Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2019/0498

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын

бүлгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О, нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Л.Баатарчулуун, түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын Хуралд холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс сумын Хуралд холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 03 дугаар, “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 04 дүгээр, “2019 оны үндсэн чиглэл батлах тухай” 05 дугаар, “2019 оны төсөв батлах тухай” 06 дугаар, “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн батлах тухай” 07 дугаар, “Боловсрол, эрүүл мэндийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай” 08 дугаар, “Соёлын төвийн үзвэр, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” 09 дүгээр, “Багийн хилийн зааг тогтоох тухай” 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Л.Б давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх зүйн бодит чадвар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д хууль тогтоомж, хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас гарсан тогтоолууд хууль зөрчсөн гэх асуудлаар хурлын төлөөлөгч нь өөрөө хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, санал хураалгах эрхийн хүрээнд Хуралд өөрт нь тавьж шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэжээ. Гэтэл захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан учраас төлөөлөгч нь энэ эрхээ эдлэх боломжгүй байна. Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар батална гэсэн заалттай. Санал хураалт олонхоор шийдэх боломжгүй. Миний бие болон Ардчилсан намын 9-н төлөөлөгчид сумын иргэдээс сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгч юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8, 12 дугаар зүйлд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд ард иргэдийг төлөөлөх бүрэн эрхтэй учраас нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх талаар саналаа илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасан үүргээ шүүх хэрэгжүүлээгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит 7 дугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 03[1], “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 04[2], “2019 оны үндсэн чиглэл батлах тухай” 05[3], “2019 оны төсөв батлах тухай” 06[4], “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлэн батлах тухай” 07[5], “Боловсрол эрүүл мэнд сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай” 08[6], “Соёлын төвийн үзвэр, үйлчилгээний үнэ тариф тогтоох тухай” 09[7], “Багийн хилийн зааг тогтоох тухай” 10[8] дугаар тогтоолуудыг гаргасан байна.

Захиргааны хэргийн шүүх нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тус тусдаа бие даасан нэхэмжлэл гаргасан мэтээр дүгнэлт хийж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь “хуралдаан” нь захиргааны актын үндсэн шинжийг агуулахгүй, харин тухайн хуралдаанаас гарсан шийдвэр буюу маргаан бүхий актын “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм. Өөрөөр хэлбэл, хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт болно.

Нэхэмжлэгчээс дээрх ээлжит 7 дугаар хуралдааныг ирц дутуу хуралдуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн тул хууль бус гэж үзэн хуралдаанаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулахаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийн төрлөөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй ч давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг хянасан болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна:”, 9.1.2-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй ...” гэж тус тус зааснаас үзвэл тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалттай холбоотой асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх эрхтэй байна.

Дээрх хуульд зааснаар Хурал нь тодорхой сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэж, асуудлаа олонхийн зарчмаар санал хураалтаар шийдвэрлэх зохицуулалттай бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан, түүнээс гарсан тогтоолын улмаас нэхэмжлэгч буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй...” гэж заасан ч уг ээлжит 7 дугаар хуралдаанаар нам, эвсэл /бүлэг/-ийн Төлөөлөгчөө Хурлын даргад эсхүл сумын Зааг даргад нэр дэвшүүлэх эрхтэй холбоотой асуудлаар бус тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн нь хурлын тэмдэглэл, тогтоолууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул дээрх нэхэмжлэлээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...миний бие Л.Баатарчулуун болон Ардчилсан намын 9 төлөөлөгчид сумын иргэдээс сонгогдсон иргэдийн Хурлын төлөөлөгч юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8, 12 дугаар зүйлд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд ард иргэдийг төлөөлөх бүрэн эрхтэй учраас нэхэмжлэл гаргах боломжтой гэж үзэхээр байна” гэж дурджээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд нь тус хурлын нэр бүхий 10 Төлөөлөгчид бөгөөд үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй хэдий ч тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 7 дугаар ээлжит хуралдаанаас гарсан тогтоолуудаар уг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэгт ямар нэгэн эрх, үүрэг үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Энэхүү тохиолдолд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ардчилсан намаас нэхэмжлэл гаргаагүй бөгөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэг нь хуулийн этгээдийн эрх зүйн чадваргүй, бусад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөө шүүхэд төлөөлөх эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 122/ШШ2019/0015 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэтгэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхүй болгож, “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж, 3 дахь заалтын дугаарыг “2” болгон “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлэгт олгосугай” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-44 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-56 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-61 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-77 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-80 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-82 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-84 хуудас

[8] Хавтаст хэрэг 1-86 хуудас