Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 154

 

Н.Эрдэнэчулуунд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Б.Бат-Эрдэнэ даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.Бурмаа

Өмгөөлөгч А.Мөнхбат

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол,

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар магадлалтай, 201509000344 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Туяа нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, өмнө нь ял шийтгүүлж байгаагүй Хар бүргэд овогт Намжилдоржийн Эрдэнэчулуун нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Эрдэнэчулууныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, эдлэх ялыг 03 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Н.Эрдэнэчулууны цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар 2.472.035 төгрөгийг гаргуулж Ц.Буянбаатарт олгож, хохирогч Ц.Буянбаатар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Туяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч А.Мөнхбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Ж.Туяа нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “Ц.Буянбаатарын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг бүрэн бодитой тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “Шүүх эмнэлгийн шинжээчийг оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авалгүй, ял халдаасан нь үндэслэлгүй байна. Ц.Буянбаатарт учирсан гэмтэл нь шүүгдэгч Н.Эрдэнэчулууны үйлдлээс үү? эсвэл хохирогчийн өөрийнх нь буруугаас болсон уу гэдгийг шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулж хэргийн бодит үнэнийг тогтоолгох ингэснээр Н.Эрдэнэчулуунд ял халдаах үндэслэлтэй байсан эсэхийг шийдвэрлүүлэхийг хүссэн болно”  гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шинжээч эмч Амгаланболд С.Бүрэнжаргал нарыг мөрдөн байцаалтын шатанд байцаасан. Гэрч Э.Золбоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа “хохирогч Ц.Буянбаатар Н.Эрдэнэчулуунд цохиулаад гадаа унтаж байгаа юм шиг хурхираад үлдсэн” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед “тархины эдийн няцрал, суурь ясны хугарал” гэх гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон. Энэ гэмтэл нь тухайн үед гурилын элдүүрээр цохиулах үед үүссэн. Хашаа давсан гэх асуудал байшинд байсан хүмүүст харагдах боломжгүй байсан. Энэ хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Н.Эрдэнэчулууныг 2015 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дархан сумын 7 дугаар баг, Түлээтийн 1-82 тоотод иргэн Ц.Буянбаатартай маргалдан улмаар харилцан зодолдож Ц.Буянбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын талаарх харилцааг зохицуулсан Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг жинхэнэ агуулгаас нь буруу ойлгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн тогтоохдоо Ц.Буянбаатарын хууль бус халдлагын эсрэг хуулиар зөвшөөрөгдсөн идэвхтэй үйлдэл хийж хүнд гэмтэл учруулсан Н.Эрдэнэчулууны үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, түүнийг бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэн ял шийтгэжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал, Н.Эрдэнэчулуун болон гэрч Э.Золбоо, С.Одгэрэл  нар хэрэг гарсан байдал, маргаан гарах болсон шалтгаан нөхцөл, согтуурсан үедээ хохирогч гэх Ц.Буянбаатар нь гэр бүлийнхээ амар тайван байдлыг алдагдуулж, өөрийн нялх хүүхдийг албаар чимхэж уйлуулан, эхнэр Д.Жанцанхоролд хүч хэрэглэн хэд хэдэн удаа өшиглөж, үргэлжлүүлэн хүч хэрэглэхээр заналхийлж байсан балмад зан авир, улмаар дээрх байдлыг үргэлжлүүлэхгүй байхыг зөвлөсөн өөрийн танил Н.Эрдэнэчулууныг хэл амаар доромжлон, эрх чөлөөнд нь түрүүлж халдан цохиж унагасан нөхцөл байдлын талаар гэрч, яллагдагч нар нь ямар нэгэн зөрүүгүй, тодорхой тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд эдгээр нотолгоог үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн гэрч Д.Жанцанхорол хэргийн нөхцөл байдал, өөрийн нөхөр Ц.Буянбаатарын үйлдэл, зан авирын талаар мэдүүлэхдээ Э.Золбоо, С.Одгэрэл нарын нэгэн адил зүйл мэдүүлсэн төдийгүй, нөхрийн зүгээс гарч болзошгүй хүчирхийлэлд өртөхөөс айхдаа дээрх гэрчүүдээс хамт байхыг гуйж, улмаар маргаан зодооны дараа гэрч нарын хамт хүүхдээ авч гэрээсээ явахад хүрсэн талаар мэдүүлжээ.

Согтуугаар өөрийн эхнэр хүүхдэд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн төдийгүй иргэн Н.Эрдэнэчулууныг цохиж унагаасан болон Н.Эрдэнэчулуун түүнийг хариу цохисны дараагаар түүнтэй үргэлжлүүлэн барилцаж аван, маргааныг зогсоох үүднээс гэрээс гарган хориглосоор байхад эхнэр Д.Жанцанхоролд хүч хэрэглэхээр дахин үргэлжлүүлэн догшин авирлаж байсан Ц.Буянбаатарын үйлдэлд анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр, зөвхөн Н.Эрдэнэчулууны хариу үйлдэлд нь дүгнэлт өгсөн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, бусдыг хэл амаар доромжлон, хэрүүл маргаан өдүүлж, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчин, Н.Эрдэнэчулуун төдийгүй өөрийн эхнэр болон хүүхдийн эрх чөлөөнд халдаж байгаа Ц.Буянбаатарын үйлдэл нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, хүний халдашгүй байдалд халдаж байгаа гэмт халдлагын шинжийг агуулсан байхад уг үйлдэл, довтолгооны эсрэг хийсэн Н.Эрдэнэчулууны үйлдэлд гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал байгаа талаар  ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Аргагүй хамгаалалтын үндсэн нэг шинж бол өөрийгөө болон бусдыг аюултай халдлагаас хамгаалах зайлшгүй нөхцөл, тохиолдол учирсан байхыг шаарддаг бөгөөд аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь аливаа нийгэмд аюултай довтолгоо халдлага бодитойгоор хийгдсэн, хийгдэх нь тодорхой байгаа нөхцөл байдалд хэрэгжих боломжтой байдаг.  Хамгаалалт хийх нөхцөл  байдал бодитой үүссэн тохиолдолд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь хамгаалалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн түүнчлэн, аргагүй хамгаалалтыг хэрэглэх нөхцөл байдлыг тодорхойлоход дээрх тохиолдлуудаас гадна уг аюултай довтолгоо дууссаныг мэдэх боломж хамгаалагчид байгаагүй нөхцөлийг мөн адил хамааруулж ойлгодог.

Н.Эрдэнэчулууныг цохиж унагаснаар Ц.Буянбаатарын аюултай халдлага, довтолгоо дууссан гэж гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдаагүй, идэвхтэй хариу үйлдлээр хамгаалалт хийсний дараагаар тэрээр үргэлжлүүлэн эсэргүүцэж, эхнэр хүүхдэдээ хүч хэрэглэхээр заналхийлж, зодохоор улайрч давшиж байсан нь аюултай халдлага мөн бөгөөд хэрэв Н.Эрдэнэчулуун, Э.Золбоо нар хорьж саатуулаагүй бол уг аюултай довтолгоо зогсохгүй үргэлжилсээр байх байсныг нотлож байгаа юм.

Ц.Буянбаатарын зүгээс гаргаж байсан хууль бус, аюултай үйлдлийг таслан зогсоохыг хүсэж, өөрийнх нь эхнэр, хүүхдийг хамгаалан, зүй ёсны шаардлага тавьсан Н.Эрдэнэчулууныг хэл амаар доромжлон, улмаар цохиж унаган хүч хэрэглэж байгаа нөхцөл байдал нь хүний амь бие, эрүүл мэндэд аюултай халдлага, довтолгооны шинжийг илэрхийлж байгаа бөгөөд энэ цаг хугацаанд түүнийг модоор цохиж гэмтэл учруулсан Н.Эрдэнэчулууны үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй бусдад гэм хор учруулж байгаа санаатай идэвхтэй үйлдэл хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа нийгэмд ашигтай, аргагүй хамгаалалтын үйлдэл болжээ.

Эдгээр байдлуудаас дүгнэж үзвэл, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн болон бусад хүмүүсийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн биед гэмтэл учруулсан байх тул Н.Эрдэнэчулуунд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаар магадлал тус тусыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн прокурорын газраас Н.Эрдэнэчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон Н.Эрдэнэчулууныг цагаатгаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                           Б.БАТ-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН