Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 113/2017/0003/З |
Дугаар | 001/ХТ2018/0034 |
Огноо | 2018-01-22 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2018/0034
Л.О-ийн нэхэмжлэлтэй,
Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Миний эзэмшлийн 420100**** нэгж талбарын дугаартай, 00045**** дугаар эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Газар эзэмших эрх /гэрчилгээг/ шилжүүлэх тухай” гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрх /гэрчилгээг/ шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээх”
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Л.О ,
Гуравдагч этгээд: “М б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтайван нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Л.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын “420100**** нэгж талбарын дугаартай, 00045**** дугаарын эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М б” ХХК-д шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Газрын тухай хууль, газар эзэмших гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Л.О-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/139 дүгээр захирамж гаргасан.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
5. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэрт тусгагдсан “Л.О-ийн газрын эзэмшиж байх хугацаандаа буюу 2014 онд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, 2016 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тус тус хийлгэсэн, барилга барихад зайлшгүй шаардлагатай барилгын эксиз зургийг хийлгэж, газар дээрээ хашаа барьсан, газар эзэмших гэрээг дүгнүүлсэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дүгнэлт... зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдоно гэсэн үндэслэл болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь” үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн.
6. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлалд “Маргаан бүхий А/139 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг “эзэмшил газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” гэж буруутгаж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг тэрээр эс зөвшөөрч “...газрыг анх авсан хугацаанаас хойш зохих ёсоор ашиглаж, арчилж ирсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг тогтоосон ямар ч баримт байхгүй, хийсвэр дүгнэлтээр ашиглаагүй гэж тогтоох буюу хяналт шалгалт хийсэн баримтыг нөхөн бүрдүүлж болохоор байна, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан... газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа нь хууль бус гэж шүүхэд маргаж байхад газар ... газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус...” гэж маргасан нь үндэслэлтэй байна” үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эдгээр үндэслэл нь газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Мөн Газрын тухай хууль болон Л.О тай байгуулсан газар эзэмших гэрээний дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайлбал 2015 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй байна.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлалыг, нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
9. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/241 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь Сүмбэр сумын 1 дүгээр баг, “А О ” ХХК-ийн хойд талд байршилтай газрын газар эзэмших эрхийг худалдан авсан байх бөгөөд тус захирамжаар 2,8 га газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлснийг мөн аймгийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/287 дугаар захирамжаар газрын зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасны дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх болгож, 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, гэрчилгээ авчээ.
10. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшиж буй газрыг “М б” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасныг Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/126, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар мөн өдрийн 100 тоот албан бичгээр шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдэж тус тус хариу өгсөн байна.
11. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд буюу Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжаар Л.О-ийн эзэмшилд байсан Сүмбэр сумын 1 дүгээр багт, төмөр замын баруун талд байрлах 420100**** нэгж талбарын дугаартай, 2,8 га талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газрын газар эзэмших эрхийг “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан буюу үйлдвэрлэлийн зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.
12. Нэхэмжлэгчээс “Тус захирамжаар миний газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо хууль зүйн хувьд дараах алдааг гаргасан..., Миний хувьд тухайн газрыг анх авсан хугацаанаас хойш зохих ёсоор ашиглаж, арчилж ирсэн тул эдгээр хуулийн заалтыг сонгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тус газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай асуудлыг шүүхэд маргаж байх явцад дуусгавар болгосон нь хууль бус, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх үйл ажиллагаа нь хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь хууль бус юм” гэсэн үндэслэлээр маргажээ.
13. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх дуусгавар болгох тухай” А/139 дүгээр захирамжид ...Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэсэн боловч хариуцагч дээрх маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг шалгаж тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээдийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал үндэслэлтэй байна.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол хангагдах үндэслэлгүй юм.
15. Мөн шүүхээс нэхэмжлэгч Л.О-ийн “420100**** нэгж талбарын дугаартай, 00045**** дугаарын эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрлэлийн зориулалттай 2.8 га газрыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэхгүй байгаа Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг “М б” ХХК-д шилжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
16. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.О нь маргаан бүхий газрыг ““М б” ХХК-д ....худалдан...газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүргүүлсэн, ... ямар нэгэн шийдвэр гараагүй байна” гэх гомдлыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Б-т 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргажээ.
17. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуульд зааснаар газрыг худалдах эрх эзэмшигчид хуулиар олгосон эрхийн агуулгад хамаарахгүй, гагцхүү өмчлөх эрхийн хүрээнд хэрэгжинэ, газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдах нөхцөлөөр тохиролцож хийсэн хэлцлийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг “М б” ХХК-д шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.
18. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл баримт дурдаж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 113/ШШ2017/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2017/0763 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН