Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2024/01192

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            03                                        210/МА2024/01192

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01116 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М-нд холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээ болон эвлэрлийн гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлж өгөхийг даалгаж, хохиролд 1,180,765,867 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, 121,316,699 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. М ХК болон М нарын хооронд 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* дугаар “санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 262,395 ам.доллароор үнэлж, сард 1 хувийн хүү тооцож, 120 сарын хугацаанд М нь 262,395 ам.долларыг түүнд ногдох хүүгийн хамтаар төлбөрийн хуваарийн дагуу М ХК-д төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулснаар М ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг М-нд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

1.2. Уг гэрээ санхүүгийн түрээсийн гэрээ нэртэй боловч зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Учир нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2-т заасан шаардлагад нийцээгүй. Иймд энэ харилцааг санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа гэж үзэхгүй. Харин талууд гэрээг бичгээр байгуулсан, мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээг тохиролцсон, хэсэгчлэн хийх хугацаа болон төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцсон, үнэ эсхүл үнийг тодорхойлох журмыг тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр, шаардлагад бүрэн нийцсэн. М ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг М-нд шилжүүлэхээр гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.

1.3. М ХК нь М-нд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нь төлөхөөс өмнө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд М үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилд байлгаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүй. Иймээс М ХК-ийн зүгээс удаа дараа шаардсанаар талууд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1612/01 дугаар эвлэрлийн гэрээг байгуулж, М нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор 380,000,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу М ХК-д төлж, зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон боловч мөн уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.4. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу М ХК нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр М-той байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үүргийн биелэлттэй холбоотой байгуулсан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1612/01 дугаар эвлэрлийн гэрээнээс тус тус татгалзаж, Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжоэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

1.5. Дээрх гэрээнүүдээс татгалзсантай холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хохиролд 925,341,215 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсаны хохиролд 89,651.62 ам.доллар буюу 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. М нь өөрийн гэсэн байргүй байсан бөгөөд эрх бүхий этгээдэд хандсаны үр дүнд Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нийт 308,7 м.кв талбайн 1 м.кв талбайг 850 ам.доллар буюу нийт 262,395 ам.доллароор худалдан авах асуудлаар Ж ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, урьдчилгаа 50,000,000 төгрөгийг уг компанид төлсөн. Гэвч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд санхүүгийн хүндрэл гарсан тул санхүүгийн эх үүсвэр олох асуудлыг судалж, М ХК-аас өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг хийхэд хамтран ажиллах санал тавьсныг хүлээн авч, хамтын ажиллагааны гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээг тус тус байгуулсан.

2.2. Маргаан бүхий эд хөрөнгүүд анхнаасаа буюу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед М ХК-ийн өмчлөлд байгаагүй. М ХК болон Ж ХХК-ийн хооронд 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөө гэрээ байгуулагдаагүй, хожим М-ноос 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 208 тоот албан бичигт дурдсан хүсэлтээр хийгдсэн, М ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь нотлогдож байгаа. Нэг талаас байрны үлдэгдэл төлбөртэй холбоотой санхүүгийн хэрэгцээгээ хангуулах М-ны хүсэл зоригийг М ХК хүлээн зөвшөөрч, нөгөө талаас Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг М ХК-аар хийлгэх тухай тус компанийн хүсэл зоригийг М хүлээн зөвшөөрч санхүүгийн түрээсийн гэрээ, хамтын ажиллагааны гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцүүлэн байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн.

2.3. М нь худалдан авч байгаа байрны төлбөрийн үлдэгдэл болох 262,250,046 төгрөг (220.378.19 ам.доллар) төлөх санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байсан. Энэ төлбөрөөс М ХК 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 67,899 ам.доллар буюу 79,570,838 төгрөг, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 100,000 ам.доллар буюу 117,199,000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 75,525,017 төгрөг, нийт 272,294,855 төгрөгийг Ж ХХК-д бодитоор төлсөн.

2.4. Санхүүгийн түрээсийн гэрээг 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан байхад тус гэрээний хавсралт 1-д түрээсийн хүүг 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс төлөхөөр заасан нь дээрх хуульд заасан журмыг зөрчсөн. Хүчин төгөлдөр бус хэлцлээр хүү тооцохоор тохиролцсон бол гэрээний уг зохицуулалт мөн хүчин төгөлдөр бус болох тул хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар М ХК-аас М-ны Ж ХХК-д төлөх ёстой байсан мөнгөн төлбөрийг төлсөн бөгөөд уг үүрэг биелүүлснээс М ямар нэгэн ашиг олоогүй. Иймээс М-ны М ХК-аас Ж ХХК-д төлсөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүүг төлөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

2.5. Үүрэг үүсэх үндэслэлийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлд нэрлэн заасан бөгөөд М ХК нь М-ны нэрийн өмнөөс тус холбооны худалдан авч байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг Ж ХХК-д шилжүүлснээр тухайн мөнгийг буцаан төлөх үүрэг М-нд үүссэн гэж үзнэ. Иймээс бид мөнгөн төлбөрийн тооцооллыг дээр дурдсан үүрэг үүссэн хугацааны ханшаар тооцсон болно гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

3.1. М нь Ж ХХК-тай г плаза барилгад ****, **** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар тус компанитай харилцан хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөрт 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр төлөхөд манайд санхүүгийн хүндрэл гарч М ХК-тай тохиролцож, санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, М, Ж-аас худалдан авч байгаа байрныхаа төлбөрийн үлдэгдлийг санхүүжүүлэхээр болсон.

3.2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой гэрээнүүдийг тайлбарлах шаардлагатай. М ХК-ийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг бодитой өмчлөх хүсэл зориг байгаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа өмчлөх хүсэл зориг М-нд байсан учраас Өмгөөлөгчдийн холбоо гэрээ хийсэн. Нийт 262,000 гаруй ам.долларын үнэтэй барилгын 17 хувийг манайх төлсөн. Үлдсэн 200,020 гаруй ам.долларыг нэхэмжлэгч хөрөнгө оруулсан. Ингээд санхүүгийн түрээсийн гэрээ хийх болсонтой холбогдуулан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг Ж ХХК, М ХК хоёрын хооронд дүр үзүүлж гэрээ хийгдсэн. Энэ гэрээ Иргэний хууль тогтоомж, талуудын үндсэн хүсэл зориг тохиролцоонд хүрээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

3.3. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр М-той санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнд үндэслэж хүү тооцож авсныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. М нь М ХК-д нийт 262,250,046 төгрөгийг төлөх үүрэгтэй. Байрны төлбөрт манайх 51 удаагийн гүйлгээгээр нийт 383,566,745 төгрөгийг төлсөн байна. Төлсөн мөнгө нь төлөх ёстой мөнгөнөөс 121,316,669 төгрөгөөр илүү байна. М ХК нь Даатгалын тухай хууль тогтоомжид заасан даатгалын компанийн хуулиар хүлээсэн үүргийг зөрчиж хэлцэл хийсэн. М ХК санхүүгийн туслалцаа үзүүлсний хариуд М өөрсдийн гишүүдийн хариуцлагын даатгалаар даатгуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээг үндэслэн хүү тооцож даатгалын үйл ажиллагаа явуулах санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах хуулиар тогтоосон үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т заасан харилцааг үүсгэсэн гэрээ хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ж ХХК болон М ХК-ийн хооронд барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулагдсан. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн.

3.4. Өмчлөх эрх үүсэх нөхцөл хуулийн дагуу байх ёстой. М ХК дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, мөн М-ны Ж ХХК-д төлөх төлбөрөөс 121,316,699 төгрөгийг илүү тооцож авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах 190,7 м.кв талбатай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нийт 308.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан 121,316,699 төгрөгийг М ХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М-г тогтоох шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр М-г тогтоохын тулд эхлээд М ХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэдгийг тогтоох шаардлагатай. Манай компани үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу олж авсан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хуульд нийцүүлээгүй гэж үзэхгүй. Үндэслэл нь тухайн компани 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ж ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус болохыг тооцон өмчлөх эрхийг олж авсан гэж гаргаж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд “дүр үзүүлж хийсэн хэлцэл” тодорхой үр дүнд зориулж хийсэн бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлнэ гэж тайлбарласан. Гэрээнд заасан үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг манай компанид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг хүлээн зөвшөөрөхгүй. М байрыг өмчлөх хүсэл зорилготой байсан байж болно. М Ж ХХК-тай 2007 оны 09 дүгээр сард гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл энэ гэрээ хэрэгт авагдаагүй. Тийм учраас барилгад хөрөнгө оруулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Манай компани үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хууль ёсоор олж авсан. Улсын бүртгэл дээр журмын дагуу бүртгүүлсэн.

