Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0374

 

 


2019 оны 06 сарын 14 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: БК ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: нэгт, нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай Тодорхойлолт гаргуулах тухай Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан албан бичигт дурдагдсан агуулгаар албан хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

хоёрт, Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичигт дурдсан агуулгаар албан хариу өгч, захиргааны акт гаргахыг даалгах,

гуравт, нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан 110/18 тоот албан бичгийн хариу авах тухай албан бичигт мөн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар зэрэг албан бичгүүдтэй ижил агуулгаар албан хариу гаргаж, холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

дөрөвт, Улсын төсвийн орлого, хяналтын газарт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай албан бичгийн агуулгад дурдсан асуудлаар албан хариуг захиргааны актаар гаргахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Тодорхойлолт гаргуулах тухай албан бичгийн агуулгаар хариуцагч Татварын ерөнхий газрын албан хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасаар байна.

Хариуцагч Татварын ерөнхий газар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/16 дугаар албан бичгээр шүүхэд маргаантай байх тул маргааныг хянан шийдвэрлэгдсэний дараа гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой... агуулгаар хариу өгсөн.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тухайд, хариуцагч Татварын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03/16 дугаар албан бичиг нь ...шүүхэд маргаантай байх тул маргааныг хянан шийдвэрлэгдсэний дараа гомдлыг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой болно гэж процесс тайлбарласан агуулгатай бөгөөд нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай албан бичгийн агуулгад хариу өгөөгүй болно.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн захирамжийг хэлэлцэх шүүх хуралдаан болж шүүхийн тогтоол гарсан нь шүүхийн эцсийн шийдвэр болсон.

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тухайд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШТ2019/0024 дүгээр шүүхийн тогтоолын агуулга нь ...захиргааны актын шинжийг агуулаагүй, зөвлөмж болгосон байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй... гэсэн нь эцсийн шийдвэр болсон тул Улсын төсвийн орлого, хяналтын газарт 01/19 дүгээр албан бичгээр даруй хандсан.

Учир нь 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тус газрын 01/835 дугаар албан бичгийг зөвлөмж байна, захиргааны акт биш гэж шүүх эцэслэн шийдвэрлэсэн тул захиргааны акт гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хандсан.

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тухайд, хариуцагч Улсын төсвийн орлого, хяналтын газар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 01/50 дугаартай албан бичгээр Зөвлөгөө өгч байна гэх агуулга бүхий хариуг дахин өгснийг гардан авсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолыг гардан авсан. Шүүхийн тогтоол болон Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/50 дугаар албан бичгийг хамтад нь хариуцагч Татварын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Б-гт танилцуулж, хувийг нь гардуулсан.

Хариуцагч Татварын ерөнхий газрын хариуцсан мэргэжилтэн Б.Б ...татварын шинэ хуулийн хэлэлцүүлэгтэй бид завгүй байна..., НӨАТ-ын буцаалт гээд бид завгүй байна..., сонсох ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш хийе..., удахгүй албан хариу өгнө... гэх агуулгаар удаа дараалан биечлэн амаар болон харилцах утсаар хариулдаг.

Ийнхүү 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дүгээр албан бичгийг хариуцагч нар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой болсон ч албан хариуг захиргааны актаар өгөлгүй эс үйлдэхүй гаргасаар байна.

Дүгнэвэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны актын талаарх маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ, зөвлөмжийг хянан шийдвэрлэхгүй гэж эцэслэн тогтоосон. Иймд зөвлөмжөө болиод захиргааны актаа гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэд захиргааны акт гаргахгүй дахин зөвлөмж хүргүүлсэн агуулгатай албан хариу өгч, эс үйлдэхүй үзүүлсэн. Мөн агуулгад дурдсан асуудлаар албан хариу өгөхгүй байна.

Энэ удаа захиргааны актын агуулгын тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн захиргааны акт гаргахыг даалгах тухай асуудлыг хөндөж байна. Хариуцагч нарын эс үйлдэхүйгээс хамааран Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14 дэх хэсэгт заагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл, албан татвартай холбоотой маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэх урьдчилсан нөхцөл болох захиргааны акт гаргахгүй зөвлөмж гаргаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй асуудлаа шүүхээр хянан шийдвэрлүүлэх, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломжийг алдагдуулж байна.

Иймд хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: мб  ХХК, Ул ХХК болон БК ХХК-аас албан бичгээр хандсаны дагуу Татварын ерөнхий газар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 05/2338, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 05/3176 дугаар албан бичгээр хариу өгч байсан.

БК ХХК 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт хандан тодорхойлолт гаргуулахыг хүссэн байна. Тус газраас уг албан бичгийг судалж үзээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/4311 дүгээр албан бичгээр Улсын төсвийн орлого, хяналтын газарт чиглэл хүргүүлсэн.

Уг албан бичигт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу татвар ногдуулж, татвар төлөх үндэслэл байгаа эсэх, компанийн дүрмийн сан хэрхэн өөрчлөгдсөн, ямар үр ашиг хүртэж байгаа, санхүүгийн эх үүсвэрийн хувьд хувьцаа шилжүүлсэн талууд ямар өөрчлөлт орсон зэргийг судалж хариуг хүргүүлэхийг чиглэл болгосон.

Энэ үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1-д заасан Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтална гэж заасантай нийцнэ гэж үзэж байна.

Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/50 дугаар албан бичгээр зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд энэ нь тухайн компанид ямар нэгэн хууль бус үүрэг бий болгож буй үйлдэл, эс үйлдэхүй биш юм. Хууль бус эс үйлдэхүй гэдэгт хариу өгөхгүй байгаа эс үйлдлийг ойлгох бөгөөд дурдсан агуулгаар хариу өгөхгүй байгаа үйлдлийг хууль бус эс үйлдэл гэж үзэхгүй байна.

Иймд БК ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1 татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийн дагуу Мөнхийн ХХК, Ул ХХК болон БК ХХК-д тус тус Татварын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 05/2338, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 05/3176, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/50 дугаар албан бичгээр тус тус зөвлөмж хүргүүлж байсан.

Энэ нь тухайн компанид ямар нэгэн хууль бус үүрэг бий болгож буй үйлдэл, эс үйлдэхүй биш бөгөөд тэдний хүсэлтийн дагуу асуудлыг судалж үзээд хуульд заасны дагуу татвар төлөгчийг ирээдүйд бий болох эрсдлээс хамгаалсан, хууль тогтоомжийг биелүүлэхийг зөвлөсөн шинжтэй баримт бичиг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эс үйлдэхүй биш бөгөөд хариуцагчийн зүгээс ямар нэгэн захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй болно.

Мөн нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/ШТ2019/0024 дүгээр шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож тус хэрэг эцэслэн шийдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэх үндэслэлээр БК ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анх Ул ХХК нь зэргэлдээ компани болох М ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр нэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор у ХХК-ийн нэр дээрх ашигт малтмалын А/1******* тоот тусгай зөвшөөрлийг М******* ХХК нь шилжүүлж авах шаардлага үүсэж, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 121/18 дугаартай Тодорхойлолт гаргуулах тухай хүсэлтийг Татварын ерөнхий газарт гаргаж, улмаар Татварын ерөнхий газраас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/4311 дүгээр албан бичгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу татвар ногдуулан татвар төлөх үндэслэл байгаа эсэх, компанийн дүрмийн сан хэрхэн өөрчлөгдсөн, ямар үр ашиг хүртэж байгаа, санхүүгийн эх үүсвэрийн хувьд хувьцаа шилжүүлсэн талуудад ямар өөрчлөлт орсон зэргийг судалж үзсэний үндсэн дээр хариуг хүсэлт гаргагч компанид хүргүүлэх нь зүйтэй байна гэж үзэж Улсын төсвийн орлого, хяналтын газарт чиглэл өгсөн байна.

Дээрх чиглэлийн дагуу нэхэмжлэгч БК ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улсын төсвийн орлого, хяналтын газарт хандсан 01/19 дүгээр албан бичигт Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Татварын алба, татварын улсын байцаагч үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтлана гэж зааснаар Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 01/50 дугаар албан бичгээр Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд эрх борлуулсны орлого олсон гэж үзэж татвар ногдуулахаар заасан.

Уг зохицуулалтын хүрээнд татвар төлөгч М Ө ХХК, Ул ХХК-д Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1 татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүргийн дагуу Татварын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 05/2338, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 05/3176, Улсын төсвийн орлого, хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар албан бичгээр зөвлөмжийг тус тус хүргүүлсэн байна гэжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, БК ХХК-ийн гаргасан хүсэлтийг хариуцагч Татварын ерөнхий газар болон Улсын төсвийн орлого, хяналтын газар шийдвэрлэхгүй орхигдуулж, зөвлөмж гаргасан, үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж захиргааны акт гаргахыг даалгасан шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүхээс төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн захирамжилсан шинжтэй акт гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Түүчлэн Татварын ерөнхий газар болон Улсын төсвийн орлого, хяналтын газар нь ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрлийг хооронд нь шилжүүлж байгаа тохиолдолд Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээг тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний албан татвар бодох аргачлал-ын дагуу 30 хувийн татвар төлж, төлсөн баримтын хүрээнд тодорхойлолтыг аж ахуйн нэгжид гаргаж өгдөг журамтай байна.

Хариуцагч дээрх Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу холбогдох баримт бичгийг шалгах үүрэгтэй, энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгч байгууллагад удаа дараа зөвлөмж хүргүүлсэн байх бөгөөд уг аргачлалын дагуу нэхэмжлэгч холбогдох баримтуудыг хариуцагчид бүрдүүлж өгөөгүй байхад шүүх хариуцагчийг захирамжилсан шинжтэй захиргааны акт гаргахгүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.1, 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаартай Тодорхойлолт гаргуулах тухай Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан албан бичигт дурдагдсан агуулгаар албан хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газарт нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 121/18 дугаар албан бичигт дурдсан агуулгаар албан хариу өгч, захиргааны акт гаргахыг даалгах, нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай Улсын төсвийн орлого, хяналтын газарт гаргасан 110/18 тоот албан бичгийн хариу авах тухай албан бичигт мөн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/835 дугаар зэрэг албан бичгүүдтэй ижил агуулгаар албан хариу гаргаж, холбогдох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Улсын төсвийн орлого, хяналтын газарт нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/19 дугаартай албан бичгийн агуулгад дурдсан асуудлаар албан хариуг захиргааны актаар гаргахыг даалгах тухай нэхэмжлэгч БК ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