Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2019/0467

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0467

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Б” НҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 111/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Б” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Жаргалант сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, тэргүүн А.Э 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн “Журам батлах тухай” 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх тогтоолыг үндэслэн Жаргалант сумын Засаг дарга болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Б баруун салаа болон У хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “Б” ХХК Жаргалант сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 111/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсгийг тус тус баримтлан “Б” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн “Журам батлах тухай” 2/11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Жаргалант сумын Засаг дарга Д.С болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Баянхонгор аймгийн Жаргалант сумын Б баруун салаа болон У хэмээх газарт нөхөн сэргээлтээр ажиллах “Б” ХХК, Жаргалант сумын Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.У, Жаргалант сумын Засаг дарга Д.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр гурваас доошгүй жил байнгын үйл ажиллагаа явуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэл гаргах эрхийг анхан шатны шүүх шалгаж дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн.

2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарах үед болон “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдах үед Захиргааны ерөнхий хууль батлагдаж хүчин төгөлдөр болоогүй байсан, захиргааны гэрээг илт хууль бусад тооцуулах тухай хууль байхгүй буюу энэ талаар зохицуулалт байхгүй байхад хийгдсэн байтал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3. Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоол, 3асаг даргын “Б” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн зорилго нь байгаль орчноо хамгаалахад чиглэсэн, бусдын эвдсэн газрыг нөхөн сэргээхэд чиглэгдсэн байтал анхан шатны шүүхээс зөрчлийг таслан зогсооход чиглэгдсэн байхад анхан шатны шүүх бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 111/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар магадлалаас үзэхэд “Б” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн болон Жаргалант сумын Засаг даргад тус тус холбогдох, одоогийн маргаантай агуулгын хувьд ижил үндэслэл, шаардлага бүхий захиргааны хэрэг шийдвэрлэгдэж байсан байх тул давж заалдах гомдолд дурдсанчлан тус төрийн бус байгууллагыг нийтийн эрх ашгийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймд гомдлын энэ талаарх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн зүгээс “…Хамтран ажиллах гэрээ байгуулсан 2016 ондоо нөхөн сэргээлт явуулж, суманд хүлээлгэн өгсөн…” гэх боловч энэ талаарх баримтууд, мөн нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхийн шийдвэрт нөхөн сэргээх харилцааг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-аар зохицуулсан гэх боловч энэхүү журам нь тус тус хэрэгт авагдаагүй, гэвч маргааны үйл баримт нэхэмжлэлийн үндэслэл зэргээс үзэхэд эдгээр баримтыг цуглуулах зайлшгүй шаардлага тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2/11 дүгээр тогтоол болон уг тогтоолоор батлагдсан “Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ын агуулга нь зөвхөн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх бус мөн ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд дахин ашиглалт хийх, өөрөөр хэлбэл “бичил уурхайн” хэлбэрээр олборлолт явуулах харилцааг давхар зохицуулжээ.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан, тухайлбал уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар батална”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Бичил уурхайгаас ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан.

Мөн Засгийн газрын 2008 оны 72, 2010 оны 308, 2017 оны 151 дүгээр тогтоолуудаар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг удаа дараа батлан хэрэгжүүлж байхад хууль, тогтоолоор нэгэнт зохицуулагдсан харилцаанд хариуцагч хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн дээрх байдлаар халджээ.

Маргаан бүхий тогтоолын 2 дахь хэсэгт “…М Б солбицол бүхий талбайд дахин боловсруулалт, …хийлгэж…” гэж, журмын 5.3-т “…тэнцсэн компани гэрээ байгуулахын өмнө 50-иас доошгүй сая төгрөгийг нөхөн сэргээлтийн барьцаа болгон байршуулна”, 8.3-т “Нөхөн сэргээлтийн эрх авсан компани өөрийн сонгосон талбайд нөхөн сэргээлт хийх явцад алдагдалтай ажиллавал тухайн орон нутаг хариуцлага хүлээхгүй, барьцаа хөрөнгийг буцаан олгохгүй” гэх зэргээр зохицуулснаас үзэхэд хууль, Засгийн газрын тогтоолд зааснаас өөр нөхцөлөөр ашигт малтмалын ашиглалт, олборлолт явуулах нөхцөлийг “нөхөн сэргээлт хийлгэх” нэрийн доор бүрдүүлсэн байна.

Тогтоолын үндэслэл болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтууд нь хариуцагч нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад дээрх байдлаар журам гаргах эрх олгосон заалт огт биш, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр энэхүү журмын зорилго нь Жаргалант сумын нутаг дэвсгэрт уул уурхайн болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн зохисгүй үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэн байгалийн унаган төрхөнд нь оруулах, улмаар Хөндлөн булгийн 3 дугаар багийн бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байгааг буруутгахгүй ч, ийнхүү нөхөн сэргээлт хийх компани нь нөхөн сэргээлт хийхийн өмнө дахин олборлолт, ашиглалт явуулсны үндсэн дээр дээрх ажиллагааг явуулахаар байгаа нь хуульд нийцээгүй, эрхээ хэтрүүлж гаргасан шийдвэрт тооцогдоно.

Дээрх үндэслэлээр Хурлын тогтоол болон журам нь илт хууль бус байх шинжийг агуулах боловч зохицуулалтын хувьд тухайн сумын нутаг дэвсгэрт байнга үйлчлэх хэм хэмжээний акт, иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8-д зааснаар хэм хэмжээний актын тухайд хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох байдлаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлох боломжтой, шүүх ч энэ хүрээнд шийдвэр гаргахаар зохицуулсан байгааг тэмдэглэв.

Харин эрхээ хэтрүүлж гаргасан журмыг үндэслэж, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг даргаас тус сумын Б баруун салаа болон У хэмээх газарт нөхөн сэргээлт хийлгэхээр “Б” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь илт хууль бус, өөрөөр хэлбэл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх ажлыг дээрх журмыг үндэслэн зөвхөн нөхөн сэргээлт хийх тусгай зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр гэрээгээр хийлгүүлэхээр эрх олгох боломжгүй юм.

Жаргалант сумын Засаг дарга Д.С “А” ХХК-тай өмнө нь байгуулсан, мөн л байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, уурхай ашиглах, үйлдвэр ашиглахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээг дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар илт хууль бус болохыг тогтоосон байхад тэрбээр дахин агуулгын хувьд ижил гэрээ байгуулсныг журам баримталсан гэдгээр зөвтгөх үндэслэлгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 111/ШШ2019/0012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.У, Жаргалант сумын Засаг дарга Д.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН