Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Эрдэнэбаатар,

          шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

          шүүгдэгч, хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Г нарт холбогдох ....................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          1. Боржигон овгийн Б.Б, 1972 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

 

2. Боржигин овгийн Б.Г, 1983 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................../;

 

Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ тауэр-ын 17 давхарт байрлах “Сити” клубын “Орхон” вип өрөөнд Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар нь архины шил, шилэн аяга зэргээр цохиж зулай, дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Г нь 2018 оны 11 дүгэзр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ тауэр-ын 17 давхарт байрлах “Сити" клубын “Орхон” вип өрөөнд Б.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Бадамсамбын Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Баян-Өлзийн Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадамсамбын Б.Быг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Баян-Өлзийн Б.Гг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт анхааруулж, шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн түшлэгтэй /түшлэгний дээд хэсгээр хугарсан/ 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь хохирогч болохын хувиар хэн аль нь эмчилгээ, хохирол, төлбөртэй холбогдсон асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 11 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ таур”-н 17 давхарт байрлах Сити клубын “Орхон” вип өрөөнд Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж надад 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн. Учир нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №1301 тоот дүгнэлт зэргээс үзэхэд тэрбээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэрэг авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн тогтоогдсон үйл баримтуудаас харахад Б.Бы биед учирсан гэмтлийг хөдөлбөргүй нотлох баримтаар намайг учруулсан болохыг нотолж тогтоогоогүй бөгөөд намайг Б.Бы биед халдаагүй болохыг тухайн үед хамт байсан гэрч нарын мэдүүлгээр баталдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэм буруугийн хэлбэрийг нь тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь гэм буруугүйн хэлбэрээр тодорхойлогдохоор байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, 2, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

Шүүхээс надад шүүхийн тогтоол гардуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө намын бага хурал болсон. Намын бага хурал дээр нэг хүний нэрийг би дэвшүүлсэн. Зохион байгуулалтын үйл ажиллагаанд би байсан. Дараа нь “Централ” таурын 17 давхарт хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход “Намын бодлого зөрлөө” гэх үндэслэлээр намайг цохисон. Б.Г намайг цохисон, гэмтэл учирсан нь үнэн, би стакан шидсэн нь үнэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 4 дүгээр сарын 20-нд тогтоолыг гардаж авсан. 4 дүгээр сарын 29-нд давж заалдах гомдлоо өгсөн. 4 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээс ярьсан. Шүүгдэгч, хохирогч Б.Г давж заалдах гомдолдоо “шүүхийн тогтоол гардаж авсан” гэж бичсэн. Надад ч гэсэн шүүхийн тогтоол гардуулсан. Давж заалдах гомдол гаргасны дараа анхан шатны шүүхээс шүүхийн тогтоол гаргасанаа ойлгоод сольж авъя гэж шаардсан. Ариунжаргал гээд шүүхийн нарийн бичгийн дарга хэлсэн. Бидний зүгээс нэгэнт шүүхийн тогтоолыг гардаж аваад давж заалдах гомдлоо өгсөн учраас солих боломжгүй гэдгээ тайлбарлаж хэлсэн. Шүүгдэгч, хохирогч Б.Гд удаа дараа “шүүхийн тогтоолоо авчирч өгөөч” гээд утсаар ярьсан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн учраас анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн нарийн бичгийн дарга биш шүүгчийн туслах Ариунжаргал гэх хүн надруу ярихдаа “шийтгэх тогтоолын бланк дээр гаргах байсныг андуураад шүүхийн тогтоолын бланк дээр гаргачихлаа, техникийн шинжтэй алдаа гарлаа үүнийг засаж залруулъя” гэсэн. Бид нар шүүхийн тогтоолын бланкыг нь өөрчлүүлж авсан. Бидний хувьд гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсаныг өөрчилж, торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарыг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Централ тауэр-ын 17 давхарт байрлах “Сити” клубын “Орхон” вип өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож Б.Б нь Б.Ггийн толгойн тус газар нь архины шил, шилэн аяга зэргээр цохиж зулай, дагзны хуйханд шарх бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол,

Б.Г нь Б.Бы нүүрэн тус газар нь цохиж хамар ясны хугарал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б /хх 5-7, 8-9, 10/, хохирогч Б.Г /хх 11-12/, гэрч Б.Галцог /хх 18, 22/, Б.Түмэнжаргал /хх 19, 31/, Б.Мөнхтулга /хх 20/, Д.Жавхлан /хх 26, 29/, Э.Бат-Амгалан /хх 32-33/, Ү.Гантулга /хх 34-35/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 78-80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 82-84/,

шинжээч эмч Б.Ганзоригийн ...Б.Б нь хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хуучин хугаралтай, хамар ясны хана хэсгээрээ зөрүүтэй шинэ хугаралтай нь тогтоогдсон... гэх мэдүүлэг /хх 27-28, 53/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13590 тоот Б.Бы биед эрхий хурууны 1, 2 дугаар үенд шарх, нуруунд зулгаралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх 36, 40, 49-52, 54/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13801 тоот Б.Ггийн биед зулай, дагазны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд /хх 37, 44/, хохирлын баримтууд /хх 67-70, 72-75, 102/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Б.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бадамсамбын Б.Быг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Баян-Өлзийн Б.Гг 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх... ялаар тус тус шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдолдоо ...Шүүхээс надад шүүхийн тогтоол гардуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно... гэсэн байх боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхийн тогтоол гардуулсан баримт тогтоогдохгүй, хэдийгээр давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа Анхан шатны шүүхээс өөр бланк дээр хэвлэсэн тул сольж өгөх шаардлага тавьсан боловч өөрсдөө энэхүү техникийн шинжтэй алдааг засуулаагүй болохоо давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, харин шүүгдэгч Б.Б болон өмгөөлөгч Ю.Тогмид нар шийтгэх тогтоолыг сольж гардаж авсан талаар мөн тайлбарлаж байх тул зөвхөн Шүүхийн тогтоолыг шүүгдэгчид гардуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

        

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