Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0483

 


“Б к ТМЗ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч “Б к ТМЗ” ХХК-ийн захирал Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2019/0374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б к ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, тус газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2019/0374 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1, 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасныг баримтлан “нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай “Тодорхойлолт гаргуулах” тухай Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан албан бичигт дурдагдсан агуулгаар албан хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичигт дурдсан агуулгаар албан хариу өгч, захиргааны акт гаргахыг даалгах, нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан “110/18  дугаар албан бичгийн хариу авах тухай” албан бичигт мөн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар зэрэг албан бичгүүдтэй ижил агуулгаар албан хариу гаргаж, холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвийн орлого, хяналтын газарт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай албан бичгийн агуулгад дурдсан асуудлаар албан хариуг захиргааны актаар гаргахыг даалгах” тухай нэхэмжлэгч “Б к ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “...шүүхийн шийдвэрт дурдагдсан Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлал нь “Эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй энэ тохиолдолд хэрэглэхгүй” болохыг хариуцагч нарт удаа дараа хүсэлт, гомдлоор тайлбарлан урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулахыг хүссэн ч хүлээн аваагүй. Захиргааны акт гаргах өргөдөл, гомдолд дурдагдсан агуулга нэг бүрээр албан хариуг олгох хуульд заасан үүргээ хариуцагч нар биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэрэглэх ёстой эсэх талаар маргаж буй журмын хэрэглээний талаарх маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж чадахгүй жил гарган болж байна. Захирамжилсан шийдвэрээ гаргаад өгөөч маргаанаа шүүхээр шийдүүлье гэхэд дахин дахин зөвлөмж гаргасан.

Хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлын агуулгад нэг бүрчлэн албан хариуг өгөх нь захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй, удаа дараалан жил гарангийн хугацаанд зөвлөмж өгч байна. Тус үйлдэл, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйгээрээ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар маргаан бүхий асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Нэгэнт хэрэглэхгүй журмыг хэрэглэж баримт бүрдүүл гэдэг нь тухайн журмын үйлчлэлийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхойгүй байдалд хүргэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

“Б к ТМЗ” ХХК нь Татварын ерөнхий газарт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 121/18 дугаар албан бичгээр[1] “ Ашигт малтмалын А15038 дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбогдуулан “Мөнхийн баян гал” ХХК-ийн өмнөөс Татварын албаны тодорхойлолтыг гаргуулах”-аар гомдол гаргасныг хариуцагч Татварын ерөнхий газар хүлээн аваад, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/16 дугаар албан бичгээр[2] хариуг өгчээ.

Мөн нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дүгээр албан бичгээр[3] хүсэлт гаргасан байх бөгөөд тус газар 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/50 дугаар албан бичгээр[4] “...“Мөнхийн баян гал” ХХК, “Улаан цахар” ХХК-д ...Татварын ерөнхий газрын 2018.07.10 өдрийн №05/2338, 2018.09.21 өдрийн №05/3176, Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2018.08.28-ны өдрийн №01/835 дугаар албан бичгээр зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна” гэх хариуг өгсөн байна.

“Б к ТМЗ” ХХК-аас Татварын ерөнхий газар, тус газрын Улсын төсвийн орлого, хяналтын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...захиргааны акт гаргахгүй дахин “...зөвлөмж хүргүүлсэн” агуулгатай албан хариуг өгч эс үйлдэхүй үзүүлсэн, ...захиргааны актын агуулгын тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн захиргааны акт гаргахыг даалгах тухай асуудлыг хөндөж байна” гэж тайлбарлажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсч шүүхэд хандаж байгаа нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр, биелэгдэх боломжтойгоор тодорхойлох учиртай ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөрүүтэй, тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т шүүх захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчилжээ.  

Нэхэмжлэгч хариуцагч нарт гаргасан өргөдөл /гомдол/-ийг тухайн захиргааны байгууллагууд шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэн уг өргөдөл /гомдол/-ийг шийдвэрлүүлэхийг даалгахыг хүссэн эсэх, эсхүл “Мөнхийн баян гал” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах ажиллагаатай холбоотой татварын тодорхойлолтыг хариуцагч нар хууль бус үндэслэлээр гаргахгүй эс үйлдэхүй, татгалзал гаргасан гэж үзэн маргасны аль нь болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх “...”Б к ТМЗ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хариуцагч Татварын ерөнхий газар болон Улсын төсвийн орлого, хяналтын газар шийдвэрлэхгүй орхигдуулж, зөвлөмж гаргасан, үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж маргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцээгүй байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохоор заажээ.

Мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.6.1-д “хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх;” гэж заасны дагуу зэргэлдээ компаниуд тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр эцсийн хэрэглэгч өөрчлөгдөөгүй тул татварын албаны тодорхойлолтыг гаргуулахаар маргаж байгаа нэхэмжлэгчийн үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.  

Нэхэмжлэгч нь гомдол /хүсэлт/-доо “...100 хувийн хувьцаа эзэмшигч “Улаан цав мёнжун цемент” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр “Улаанцахар” ХХК нь зэргэлдээ компани болох “Мөнхийн баян гал” ХХК-д нэгдсэн” хэмээн дурдсан боловч зэргэлдээ “Мөнхийн баян гал” ХХК, “Улаанцахар” ХХК-ууд нэгдсэн эсэх талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар аваагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг уг тохиолдолд шилжүүлэхэд Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал”-д заасны дагуу татвар ногдуулах эсэх талаар дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо “...эцсийн эзэмшигч өөрчлөгдөөгүй энэ тохиолдолд 380 дугаар тушаал хэрэглэгдэхгүй байхад ...тухайн журмын үйлчлэлийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байгаа үйлдэл” гэж дурдсанд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Мөн захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3, 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар нэхэмжлэгч гэж шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан этгээдийг ойлгохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзсэн этгээд шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэгч болох бөгөөд “Б к ТМЗ” ХХК нь “Мөнхийн баян гал” ХХК-аас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/15 дугаар албан бичгээр[5] олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийг зөв тодорхойлох шаардлагатай байна.

“Б к ТМЗ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл нь тодорхойгүй, холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийгээгүйгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-11 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-12 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-14 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-6 хуудас