Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,

Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,   

Хохирогч А.Баярсайхан,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                         

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  шүүгдэгч Боржигон овогт Б.Гэд холбогдох эрүүгийн 1809052890014 дугаартай 185/2019/0291/Э хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар     6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 668 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Б.Г

 

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай Лофт бааранд хохирогч Г Содбилэгийн өмчлөлийн гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг завшиж, 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт баарны гадна иргэн Г.Ариунтуяагийн хүзүүндээ зүүсэн байсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банкны салбар АТМ-аар үйлчлүүлж байсан хохирогч А.Баярсайханы Самсунг Эс-6 маркийн гар утас, бэлэн 710.000 төгрөг зэргийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Баярсайхан мэдүүлэхдээ: Би тухайн хэрэг гардаг өдөр “Чикаго” бааранд найзтайгаа үйлчлүүлээд  гарч ирсэн. Би найзыгаа таксинд суулгаж өгсөн. Тухайн үед би халаасандаа бэлэн мөнгөтэй явж байсан тул өөрт байсан бэлэн мөнгөө Ардын эрхийн АТМ-нд хийхээр очиход АТМ-ны гадаа хоёр залуу зогсож байхыг би мэдсэн. Тухайн үед би багагүй хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг АТМ дотор орж зогсоод өөрт байсан 800.000 төгрөгийг халааснаасаа гаргахад Б.Г миний ард ирж зогсохыг би мэдсэн. Би эргэж харахад АТМ дотор хүн байхгүй байхаар нь би АТМ-ээ солиод нөгөө талд очиж зогссон ба тэр үед Б.Г намайг дагаж ард ирж зогссон.         Би нэг талын халаасанд байсан гар утасны ард байсан картаа аваад, гар утсаа зүүн талын халаасанд хийсэн. Би өөрт байсан бэлэн мөнгөө дансанд хийх гэтэл араас Б.Г намайг тэврээд халаасанд байсан утсыг аваад, миний мөнгийг авахаар ноцолдсон. Би “ахын дүү ингэж болохгүй, энд камер байгаа” гэж хэлсэн. Би урьд нь хөл бөмбөг тоглож байгаад баруун хөлөндөө гэмтэл авсан байсан тул ноцолдож байгаад хөл алдан унасан. Б.Г мөн адил унасан байгаа. Дараа нь шүүгдэгч босоод миний мөнгө болоод гар утсыг авч явсан. Шүүгдэгчийн зүгээс надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гомдол саналгүй байна гэв.    

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 9-10, 121/, хохирогч Г.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-ийн 46-47, 120/, хохирогч Г.Содбилэгтийн мэдүүлэг /хх-ийн 90-93/, гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 48-49/, гэрч Ө.Энхээгийн мэдүүлэг /хх-ийн 94/, иргэний нэхэмжлэгч Ө.Энхээгийн мэдүүлэг /хх-ийн 123/, яллаглагчаар Б.Гүнбилэгийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-72, 107-108, 131-132/, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35, 66, 101/, Скайтел ХХК-н албан тоот /хх-ийн 97/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 103-104/, шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийни 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Ардын эрхийн Хаан банкны салбар, Экспресс        АТМ-аар үйлчлүүлж байсан хохирогч Алтангэрэлийн Баярсайханд хүч хэрэглэн довтолж Самсунг Эс-6 маркийн 198 000 төгрөгийн үнэтэй гар утас болон түүнд бэлэн явсан 710.000 төгрөг зэргийг дээрэмдэн авч 908 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд согтуугаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт нэртэй шөнийн цэнгээний газрын гадна хохирогч Ганбаярын Ариунтуяад хүч хэрэглэн түүний гарыг мушгин хүзүүндээ зүүсэн байсан 916 сорьцтой 5 граммын жинтэй алтан гинжийг дээрэмдэн авч түүнд 625 000 төгрөгийн хохирол учруулсан, түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ай Лофт шөнийн цэнгээний газарт хохирогч Ганзоригийн Содбилэгтийн өмчлөлийн гээгдүүлсэн Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг завшиж, түүнд 900.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:     

 

Хохирогч Алтангэрэлийн Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө өөрийн найзтайгаа хамт Баянбүрдийн Чикаго бааранд үйлчлүүлж байгаад шөнийн 04 цагийн үед гараад өөрийн найзаа таксинд суулгаж өгөөд өөрт байсан бэлэн 800.000 төгрөгийг АТМ-д орлого хийх гээд Ардын эрхийн Экспресс рүү орсон. Яг АТМ рүү орох гэж байх үед үүдэнд хоёр үл таних залуу нь харагдах шиг болсон. ...Тэр үед орлого хийх гээд халаасанд байсан 800.000 төгрөгийг гартаа барьсан зогсож байсан чинь нөгөө үл таних залуу нь хажуугаар орж ирээд юм оролдоод намайг тэврээд тэвэрч байх үедээ миний зүүн талын халаасанд байсан Самсунг Эс-6 маркийн гар утсыг авч байхыг мэдэрсэн. Би тэгээд чи боль гэж хэлээд байж байхад миний гарт байсан бэлэн мөнгөнөөс зуурч эхлээд надтай ноцолдож эхэлсэн. Самсунг Эс-6 маркийн гар утас болон 710.000 төгрөгний хохирол учирсан. Тухайн үед булаацалдаж байгаад 90.000 төгрөг би өөрөө авч үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 121/,

 

    Хохирогч Ганбаярын Ариунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Ай Лофт бааранд найз Энхцэцэгийн хамт орсон ба бид хоёр тус бааранд тикелла архи уусан ба 02 цаг 50 минутын үед найзтайгаа бүжиглэж байсан чинь бааранд байсан өөр найз над руу залгахаар нь чимээнээс холдож ярихаар үүдэнд очиж утсаар ярьчихаад буцаад орох гэхэд өөдөөс үл таних 20-25 орчим насны 165-168 см орчим өндөртэй 14 гэсэн үсэгтэй хар цамцан дээр сагсны хип хоп загварын цагаан өнгийн фудволк өмссөн, бараан өнгийн, нарийн өмдтэй, цагаан улаантай пүүз өмссөн эрэгтэй хүн намайг сугадахаар нь би суган доогуур ороод яах гээд байгаа юм юм бэ гэсэн чинь надаас цуг явж байгаа найзынхаа дугаарыг өгчих гэхээр нь би өөрөөс нь очоод аваач гэж хэлсэн чинь намайг араас түлхээд баарнаас гаргасан. Тэгээд намайг цааш түлхээд хүзүүнд зүүлттэй байсан алтан гинжийг таслаад авахаар нь би цамцнаас зуураад гинжээ авъя гэсэн чинь би аваагүй гэж хэлээд миний гарыг мушгиж тавиулаад цааш зам гараад зугтаасан. Тэгээд би тэр хавиар гинжээ зам дээрээс хайж байгаад баар руу буцаад ороод бид хоёр явсан. ...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 120/,

 

Хохирогч Ганзоригийн Содбилэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар тус баарны хойд талын баруун теккен дээр сууж үйлчлүүлсэн. Тэгээд шөнийн 03 цаг 20 минутыг орчимд би теккен дээр сууж байгаад халааснаасаа Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсаа алдсан. ...Юнителээс лизингээр 2.800 000 төгрөгөөр авч байсан одоо гар утсаа 1.300.000 төгрөгөөр үнэлж байна. ...Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор хаана яаж алдсанаа мэдэхгүй байна. ...Би гар утсаа баруун талын халаасандаа хийдэг бөгөөд тус өдөр халаасандаа хийхэд алга болсон байсан. Тэгээд би халааснаасаа алдсан юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Тэрнээс биш яг халааснаасаа алдаагүй юм аа. Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93/,  

 

Гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ширээн дээрээ сууж байхад Ариунтуяа ганцаараа ирсэн. Ирээд манай найз маань надад хандан түрүүн танилцсан нөгөө залуу чинь намайг баарнаас чирч гаргаад гар утас булааж авчихаад өгөхгүй байхаар нь ноцолдсоор байгаад арай хийж утсаа булааж авсан чинь хүзүүнд байсан алтан гинжийг минь тасалж аваад зугтчихлаа гэж хэлсэн. ..Тэр залуу нь 165-168 см өндөртэй, туранхай биетэй, цагаан шардуу царайтай, хүзүүн дээрээ шивээстэй залуу байсан ба онигор нүдтэй, монхордуу хамартай, зуйвандуу нүүртэй залуу байсан. ...тэр залууг тус баарны хамгаалагч нар зүс таньдаг гэсэн бөгөөд хааяа орж ирж үйлчлүүлдэг гэсэн, нэг хамгаалагчийнх нь хэлсэнээр бол хүзүүн дээрээ уруулны хэлбэртэй, улаан өнгийн шивээстэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 

