Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/0015

 

 

“Ц п” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0768 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч: “Ц п” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст холбогдох,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2314** тоот акт, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2328** тоот актуудаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь УИХ-аас баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг

Нэхэмжлэгч “Ц п” ХХК-ийн захирал Ц.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бадарч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд, нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2314**, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2328** тоот актуудаар “Ц п” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон 34,006,600 төгрөгийн торгууль, 24,783,500 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2314**, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2328** тоот актуудаар “Ц п” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон нийт 101,982,700 төгрөгийн нөхөн татварыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0768 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Ц п” ХХК-ийн захирал Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0768 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд:  

Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэл мөн гэж үзэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна гэж үзсэн мөртлөө Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар нь захиргааны шийтгэл биш гэж үзсэн, давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтийг зөвтгөж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1.10, 29 дүгээр зүйлийн 29.1.11, 55 дугаар зүйлийн 55.1.3 зэрэг заалтуудаар Татварын улсын байцаагчийн акт нь өөрөө бүхэл цогц захиргааны байгууллагын шийдвэр бөгөөд үүнээс нөхөн татварыг нь ялгаж, хүү, торгууль, алдангийг нь ялгах боломжгүй ба Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д зааснаар татвар болон нөхөн татвар гэдэг ойлголтууд нь өөр өөр утгыг илэрхийлсэн, хоорондоо ялгаатай ойлголтууд гэж үзэхээр байна.

Татварын байгууллага татвар төлөгчийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж акт, дүгнэлт гаргахдаа нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нэгтгэж зөрчлийн дүн, хяналт шалгалтын актаар илрүүлсэн зөрчил гэж нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нэгтгэж бичдэг бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны 01 дүгээр тогтоол дээрээс тодорхой харагддаг. Энэ нь Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн нэг хэсэг юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасан “гэмт хэрэг үйлдсэн хүн” гэдэгт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна.”, 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” зэрэг заалтуудаас үзэхэд нөхөн татвар нь захиргааны зөрчил, захиргааны байгууллагаас оногдуулж байгаа шийтгэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0768 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Татварын ерөнхий хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2314**, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2328** тоот актуудаар нийт 101,982,700 төгрөгийн нөхөн татвар, 34,006,600 төгрөгийн торгууль, 24,783,500 төгрөгийн алдангийг “Ц п” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч татварын улсын байцаагчийн дээрх актуудаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгууль, алдангийг нийтэд нь захиргааны шийтгэл гэж үзэн өршөөлд хамруулахаар, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлснөөр энэхүү хуулийн үйлчлэлд хамрагдана  гэж тайлбарлаж маргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж тус тус заасан байна.

Тухайн тохиолдолд Татварын улсын байцаагчийн 2011 оны 2314**, 2013 оны 2328** дугаар актуудаар тогтоосон татварын нөхөн төлбөр нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх татвар төлөгчийн хуульд заасан үүрэг бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар энэхүү үүргийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулаагүй байна. Харин татварыг хугацаанд нь төлөөгүйн улмаас татвар төлөгчид ногдуулсан торгууль, хүү,  алданги нь эрх бүхий байгууллагын албан тушаалтнаас татвар төлөгчид хуулиар хүлээлгэсэн захиргааны шийтгэл тул дээрх хуулийн дагуу өршөөлд хамруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0628 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2017/0768 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН