Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00775/И |
Дугаар | 00844 |
Огноо | 2016-06-16 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 00844
2016 оны 06 сарын 16 өдөр Дугаар 142/ШШ2016/00844 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Шим технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь молибдений баяжмал боловсруулах чиглэлээр 2005 онд байгуулагдсан. 2009-2014 онуудад сул зогсолтын нөхцөлд байгаад 2014 оны 03 дугаар сараас Монгол улсын Дампуурлын тухай хуулийн хүрээнд Орхон аймгийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 576 дугаар шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцогдсон. Компани нь Орхон аймгийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр захирамжаар батлагдсан Компанийг дахин хөрөнгөжүүлэх 2 жилийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм. Энэ нь манай улсад дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөн дээр ажиллаж буй анхны ганц тохиолдол юм. Одоогийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаа 30 хувьтай яавагдаж байгаа боловч валютын ханшны өсөлтийн зөрүүгээс гарч буй алдагдал, үйлдвэрийн бүтээгдэхүүн молибдений дэлхийн зах зээлийн үнэ 2014 оны мөн үеийнхээс даруй 2,5 дахин унаж өнөөдрийн байдлаар компанид гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй өөрсдөөс хамаарахгүй шалтгаанаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдал үүсч, үйлдвэрийн түүхий эд бүтээгдэхүүн худалдан авах шүүхийн шийдвэртэй өр төлбөрүүдийг төлөх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажилчдын цалин хөлс нийгмийн асуудлыг шийдвэрлэх, улсын төсөвт татвар, нийгмийн даатгал төлүүлэх зэрэгт ихээхэн хүндрэлтэй болсон. Урт болон богино хугацаат зээллэгийн дүн 60 гаруй тэр бум төгрөгт хүрч, ашиг орлогогүй ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж Hardshif нөхцөлд орсон гэж үзэж байна. Одоогоор үнийн нааштай өөрчлөлт харагдахгүй байгаа бөгөөд 2015 оны 08 дугаар сараас үйлдвэрлэлээ 30 хувийн хүчин чадлаар ажиллуулж, ажилчдаа хэсэгчилсэн сул зогсолтонд хамруулан Хөдөлмөрийн хуулийн дагуу 60 хувиар сул зогсолтын нөхөн олговор олгож байна. Түүнчлэн манай улсын хэмжээнд байгууллага аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хямралаас үүдэлтэй үйл ажиллагаагаа зогсоож байгаа тохиолдол олон байна. Цаашид хямралыг бололцооныхоо хирээр даван туулж, ажилчдаа ажилтай цалинтай байлгах, үйлдвэрээ үргэлжлүүлэн ажиллуулах зорилттой байна. Манай компани 2015 оны сүүлчийн саруудад цахилгаан ашиглалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн ба ЭБЦТС компани манайд цахилгааны үндсэн төлбөр 360 951 350 төгрөг, алданги 78 813 440 төгрөгийн төлбөр бүхий акт тогтоосон. Манайх энэ актын дагуу үндсэн төлбөр 360 951 350 төгрөгийг үл маргах журмаар төлнө. Харин алдангид ноогдуулсан 143 856 686 төгрөгийг дараах шалтгаан нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй тул “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн манай компанитай тооцоо нийлсэн актад заасан 143 856 686 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байгаа бөгөөд манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж байна Үүнд:
1.”Шим технолоджи” ХХК нь Орхон аймгийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 576 дугаар захирамжаар “Төлбөрийн чадваргүйд” тооцогдсон. Компани нь Орхон аймгийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны 14 дүгээр захирамжаар батлагдсан Компанийг дахин хөрөнгөжүүлэх 2 жилийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа
2.Манай компанийг өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй үндэслэлээр эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсныг МХАШТанхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дэх хэсэг, МҮХАҮТ-н дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дугаар хэсэгт заасны дагуу “Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах журам”-ын дагуу Аж үйлдвэрийн танхимаас нотлогдсон.
Иймд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шим технолоджи” ХХК нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №1172 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2015 оны 05 дугаар сар, 2016 оны 05 дугаар сард тус тус 1 жилийн хугацаагаар сунгагдсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “төлбөрийн баримтыг хүлээн авсан, хэрэглэгчийн хуанлийн 5 хоногийн доторо төлбөрөө барагдуулах үүрэгтэй” мөн 4.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөр /үлдэгдэл төлбөр болон тухайн хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр/-ийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам /төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш 6 дахь хоногоос эхлэн/ төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. 2015 оны гэрээний сунгалтаар хоёр тал харилцан тохиролцож алдангийн хэмжээг 0,3 хувь болгон өөрчилсөн. Дээрх гэрээний заалтын дагуу “Шим технолоджи” ХХК нь алдангид ногдуулсан 143 856 686 төгрөгийг төлөх үүрэгтэй.
2.Эрчим хүчний тухай хуулийн 31.3 Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчдэд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно.