4.2. 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ нь агуулгын хувьд зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм. Манай компани өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлээд захиран зарцуулах эрхтэй. Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэхэд Банкны тухай хуульд зааснаар банк тусгай зөвшөөрөл авдаг, бусад этгээд санхүүгийн тусгай зөвшөөрөл авдаггүй. Манайх өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө өөрийн үзэмжээрээ захиран зарцуулж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах 190,7 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-********* дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, **** тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-******** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг М ХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөхийг М-нд даалгах, 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны хохиролд 925,341,215 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 164 сарын хугацаанд эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсны хохиролд 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөгийг М-ноос гаргуулах тухай М ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах 190,7 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-********* дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, **** тоот хаягт байрлах 118 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-******** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр М-г тогтоож, зохих бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан М ХК-аас 93,929,089 төгрөг гаргуулан М-нд олгож, үлдсэн 27,387,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч М ХК-ийн төлсөн 15,046,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, М-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,323,658 төгрөгөөс 767,997 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,555,663 төгрөгийг улсын орлогоос, М ХК-аас 767,997 төгрөгийг тус тус гаргуулан М-нд олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүхэлдээ нийцээгүй. Шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг ямар үндэслэлээр, аль нөхцөлд нь хамаарч байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Эвлэрлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээr үндэслэн хийгдсэн хэлцэл бөгөөд уг санхүүгийн хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон үндэслэл нь тодорхойгүй тул түүнийг мөн хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэдэгт талууд анхнаасаа маргаагүй бөгөөд талуудын хэн аль нь уг гэрээнээс татгалзсан талаар мөн маргадаггүй. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр хэлцлээс талууд татгалзах болохоос, хүчин төгөлдөр бус хэлцлээс татгалзах ойлголт байхгүй. М нь уг хэлцлээс татгалзах үндэслэлээ удаа дараа тайлбарлахдаа манай байгууллагад ашиггүй болсон учраас татгалзаж байна гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. М ХК-ийн хувьд уг гэрээг хэрэгжүүлэх үүргээ М биелүүлээгүй учир татгалздаг. Өөрөөр хэлбэл, талууд эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэдэгт маргаагүй бөгөөд талуудын маргаангүй үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн нь талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхийн тулд талуудын хооронд үүссэн маргаантай байгаа гэрээний эрх зүйн харилцааны талаар дүгнэлт хийх ёстой байсан боловч дүгнэлт хийлгүйгээр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж шууд үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй. Шүүх ямар үндэслэлээр зээлээр худалдах, худалдан авах гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж шууд үзэж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэгч нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй нь нотлогдож байна гэх үндэслэлээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаатуулах шийдвэрийг шүүхээс урьдчилан гаргасан байсан гэж үзэхэд хүргэж байна. Хэрэв шүүхээс талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн аль нэг нөхцөл бүрдүүлсэн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу шийдвэрлэх ёстой байхад дүгнэлт хийгээгүй.

М ХК нь Ж ХХК-тай байгуулсан гэрээгээр ****, **** тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 262,395 ам.доллаар худалдан авч, Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч болж, 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулсан үйл баримт тогтоогдсонд талууд маргаагүй. Энэ үйл баримтыг шүүхийн хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн дүгнэлт болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн зохицуулалттай харьцуулан үзэхэд ****, **** тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн эзэмшил, ашиглалтыг М ХК-д шилжүүлэх үүрэг Монголын Өмгөөлөгчийн холбоонд үүсэх байтал шүүхээс хэргийн бодит нөхцөл байдал болон шаардлагатай хуулийн зохицуулалтыг хэрэглэж, дүгнэлт өгөөгүйгээс тус шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон.

6.2. М нь Ж-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан болох нь тогтоогдож байхад зохигчдын хооронд 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх боломжгүй ба М нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг 2 өөр байгууллагаас худалдан авах боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ болон хамтын ажиллагааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтээ үгүйсгэж, М нь үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх санхүүжилтийн хэрэгцээгээ хангуулах, өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагыг М ХК-аар хийлгэх агуулга бүхий хэлцлийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүрээнд агуулгыг өөрсдөө тодорхойлон байгуулсан байна гэсэн утгатай дүгнэлт хийсэн нь хуулийн зөрчилтэй дүгнэлт болсон. Түүнчлэн шүүх Ж ХХК болон М-ны хооронд 2007 онд байгуулагдаж, цуцлагдсан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний харилцаа нь М-г төлөөлөн түүний өмнөөс М ХК өөрийн нэрээр шинэчлэн байгуулагдсанаар үргэлжилсэн мэтээр үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, тухайн гэрээний харилцаанаас үүсэх үүргийг шаардахад чиглэсэн эрхүүд бүгд нэгэн адил дуусгавар болдог хууль зүйн үр дагаврыг шүүх аль хуулийн, ямар зохицуулалтаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээний хөрөнгө оруулагчийн нэрийг М гэснийг М ХК гэж өөрчлөн сольж, төлбөрийн үүргийг М ХК-аар бүхэлд нь гүйцэтгүүлснээр үргэлжилсэн гэж үзэж, улмаар уг гэрээний үр дагавар буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь М ХК-д биш М-нд үүсэх үндэслэлийг бүрдүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд аль ч хуулийн, ямар ч зохицуулалтад нийцэхгүй.

6.3. Анхан шатны шүүх М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2007 онд Ж-аас худалдан авсан үйл баримтыг М ХК нь мэдсээр байж 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байгаа нь үндэслэлгүй гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт нийцээгүй. Ж ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрийг нь бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан М ХК-ийн өмчийн эрхийг хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн. М ХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшилдээ авч, уг эзэмшлээ 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээний дагуу М-нд шилжүүлсэн байтал шүүх "М-нд ...худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилд шилжүүлэх үүргээ Ж ХХК биелүүлсэн байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй. М нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс М ХК нь хариуцагчтай байгуулсан гэрээнээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлд заасан журмын дагуу татгалзсан тул шүүхийн “...хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байна...” гэх дүгнэлт хуульд нийцэхгүй. Шүүх 2007 онд цуцлагдсан гэрээний дагуу М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар М-г М ХК-ийн хууль ёсны өмчлөх эрхтэй хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийн 204, 205, 109, 110, 243 дугааp зүйлүүдэд заасан зохицуулалтуудыг илтэд зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан. Нэг эд хөрөнгийг 2 этгээдээс худалдан авах гэрээ хийх нь үүргийн хэлцлийн хувьд гэрээний чөлөөт байдлын зарчим тул талууд биелүүлж чадах эсэхээс үл хамаарах агуулгаараа гэрээ байгуулах боломжтой байдаг гэсэн эрх зүйн агуулгыг зөрчсөн дүгнэлт болсон. Өмчийн эрх зүйн үүднээс зөвхөн өмчлөгчийн шилжүүлэг л хүчин төгөлдөр үйлчилдэг байтал эрх зүйн эдгээр ойлголтууд, хуулийн зохицуулалтуудыг дээрх дүгнэлтээр зөрчсөн.

6.4. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ хэмээн нэрлэсэн гэрээг хууль болон бусад холбогдох эрх зүйн зохицуулалтын хүрээнд авч үзвэл санхүүгийн түрээсийн гэрээ бус зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад хамаарах буюу тус гэрээний шинжийг илүүтэй хангаж байгаа гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээ гэх тус гэрээ нь санхүүгийн түрээсийн гэрээ юу эсхүл зээлээр худалдах, худалдан гэрээний аль төрөлд хамаарах гэдгийг тогтоох нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд маш чухал болохыг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон тайлбараар тодорхой тайлбарладаг. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1.1, 5.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон гэрээний 1.6-д тус тус заасны дагуу талууд төлбөр төлөх хугацааг 120 сар байхаар тохирсон нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй. Эдгээр хуулийн зохицуулалтыг М ХК болон М-ны хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ нь хангаснаар тус гэрээ албан ёсоор санхүүгийн түрээсийн гэрээ болох юм. Гэтэл шүүхээс эдгээр зохицуулалтыг алийг ч шалгаж үзээгүй нь шийдвэрт гомдол гаргах нэг үндэслэл болно. Бодит байдал дээр гэрээний заалт бүрийг тодорхой шалгахад санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх ямар ч үндэслэлгүй, гэрээнд тусгагдах хуульд заасан бүхий л шаардлага хангагдахгүй байхад шүүхээс санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 болон 56.1.10-т заасныг тус тус заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл болно хэмээн дүгнэсэн нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Манай талаас талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний хүрээнд М ХК нь М-нд үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөхөөс өмнө эзэмшил, ашиглалт шилжүүлэх үүргийг, М нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүргийг хүлээсэн байна. Энэ нөхцөл байдал талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг бүрэн хангаж байгаа тул тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байгааг шүүхээс мөн харгалзан үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон боловч мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар даатгагч нь Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчийн үйл ажиллагааг зохистой явуулах зорилгоор гаргасан журмын хүрээнд, даатгалын үндсэн үйл ажиллагааны зорилгод харшлахгүйгээр, бизнесийн үйл ажиллагаа явуулж болдог.

