Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 126/2019/0021/З |
Дугаар | 221/МА2019/0542 |
Огноо | 2019-10-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2019/0542
“Л” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, Ж.Ш нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Л” ХХК-ийн гомдолтой, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч А.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Л” ХХК-ийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0031253 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагч “Л” ХХК-ийн захирал С.Ж давж заалдах гомдолдоо: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сум 8 дугаар баг 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах МА 5626 маркийн IPTV гурвалсан үйлчилгээний төхөөрөмж нь хувьсах 220В хүчдэлээр ажилладаг бага чадлын төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийг суурилуулж, айл өрхүүдэд орчин үеийн өндөр хурдны интернет, IPTV гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн. Уг төхөөрөмж нь газардуулгын хамгаалалттай боловч тухайн байранд газардуулгын систем байхгүй учир үүнээс шууд хамааран газардуулгын холболтыг хийгээгүй байсан болно. Төхөөрөмж ажиллахгүй байгаа талаарх дуудлагын дагуу ажилтан очиход гурвалсан үйлчилгээний төхөөрөмжийн үндсэн цахилгааны оруулга буюу цахилгааны залгуур хайлсан байдалтай байсан байна. Цахилгаан шийт талаас хэт өндөр хүчдэл ирсэн учраас төхөөрөмжийн оруулга хэсэгт халалт үүсэн хайлсан байсан. Төхөөрөмжийн цахилгаан тэжээлийн блок нь өөр дээрээ зай хураагуур, батарей байхгүй учраас манай төхөөрөмж талаас хүчдэлийн хэлбэлзэл үүсч, хэт өндөр хүчдэл гарч залгуурыг халааж хайлуулах техникийн үндэслэлгүй, боломжгүй юм. Шит талаас ирж буй хувьсах 220В хүчдэлийг тогтмол 12В хүчдэл болгон хувиргах үүрэгтэй байдаг. Тогтмол 12В хүчдэлээр төхөөрөмжийн гэрлэн дохиог цахилгаан дохионд хөрвүүлэх үндсэн их бие хэсэг ажилладаг. Тус үндсэн бие хэсгээс IPTV гурвалсан үйлчилгээний дохио сүлжээний UTP кабелаар дамжин айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлнэ.
Төхөөрөмжөөс цахилгаан гүйдэл дамжин айл өрхийн зурагт шатах бол төхөөрөмж зурагт хоёрын хооронд холбогдсон 2 төхөөрөмж шатаж байж айлын зурагт шатах ёстой. Иймээс уг хоёр төхөөрөмжөөр цахилгаан гүйдэл дамжаагүй гэдэг нь тодорхой бөгөөд Улаанбаатар хотын Онцгой байдлын ерөнхий газрын лабораториос ирүүлсэн дүгнэлтээр утсаар огт цахилгаан гүйдэл гүйгээгүй нь батлагдсан болно. Шүүхээс буруу ойлгож манай төхөөрөмжүүдээс гүйдэл үүсч гал түймэр гарсан, мөн манай төхөөрөмжүүдээр цахилгаан гүйдэл дамжин айлын зурагтыг шатаасан байж болно гэсэн ойлголтоор шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.
Иймд 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч А.Б 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 0031253 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] “Л” ХХК-ийг “...Мөрөн сумын 8 дугаар баг, 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах IPTV гурвалсан интернет үйлчилгээний MDU загварын МА 5626 маркийн төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлэх явцдаа галын аюулгүй байдлыг хангаагүй” гэх үндэслэлээр 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Л” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.17-д “гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, ... заасан зөрчил;” гэж тус тус зааснаас үзвэл гал түймрийн улсын хяналтын байцаагч нь хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол тухайн хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан байна.
Гомдол гаргагч “Л” ХХК-ийн Мөрөн сумын 8 дугаар баг, 18 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарт байрлах IPTV гурвалсан интернет үйлчилгээний MDU загварын МА 5626 маркийн төхөөрөмж нь галын аюулгүй байдлыг хангах талаарх нийтлэг шаардлагыг хангаагүй буюу төхөөрөмжид газардуулгын холболтыг хийгээгүй, богино залгааны болон халалтын гүйдлийг нарийвчлан тооцолгүй өндөр ампертай тэжээлийн автоматыг байршуулсан гэдэг нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлтээр[2] тогтоогджээ.
Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уг төхөөрөмж нь шатаж байсан гэдэг нь “...Univision-ийн СВИЧ төхөөрөмжний тэжээлийн цахилгааны утсанд богино холболт үүсч бөмбөлөг үүссэн байна” гэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12/74 дугаартай шинжээчийн дүгнэлт[3], Т.Төрболдын гэрчийн мэдүүлэг[4], фото зургаар тус тус нотлогдсон бөгөөд гомдол гаргагч давж заалдах гомдолдоо “...тухайн байранд газардуулгын систем байхгүй учир үүнээс шууд хамааран газардуулгын холболтыг хийгээгүй байсан болно” гэж дурдсанаас үзвэл үүнтэй маргаагүй гэж үзэхээр байна.
Хариуцагч маргаж буй шийтгэлийн хуудсаар “Л” ХХК-д шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ гомдол гаргагчийн IPTV гурвалсан интернет үйлчилгээний төхөөрөмж нь галын аюулгүй байдлыг хангах талаарх нийтлэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн байх тул “...манай сүлжээний утсаар огт цахилгаан гүйдэл гүйгээгүй бөгөөд шүүхээс буруу ойлгож, манай төхөөрөмжүүдээс гүйдэл үүсч гал түймэр гарсан, мөн төхөөрөмжөөр цахилгаан гүйдэл дамжин айлын зурагтыг шатаасан байж болно гэсэн ойлголтоор шийдвэрээ гаргасанд гомдолтой байна” гэх гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болох үндэслэлгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-2 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-27 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-22 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-48 хуудас