Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 580

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гэд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Гэд холбогдох 1809052890014 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Бгийн Г, 1998 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан.

Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Ай лофт” бааранд хохирогч Г.Содбилэгийн өмчлөлийн гээгдүүлсэн “Самсунг галакси Эс-8” загварын гар утсыг завшиж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай лофт” баарны гадна иргэн Г.Ариунтуяагийн хүзүүндээ зүүсэн байсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хаан” банкны салбар АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч А.Баярсайханы “Самсунг Эс-6” загварын гар утас, бэлэн 710.000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Бгийн Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б. Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хугацаатай хорих ялаар дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаатай хорих ял болгон сольж, түүний нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Г нь бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Эхнэр маань саяхан төрж нярай хүүхэд, эх хоёрыг асран хамгаалах хүнгүй, ар гэрийн нөхцөл байдал хүнд байна. Хүн болгоны хүсээд ирдэггүй аз жаргалыг олж амьдралын утга учир нь үр хүүхэд, гэр бүлд байдаг гэдгийг ойлгож ухаарч байна. Эцэг болно гэдэг амьдралын утга учир, урам зориг, итгэл найдвар өгч сайн эцэг, сайн хань байна гэдэгтээ өөртөө итгэлтэй байна. Гэнэн томоогүй насандаа алдаа хийж найз, нөхдөө буруу сонгож, амьдралын үнэ цэнийг ойлгож ухаараагүй буруу бодож явжээ. Миний бие гэмт хэрэг ямар их хор уршигтай гэдгийг ойлгож, ухаарч байна. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Б.Г нь ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 1 сартай нярай хүүхэдтэй, эхнэр нь дөнгөж амаржсан, биеийн байдлын хувьд байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргасан. Б.Г нь хохирогч А.Баярсайханы 710.000 төгрөгийг дээрэмдэж авсан үйлдэлдээ хүч хэрэглэсэн, хэрэглээгүй талаар маргадаг. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзана. Б.Г нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Сүүлд болсон шүүх хуралдаанд 3 удаагийн үйлдлээр орж ирсэн нь түүний хувийн байдалд тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хаан” банкны салбар АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч А.Баярсайханы “Самсунг Эс-6” загварын гар утас, бэлэн 710.000 төгрөг зэргийг хүч хэрэглэж, авахаар довтолж, дээрэмдсэн,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ай лофт” баарны гадна иргэн Г.Ариунтуяагийн хүзүүндээ зүүсэн байсан алтан гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “Ай лофт” бааранд хохирогч Г.Содбилэгийн өмчлөлийн гээгдүүлсэн “Самсунг галакси Эс-8” загварын гар утсыг завшиж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч А.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр үед орлого хийх гээд халаасанд байсан 800.000 төгрөгийг гартаа барьсан зогсож байтал үүдэнд таарсан үл таних залуу хажуугаар орж ирээд юм оролдоод намайг тэвэрсэн. Тэвэрч байх үедээ миний зүүн талын халаасанд байсан “Самсунг Эс-6” загварын гар утсыг авч байхыг би мэдэрсэн. Би тэгээд “Чи боль” гэж хэлээд байж байхад миний гарт байсан бэлэн мөнгөнөөс зуурч эхлээд надтай ноцолдож эхэлсэн. “Самсунг Эс-6” загварын гар утас болон 710.000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн үед булаацалдаж байгаад 90.000 төгрөгийг би өөрөө авч үлдсэн...” гэх (хавтас хэргийн 9-10, 121),

хохирогч Г.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үүдэнд очиж утсаар ярьчихаад буцаад орох гэхэд өөдөөс үл таних залуу надаас “Цуг явж байгаа найзынхаа дугаарыг өгчих” гэхээр нь би “Өөрөөс нь очиж аваач” гэж хэлсэн чинь намайг араас түлхээд баарнаас гаргасан. Тэгээд намайг цааш түлхээд хүзүүнд зүүлттэй байсан алтан гинжийг таслаад авахаар нь би цамцнаас нь зуураад “Гинжээ авъя” гэсэн чинь “Би аваагүй” гэж хэлээд миний гарыг мушгиж тавиулаад цааш зам гараад зугтаасан...” гэх (хавтас хэргийн 46-47, 120),

хохирогч Г.Содбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “...би текен дээр сууж байгаад халааснаасаа “Самсунг Галакси Эс-8” загварын гар утсаа алдсан. ...Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор хаана яаж алдсанаа мэдэхгүй байна...” гэх (хавтас хэргийн 90-93),

гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Найз маань надад хандан “түрүүн танилцсан нөгөө залуу чинь намайг баарнаас чирч гаргаад гар утас булааж аваад өгөхгүй байхаар нь ноцолдсоор байгаад арай хийж утсаа булааж авсан чинь хүзүүнд байсан алтан гинжийг минь тасалж аваад зугтчихлаа” гэж хэлсэн...” гэх (хавтас хэргийн 48-49),

гэрч Ө.Энхээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г гэх фэйсбүүктэй хүнээс “Самсунг Галакси Эс-8” загварын гар утас авахаар болсон. Тэгээд уулзаад гар утсыг нь үзтэл дэлгэцний дээд доод буланд цуурсан байсан болохоор үнийг нь буулгаад 530.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх (хавтас хэргийн 94),

шүүгдэгч Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. ...шалан дээрээс хар кейстэй гар утас олсон. Тэгээд би тэр гар утсыг халаасандаа хийгээд гэртээ харьсан. Бусдын эд зүйл гэдгийг мэдсэн мөртлөө олсон юм чинь гэж бодоод цааш нь зарчихсан. ...гар утсыг бие засах өрөөнөөс олсон. Тэгээд мөнгөний хэрэгцээ гарсан болохоор цааш нь дамжуулж зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...би тэр гинжийг халаасандаа хийгээд найзтайгаа архи ууж байгаад гэртээ харьж унтсан. ...өглөө сэрэхэд надад бэлэн 480.000-500.000 төгрөг байсан. Тэгээд тэр мөнгийг хэрэгцээндээ зарцуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлгүүд (хавтас хэргийн 71-72, 107-108, 131-132),

“Дамно” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн СБ1-19-17 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн СБ1-18-1784 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СБ1-19-122 дугаартай тайлангууд (хавтас хэргийн 35, 66, 101),

“Скайтел” компанийн 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 04/8025 дугаартай албан бичиг (хавтас хэргийн 97), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтас хэргийн 19-20), эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтас хэргийн 103-104) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн, бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гийн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн хоёр удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, ялыг нэмж нийт эдлэх ялыг 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд “оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх” талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