М ХК нь даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг нөхцөл байдал нь тухайн хуулийн этгээдийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх олж авах, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгөө бусдад зээлээр худалдан борлуулах эрхийг хязгаарлахгүй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд бус аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхээ эдлэх нь ямар нэгэн хуулийг зөрчихгүй юм.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үүргийн зөрчил үүсгэсний улмаас талууд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг ч хариуцагч мөн л уг гэрээнд заасан үүргээ, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, улмаар талууд уг гэрээнээс татгалзсан. Уг эвлэрлийн гэрээ, түүний хавсралтаар М-ны төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлж, уг төлбөрийг бүрэн барагдуулах замаар М нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах талаар тохиролцсоноос үзэхэд ч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч М ХК болохыг харилцан хүлээн зөвшөөрсөн хэлбэр төдийгүй, өмчлөх эрхийн улсын эрхийн бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр гэдэгт маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. М нь эвлэрлийн гэрээг санхүүгийн тооцооллын тухайд өөрт ашиггүй гэх үндэслэл, тайлбар гаргаж гэрээнээс татгалзсан ч үүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд “Монгол даатгал” ХХК-д төлбөл зохих үнийн дүнг гаргаж мэтгэлцдэггүй. Харин нэхэмжлэгч М ХК нь эвлэрлийн гэрээгээр тогтоосон хугацаанд, тохирсон төлбөрийг төлөөгүй үндэслэлээр уг гэрээнээс татгалзсан.

Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн өмч болох нь тогтоогдсоор байхад шүүх хууль зүйн үндэслэлгүйгээр М-ны өмч гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэгэнт М нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнийг зохих ёсоор төлөөгүй тул М ХК нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй ба өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн хөрөнгөө Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу М-ны хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

М ХК нь гэрээнээс татгалзаж байгаа тул М нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар нь М ХК-д буцаан өгөх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй үүргийн гүйцэтгэлийг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

6.5. М ХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлж М-ны эзэмшил, ашиглалтад өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл эзэмшиж ашигласаар байгаа тул эзэмшиж,  ашигласантай холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг зах зээлийн дундаж ханшаар тооцож 925,341,215 төгрөг, элэгдлийн хохиролд 89,651.62 ам.доллар буюу 255,424,652 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. М нь өөрийн гэсэн ажлын байртай болох хэрэгцээ шаардлага байсан учраас 2007 онд Ж ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Харин Ж ХХК, М ХК нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг үзэж судлах, үнэ хөлсний талаар тохиролцох, хэрэгцээ боломжоо илэрхийлэх бодит харилцаа үүсээгүй нь хэргийн баримтаас харагдана. М өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дамжуулж, цааш нь худалдах, худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх хүсэл зориг байгаагүй. Тийм учраас М ХК, М-ноос гэрээг шилжүүлж, огноогоор нь гэрээ хийхдээ үл хөдлөх эд хөрөнгийн байршил, үнэ цэнэ бүх зүйлийг анхаараагүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж байна. Давж заалдах гомдол гаргаж байгаагийн гол үндэслэл нь санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нь арилжааны шинжтэй бөгөөд зөвшөөрөлгүй хэлцэл учраас нэхэмжлэгчийн хувьд боломжгүй. Тийм учраас зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдэг ор үндэслэлгүй, огт байхгүй зүйлийг гаргаж ирж байгаа нь ямар харилцаа болсон гэдгийг илтгэж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь өөрийн гэсэн шинжүүдтэй байдаг. Өмчлөгч нь худалдагч байх ёстой. Гэтэл М ХК нь байрны хувьд хэзээ ч тийм эрхтэй этгээд байгаагүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байхын тулд худалдагч, худалдан авагч тал харилцан үүрэг хүлээсэн шинжээрээ холбогдож байх ёстой, тийм зүйл байхгүй, мөн гэрээний үнийг худалдан авагч өмчлөгчид хожим төлдөг. Гэтэл М жинхэнэ өмчлөгчид 17 хувь болох 50,000,000 төгрөгийг төлсөн байсан. Тийм учраас энэ харилцаагаар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр хийнэ гэж заасан. Гэтэл яг тийм агуулгыг илэрхийлсэн бичгээр хийсэн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байхгүй. Улсын Дээд шүүхийн тайлбарт зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байж чадахгүй гэж тодорхой үндэслэл бүхий тайлбарласан. Дээрх олон шинжүүдээр зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь зохиомол, оргүй хоосон, байхгүй гэдэг нь харагдаж байгаа. Анхны буюу 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр М ХК энэ харилцаанд орж ирээгүй байхгүй үед манайх хэлцлийнхээ гол нөхцөлийг тохиролцоод 17 хувийн урьдчилгаа төлсөн байсан. Дараа нь санхүүгийн хэрэгцээ шаардлага бий болоод 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 төрлийн хэлцэл хийсэн. Энэ нь М өмч хөрөнгөтэй, өөрийн гэсэн ажлын байртай болох үндсэн хэлцэл, үндсэн харилцааг дагалдаж хийгдэж байгаа санхүүгийн хэрэгцээгээ хангах хэлцэл юм. 51 удаагийн гүйлгээгээр төлбөрөө бүрэн төлөөд дуусчихсан, бүр илүү төлсөн болох нь нотлох баримтаар авагдсан. М-ны хүсэлтээр захиалагч нь худалдан авагч талын нэрийг гэрээнд сольж өгсөн. Энэ нь 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж огноологдсон хүсэлтээс үүдэлтэй. Энэ хүсэлтээр жагсаасан цаг хугацааны хувьд талуудын худалдах, худалдан авах гэрээнээс дэндүү хойшоо байгаа гэж харагдаж байгаа. Энэ бүхнийг анхан шатны шүүх бүхэлд нь дүгнэж шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал бүрэн биелэгдсэн. Шүүх нотлох баримтыг нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг буруу зөрүү үнэлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шийдлийн хувьд өөрчлөгдөх зүйл байхгүй.

7.2. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг баримтлаагүй гэж гомдол гаргаж байна. Зохигчийн хооронд санхүүгийн гэрээ, хамтын ажиллагааны гэрээ гэсэн 2 гэрээ байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахад түүний үгийн шууд утгыг анхаарна. Гэрээний тодорхой нэг нөхцөл ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий нөхцөлийн агуулгатай харьцуулан тайлбарлана. Тийм учраас 2 гэрээнд маш олон заалтаар ямар харилцаа үүссэн, талуудын хүсэл зориг юу вэ гэдгийг тодорхой дурдсан байгаа учраас шүүх дээрх 2 гэрээний зохицуулалтыг үндэслээд маргааныг шийдвэрлэсэн нь хууль ёсны байсан. Эвлэрлийн гэрээнээс татгалзсан гэж байна. Нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнээс татгалзаад анхны гэрээгээр авъя гэдэг. Манай талаас ч гэсэн эвлэрлийн гэрээ хуульд нийцээгүй учраас бид татгалзана гээд энэ гэрээний асуудал огт яригдаагүй, шийдэгдээгүй. Өнөөдөр давж заалдах шатны шүүх дээр орж ирчихээд эвлэрлийн гэрээний талаар яриад байгаа нь хэрэгт хамааралгүй, үндэслэлгүй тайлбар гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.

7.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс М хүсэл зоригоо гүйцэлдүүлэх боломжгүй байсан, төлбөрийн чадваргүй байсан гэж байна. Бид төлбөрийн асуудлаа шийдэх гэж энэ гэрээг байгуулсан. М урьдчилаад төлбөрийн 17 хувийг төлсөн, үлдсэн хэсэгтээ санхүүжилт олохын тулд тухайн санхүүжилтийн гэрээг хийсэн. Энэ гэрээний явцад М-ноос нийт 300,000,000 гаруй төгрөг төлсөн. М ХК-аас шилжүүлсэн үндсэн төлбөрөөс 90,000,000 гаруй төгрөгөөр илүү төлөлт хийсэн. Хүсэл зоригоо гүйцэлдүүлэх боломж байгаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримт. Энэ хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад эвлэрэн хэлэлцэх саналыг нэхэмжлэгчид удаа дараа тавьсан боловч хүлээн авдаггүй. М-ноос харилцаа эхлэхэд 17 хувийн төлбөрийг төлсөн. Түүнээс гадна үе шаттайгаар 51 удаа төлбөр төлсөн. Энэ нь зөвхөн М-ны хүсэл зориг биш, тус холбооны эд эс болж байгаа бүх өмгөөлөгчийн хүсэл зориг байсан. Өмгөөлөгчдийн сайн дурын хандив, гишүүнчлэлийн хураамжийг 1 жилээр урьдчилж төлүүлэх уриалга дэвшүүлж, өмгөөлөгч болгон хувь нэмрээ оруулж, энэ хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж байсан. М ХК нь М-ны үйл ажиллагаа явуулж байгаа байранд биечлэн ирэх, тухайн байрны шинж чанар, тасалгаа, м.кв, зай багтаамжийн талаар тодруулж, худалдаж байгаа гэх байгууллагатай харилцаанд ороогүй. Харин М-ны зүгээс жил бүр, үе шаттайгаар, удаа дараа засан сайжруулалт, өөрчлөлтийг хийсээр ирсэн. Энэ харилцааг зөв үнэлж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч чадаагүйг залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч М-нд холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн санхүүгийн түрээсийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээнээс татгалзаж, Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас албадан чөлөөлөхийг даалгаж, хохиролд 1,180,765,867 төгрөг гаргуулахаар шаардсан. /1хх1-2, 192-196, 2хх206-212, 3хх112-116, 4хх107-124/

