Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,   

Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Шүүгдэгч, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Боржигин овогт Б.Г нарт холбогдох эрүүгийн 1809050960060 дугаартай 185/2019/0290/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

           

            Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогтой Б.Б

 

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигин овогт Б.Г

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ таур”-н 17 давхарт байрлах Сити клубын Орхон вип өрөөнд Б.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь архины шил, шилэн аяга зэргээр цохиж зулай, дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ таур”-н 17 давхарт байрлах Сити клубын Орхон вип өрөөнд Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Б. Гтэй 2014 онд танилцсан. Нэг намын хүмүүс. Ах дүү, дарга цэрэг, найз нөхдийн холбоотой явдаг. Тухайн үед гол муудалцах болсон асуудал нь тэр өдөр намын хорооны бага хурал дээр намын удирдлагууд урьд нь миний огт танихгүй, намд зүтгэж байгаагүй Жавхлан гэгчийг намын хорооны тэргүүлэгч гишүүнд нэр дэвшүүлж баталсан явдал юм. Би тэр хурал дээр заалнаас олон жил анхан шатанд намын ажил хийсэн Б.Мөнх-эрдэнийг нэр дэвшүүлсэн ч дэмжигдээгүй юм. Тэгээд л Бат-Амгалан дарга тэр орой намайг “намын бодлого зөрлөө, буруу хүн дэвшүүллээ” гэж маргаан эхэлсэн. ...Хамгийн анх Г босч ирээд миний нүүр рүү цохьсон. Би Г рүү конъякны бакал шидсэн. ...намайг Г, Галцог, Жавхлан нар зодохоор дайрсан. ...бүгдээрээ дайраад байхаар нь би биеэ хамгаалах зорилгоор масло түрхдэг, мохоо иртэй жижиг хутга гартаа бариад “та нарыг ойртвол чинь ална шүү”  гэсэн. ...би зодуулаад ухаангүй хэвтэж байсан юм билээ. Тэд нар намайг бүгд хаяад явсан. Манай ах болон эхнэр ирж намайг авсан гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Маргаан болоод би Бы мөр рүү нь цохиод түлхсэн. Нүүр рүү нь цохиогүй, түлхэхэд хамранд гэмтэл учрахгүй. ...Бд учирсан гэмтлийг би учруулаагүй. Тэнд байсан бүх хүмүүс архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: Надад одоогоор      872 200 төгрөгийн эмчилгээний зардал төлбөр гарсан. Ггийн зүгээс надад эмчилгээний төлбөр өгсөн зүйл байхгүй. Хамрын хугарал, муруй засах мэс ажилбарыг Номун эмнэлэгт 2.5 сая төгрөгөөр хийлгэнэ...Манай Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Бат-Амгалан Г бид хоёрыг өнөө өглөө ажил дээрээ дуудаад та хоёр эвлэр, шүүх дээр очоод гар барьчихаад ир гэсэн. Чиний нэхэмжилж байгаа хохирол төлбөрийн асуудлыг чинь би намын даргын хувьд зохицуулаад өгнө, төлнө гэсэн. Бат-Амгалан дарга 4 сая төгрөг шийднэ гэсэн. Тиймээс би Ггээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г мэдүүлэхдээ: Б намайг тэр үед толгойны орой дээр архины шилээр, архи конъяк хийж байсан бакалаар ар дагз руу тус тус цохьсон. Бат-Амгалан дарга бид хоёрыг дуудаж уулзаад Бы хохирол төлбөрийг барагдуулж өгнө гэж хэлсэн нь үнэн. Баас нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Г /хх-ийн 11/, хохирогч Б.Б /хх-ийн 5-8/, гэрч Б.Түмэнжаргал /хх-ийн 18/, гэрч Б.Мөнхтулга /хх-ийн 19/, гэрч Б.Галцог /хх-ийн 21/, гэрч Д.Жавхлан /хх-ийн 25/, гэрч Э. Бат-Амгалан /хх-ийн 32-33/, гэрч Ч. Гантулга /хх-ийн 34-35/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13801 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13590 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1301 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-80/ зодоон болсон газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 82-84/, түшлэгний дээд хэсгээр хугарсан хүрэн өнгийн модон сандлыг Эд мөрийн  баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 81/ шүүгдэгч Б.Ггийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105/, шүүгдэгч Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  Сэнтрал тауэр цогцолборын 17 давхарт байрлах Сити клубын Орхон вип өрөөнд хохирогч Б.Гтэй нам улс төр, үзэл бодлын хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шил болон шилэн хундага зэргээр цохиж зулай, дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б. Г нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэнтрал тауэр цогцолборын 17 давхарт байрлах Сити клубын Орхон вип өрөөнд хохирогч Б.Бтай нам улс төр, үзэл бодлын хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг намын бодлого сөрлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2018.11.12-ны өдөр Баянзүрх дүүргийн Монгол ардын намын хорооны бага хурал Тусгаар тогтнолын ордонд болсон. Тэгээд хурал 18 цагийн үед дуусаад 18.30 цагт уг ордны 2 давхрын танхимд хүлээн авалт болсон. Тухайн арга хэмжээг би зохион байгуулж байсан учир бүх хүмүүсээ тараагаад...Сэнтрал тауэрын 17 давхар луу орсон. Ороход Бат-Амгалан дарга, Гантулга, Энхбаатар, Түмэнжаргал, Мөнх-Эрдэнэ, Галцог нар сууж байсан... Б хүний үгэнд орохгүй агсраад байсан..Тэгэхээр нь би Бакү ахаа дуугүй бай л даа, хүн үг хэлэх гээд байна гэсэн чинь “чи их том болжээ, миний дууг хураадаг хэн бэ” гэхээр нь би маргалдсан чинь босч ирээд цамцнаас татахаар нь би дагаж босоод түлхээд буйдан дээр нь суулгасан. Тэгээд би буцаж суугаад тонгойтол толгой дээр тас гээд явчихаар нь өндийтөл дахиад толгой дээр тас гээд би манарсан. Тэгээд харсан чинь урд бакал хагарсан, ёроол нь хэвтэж байсан. Тэгтэл толгойноос нил цус гоожсон. Тэгээд Галцог ирээд стаканы үүрмэгийг цэвэрлэж өгсөн. Мөнхжаргал ирээд Галцог тэр хоёр намайг сугадаад нойлын өрөө орж цус угааж өгсөн. Нойлын өрөөнд байхад хутга энэ тэр гээд яриад байсан. Яг юу гэж хэлснийг ойлгоогүй. Тэгээд нойлын өрөөнөөс гарахад Түмэнжаргал “Бакү ахаа болиоч ээ, ямар сонин юм бэ, гарынхаа цусаар яагаад нүүрээ арчаад байгаа юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд бид нар бүгд цувраад гарсан. ...Б эхлээд конъяк, виноны бакалаар толгойн ар хэсэгт цохиж хагалсан. Дараа нь толгойн оройн зулайн хэсэгт архины шилээр цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өрөө рүү ороход арваад хүн сууж байсан. Би ганцаараа орсон. Ороход Бат-Амгалан дарга      Мөнх-эрдэнэд намын бодлого зөрлөө, зайл пизда гээд аманд нь салаавч өгөөд зогсож байхаар нь би Бат-Амгалан даргад “Мөнх-эрдэнэ та нарын туслах шүү дээ, яаж байгаа юм бэ дээ” гэхэд Бат-Амгалан дарга Мөнх-эрдэнийгээ аваад зайл гэсэн..                       Баян-Өлзийгийн Г нь та намын бодлого зөрлөө, та буруу зүйл ярьлаа гэхээр нь солиор гэсэн.  Таныг бол нам шаана ш дээ гэхээр нь чаддаг юм бол шаа гэсэн чинь Г миний нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Би цохиулаад арагшаа буйдан дээр савж унаад эргээд босохдоо ширээн дээр байсан хундага аваад Г рүү шидсэн чинь түүнийг онолгүй хана цохиод…, ...тэгтэл Г босож ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод унагаасан. Би босч ирээд та нар яагаад намайг цохиулж байгаа юм бэ, та нар харлаа шүү гэсэн чинь Бат-Амгалан дарга хохь чинь гэж хэлсэн. Г “та нарын эрин дууссан” гээд намайг заамдаж аваад боосон. ...Эхэлж унахдаа буйдан дээр унасан. Дараа нь Г бооход би Гтэй ноцолдож байгаад өндөрлөг голын шат руу унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,

 

Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Энхбаатар үг хэлэх гээд босоод зогсож байтал Б гартаа пивоны хундага барьсан Гтэй муудалцаад байхаар нь хүүе болиоч ээ, хүн үг хэлэх гээд байна гэж хэлэх хооронд тэр хоёр өөд өөдөөсөө босоод ирсэн.  ...Тэр мөчид л пис пас гээд явчихсан. ...Ггийн нүүрний хажуу руу цус гойжоод эхэлсэн. Б ахын гар нь зүсэгдээд цус гарсан байсан, тэр цусаараа өөрийнхөө нүүрийг арчихаар нь за та болиоч ээ, ямар ичмээр юм бэ, хүний толгой хагалж өөрийнхөө гарыг зүсчихээд тэр цусаараа нүүрээ арчаад, та үнэхээр онигоотой юм гэж хэлээд гараад явсан. ...Ггийн толгой хагалсны дараа бид нар салгаж байхад Б гартаа хутга барьсан агсраад байсан. Тэр үед Жавхлан хутгатай гар руу нь сандлаар цохьсон. Толгой руу нь ерөөсөө цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,  

 

Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд харсан чинь зодуулсан гээд байгаа ах унасан бололтой босоод ширээний цаад талд зогсож байсан нэг ахтай хэрэлдээд байсан...Зодуулсан гээд байгаа ах ширээн дээрээс виноны хундаганууд, хоолны хэрэгсэл авч шидээд байсан. Тэгсэн чинь цаана нь зогсож байсан ах сандал өргөөд тэр ах руу далайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Б.Галцог мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Бакү ахаа та болиоч гэсэн шаардлага тавьснаас болоод тэр хоёр маргалдсан. ...Тэгсэн чинь Б ширээн дээрээс виноны том бакал аваад Ггийн толгой руу цохьсон чинь бакал нь хагарсан. Үргэлжлүүлээд ширээн дээр байсан архины шилээр Ггийн толгой руу дахиад цохьсон.... Тэгээд хүмүүс суудлаасаа босохоор нь би тэд нарт та нар цохиж болохгүй шүү гэж хэлээд би ширээ тойрч Г дээр очоод толгойн хэсэг болон хүзүү, цамцных нь захан дээр бакалны хагархай шилний үйрмэг цацарсан байсныг цэвэрлэсэн. Тэр хооронд Б босч ирээд голын ширээн дээр байсан эд зүйлийг авч шидээд байсан.  ...Бы урдуур нь гарсан чинь Б миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. ...Нойлийн өрөөнд Ггийн цусыг цэвэрлээд байж байхад Б хутга бариад дайраад байна шүү гэж нэг нь хэлж байгаа нь сонсогдож байсан.  ...Б гарнаасаа гарч байгаа цусаараа нүүрээ арчсан. Тэгэхээр нь за ёстой хөгийн гар байна гэж хэлээд бид нар бүгд гарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Гэрч Д.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Бакү ахаа, та боль гэж шаардлага тавиад Бакү ахыг түлхээд буйдан дээр суулгасан. Энэ үед Энхбаатар үг хэлэх гэж байхад Бакү ах ширээн дээрээс вискиний өндөр том бакалыг аваад Ггийн толгой дээр хагалсан. Тэгээд хүүе гэхийн завдалгүй ширээн дээрээс архины шил аваад дахиад толгой дээр нь цохьсон. Хажууд нь байсан нөгөө хэд болиулах үед Бакү ах шатны уруу хий гишгээд унасан. Тэгээд босч суугаад намайг аллаа гэж орилоод гарныхаа цусаа нүүрэндээ түрхээд, цамцныхаа захыг дотогш нугалж байгаад цамцандаа цусаа түрхээд байсан. Тэр үед манай хэд битгий цохиорой гэж байсан. Тэгсэнээ дугуй ширээн дээр байсан стекний хутгыг аваад ална гэхээр нь хэн нэг нь хэнийг алах гээд байгаа юм, Жавхааг алах юм уу гэсэн чинь Жавхааг ална гээд над руу дайрахаар нь би хойшилсон. Тэгсэн чинь дахиад хутгатай гараараа дүрэх гээд дайрахаар нь би өөрийгөө хамгаалах үүднээс хутгатай гар руу нь сандлаар цохитол манай хэд дундуур орж ирээд сандал буулгаж аваад ширээ рүү шидэхэд сандал хугарсан. Гар руу нь цохиход бол сандал зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Ч. Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б халамцуу орж ирээд миний хажууд суугаад Гтэй маргалдсан. Тэр хооронд бид нар бусадтайгаа яриагаа үргэлжлүүлж байсан. Гэнэт Б ширээн дээр байсан стакан байхаа шилэн зүйлээр Ггийн толгой дээр 2 удаа цохиж хагалсан. Би дундуур нь орж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13801 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Ггийн биед зулай, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.  
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Наранбямба гэсэн дүгнэлт /хх-ийн 44/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №13590 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Бы биед баруун эрхий хурууны 1,2-р үенд шарх, нуруунд зулгаралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-ийн 40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1301 тоот шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтэд:

  1. Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №13590 дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Шинжээч эмч Б.Даваасүрэн нь №13590 дугаартай дүгнэлтийг 2018.11.13-ны өдөр Б.Быг өөрийн биеэр үзэж, 2018.11.13-ны СД-г үндэслэн гаргасан байна.

3.4. Б.Бы биед хамар ясны хугарал, баруун сарвуу эрхий хуруунд шарх, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

5. Б.Бы биед тогтоогдсон хамар ясны хугарал, баруун сарвуу эрхий хуруунд шарх гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нурууны зулгаралт бүхий гэмтэл дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Б.Бы биед учирсан хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хуучин гэмтэл байна.

7. Дээрх Б.Бы биед тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

8. Б.Бы биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.  

Шинжээч эмч Ц.Бадрал, Б.Ганзориг, Б.Долгормаа гэсэн дүгнэлт /хх-ийн 52-54/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алины хувьд хүмүүс хоорондын харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ, хүлээцтэй байдал, соёл дутагдсан, нам улс төр, үзэл бодлын зөрөлдөөнөө хэт дөвийлгөн, бусдыг үл тоомсорлон, дээрэнгүй зан байдал гарган архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ асуудлаа хүч бяраар шийдэх гэсэн балмад зан авир шууд нөлөөлсөн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.    

 

Харин шүүгдэгч Б.Ггийн хувьд Б.Быг цохиогүй, гэмтэл учруулаагүй, өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруу байхгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт цугларсан дээрх бүх нотлох баримтууд, хохирогч Б.Бы зүгээс тогтвортой удаа дараа өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1301 тоот шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт зэргээс үзэхэд тэрбээр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.         

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Бд 872.200 төгрөгийн эмчилгээний зардал төлбөр гарсан гэж, хохирогч Б.Гд 373.350 төгрөгийн эмчилгээний зардал төлбөр гарсан гэж мэдүүлцгээдэг боловч тэд шүүх хуралдаан дээр хэн алинаасаа нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байгүй, хохирол төлбөрийн асуудлыг Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга Бат-Амгалан гэгч шийдэж өгнө гэсэн мэдүүлэг тайлбарыг харилцан өгч  байна.

 

Иймд шүүгдэгч нарыг одоогоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Гэхдээ шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь хохирогч болохын хувьд цаашид бие биенээсээ нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд хэн аль нь эмчилгээ, хохирол, төлбөртэй холбогдсон асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жичдээ нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар тухайн зодооны хэрэг болсон Сэнтрал тауэр цогцолборын Сити клубын Орхон вип өрөөнөөс хураагдан ирсэн түшлэгний дээд хэсгээр хугарсан хүрэн өнгийн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Сэнтрал тауэр цогцолборын лифтээр шүүгдэгч, хохирогч Б. Г гэрч нарын хамт зорчиж явсан үеийг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.