн газрын асуудлаар Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа, тус ажлын хэсгийн дүгнэлт гаргах хүртэл түр хүлээхийг хүссэн зэргээс үзэхэд Оросын Холбооны Улсын талаас Л клубийн барилгын өмчлөгч гэж өөрийгөө үзэж ирсэн, энэ асуудлаа шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар, холбогдох яам, Нийслэлийн Засаг дарга, түүний газрын албанд хандаж ирсэн ч барилга өмчлөгчийн болон барилгын орчны газрын асуудлын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй үйл баримт тогтоогдож байна.

18. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 95 дугаар зүйлийн 95.1-д “Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:” гээд 95.1.1-д “захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;”, 95.1.2-т “захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах;”, 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна”  гэж зааснаар захиргааны актад гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд нь эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээдээс ирүүлсэн гомдлын хүрээнд үндсэн захиргааны акт хууль тогтоомж, зорилгодоо нийцсэн эсэх, захиргааны байгууллага сонгох боломжоо зөв хэрэгжүүлсэн эсэхийг хянах ба энэ хүрээнд уг захиргааны актыг түдгэлзүүлэх эрх хэмжээтэй.

19. Иймд, дээрх нөхцөл байдал буюу газрын маргаантай, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа байдлыг харгалзан, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11381н/1да дугаартай ноот бичиг, Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09/4787 дугаар албан бичгийг үндэслэн гарсан  Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” А/74 дүгээр тушаал нь хууль зөрчсөн, зорилгодоо нийцээгүй гэж үзэх боломжгүй, хуулийн хүрээнд гарсан захиргааны акт гэж үзэхээр байна.      

20. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд маргаан бүхий объект нь Оросын Холбооны Улс, түүний хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлгүй, В.И.Л нэрэмжит клубийн барилгын өмчлөгч болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй боловч тэрээр өмчлөгч байсныг нотолсон болон мөн түүнчлэн өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор маргаж байгааг нотолсон баримтууд хэрэгт авагдсаныг үндэслэн уг барилгын өмчлөх эрхийн талаар хууль ёсны эрхтэй эсэхээ зохих байгууллагаар тогтоолгох буюу маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй учраас хууль ёсны ашиг сонирхол байгаа; нөгөө талаас В.И.Л нэрэмжит клубийн барилгын доорх газрыг уг үл хөдлөх хөрөнгөөс салангид авч үзэх эрх зүйн боломж байхгүй тул барилгын доорх газрыг болон барилгын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай орчны газрыг ашиглах эрхтэй гэж маргасан гуравдагч этгээдийн тайлбарыг хууль зүйн үндэслэл бүхий гэж тус тус дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй; нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “... хэргийн оролцогчид Нийслэлийн Засаг дарга “Д-И” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжтай маргаагүй, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын “барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай” тушаалыг хуульд нийцээгүй талаар маргаж байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчсөн ...” гэх гомдлыг хангах боломжгүй. 

21. Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан; Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4818 дугаар захирамжаар “Оросын Холбооны Улсын хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй” гэсэн үндэслэлээр Оросын Холбооны Улсыг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн, ийнхүү шийдвэрлэхдээ Оросын Холбооны Улсыг төлөөлж итгэмжлэл олгох эрхтэй этгээд нь тус улсын Ерөнхий прокурор болохыг нотлох тайлбар, баримтыг шүүхэд ирүүлэхийг мэдэгджээ.

22. Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр “Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга В М В (М.В.В) нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 318 дугаартай Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн энэхүү итгэмжлэлээр Монгол Улсын “С Х К” хуулийн нөхөрлөлийн ажилтан болох өмгөөлөгч Э.Б, өмгөөлөгч К К нарт Оросын Холбооны Улсын ашиг сонирхлыг төлөөлүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйл, 22 дугаар зүйлийн 22.4, 28 дугаар зүйл болон хуульд заасан бусад бүх эрхийг эдлэн оролцуулахаар 3 жилийн хугацаатай” олгосон байна.

23. Монгол Улсад байгаа Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны консулын хэлтсийн атташе С.М.Г-ын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд “... Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газрын Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга М.В.В-ын Оросын Холбооны Улсын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор олгосон итгэмжлэлийг Оросын Холбооны Улсын хууль тогтоомжид нийцсэн баримт бичиг болохыг баталгаажуулж байгаа ба түүнийг олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөрт тооцно” гэжээ.

24. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “... гуравдагч этгээдээр хүн, хуулийн этгээдийг татах талаар хуульд заасан байхад тусгаар улсыг татаж, түүнийг төлөөлөх эрхгүй этгээдээс олгоогүй бөгөөд Монгол Улсын хуульд заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэлээр нэр бүхий иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

25. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2023/0072 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0845 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О ...” ХХК-ийн өмгөөлөгч Г.Н, Э.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ЦОГТ

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

                      ШҮҮГЧИД                                                                Х.БАТСҮРЭН

                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                    М.БАТСУУРЬ