Гэрч Ө.Энхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний үед фэйсбүүкийн зар харж байгаад Гүнбилэг гэх фэйсбүүктэй хүнээс Самсунг Галакси Эс-8 маркийн гар утас авахаар болсон. Тэгээд уулзаад гар утсыг нь үзтэл дэлгэцний дээд доод буланд цуурчихсан байсан. Тэгээд үнийг нь буулгаад 530.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94/,        

            

Иргэний нэхэмжлэгч Ө.Энхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр бүлийн хүн фэйсбүүкээр Гүнбилэгт гэх хүнтэй холбогдож Самсунг Галакси Эс-8 маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд гар утсыг худалдаж авахад бага зэрэг сэвтэй байсан тул буулгаад 530.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Гар утас худалдаж авсан 530.000 төгрөгөө нэхэмжилж байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 123/,  

 

Яллагдагч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцсан. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна …шалан дээрээс хар кейстэй гар утас олсон. Тэгээд би тэр гар утсыг халаасандаа хийгээд гэртээ харьсан. Тэгээд би тэр утсыг бусдын эд зүйл гэдгийг мэдсэн мөртлөө олсон юм чинь гэж бодоод цааш нь зарчихсан. ...гар утсыг бие засах өрөөнөөс олсон. Тэгээд мөнгөний хэрэгцээ гарсан учраас цааш нь дамжуулж зарсан. Цааш нь дамжуулж зарсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би тэр гинжийг халаасандаа хийгээд найзтайгаа архи ууж байгаад гэртээ харьж унтсан. ...би гэртээ очоод өглөө сэрэхэд надад бэлэн 480-500 төгрөг байсан. Тэгээд би тэр мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол мөнгийг буцааж төлөх болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72, 107-108, 131-132/,

 

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг хулгайлагдсан Самсунг Эс-6 маркийн гар утас нь 198.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 35/,

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг хулгайлагдсан 916 сорьцтой, 145 кулонтой, алтан гинж нь 625.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 66/,

2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Дамно ХХК-ний херөнгийн үнэлгээний тайлангаар уг хулгайлагдсан Самсунг Галакси Эс-8 маркийн гар утас нь 900.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 101/,

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04/8025 тоот Скайтел компаний албан бичиг /хх-ийн 97/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-20/,

Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 103-104/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нар, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.  

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэж, шөнийн цагаар баар цэнгээний газраар явж хохирогч болох согтуурсан, зарим тохиолдолд биеэ авч явах чадваргүй байдалтай хүмүүсийг сонгож амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор тэдний эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж дээрэмдсэн, завшсан шууд санаатай, шунахайн сэдэлттэй нийгэмд аюултай санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Б. Гүнбилэгтийн хохирогч А. Баярсайханы гар утас, 710.000 төгрөгийг дээрэмдэн авсан, хохирогч Г. Ариунтуяагийн алтан гинжийг хууль бусаар дээрэмдэж авсан 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар нэгтгэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байна.

Иймээс шүүгдэгч Б.Гийн дээрмийн 2 үйлдлийг нэг зүйлчлэлээр зүйлчлэх нь буруу биш юм.        

Гэхдээ хохирогч Г.Ариунтуяад хүсэл зоригийнх нь эсрэг илэрхий хүч хэрэглэж, баарнаас хүчээр гаргаж, биедээ зүүсэн байсан гинжийг нь авахаар түүнийг зуурч, гарыг нь мушгиж байж алтан гинжийг нь дээрэмдэж авсан үйлдлийг прокуророос “хүч хэрэглээгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.                

Хохирогч шүүгдэгчийн өөрийнх нь эсрэг хийсэн нийгэмд аюултай, идэвхтэй гэмт үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Дээрэмдэх гэмт хэрэг нь нийгмийн хор аюул өндөр, ноцтой гэмт хэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Гийг бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.    

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нээлттэй хорих ангид ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.         

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч А.Баярсайхан, Г.Ариунтуяа, Г.Содбилэг, иргэний нэхэмжлэгч Ө.Энхээ нарт учирсан хохирлыг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ардын эрхийн ХААН банкны Экспресс АТМ-ын тухайн хэрэг болсон байдлыг харуулсан бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй болно.