3.Цахилгаан эрчим хүчээр хангах хэрэглэх гэрээнд hardship /хүнд нөхцөл байдал/ нөхцөлийн талаар тусгагдаагүй, ийм нөхцөлд цахилгаан эрчим хүчний төлбөрт ногдуулсан алдангийг төлөхгүй байхаар зохицуулсан зүйл, заалт байхгүй. Алдангийн өр үүссэн нь “Шим технолоджи” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан. Иймд нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдуулан 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон алданги 143 856 686 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...”Шим технолоджи” ХХК нь Орхон аймгийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 576 дугаар захирамжаар “Төлбөрийн чадваргүйд” тооцогдсон. Компани нь Орхон аймгийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны 14 дүгээр захирамжаар батлагдсан Компанийг дахин хөрөнгөжүүлэх 2 жилийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Манай компанийг өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй үндэслэлээр эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсныг МХАШТанхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дэх хэсэг, МҮХАҮТ-н дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дугаар хэсэгт заасны дагуу “Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах журам”-ын дагуу Аж үйлдвэрийн танхимаас нотлогдсон. Иймд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн тайлбараа дэмжиж оролцсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “....Цахилгаан эрчим хүчээр хангах хэрэглэх гэрээнд hardship /хүнд нөхцөл байдал/ нөхцөлийн талаар тусгагдаагүй, ийм нөхцөлд цахилгаан эрчим хүчний төлбөрт ногдуулсан алдангийг төлөхгүй байхаар зохицуулсан зүйл, заалт байхгүй. Алдангийн өр үүссэн нь “Шим технолоджи” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан. Иймд нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 1172 тоот цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх гэрээ байгуулагдаж гэрээний дагуу “Шим Технолоджи” ХХК нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас цахилгаан эрчим хүч худалдан авах, хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн нь, талууд гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 15 хүртэл сунгасан зэрэг нь зохигчдын тайлбар, 1172 тоот гэрээгээр тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай хуулийн 28.1-д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Тиймээс талуудын хооронд үүссэн харилцааг тэдний хооронд байгуулагдсан 1172 тоот гэрээг үндэслэн шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн үүргээ биелүүлж стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчийг гэрээнд заасан хугацаанаас эхлэн “Шим Технолоджи” ХХК-нд нийлүүлж ажилласан байх ба хэрэглэгч нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.
Мөн эрчим хүчээр хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчээс хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги шаардах эрхтэй.
Дээрхи 1172 тоот цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх гэрээний дагуу талууд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдэлийн баталгааг гарган гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Тооцооны үлдэгдэлийн баталгаагаар тогтоогдсон үндсэн өр 415 667 036 төгрөг, алданги 143 856 686 төгрөгийг үндэслэлгүй гаргасан гэж хариуцагч маргаагүй. Харин алданги 143 856 686 төгрөгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...манай “Шим Технолоджи” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №576 дугаар шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцогдсон.Одоо 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжаар дахин хөрөнгөжүүлэх 2 жилийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Манай компанийг өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүй үндэслэлээр эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон.Үүнийг баталгаажуулж Худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай компанид хүнд нөхцөл байдлын / Hardship / гэрчилгээ олгосон.Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж тооцооны үлдэгдэлийн баталгаагаар тогтоосон алданги 143 856 686 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.
Талуудын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх 1172 тоот гэрээний 2.7-д “Форс мажор / байгалийн гэнэтийн аюул, аянга, хүчтэй салхи шуурга, мөсдөлт, усны үер, газар хөдлөлт, гал түймэр гэх мэт /-ийн үеийн шугам тоноглолд гэмтэл, саатал гарсан нөхцөлд хэрэглэгчид учирсан хохиролыг хангагч хариуцахгүй, 4.2-д “...хэрэглэгч нь эрчим хүчнийхээ төлбөр / үлдэгдэл төлбөр болон тухайн хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр /-ийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд / төлбөрийн нэхэмжлэл хүлээн авснаас хойш 6 дахь хоногоос эхлэн төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож хангагчид төлөх бөгөөд алдангийн хэмжээ төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан байна.
Талууд гэрээндээ хүнд нөхцөл байдлын буюу Hardship-ын тодорхой нөцөл байдал бий болвол хэрхэн шийдвэрлэхийг тусгаагүй, Hardship-ын нөхцлийг гэрээндээ заалт болгон оруулаагүй байна.
Зохигчдын гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1172 тоот цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон алдангийн хэмжээг үндэслэлгүй тогтоогдсон гэж маргаагүй, мөн талууд гэрээндээ Hardship-ын нөхцөл, хүнд нөхцөл байдлын буюу Hardship-ын тодорхой нөцөл байдал бий болвол хэрхэн шийдвэрлэхийг тусгаагүй тул алданги 143 856 686 төгрөгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 877 233 төгрөгийг төрийн санд хэвээр үлээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрчим хүчээр хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Шим технолоджи” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 877 233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА