Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 172

 

 

М.Баянтөрд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд; 

Прокурор Н.Булганчимэг,

Ялтан М.Баянтөрийн өмгөөлөгч Б.Болортуяа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Баянтөрийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Баянтөрд холбогдох 201624000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Дүнгээ овогт Мөнхжаргалын Баянтөр, 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 161 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ИЦ77111274/,

М.Баянтөр нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Морингийн давааны хогийн цэг рүү явах замд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 10 минутын орчим “Бүти” ХХК-ийн эзэмшлийн “Kia Pamax” загварын, 41-58 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Kia Frontier” загварын, 67-23 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Д.Бат-Оргилын биед “баруун шилбэний шаант ясны дээд хэсгийн ил хугарал, зүүн түнхний үений далд хугарал, мултрал баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал” бүхий хүнд зэргийн гэмтэл, “Бүти” ХХК-д 1.200.000 төгрөгийн шууд, Т.Амармэндэд 1.838.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас М.Баянтөрд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Баянтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар М.Баянтөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Баянтөрд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Баянтөрт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Ялтан М.Баянтөрийн өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Баянтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь Хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээврийн хэрэгслийн ашиглалтын журмыг зөрчсөнөөс хохирогчийн биед гэмтэл учирсан байхыг шаардах энэ гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүнийг үгүйсгэх үндэслэл нь:

Хохирогч Д.Бат-Оргилын шууд буруутай, болгоомжгүй үйлдлийн улмаас энэ хэрэг гарах болсон. Д.Бат-Оргил нь хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан /1-р хх-141/, жолоодох эрхийн үнэмлэхгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь иргэний нэхэмжлэгч Т.Амармэндийн “тухайн осол болохоос өмнө миний автомашины хойд талын дугуйн тоормосны труб нь дотор талдаа цуураад, тос хаяаад байхаар нь шланкыг нь салгаад дээш нь сойгоод боочихсон байсан юм. Түүнээс хойш явж болохгүй байхаар нь гэрийнхээ хашаанд тавьсан.” /хх-2-р хх-89/ гэх мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 397 дугаар шинжээчийн дүгнэлт /1-р хх-35/, гэрч М.Мөнх-Очирын мэдүүлгээр тус тус нотлогдсон ба бусдын автомашиныг дур мэдэн жолоодож явсны улмаас М.Баянтөрийн жолоодож явсан автомашинтай мөргөлдөж, өөрөө гэмтэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан байхад эсрэгээр нь М.Баянтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. М.Баянтөрийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэх шинжээчийн дүгнэлтэд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд /шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй гэх хуулийн заалт байсаар байхад/ хэргийн нөхцөл байдалд хууль зүйн талаас нь дүгнэлт хийж чадсангүй.

М.Баянтөрд холбогдох хэргийг бүтэн жилийн хугацаанд шалгах явцад түүнийг эсрэг урсгал руу орсон гэсэн шинжээчийн дүгнэлтээр яллах дүгнэлт үйлдэж байсан бол хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар дахин шинжээчийн дүгнэлт гаргахдаа эсрэг урсгал руу ороогүй юм байна гэдгийг тогтоож, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт болох “...тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг шүүхээс үндэслэж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай. М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар 60 км цагийн хурдтай явах дүрмийн заалтаас бага буюу 20 орчим км цагийн хурдтай явж байсныг энэ хэргийн цорын ганц гэрч болох М.Мөнх-Очирын “М.Баянтөр ах 20 км цагийн хурдтай өөрийнхөө эгнээгээр явж байсан, гэнэт л цэнхэр өнгийн “Porter” загварын машин, доороос хурдтай давхиад гараад ирсэн”, мөн түүний удаа дараагийн “би 20 км цагийн хурдтай явж байгаад тэр машиныг хараад тоормосоо гишгэсэн” гэх мэдүүлгүүдээр М.Баянтөрийг тухайн үед хурд хэтрүүлээгүй, арга хэмжээ авсан болох нь тогтоогдсон байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой хуулийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Энэ талаар өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүхээс шууд үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй болохыг анхаарна уу. М.Баянтөр жолооч мэргэжилтэй, осол болох үед бага хүүхэд нь 1 нас 2 сартай байсан бөгөөд, 2-9 насны 3 хүүхэдтэй. Жолоо барьж амь зуулгаа авч явдаг байсан. Жолоодох эрхээ хасуулсан тул үр хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломжгүй болсон. Осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Хуульд заасан хурдны тогтоосон хязгаараас хэтрүүлээгүй тохиолдолд гэм буруутай гэж үзэх боломжгүй. Иймд М.Баянтөрд холбогдох үйлдэл холбогдол, хэргийн бодит нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн газар үзлэг хийж тэмдэглэл үйлдэхэд М.Баянтөр өөрөө А цэгийг зааж өгсөн байдаг. Зам тээврийн осол гарснаас хойш тээврийн хэрэгслүүд ямар нэг байдлаар хөдөлгөөн хийгээгүй гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Осол гарсан зам нь 8 метр өргөн бөгөөд М.Баянтөрийн явж байсан эгнээний эсрэг урсгалд ослын А цэг байдаг. Гэрч М.Мөнх-Очир “А цэгийг хөдөлгөөгүй, М.Баянтөр ах өөрөө зааж өгсөн” гэж мэдүүлсэн. М.Баянтөр өөрийн эгнээнд яваагүйгээс эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Уг хэрэг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цаг 10 минутын үед гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байхад осол гарсан. М.Баянтөр уруудаж авсан, харин хохирогч Д.Бат-Оргил өгсөж явсан. М.Баянтөр Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчөөгүй, хөдөлгөөний хурдаа зам, орчны нөхцөлд тохируулан явсан бол эсрэг урсгалд орж өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөлгүй явах боломжтой байсан. Хохирогч, шүүгдэгч нар аль аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Хохирогч Д.Бат-Оргил хэдийгээр тээврийн хэрэгсэл нь бүрэн бус, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан зүйлс анхан шатны шүүх хуралдаанд яригдаж, шүүх дүгнэлтээ хийсэн. М.Баянтөр тодорхой хэмжээгээр буруутай. Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчөөгүй хурдаа тохируулан явж байсан бол уг гэмт хэрэг гарахгүй байсан. Гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

М.Баянтөрд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явуулснаас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлжээ.

Учир нь Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 712 дугаар дүгнэлтээр “...М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэх заалтыг зөрчсөн, ...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.1 дэх хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, түүнийгээ өөрөө хариуцна.” гэсэн байдаг тул 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнийн 40 дүгээр (Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”) гэх дүгнэлт үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно гэж дүгнэжээ.

Гэвч техникийн шинжээч Д.Батзориг “...М.Баянтөр нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас гулгаж эсрэг урсгалд орсон нь осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зурагнаас харагдаж байгаа учир түүнийг эсрэг урсгал сөрсөн гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэлтээ ойлгомжгүй тайлбарласан мэдүүлэг, тухайн үед хэргийн газар хамт байсан гэрч М.Мөнх-Очир “...Би жолоочийн хажуу талд суугаад хогийн цэгээс 500 орчим метрийн зайд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт шороон замаар явж байсан. Бидний явж байсан зам уруу байсан, мөн шороон зам нь мөстөж, халтиргаа гулгаатай байсан. ...Гэнэт л цэнхэр өнгийн “Kia Frontier” загварын машин маш хүчтэй давхин гарч ирээд “хүүе” гэхийн зуургүй өөдөөс жолооч талын хэсгээр мөргөлдсөн. ...Манай машин урсгал сөрсөн зүйл байхгүй. /1-р хх-30-31/, мөн М.Баянтөрийн сэжигтнээр өгсөн “...Миний явж байсан зам алсуураа уруу бөгөөд гэнэт доор жалганаас “Kia Frontier” загварын машин их хурдтай гарч ирсэн. Би 20 км цагийн хурдтай явж байгаад тэр машиныг 20 орчим метрийн зайнаас хараад хурдаа хасаад гулгаад зогсох гэтэл нөгөө машин хурдтай ирээд жолооч талаас хүчтэй мөргөсөн...” /1-р хх-55-57/ гэх мэдүүлгүүдийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгаагүйгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн бодитой тогтоох ажиллагаа хийлгүй орхигдуулсан байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна. Тухайлбал:

1. М.Баянтөр нь замын болон цаг агаарын тухайн нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг хэр их хэмжээгээр хэтрүүлсэн, мөн хохирогч Д.Бат-Оргил хальтиргаатай, өгсүүр “жалга”-тай замаар хэр зэргийн хурдтай өгсөж явсан зэргийг дахин сайтар шалгах шаардлагатай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн тогтоох үүрэгтэй.” гэж заажээ. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр орхигдуулж, гүйцэд биш хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.6 дахь хэсгүүдэд заасны дагуу уг хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар нотлох ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн гүйцэд хийж, прокуророос хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсний эцэст М.Баянтөрийн гэм буруутай эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Баянтөрд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ялтан М.Баянтөрийн өмгөөлөгч Б.Болортуяагийн гаргасан давж заалдах гомдлын “...М.Баянтөр тухайн үед тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлээгүй гэсэн саналыг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй...” гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Баянтөрд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол М.Баянтөрд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ДАВААСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                    Н.БАТСАЙХАН