Дээрх шаардлагыг хариуцагч М нь эс зөвшөөрч, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, илүү төлсөн 121,316,699 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /2хх79-81, 4хх122-128/

3. Зохигчид 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч М ХК нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж ХХК-ийн Г оффис цогцолбор дахь ** дугаар давхарын 308,7 м.кв талбайг түрээслэгч М-ны ашиглалтад 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 10 жилийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч М нь түрээсийн төлбөр болон хүүг хуваарийн дагуу төлөх, төлбөрийг бүрэн төлж дууссанаар өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ./1хх9-12/

3.1. Дээрх гэрээний харилцааг нэхэмжлэгч талаас зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж, хариуцагч талаас санхүүгийн түрээсийн гэрээ гэж тус тус маргасныг анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

3.1.а. М нь Ж ХХК-тай 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх тухай гэрээг байгуулж, Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, мөн **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг захиалж, гэрээний төлбөрийн урьдчилгаанд 42,016 ам.доллар буюу 50,000,000 төгрөгийг 2007 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн боловч гэрээнд заасан төлбөрийг төлөх боломжгүйгээс 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ж ХХК-д хөрөнгө оруулагчаас татгалзаж байгаагаа мэдэгдэж, хөрөнгө оруулагчийг М ХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргажээ.

3.1.б. Үүний дагуу М ХК нь Ж ХХК-тай 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэд 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 67,899 ам.доллар буюу 79,570,838 төгрөг, 2008 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 100,000 ам.доллар буюу 117,199,000 төгрөг, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 75,525,017 төгрөг, нийт 272,294,855 төгрөгийг Ж ХХК-д төлсөн байна.

Улмаар 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХК дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдэж, түүнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

3.1.в. М нь М ХК болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж маргасан нь үндэслэлгүй. Тэрээр Ж ХХК-тай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, эрх, үүргээ М ХК-д шилжүүлсэн бөгөөд М ХК нь төлбөр төлөх үүргийг бүрэн биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг Ж-аас өмчлөлдөө шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчим, мөн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох зохицуулалтад нийцсэн. Өөрөөр хэлбэл уг харилцаа нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй болно.

3.1.г. Түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу барилга байгууламж, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэрэг ашиглалтын явцад үндсэн шинж чанараа алддаггүй, үндсэн хөрөнгөд хамаарах биет эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх харилцааг санхүүгийн түрээс гэж ойлгодог.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, нэг талаас түрээслүүлэгч М ХК нь түрээслэгчийн захиалгын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд, төлбөртэйгээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө талаас түрээслэгч М нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

4. Нэхэмжлэгч М ХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд хариуцагч М нь нэхэмжлэгчийг санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй учир тэдгээрийн хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

4.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 3/2745 дугаар албан бичигт “Даатгалын багц дүрмийн 16 дугаар хавсралт даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааварт даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлсон байдаг, санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нь дээрх зааварт зохицуулсан даатгалтай холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй байх тул даатгалын компани санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй” гэж дурдсан байна.

Даатгалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Даатгагч нь Монгол улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тодорхойлсноор "даатгалын үйл ажиллагаа" нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагаа байна. Түүнчлэн мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Даатгагчийн эрхлэх даатгалтай холбоотой үйл ажиллагааг даатгалын багц дүрмээр тодорхойлно” гэж заасан ба Даатгалын багц дүрмийн 16 дугаар хавсралт болох Даатгалтай холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааварт тодорхойлсон даатгалтай холбоотой үйл ажиллагаа болох 18 төрлийн үйл ажиллагаанд санхүүгийн түрээс хамаарахгүй байна.

4.2. Нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтаар санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэнэ.

Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тусгагдсан даатгагчаас “урьдчилгаа болон зээлтэй холбоотой” үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон зохицуулалтад санхүүгийн түрээс хамаарахгүй учир хууль зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь тухайн хориглосон зохицуулалтад санхүүгийн түрээс хамаарахгүй байх хэдий ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан "хууль зөрчсөн" үндэслэлд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөнөөс гадна хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал мөн хамаарна.

4.3. Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийн талаар харилцан тохиролцсон байх боловч санхүүгийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул эвлэрлийн гэрээгээр эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх зэрэг үр дагавар үүсгэсэн гэж үзэхгүй болно.

4.4. Мөн талууд 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, М нь өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын даатгалыг М ХК-аар даатгуулах ажлыг зохион байгуулж нэг жилд 72,000,000 төгрөгөөс багагүй хэмжээний хураамжийг төвлөрүүлсэн нөхцөлд М ХК нь санхүүгийн түрээсийн гэрээний дагуу зохих хүү, төлбөр төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг М-нд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байх ба уг үйл баримт зохигчийн маргааны зүйл болоогүй байна. /1хх 16-20/

5. Гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд талуудад эрх, үүрэг үүсэхгүй бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

5.1. Нэхэмжлэгч М ХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч М-ны эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч М нь 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөр болон хүүнд 356,326,745 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон.

5.2. Дээрх хуулийн зохицуулалтаар М ХК нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч М-ноос буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлээс Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч М-ны эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.3. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 383,566,745 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 27,387,610 төгрөгийг хасч 356,179,135 төгрөг, үүн дээр хариуцагчаас Ж ХХК-д төлсөн 50,000,000 төгрөгийг нэмж нийт 406,179,135 төгрөгийг нэхэмжлэгч М ХК-аас гаргуулж хариуцагч М-нд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж үзлээ. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр өмгөөлөгчдийн даатгалын хураамжид төлсөн 27,387,610 төгрөгийг буцаан шаардах эрхгүй гэж дүгнэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн дүгнэлтийг хэвээр үлдээж, уг мөнгөн дүнг дээрх байдлаар тооцно.

Өөрөөр хэлбэл  хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагаврыг нэг мөр шийдвэрлэж, нэхэмжлэгч М ХК-аас 406,179,135 төгрөг гаргуулан хариуцагч М-нд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

5.4. Хариуцагч М нь үл хөдлөх эд хөрөнгийг бодитой өмчлөх хүсэл зориг М ХК-д байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа өмчлөх хүсэл зориг М-нд байсан, анх Ж ХХК-д барилгын үнэ 262,000 гаруй ам.долларын 17 хувийг төлсөн, М ХК-д нийт 383,566,745 төгрөг төлсөн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буйг хангах боломжгүй. Учир нь, хариуцагч нь Ж ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсан тул тухайн эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэх бөгөөд нэхэмжлэгчтэй байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд тэрээр санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийн өмчлөгчөөр тогтоолгох буюу гэрээний үүрэг шаардах эрхгүй.

6. Түүнчлэн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны хохиролд 925,341,215 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны улмаас элэгдүүлж, хорогдуулсны хохиролд 89,651.62 ам.доллар буюу 255,424,652 төгрөг, нийт 1,180,765,867 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй. Учир нь, эдгээр төлбөр нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах шаардлага болох “орлого, үр шим, тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээснээс нөхөн төлбөрт авах зүйл”-д хамаарахгүй байна. Тодруулбал хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг түрээсэлж тодорхой үр шим хүртсэн байх хэдий ч нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй “Т” ХХК-ийн түрээсийн зах зээлийн дундаж үнээр үр шимийг тодорхойлохгүй болно. Мөн хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эвдсэн, устгасан, гэмтээсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул элэгдэл, хорогдлын хохирол шаардсан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн мөнгөн төлбөр гаргуулах шаардлагаас 93,929,089 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт нэхэмжлэгч М ХК-аас гаргуулж хариуцагч М-нд олгож шийдвэрлэсэн 406,179,135 төгрөгийн үнийн дүнд дээрх 93,929,089 төгрөг багтаж байгааг дурдах нь зүйтэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн, албадан чөлөөлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс 406,179,135 төгрөг гаргуулан хариуцагчид олгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2024/01116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Баянгол дүүргийн ****************** тоот хаягт байрлах, 190,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус барилгын **** тоот хаягт байрлах, 118 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус нэхэмжлэгч М ХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, чөлөөлөхийг хариуцагч М-нд даалгаж, нэхэмжлэгч М ХК-аас 406,179,135 төгрөг гаргуулан хариуцагч М-нд олгож, нэхэмжлэгч М ХК-ийн нэхэмжлэлээс 1,180,765,867 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг, хариуцагч М-ны сөрөг нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, 27,387,610 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...М ХК-аас 767 997 төгрөгийг тус тус гаргуулан М-нд олгосугай” гэснийг “нэхэмжлэгч М ХК-аас 627,595 төгрөгийг гаргуулж хариуцагч М-нд тус тус олгож, хариуцагч М-ноос 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгосугай.” гэж өөрчилж, 4 дэх заалтыг 2 гэж, 5 дахь заалтыг 3 гэж, 6 дахь заалтыг 4 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М ХК-аас төлсөн 15,046,034 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЭНЭБИШ

 

 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН