Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 313

 

Б.Ц, Ц.П нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 850 дугаар магадлалтай, Б.Ц, Ц.П нарт холбогдох 2007000000109 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Иеншөөбү овогт Б.Ц;

2.Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд 2012 оны 11 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Булгадар овогт Ц.П.

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайж 3-5 тоотод согтуугаар бүлэглэн Э.Сыг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар Б.Ц, Ц.П нарыг тус бүр 16 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Б.Ц, Ц.П нарын цагдан хоригдсон 400 хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Б.Ц нь гэм хорын хохиролд 2.890.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар оршуулгын зардалд Б.Цоос 2.415.862 төгрөг, Ц.Поос 5.305.862 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Эт олгуулах, мөн Б.Ц, Ц.П нараас эрэн хайх ажиллагааны зардал 7.375.000 төгрөгийг гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгуулах,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...эрэн хайх ажиллагаа явуулсан зардалд 7.375.000 төгрөгийг гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгуулсугай” гэсэн хэсгийг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 14.750.000 төгрөгийг шүүгдэгч Ц.П, Б.Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпцунцаг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц гаргасан гомдолдоо: Миний бие амь хохирогчид хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, түүний ар гэрээс уучлалт гуйсаар ирсэн. Энэ удаад мөн чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би хохирогчтой ах дүү, ураг төрлийн холбоотой, зан харилцааны хувьд сайн харилцаатай байсан. Миний хувьд Сыг алсан үйлдэлд оролцоогүй, харин түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, ар гэр болон цагдаа, хуулийн байгууллагад мэдэгдээгүй. Шүүгдэгч Пийн хэлсэн үгэнд итгэж, айж цочирдож, балмагдсаны улмаас ятгалганд орж, Птой нийлж цогцсыг нь Налайхын нүүрсны уурхай рүү зөөвөрлөн нуусан үйлдэлдээ буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогчийн ар гэр, цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдэхгүй яав даа гэж их харамсдаг. Айснаасаа, мөн шоконд орсноосоо болоод чадаагүй. Би харамсдаг, гэмшдэг болохоороо тухайн өдөр болсон процессыг санаж байгаагаараа бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Хохирогчийн ар гэрийнхнээс хүн ёсоор уучлалт гуйж, оршуулгын зардал өгсөн. Стай зодолдож, түүний амийг хохироосон хүн бол П байгаа юм. Би хэргийн материалтай танилцаж үзэхэд П нь ерөөсөө хэргийн талаар ярьдаггүй, санахгүй байна гээд байдаг. Би анх мэдүүлэг өгөх үеэс эхлээд одоог хүртэл үнэнээ хэлдэг. П намайг цэвэр гүтгэж, гүжирдэж байна. Анхан шатны шүүх намайг шууд буруутан гэж үздэг. Анх баригдах үед ахмад Тэлмэн болон Цагаанхүү нар надад хүчээр архи өгч зодож, хэргээ хүлээ гэж дарамталж байсан. Өөрсдөө өмгөөлөгч олж өгч байцаалт авсан. Ар гэртэй эргэлтийн боломжоор хангаагүй. Мотоцикл минийх биш, шийтгэх тогтоол дээр намайг буруутай гэж үндэслэлгүй бичсэн. Гурав дахь гэрчийг олж тогтоогоогүй. Анхан шатны шүүх хэний мэдүүлэг үнэн болохыг тогтоогоогүй. Дан хэтэрхий нэг талыг барьсан шүүх хурал болсон. Би маш их гомдолтой байна. Шүүгдэгч П нь шүүх хурал дээр “мэдэхгүй, санахгүй байна” гэдэг боловч 2021.08.04-ний өдөр 409 дугаар хаалттай хорих ангид намайг Сын цогцосны ардаас түлхэх гэж байгаад больсон гэж ярьсан. Тухайн үед бид хоёр нэг өрөөнд байсан. Пийн хэлсэн үгийг өрөөнд байсан хүмүүс сонссон. П нь тухайн цаг хугацаанд юу болсон талаар огт мэдүүлдэггүй, санахгүй байна гэдэг. Гэвч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй нь ойлгомжтой тул зориудаар хэргийн талаар ярихгүй байх боломжтой. Хүнийг гүтгэн булай муухай юм ярьсан гэрч гэх О, Н, шүүгдэгч П та нар үнэн үгтэйд тооцогдон, үнэнээ ярьсан хүн шударга биш худалч гэж тооцогдох ёстой болж байна уу? Харамсалтай нь үнэн хэрэг дээрээ тийм биш байлаа. Шүүгдэгч П худал хуурмаг, зальжин уран аргыг хэрэглэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Н.Нарантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Улсын яллагч хэргийг бүрэн гүйцэд хянахгүйгээр шүүх рүү шилжүүлж, улмаар шүүх шүүгдэгч талын гэрч, шинжээч оролцуулах хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангасан атлаа гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газарт байсан гэрчийг олоогүй, байгаа гэрчийг асууж мэдүүлгийн зөрүү гаргаагүй, хэргийн газраас зөөвөрлөсөн унаа хэнийх гэдгийг болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан гэдгийг хөдөлбөргүй тогтоогоогүй хэрэгт шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд огт нийцээгүй гэж үзэж байна.

Шүүх Б.Ц, Ц.П нарыг 2017.05.04-нөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайж 3-5 тоот байшинд Э.О, Х.Н нартай архи ууж, согтууруулах ундаа хэрэглэж байхдаа маргалдан, улмаар хашаан дотор монгол гэрийн хойно Э.Сыг бүлэглэн зодож, гавлын дух ясны баруун дээд хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины дутуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл учруулан санаатай алж, түүнийг Даюун маркийн Б.Цийн мотоциклоор зөөж Налайх дүүргийн 3 дугаар хороо, эзэнгүй уурхайн ам руу хийсэн гэм буруутай гэж үзэхдээ шүүгдэгч Б.Ц, Ц.П, гэрч Э.О, Х.Н нарын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээч Ц.Ганболд, Ч.Эрдэмболор, Ш.Цэцэгмаа нарын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан 2013 дугаартай “...Талийгаач Сын цогцосноос толгой, хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд, эрүү, 2 гарын сарвууны зөөлөн эд, яс үгүй болсон, бусад хэсэг нь бүтэн байна. Цогцосны хожуу үеийн өөрчлөлтөөс болж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой. Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлтийг гэм буруутай гэж үзэх гол үндэслэлээ болгожээ.

Энэ хэрэгт Б.Ц, Ц.П нарыг гэм буруутай гэдгийг зөвхөн гэрчүүд болон өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн буруутгадаг ба өөр гарцаагүй нотолсон, үйлдэл оролцоог тодорхой болгосон, амь хохирогч хэдэн цагт нас барсан зэргийг хөдөлбөргүйгээр нотлох баримт байдаггүй. Гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэн яллаж байгаа атал тэдгээрийн мэдүүлэг нь шүүх хурлын танхимд ч зөрүүтэй өөр өөр байсан. Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт өөр нэг гэрч байна /Ану/, түүнийг олж мэдүүлэг авах ажиллагааг зайлшгүй хийх хэрэгтэй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гаргаж байсан боловч хангагдаж байгаагүй. Гэрч Э.О, шүүгдэгч Б.Ц анх мэдүүлэг өгөхдөө 3 эмэгтэй хүн байсан гэдэг. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүд мэдүүлгээ өөрчилж Н, О хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.П хурлын танхимд мэдүүлэг өгөхдөө “...Тэгээд талийгаач нэг том пивотой орж ирээд уугаад байж байсан чинь 2, 3 охин ирээд ууж идээд 3 охин нь явахаар болоод...” гэсэн мэдүүлгээс харахад хэргийн газар 3 эмэгтэй байсан гэдгийг шүүгдэгч нар 2-лаа мэдүүлээд байхад өөр нэг гэрчийг олох ажиллагаа огт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Ц нь амь хохирогчийг алаагүй, харин түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй, хэргийн үнэн бодит байдлыг нуун далдалсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан байдаг. Дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсний төлөө түүнийг хохирогчийн амь насыг хөнөөсөн үйлдэлд хамтран оролцоотой гэж үзэж болохгүй юм.

Нэгдүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар талд Б.Цийн 2020.05.31-ний өдрийн сэжигтнээр өгсөн “П Сыг газар унагаад өөрөө 2 гуян дээр нь биеэрээ дараад суучихсан нэг гараараа /аль гараараа гэдгийг санахгүй байна/ нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиод үснээс нь нэг гараараа зулгаагаад дагзаар нь шал мөргүүлээд байсан, тухайн үед Сын хамраас нь багахан цус гарчихсан байхаар нь би Пийн урдуур ороод Сыг зодохыг нь болиулж салгасан” гэх мэдүүлэг байдаг. Гэтэл сэжигтнээр мэдүүлэг өгснөөс хойш буюу 2020.10.09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн үлмаас нас барсан байх боломжтой” гэж гарсан байдаг. Үүнээс үзэхэд Сыг үхэлд хүргэх гэмтлийг Ц.П учруулсан байх бүрэн боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх түхай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.05-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц, Ц.П нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: ...Хавтаст хэрэгт гэрч Э.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр Ц мессэж бичээд X.Н бид хоёрыг талийгаач Э.Стай машинтай ирж авсан. Тэгээд очиход хашаанд нь гэр байсан, энэ гэр манай хамаатан ахын гэр гэсэн, гэр нь цоожтой байсан. Тэгээд ороод талийгаач пиво, архи авч ирээд ууж идээд байж байсан чинь Ц.П ирээд ууж идээд би нилээн муудаад бөөлжих гээд гараад байж байсан чинь талийгаач С, Б.Ц, Ц.П гурав маргалдаад, зодолдоод байсан. Тэгээд би ороод байж байсан чинь Б.Ц, Ц.П хоёр орж ирээд талийгаачийг асуухад гэр рүүгээ явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Х.Н “...Э.Оийнхээс гараад хашааных нь хажуугаас машинд суугаад Цийнд очсон. Тэгээд очоод ууж байгаад талийгаач намайг бэлгийн харьцаанд орох уу гэхээр нь үгүй гэсэн чинь Б.Ц цохисон. Тэгээд байж байгаад Э.О бие засахаар гараад удаад байсан, гадаа зодоон болоод Э.О салгах гэж байсан. Тэгээд О орж ирээд дараа нь Б.Ц, Ц.П хоёр орж ирээд Э.О бид хоёр явах гэсэн чинь хаалга эвдэрчихлээ, хоноод явчих гээд өглөө цонхоор гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг,

шинжээчийн 2013 дугаартай “...Талийгаач Э.Сын цогцосноос хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд, эрүү, хоёр гарын сарвууны зөөлөн эд, яс үгүй болсон, бусад хэсэг нь бүтэн байна. Цогцсын хожуу үеийн өөрчлөлтөөс шалтгаалж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой. Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаачийн цогцос нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл тогтоогдсон ба уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн дүгнэлт /1-р хавтас 111-115, 120-124 хуудас/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр үүсэх ба духны баруун дээд хэсэгт 4.3x1.1 см хэмжээний цөмөрсөн хугарал үүссэн байгаагаас үзэхэд уг хэсэгт дээрх хэмжээтэй ойролцоо гадаргуутай зүйлээр цохих үед хязгаарлагдмал талбайд бусад хэлтэрхий үүсгэсэн хугарлаас үзэхэд толгойн хэсэгт хязгаарлагдмал бус буюу өргөн талбайтай зүйлээр цохисноос хугарлууд үүснэ...” гэсэн мэдүүлэг,

Ц.Пийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, болсон үйл явдлын талаар тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан. Харин шүүгдэгч Б.Цийн өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд тогтворгүй, өөрчлөгдсөн байдаг.

Энэ байдлаас дүгнэхэд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ц.П нь Б.Цтой бүлэглэн амь алдагч Э.Сын толгойн тус газар олон удаагийн үйлдлээр цохиж амь насыг хохироосон болох нь тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 850 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах болон шүүхээр хянан хэлэлцэхдээ эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай бүрэн шалгаж тодруулсан, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, нотолгооны хангалттай байдал, агуулга зэргийг үнэлж, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр нэгдэж бүлэглэн, хамт архи уусан хохирогч Э.Сыг зодож гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл учруулж санаатай алсан болох нь тогтоогдсон. Тодруулбал, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан уг үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэж хэрүүл маргаан өдүүлэн улмаар нэгдмэл санаа зорилгын хүрээнд бүлэглэн хохирогчийн эрх чөлөөнд халдан амь насыг нь хохироож, түүнийг мотоциклоор зөөвөрлөн эзэнгүй уурхайн ам руу хийсэн үйл баримт тогтоогдсон байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдал зэргийг харгалзан тус бүрт нь 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлын дагуу Б.Ц, Ц.П нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайж 3-5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт байсан Э.Стай маргалдаж, улмаар түүнийг бүлэглэн зодож, биед нь гавлын дух ясны баруун дээд хэсгийн цөмөрсөн, зулайн болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж санаатай алсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон харьцуулан үнэлэх замаар хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг шалгаж, шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үйл баримтыг сэргээн тогтоож, тэдний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн  10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 16 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсоноос гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг үгүйсгэж, харилцан бие биенээ амь хохирогч Э.Сын үхэлд буруутгаж буй хэдий ч шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Б.Цийн гэрт амь хохирогч Э.С болон Э.О, Х.Н нарын хамт согтууруулах ундаа хэрэглэн хамт хонох үедээ Э.Стай хувийн сэдэлтээр маргалдан бүлэглэн зодож, биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, улмаар түүний цогцсыг мотоциклоор зөөвөрлөн эзэнгүй нүүрсний уурхайн нүхэнд хийж, үйлдсэн гэмт хэргээ нуун далдалсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон:

гэрч Э.Оийн “Тухайн үед Ц, П, С, Н бид тав байсан, өөр хүн байгаагүй. ...би хэрүүл маргаан юунаас болсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа гараад тэр гурав зодолдоод байсан. Ц Сыг шанаадаж цохин газар унагаасан, тэр үед П хажуу талаас нь Сыг уначихсан байхад нь өшиглөсөн, би салгах гээд гүйгээд очиход Ц Сын дээр нь гарчихсан нүүр лүү нь цохих гэж байхад нь би хажуунаас нь салгах гээд таттал намайг түлхэж унагаад “чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхээр нь би гүйгээд орчихсон юм. Миний бодлоор тэд нар удаан зодолдсон, бараг 20 орчим минут болсон болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1хх-72, 3хх-145/,

гэрч Х.Нийн “Тэгээд бид нар унтаж амарцгаая гээд Ц, О хоёр хос болоод хэвтсэн, хажууд нь Бүдүүнээ /Э.С/ бид хоёр хамт хэвтсэн. Нөгөө залуу нь Цийн цаад талд хэвтсэн. Тэгээд хэвтэж байтал Бүдүүнээ намайг “хоёулаа унтах уу” гэхээр нь би “үгүй” гээд уурлатал хажуунаас Ц намайг өмөөрөөд Бүдүүнээтэй хэрэлдсэн. Бүдүүнээ эхлээд Цийн нүүр лүү гараараа нэг удаа цохитол, Ц зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд тэд нар зодолдоод байшингаас гараад явсан. Би тухайн үед ганцаараа байшиндаа хэвтээд үлдсэн. Тэгээд тэр гурвыг гараад явснаас хойш 10-15 минутын дараа О болиоч дээ гээд гадаа орилоод байсан. Гадаа тэр нар шуугилдаад 5-10 минут орчим болсон байхад хөөе больцгоо, хоорондоо битгий зодолд гээд байсан. Тэр байшингийн цонх нь хагархай байсан учраас гадаах үйл явдал сайн сонсогдож байсан. Тэгээд байж байгаад О гаднаас ганцаараа орж ирээд, араас нь 5 орчим минутын дараа П, Ц хоёр орж ирсэн. Орж ирэхэд нь би С хаачсан бэ гэхэд Ц “гэр лүүгээ харьлаа гээд явсан” гэж хэлсэн. ...Ц орж ирэхдээ уруулынх нь хажуу талд шалбарчихсан орж ирсэн...” /1хх-74, 3хх-145/ гэх мэдүүлэг,

Гэрч Х.Н, Э.О нарыг нүүрэлдүүлж байцаахад гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, /3хх-144/,

Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт болон амь хохирогчийн цогцсыг нуусан уурхайн аманд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүрэлдэхүүнтэй гаргасан 2013 дугаартай дүгнэлт /1хх-111/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /3хх-193/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зөрчиж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар нь санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж, нэг цаг хугацаа, орон зайд хохирогч Э.Сыг бүлэглэн зодож амь насыг нь санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлийг хэн учруулсан нь тэднийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Түүнээс гадна шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дахин үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг өөрчлөн тогтоож, шүүгдэгч Ц.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэх эсэх асуудал нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдсоноос бусад тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүхийн тогтоосноос өөрөөр өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Мөн энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт гэрч Э.О, Х.Н нараас гадна өөр эмэгтэй хүн байсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт ямар ч баримтат мэдээлэл авагдаагүй байх тул хэргийг прокурорт буцааж, Ану гэх гурав дахь гэрчийг олж мэдүүлэг авахуулах талаар шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 850 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР                      

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                 Б.ЦОГТ

                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН